Ж.Түмэн-Өлзий: Аавынхаа нэрийг төрийн наадамд дуудуулах тэр мөчийг үгээр хэлэхийн аргагүй
Тусгаар тогтносон Монгол Улсын ардын баяр их цэнгэл наадмын өмнө үндэснийхээ өв уламжлал, ёс заншлыг өртөөлөн авч яваа залуусын төлөөлөлтэй ярилцах завшаан тохиосон юм. Түүний нэрийг Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзий гэдэг.
Хөнгөн сэвшээ салхинаас цэцэгсийн үнэр анхилж, хүдэн татсан уулс зүүрмэглэх мэт дүнхийгээд, айлын уяан дээр аргамаг хүлгүүд тогтож ядан эрэгцэж, айраг шуугин хөхүүрэндээ багтаж ядан исээд. Бариад удаагүй унаганууд ногтондоо цанхаалан цовхчиж, баланд согтсон зөгий агсамнан дүнгэнэх хөдөө. Монгол наадам айсуй. Морьтон эрсийн хийморилог өдрүүд айсуй. Тусгаар тогтносон Монгол Улсын ардын баяр их цэнгэл наадмын өмнө үндэснийхээ өв уламжлал, ёс заншлыг өртөөлөн авч яваа залуусын төлөөлөлтэй ярилцах завшаан тохиосон юм. Түүний нэрийг Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзий гэдэг.
-Наадам дөхөөд уяач, бөхчүүд, сур харваачдын сэтгэл тогтохгүй хөвөлзөж байгаа. Өнгөрсөн жилийн баяр цэнгэл их наадмын шүдлэн насны морьдын уралдааны түрүү магнайг авсан хүний хувьд бүр ч их догдолж байгаа нь лавтай. Улсын их баяр наадмын түрүү магнайг авах үеийн дурсамж, сэтгэл хөдлөлөө хуваалцвал уншигчдад сонирхолтой байх нь лавтай?
-Монгол төрийн наадамд морь түрүүлүүлнэ гэдэг уяач хүн бүрийн хүсэл мөрөөдөл байдаг. Тэр олон хүсэл мөрөөдөл дундаас хэр олон хүнийх нь биелэх билээ. Уралдсан бүх морь түрүүлэхгүй нь лавтай тул аргагүй онцгойрон шалгарсан хүлэг, уяачийн аз од гийж байна гэсэн үг. Аав маань бурхны оронд одоод эзгүй тул нэрийг нь Төв цэнгэлдэх хүрээлэн дотор дуудуулж, улс орон даяар зарлуулж зогссон тэр үеийн сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэх аргагүй. Монголчууд бид чинь нас барсан хүнийхээ нэрийг дуудахаас цээрлэдэг атал тийм их баяр хөөр дунд аавынхаа нэрийг дуудуулан зогсох сайхан байсан. Аав минь амьд юм шиг, дэргэд зогсоод хүүгээ бахархан ширтэж байх шиг санагдаж байсан даа.

-Ээж нь бас мөн ч их баярласан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Ээж маань одоо ч хөдөө мал дээрээ бий. Морио түрүүлгэснийг дуулаад нүдэнд нь нулимс цийлэгнээд л байсан даа.
-Наадам бол монголчууд бидний хувьд төрт ёс, үндэстний ой санамжаа сэрээх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах эрхэм утга учиртай. Тэгэхээр уяачид, бөхчүүд, сур харваачид маань өвлөн уламжлагч нар. Уяач гэдэг өвлөн уламжлагчийн хувьд морь уях сойх арга барил өөрчлөгдөж, тэс өөр болсон талаар ямар бодолтой явдаг вэ?
-Аливаа зүйл тухайн цаг үеэ дагаад шинэчлэгдэж өөрчлөгдсөөр л байдаг. Цаг хугацааны явцад огт өөрчлөгдөөгүй тэсэж үлдсэн зүйл гэж үгүй л болов уу. Морь уяж сойх арга барил өмнөхөөсөө тэс өөр болсон нь үнэн. Гэхдээ сайн тал руугаа өөрчлөгдөж байна уу, муу тал руугаа өөрчлөгдөж байна уу гэдэг бол асуудал. Миний хувьд сайн тал руугаа өөрчлөгдөж сайжирсаар байгаа гэж боддог. Цаашид ч шинэчлэгдэж өөрчлөгдөх ёстой. Үүнд би эмзэглэдэггүй.
