Залуу лидер: Баярсайханы Жавхлан
“Монголын үнэн” сонин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхланг шинэ цагийн, залуу манлайлагчаар нэрлэж байна.
Б.Жавхлан: Сингапурын сахилга бат, Америкийн инновац, Швейцарын чанарыг Монголдоо авчрахыг хүсдэг
“Монголын үнэн” сонин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхланг шинэ үеийн залуу манлайлагчдын нэгээр онцолж байна. Тэрбээр Швейцарын Базель хотын “University of Applied Sciences Northwestern Switzerland (FHNW)” сургуулийг Олон улсын менежментийн магистрын зэрэгтэй төгсөж, ажлын гараагаа Сингапурын харилцаа холбооны салбарт эхлүүлсэн “Дэлхийн монголчууд”-ын төлөөлөл юм. Мөн Швейцарт НҮБ, АНУ-д хувийн хэвшилд дадлагажигчаар ажиллаж, Дэлхийн банканд туршлага хуримтлуулсан тэрбээр өнөөдөр Монгол Улсын Төрийн тэргүүнд зөвлөдөг цөөн эмэгтэй зөвлөхүүдийн нэг юм. Баярсайханы Жавхлантай ярилцсанаа хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаас өмнөх таны түүхийг уншигчидтайгаа хуваалцахыг зорилоо. Мэргэжил сонголтоо анх хэрхэн хийж байв. Ажлын гараагаа хэрхэн эхэлж, дэлхийн боловсролыг хэрхэн эзэмшсэн талаар ярилцлагаа эхлүүлье?
-Миний хувьд Монголын Олон улсын дээд сургуульд /MIU/ Бизнесийн удирдлагаар бакалаврын зэрэг эзэмшсэн. Дараа нь Швейцар улсад Олон улсын бизнесийн менежментээр суралцаж магистрын зэргээ хамгаалсан. Мэргэжил сонголтын хувьд энэ бол цэвэр миний өөрийн шийдвэр байсан. Намайг мэргэжлээ сонгож байх үед эдийн засаг, бизнесийн чиглэлийн салбарууд илүү сонирхол татдаг байлаа. Тиймээс бизнесийн удирдлагын чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахаар шийдсэн. Тухайн үед мэдээллийн технологи болон бизнесийн удирдлага гэсэн хоёр сонголт миний өмнө байсан. Мэдээллийн технологийн салбар ирээдүйтэй, хурдацтай хөгжиж байсан ч бизнесийн удирдлага нь хүний харилцаа, байгууллагын соёл, манлайлал, менежменттэй илүү ойр санагдсан. Би өөрийгөө хүмүүстэй хамтран ажиллах, баг удирдах, асуудлыг системтэйгээр шийдвэрлэх чиглэлд илүү сонирхолтой гэж харсан учраас энэ сонголтыг хийсэн. Менежмент бол бүх салбарын суурь ойлголт. Төр, хувийн байгууллагуудын аль алинд нь амжилттай ажиллах суурь нь менежмент, зохион байгуулалт, засаглалын асуудлыг онцгой анхаарахад оршдог. Бизнесийн удирдлагын хүрээнд зөвхөн менежмент бус засаглал, нийгмийн хариуцлага, санхүү, стратеги зэрэг өргөн хүрээний ойлголтууд багтдаг. Тиймээс энэ мэргэжил нь надад илүү өргөн хүрээнд сэтгэх, олон салбарыг холбон ойлгох боломж олгоно гэж үзсэн нь сонголтоо хийх гол хөшүүрэг болсон.

-Таны хувьд гадаад улс оронд чамгүй олон жил ажиллаж, амьдарсан хүн. Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байв, тухайн байгууллагад хэрхэн ажилд орж байсан бэ?