-Арга барил өөрчлөгдөж байгаа нь гадаадаас оруулж ирж байгаа өөр үүлдрийн адуунд тохируулсан байдлаар уяа сойлгоо хийх болсонтой холбоотой гэж бодогдож байна. Ер нь гадаадаас адуу оруулж ирээд уяж уралдуулах нь хэр зохимжтой юм бол. Үүнээс болоод монгол адуу устаж үгүй болох вий гэдэг бодол төрж байсан уу?
-Наадамд морь уяж уралдуулна гэдэг агуулгаараа өрсөлдөөн шүү дээ. Өрсөлдөөн учраас ялагч нь хэн байх вэ, яаж ялах вэ гэдэг эрэлт дээр шинэ цагийн адуу гэдэг бий болоод байгаа хэрэг. Шинэ цагийн адуунд тохирсон уяа сойлго мэдээж өөр байж таарна. Түүнээс гадна цаг үеийн шаардлагаар бүх л зүйл хурдтай болоод байна. Гэхдээ монгол адуу устаад алга болчихно гэж бодохгүй байна. Сүүлийн үед энэ асуудалд төр засаг анхаарал хандуулж 2026 оны нэгдүгээр сараас гадаад улс орноос адуу импортлохыг 10 жилээр хориглосон. Миний хувьд энэ шийдвэрийг талархан хүлээж авсан.
-Талархан хүлээж авсан гэхээр эмзэглэл байж дээ?
-Мэдээж эмзэглэл байлгүй яах вэ. Нөгөөтэйгүүр энэ өрсөлдөөн монгол адууны чанарыг сайжруулахад нэлээд ахиц гаргасан байх гэж бодогдож байгаа. Монголчууд урьд нь ч гэсэн адууныхаа чанарыг сайжруулахдаа ийм арга хэмжээ авч л байсан. Хамгийн ойрхон жишээ гэвэл “Жаргалант” угшлыг нэрлэж болно. Түүнээс цааш Өвгөн ноёны адууныхаа чанарыг сайжруулах, хурд хүчийг нь нэмэх зорилгоор хийсэн арилжааны талаарх домог ярианууд байдаг. Хэдийгээр Оросоос оруулж ирсэн Томск үүлдрийн адууг монгол адуутай эрлийзжүүлж “Жаргалант” адууг гаргаж авсан ч одоо гаднаас нь хараад танихад бэрх болсон. Ахиад 20 жил магадгүй 30 жилийн дараа өнөөдрийн бидний 75, 50 хувийн цустай гээд байгаа эдгээр эрлийз монгол адуу болчихсон байх вий. Адуу импортлохыг хориглосны өөр нэг сайн зүйл нь тэр адууг худалдаж авч байсан валют Монголдоо үлдэх болсон нь. Малчид бие биедээ хөрөнгө оруулалт хийгээд яваг л дээ.

-Таны хариулт ард иргэдийн дунд явдаг нэг яриаг сануулчихлаа. Одооны наадам ардын баяр цэнгэл гэдэг утгаа алдлаа. Хэн нэг компанийн захирал, дарга сайд нарын морьд түрүүлдэг, жирийн ардын морь түрүүлэхээ больсон, тийм боломж ч үгүй болсон гэдэг?
-Тэр компанийн захирлууд чинь бүгд л бага насаа хөдөө мал дээр өнгөрөөж, морь малтай ноцолцож өссөн байгаа. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрээд багадаа хийж байсан ажлаа, уламжлалаа хөгжүүлээд морь уралдуулах өв соёлоо хоббигоо болгоод явж яагаад болохгүй гэж. Адилхан л ардын хүүхдүүд. Харин ч тэдгээр бизнесмэний ачаар хөдөөний жирийн малчдын хөрөнгө хөдөлгөөнд орж, зарим айл өрхийн орлого нэмэгдэж амьжиргаа нь дээшилсэн. Тэд нэг л өдөр гэнэт их мөнгө олоод хурдан морь худалдаж аваад байгаа хэрэг биш учраас ийм боломжинд хүрч ирэх хүртлээ туулсан замыг харах хэрэгтэй биш үү. Хурдан удмын адуу бий болгоход олон жилийн нөр их хөдөлмөр шаардагдана. Наадмын гурван өдрийг харж хүнийг дүгнэж болохгүй байх аа.
-Улсын их баяр наадамд морь нь түрүүлсэн зарим уяач аль нэг компанийн уяач болоод явчихсан байдаг. Танд тийм санал ирж байв уу?