-Намайг бакалаврт суралцаж байх үед Ази руу чиглэсэн аутсорсинг /Outsourcing гэдэг нь байгууллага өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай зарим ажил, үйлчилгээг дотооддоо хийхгүйгээр гаднын мэргэшсэн компани эсвэл хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх үйл явц/ хийх хандлага эрчимтэй эхэлж байсан. Ялангуяа Америкийн компаниуд тодорхой ажлуудаа Азийн орнууд руу шилжүүлэн гүйцэтгүүлэх болсон үе л дээ. Тэр үед Америкийн “LTC Solution” компани өндөр настны асаргаа үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн технологийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Монголд аутсорсинг хийж эхэлсэн бөгөөд надад тус компанид ажиллах боломж олдсон юм. Ажлаа цахимаар хийдэг байсан нь тухайн үедээ маш шинэлэг санагддаг байлаа. Өнөөдрийнх шиг зайнаас ажиллах ойлголт түгээмэл биш, бараг шинэ зүйл байсан үе шүү дээ. Хэсэг хугацааны дараа компанийн төлөөлөгчид Монголд ирж оюутнуудаас сонгон шалгаруулалт хийхэд нь оролцож, англи хэлний мэдлэгээрээ шалгарч үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ингэж оюутан байхдаа Америкийн компанид дадлагажигч, ажилтнаар ажиллах боломжтой болсон. Улмаар сургуулиа төгсөх жил АНУ-ын Калифорни мужид зургаан сарын хугацаанд дадлага хийсэн. Ер нь оюутан байхдаа ажлын байраа олсноор цаашид олон улсад ажиллах гарц, боломжоо нээж чадсан гэж боддог.
-Оюутан байхаасаа гадаад улсад ажиллаж эхэлсэн байх нь. Та магистраа тэтгэлгээр сурч төгссөн гэсэн. Энэ талаараа хуваалцах уу. Хэрхэн тэнцэж байв?
-Их сургуулиа төгсөөд Сингапурын харилцаа холбооны хамгийн том компани болох “Singtel Telecommunication”-ийн сонгон шалгаруулалтад оролцож, дата аналистикийн чиглэлээр ажиллах боломж олдсон. Дунд сургуульдаа нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд тооны сонгоны ангид суралцаж байсан, мөн бакалаврын түвшинд санхүү, нягтлан бодох бүртгэлийн хичээлүүд үздэг байсан нь өгөгдөл, тоон мэдээлэлтэй ажиллахад тодорхой хэмжээнд дөхөм болсон байх гэж боддог. Олон улсын дуудлагын урсгал, чиглэл, өртөг, ашиглалтын статистик дээр анализ хийхтэй холбоотой ажил байлаа. Тухайлбал, аль улс руу хэдэн минутын яриа гарч байна, ямар зардалтай байна зэрэг тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг байсан юм. “СингТел” нь Австралийн “Оптус” компанийг эзэмшдэг учраас хоёр компанийн олон улсын дуудлагын мэдээллийг харьцуулан судалж, анализ хийх чиглэлээр хоёр жилийн хугацаанд ажилласан. Хүүхэд байхаасаа НҮБ-д ажиллана гэсэн мөрөөдөлтэй байсан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд гадаадад тэтгэлгээр суралцахыг өөртөө том зорилт болгон тавьж, Унгар, Швейцар зэрэг Европын хэд хэдэн улсын их сургуулиудад магистрын хөтөлбөрт хүсэлт илгээж, улмаар тэтгэлэг авах боломж олдсон. Тухайн үед хүүхэд насны мөрөөдөлдөө нэг алхам ойртох боломж гэж харж, НҮБ-ын төв байгууллагууд байрладаг Швейцар улсыг сонгосон юм. Ийнхүү Швейцарт тухайн сургуулийнхаа тэтгэлгээр олон улсын менежментийн чиглэлээр суралцаж, магистрын зэргээ хамгаалсан. Суралцаж байхдаа мөрөөдлөө биелүүлж НҮБ-ын Европын эдийн засгийн комисст интерншип /Internship гэдэг нь тухайн байгууллагад тодорхой хугацаанд мэргэжлийн туршлага хуримтлуулах, суралцах зорилгоор ажиллахыг хэлнэ/ хийсэн. Энэ бол маш их хүсэж, хичээж орсон ажил маань байсан. Швейцарт очсон цагаасаа эхлээд бүтэн жилийн турш НҮБ рүү өргөдөл, хүсэлтээ удаа дараа өгч байж тэнцэж байлаа.

-Мөрөөдлөө биелүүлсэн мөртлөө Монголдоо яагаад буцаж ирэх болов?
-НҮБ-д дадлага хийж байх үед “Рио Тинто” Монголд орж ирж, Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт эрчимжиж байсан үетэй давхацсан юм. Тэр үед Монголын эдийн засаг хурдацтай өсөж, нэг үе 17 хувийн өсөлт үзүүлсэн нь олон улсын анхаарлыг ихээр татаж байлаа. Үүний үр дүнд дэлхий нийт Монголыг илүү сонирхож, хөрөнгө оруулалт, эдийн засгийн боломжийн тухай яриа идэвхтэй өрнөж байсан үе л дээ.
Энэ үеэр Засгийн газраас “Зөгийн үүр” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байсан юм. Тухайн үед би Герман улсын Берлин хотод зохион байгуулагдсан “Зөгийн үүр” арга хэмжээнд оролцож байлаа. Тэнд цугларсан гадаадад сурч, ажиллаж байгаа монголчуудын дунд “Монгол бол дараагийн Сингапур болох боломжтой” гэсэн хүлээлт, итгэл найдвар, эерэг уур амьсгал хүчтэй мэдрэгдэж байв. Тэр арга хэмжээнд оролцож байхдаа “Монгол руугаа буцах цаг нь иржээ” гэсэн бодол төрснөө тод санадаг. Ингээд сурсан мэдлэг, туршлагаа эх орныхоо хөгжил дэвшилд зориулахаар шийдэн Монголдоо эргэж ирсэн юм.
-Гадаадад ажиллаж, амьдарсан он жилүүдээ өнөөдөр хэрхэн дүгнэх вэ. Сэтгэлгээ, хандлага, дадлын тухайд өөрт юу “олж” авсан бэ?
-АНУ, Швейцар, Сингапурт нийтдээ 6-7 жил ажиллаж, амьдарсан. Мөн дунд сургуульд байхдаа солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын Арканзас мужид суралцаж, нэг жил гаруй хугацаанд америк айлд амьдарч байсан. Гадаадад удаан хугацаагаар амьдрах тусам эх орноо илүү их санаж, өөрийн эрхгүй илүү гүнзгий хайрлах мэдрэмж төрдөг юм шиг санагддаг. Энэ утгаараа Монгол хүний онцлог, ондоошил, соёл, үнэт зүйлийг илүү тод мэдэрч, илүү гүн ойлгодог болсон. Үүний зэрэгцээ “Яаж миний эх орон дэлхийн түвшний хөгжилд хүрэх вэ” гэсэн асуултыг өөртөө байнга тавьдаг болсон. Манайхаас илүү хөгжсөн улс орнуудад амьдарч, ажиллаж байх үед “цагаан атаархал” гэхээс илүү “бид ч бас ингэж чадна” гэсэн итгэл, урам зориг төрдөг байсан. Тиймээс сурч байсан мэргэжил, хийж байсан ажлуудаасаа аль болох ихийг ойлгож авч, өөртөө шингээж, илүү сайн суралцахыг хичээж ирсэн. Ингэхдээ сурсан мэдлэгээ ирээдүйд эх орныхоо хөгжилд хувь нэмэр болгохыг зорьж байсан юм. Товчхондоо, эх оронч үзэл маань эх орноосоо хол байсан тэр жилүүдэд илүү гүнзгий төлөвшсөн гэж хэлж болно.

Олон улс оронд ажиллаж, амьдарсан түүхтэй хүний хувьд ямар чиглэлээр, хэрхэн ажиллах төлөвлөгөөтэйгөөр эх орондоо ирж байв?
-Магистрын дипломын ажлаа “Компанийн нийгмийн хариуцлага ба ногоон шилжилт”-ийн чиглэлээр хийсэн болохоор Швейцараас Монголд ирэхдээ “Хувийн хэвшил нийгэмдээ хариуцлагатай байх тусам илүү урт хугацаанд тогтвортой оршин тогтнодог” гэсэн итгэл үнэмшил надад төлөвшсөн байсан юм. Монголд энэ ойлголт тухайн үед харьцангуй шинэ, хөгжлийн эхэн үе шатандаа байсан учраас мэргэжлийн чиглэлээр ажил олоход амар байгаагүй. Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр боломж хайж байх үед цөөн сонголтын нэг нь “Саусгоби Сэндс” буюу “Рио Тинто”-гийн охин компани байсан юм. Ингээд би тус компанид мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг байсан тул нийгмийн хариуцлагын хүрээнд малчдын амьжиргаа, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд голлон анхаарч, хоёр орчим жил ажилласан.
-Таны намтрыг харахад “Монголын ой судлалын нийгэмлэг” ТББ-д Азийн хөгжлийн банкны “Ойн салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд орчуулагч, судлаачаар мөн ажиллаж байсан юм билээ. Энэ чиглэлээр ажиллахдаа юунд түлхүү анхаарч, зорьж ажилласан бэ?