-Төрийн их баяр цэнгэл наадам учраас гүн хүндэтгэл, алдар нэр түүний араас асар өндөр хариуцлага дагаж явах нь ойлгомжтой. Морь маань түрүүлсний дараа янз бүрийн саналууд ч ирж байсан. Энэ утгаараа одоо 10-аад залуу манай уяанд нэгдэн баяр наадамдаа хурдан морио уралдуулахаар уяа сойлгыг нь тааруулж байна.
-Уяачид гал болж зохион байгуулалтад орох болсон. Та одоо ямар галд харьяалагдаж байгаа вэ. Галынхаа амжилт ололтыг бидэнд танилцуулна уу?
-Би албан ёсоор “Идэр хурд” галд харьяалагдаж, удирдах зөвлөлд нь багтдаг. Манайх 2024 онд байгуулагдсан 30 гаруй шижигнэсэн залуусаас бүрдсэн гал. Хэдийгээр харьцангуй шинэ гал ч гэлээ өнгөрсөн жил улс, бүсийн наадмаас гурван түрүү, 18 айраг авсан амжилтаараа “Оны шилдэг гал”-аар шалгарсан.

-“Идэр хурд” галын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзий гэдэг залуу Алдарт уяач гэдэг эрхэм нэр хүндийг тийм ч амар хүртчихээгүй нь лав. Хэзээнээс морь уяж эхлэв. Багадаа хурдан морь унаж байв уу?
-Ёстой ухаан орох цагаасаа л морь малтай холбоотой явж ирлээ. Хурдан морь унахаас эрт мултарсан. Том биетэй хүүхэд байсан учраас нэг жил морь унаад л томдож эхэлсэн дээ. Харин 2013 оноос эхэлж морь уяж эхэлсэн юм. Мэдээж морь уяж эхлээд л улс бүсийн наадмын айраг түрүү аваад байна гэж юу байх вэ. Жил бүр л найдвар тавина, жил бүр алдаа оноогоо дэнсэлнэ. Зарим жил морь барианд ч орохгүй. Тэр бүхнийг давж байж сая нэг амжилт ирдэг. Хүмүүс зөвхөн морь түрүүлж байгаа хэдхэн хормыг л хардаг болохоос ард нь байгаа хэдэн арван жилийн хөдөлмөрийг тэр бүр мэддэггүй.
-Ярианыхаа төгсгөлд хоёулаа нэг маргаантай сэдэв хөндчихье. Сүүлийн жилүүдэд хүүхдээр хурдан морь унуулж болно, болохгүй гэдэг маргаан наадмын өмнө гардаг болсон. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Дэлхийн улс орнуудад 200 гаруй морин уралдаан болж байна. Монгол наадам энэ дунд өөрийн гэсэн өнгө төрхөөр ялгардаг. Зөвхөн наадам үзэх гэж ирдэг жуулчин байдаг гэхээр яахын аргагүй монголчуудын брэнд. Энэ брэндийн нэг өнгө нь хүүхэд юм. Цогцоороо байж агуулга илэрхийлдэг зүйл байдаг шүү дээ. Түүний нэг хэсгийг нь аваад хаячихвал юу ч илэрхийлэхээ больчихно. Хурдан морьгүй наадам байж болохгүйтэй адил хурдан морио хүүхэд унахгүй байж болохгүй зүйл юм. Харин хаврын уралдааны хувьд би юм хэлмээр санагддаг.
-Хаврын уралдаан ч хэл ам ихтэй болдог шүү. Бүр зогсооё гэж үү?
-Хаврын хурдан морины уралдаан цаг хугацааны хувьд тохиромжгүй санагдсан. Энэ жилийн хаврын уралдааныг харж байгаад тийм бодол төрсөн шүү. Бороо орж, өвс ногоо сайн ургаагүй үе таардаг юм билээ. Тийм болохоор морьдын хөлөөр боссон тоос маш их. Бүр нэвтэлж харах аргагүй. Уг нь миний бодлоор болдог бол хаврын морин уралдааныг Цагаан сарын дараахан л хийж баймаар юм. Өвлийн цас хайлж барагдаагүй, салхины үзүүр уринших цаг болохоор хамгийн тохиромжтой.
-Наадамчин олондоо хандаж хэлэх таны үгээр ярилцлагаа өндөрлөе?
-Морио дээдэлдэг, морьтон заяат Монголынхоо ард түмэнд ардын хувьсгалаас уламжлалтай баяр наадмын мэндийг дэвшүүлье. Дэлхийд ганцхан монгол наадамдаа дэнж хотойтол, дэлгэр сайхан наадаарай.
-Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №026/24701/ дэх дугаар