-Миний аав, ээж хоёр, хоёулаа Румын улсад бакалавр, магистраа хамгаалж ойн, модны чиглэлээр боловсрол эзэмшсэн инженер хүмүүс байдаг. Аав минь энэ чиглэлээр төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тиймээс би багаасаа ойн салбарын мэдлэг, ойлголттой орчинд өсөж, энэ чиглэлийн талаар тодорхой суурьтай болсон гэж хэлж болно. Үүний үндсэн дээр “Монголын бизнесийн зөвлөл”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа “Монголын ой судлалын нийгэмлэг”-т зөвлөхөөр давхар ажиллаж байсан. Энэ нь ойн менежментийг сайжруулах, мөн бодлогын түвшинд тодорхой чиглэл, үзэл баримтлал боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой үйл ажиллагаа байсан. Монгол Улс 1990-ээд оноос хойш ойн салбараа тодорхой хэмжээнд орхигдуулж ирсэн тэр цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлсэн нь маш чухал алхам болсон. Тухайн үед энэ чиглэлд хэрэгжиж байсан цөөн төслийн нэг нь манай оролцоотой үйл ажиллагаа байлаа. Гэр бүлээрээ энэ салбарт тодорхой хэмжээнд тууштай ажиллаж ирсэн хүний хувьд “Тэрбум мод” хөдөлгөөнийг эхлүүлсэн нь үнэхээр талархууштай санаачилга гэж үздэг. Энэ нь орхигдсон байсан ойн салбарыг сэргээж, үндэсний хэмжээнд шинэ эрч хүч, бодлогын шинэ хандлага авчирсан онцгой ач холбогдолтой ажил болсон юм.
-Тэгэхээр таны төдийгөөс өдийг хүртэл сурч, хөдөлмөрлөсөн түүх өнөөдрийн эрхэлж буй ажлын тань эхлэл суурь байжээ. Ямар ажил, алба эрхэлж байгаад Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах болов?
-“Монголын бизнесийн зөвлөл”, MCS, М банк, “Монголын финтек групп” гэсэн дөрвөн байгууллагад зөвлөхөөр ажиллаж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ажлын ярилцлагад орохыг санал тавьж холбогдсон. Энэ саналыг маш хүндэтгэлтэйгээр хүлээн авч байсан. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийг сонгохын тулд маш олон шалгуураар нэр дэвшигчийг шалгаж, үнэлдэг юм байна гэдгийг ойлгосон. Мэргэжлийн чиглэлийн боловсрол, туршлагаас гадна нэр дэвшигчийн намтар, өмнөх үйл ажиллагааны түүх, ёс зүй, хариуцлага зэргийг маш нарийн судалж, өөрсдийн шалгуураар үнэлсний дараа ярилцлагын санал тавьсан болов уу. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилд орох үйл явц хэд хэдэн шаттай явагдсан. Ажлын хэсгийн ярилцлагад орсны дараа Ерөнхийлөгч нэр дэвшигчидтэй биечлэн уулзаж ярилцаж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч надаас миний амбиц, зарчим, үзэл баримтлал зэргийг асуусан юм. Тэр асуултад би “Олон хүнд хүрсэн, нийтэд хүртээмжтэй, ирээдүйд үр дүн нь үлдэцтэй ажил хийх хүсэл, амбицтай хүн” гэдгээ илэрхийлсэн юм. Ярилцлаганд ороод гарч ирэхдээ би өөрийгөө тааруухан хариулсан болов уу гэж бодож байсан ч Ажлын хэсгээс эргэж холбогдоод албан ёсоор ажилд орохыг урьсан. Ингэж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах маш өндөр үүрэг хариуцлагыг хүлээн авч, хичээн ажиллаад хоёр жил болох гэж байна.

-
“Монгол Улс түүхий эд бэлтгэгч бус үйлдвэрлэгч орон болохыг зорьж байна
-Монгол Улсын Төрийн тэргүүнд зөвлөх нь төрийн нийтлэг албанаас арай өөр түвшний ажил байдаг болов уу. Ер нь Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа хэрхэн ухамсарлаж, ямар зарчим баримтлан ажилладаг вэ?
-Өндөр ёс зүйтэй, зөв, шударга байхыг чухалчилдаг. Ерөнхийлөгчийн зүгээс ч “Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байх ёстой” гэдгийг үргэлж анхааруулдаг. Мөн өөрөө өөртөө, хийж буй бүх зүйлдээ үнэнч байх нь миний суурь хүмүүжил, итгэл үнэмшил. Тийм ч учраас ажил, амьдралдаа баримталдаг гол зарчим гэж ойлгож болно.

-Таны өдөр тутмын ажил хэрхэн өрнөдөг вэ. Өөрийн хариуцан ажиллаж буй төсөл, хөтөлбөрүүдийн зорилго, ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ?
-Миний ажлын үндсэн чиглэл бол төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлого. Тэр дундаа “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хариуцаж байна. Зөвхөн “Цагаан алт” гэлтгүй бусад төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог хангаж ажиллахын зэрэгцээ Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсан “Үндэсний ногоон лаб” хөтөлбөрийг мөн хариуцан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүд бүгд хоорондоо уялдаа холбоотой, том агуулгаараа улс эх орны ирээдүй, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц үр нөлөөтэй гэдгийг тодотгоё. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол монгол хүн эрүүл. Мал сүрэг бол монголчууд бидний үндэсний гол баялаг. Нүүдэлчдийн соёл иргэншил хэдэн мянган жилийн турш мал аж ахуйд тулгуурлан бүрэлдсэн нь өнөөг хүртэл оршин тогтнож байна. Өдгөө орчин цаг үед нийцүүлэн малын гаралтай түүхий эдийнхээ үнэ цэнийг бодитоор нэмэгдүүлэх, байгальд ээлтэй мал аж ахуй, үйлдвэрлэлээ хөгжүүлэх, экспортын орлогоо өсгөх хэрэгцээ шаардлага нэгэнт үүссэн. Ингэснээр Монголын нүүдлийн мал аж ахуйн агуу том өв соёл ирээдүй хойчдоо олон жил дамжин өвлөгдөж, тасралтгүй уламжлагдан явах нөхцөл боломж илүү баталгаажих юм. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний тухайд, мал аж ахуйн түүхий эдийг дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, малчдын орлогыг өсгөх, экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Монголчууд бид хонины ноос, ямааны ноолуураа “Цагаан алт” хэмээн нэрлэж дээдэлдэг ард түмэн. Гэтэл бид уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх үндэсний баялаг болох малын гаралтай түүхий эддээ үнэ цэн шингээж чадалгүй экспортолдог эдийн засгийн загвар, тогтолцоотой удаан хугацаанд явж ирсэн. Түүхий эдийн зах зээлийн бэлтгэгч орон үнийн савлагаанд хамгийн түрүүнд өртдөг, эцсийн үнэ цэнийг бусдад алддаг гашуун туршлагатай. Харин үйлдвэрлэгч орон бол үнэ цэнийг өөр дээрээ үлдээдэг, ажлын байр бий болгодог, эдийн засгийн дархлаагаа бэхжүүлдэг. Тиймээс Монгол Улсад түүхий эд бэлтгэгч бус, үйлдвэрлэгч орон болохыг зорьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг УИХ-ын 2024 оны 63 дугаар тогтоолоор баталгаажуулж, дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжүүлэх 27 арга хэмжээний төлөвлөгөөг тусгаж өгсөн. Тухайлбал, малыг эрүүлжүүлэх, арьс ширний чанарыг сайжруулах, түүхий эдийн бэлтгэл, урамшууллын оновчтой тогтолцоог бий болгох, малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх татвар, хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх, чанар, стандартын шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүнийг баталгаажуулах, олон улсад магадлан итгэмжлүүлэх, сурталчлан таниулах, үйлдвэрлэлийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан цогцолбор, кластер байдлаар хөгжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан.
-“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш маш өндөр үр дүн үзүүлж буйг олон нийт харж байгаа. Та ажил хариуцсан хүний хувьд энэ тухайд манай уншигчдад мэдээлэл хүргэнэ үү?
-“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн бол мал аж ахуй, ноос, ноолуур, арьс ширний салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд төрөөс хийж буй хамгийн том дэмжлэг болж байгаа.
Хөдөлгөөнийг 2028 он хүртэл 2.2 их наяд төгрөгийн өртөгтэйгөөр хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд үүнээс 1.5 их наяд төгрөгийг арилжааны банкуудын эх үүсвэрээр бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл хэлбэрээр ноос, ноолуур, арьс ширний салбарт олгох юм. Ингэхдээ улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас олгож хөнгөлж байгаа. 2025 онд эргэлтийн хөрөнгийн 382.4 тэрбум, хөрөнгө оруулалтын 126.6 тэрбум, нийт 509 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. Үүний үр дүнд үйлдвэрүүд боловсруулах, үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөө шинэчилж, эргэлтийн хөрөнгөтэй болж байгаа юм. Хөдөлгөөн эхэлснээс хойш жил гаруйн хугацаанд самнах хүчин чадал 100 хувь суурилагдаж, анх удаа дотоодын аж ахуйн нэгжүүд ноолуурынхаа 70 хувийг өөрсдөө бэлтгэлээ. Самнасан ноолуурын экспорт биет хэмжээгээр тав дахин нэмэгдэж, 330 сая ам.долларт хүрч түүхэн амжилт гаргаад байна.
Арьс ширний салбарынхан жилд 1.2 сая ширхэг бог, 500 мянган ширхэг бодын ширийг бүрэн боловсруулах боломжтой болж, гутлын үйлдвэрүүд нэг сая гутал үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо. Ноолуурын дуудлага худалдааг явуулснаар нэг кг ноолуурын үнэ 200.000 төгрөг давж, малчдын орлого бодитоор өслөө. Энэ мэтчилэн маш олон бодит үр дүн гарч, мал аж ахуйгаа түшиглэн үйлдвэрлэгч орон болж, экспортоо нэмэгдүүлэх зорилт хангагдаж эхэлж байгаа нь хэн бүхэнд харагдаж байна. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн 2028 он хүртэл хэрэгжихээр батлагдсан. Цаашид урт хугацаанд хэрэгжүүлэх нь улс эх оронд том өөрчлөлт, үр нөлөөг авчрах учиртай санаачилга юм. Нөгөө талаас эко системд анхаарч, бэлчээрээ хамгаалах, байгальд ээлтэй сөрөг нөлөөгүй үйлдвэрлэлийг дэмжих нь “Цагаан алт” хөдөлгөөний үндсэн зорилтын нэг. Бэлчээр доройтвол мал сүрэг маань ч доройтно. Тиймээс бэлчээр хамгаалалд онцгой анхаарах шаардлагын үндсэн дээр Ерөнхийлөгийн тамгын газраас “Үндэсний ногоон лаб” хөтөлбөрийг санаачлан, “Байгалийн өв сан” болон “Монголын бизнесийн зөвлөл” хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.

Та бол эмэгтэйчүүд манлайлж, бүтээж чадна гэдгийг харуулдаг, төлөөлдөг бүсгүйчүүдийн нэг. Эмэгтэйчүүдийн оролцоо, бүтээмж өндөр байх нь нийгэмд ямар ач холбогдолтой тухайд таны байр суурийг сонсоод ярилцлагаа өндөрлөе?
-Жендэрийн тэгш байдал нь хүний эрхийн асуудлаас нь гадна цаашлаад эдийн засгийн чухал асуудал юм. Олон улсын валютын сангийн судалгаагаар жендэрийн тэгш байдлыг бүрэн хангавал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой гэж тооцоолсон байдаг.
Манай улс жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр бүс нутагт төдийгүй олон улсын түвшинд идэвхтэй, санаачилгатай ажиллаж, дэлхийн анхаарлыг татаж буй орны нэгт тооцогддог.
1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиараа Ази тивдээ анхлан эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрхийг олгосон. 2024 оны сонгуулиар УИХ-д эмэгтэй гишүүдийн төлөөлөл 25 хувьд хүрч, Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлттэй болсон. Ерөнхийлөгчийн санаачилгаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2028 оноос намуудын нэр дэвшигчдийн 40 хувь нь нэг хүйсийн төлөөлөл байхаар хуульчилсан. Энэ нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хууль эрх зүйн түвшинд баталгаажуулсан бодит алхам гэдгийг харуулж байгаа юм. Эмэгтэйчүүдийн манлайллыг улам бүр нэмэгдүүлэх нь улс орны тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөө гол түлхүүр гэдэгт итгэлтэй байдаг. Миний хувьд СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Манай холбооны хувьд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд “Менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд эмэгтэй манлайлагчдыг дэмжих сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулж ирснийг онцлон дурдъя.
-Ярилцсанд баярлалаа.

М.Өнөржаргал
"Монголын үнэн" сонин