МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр А.Ариунзаяа: Ерөнхий сайд Н.Учрал олон ж...

А.Ариунзаяа: Ерөнхий сайд Н.Учрал олон жил яригдсан тэтгэврийн реформ хийх улс төрийн эр зориг гаргасан

УИХ-ын гишүүн А.АРИУНЗАЯА-тай ярилцсанаа хүргэж байна.

Үнэн
Админ

УИХ-ын хаврын ээлжит чуулган өндөрлөж, олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан нийгмийн даатгал болон гэр бүлийн эрх зүйн шинэчлэлтэй холбоотой хуулийн төслүүд батлагдлаа. Эдгээр хууль тогтоомж болон парламентаар цаашид хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын гишүүн А.АРИУНЗАЯА-тай ярилцсанаа хүргэж байна.

-УИХ-ын хаврын чуулган өндөр­лөлөө. Энэ удаагийн чуулганы онцлох үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

–УИХ-ын намрын чуулган ихэвчлэн улсын төсөв, төсвийн тодотгол зэрэг санхүү, эдийн засгийн бодлогод төвлөрдөг бол хаврын чуулган хууль тогтоох шинэчлэл, бодлогын томоохон реформыг урагшлуулах боломжтой үе байдаг. Энэ удаагийн хаврын чуулган ч улс төржилтөөс илүү бодлогын агуулгад тулгуурласан, харьцангуй тогтвортой, үр дүн өндөртэй чуулган боллоо. УИХ 79 хоногийн хугацаанд ажиллаж, нийт 270 гаруй хууль, тогтоолын шийдвэр хэлэлцэн баталсан нь парламентын бүтээмж бодитоор нэмэгдсэнийг харуулж байна. Хамгийн чухал нь олон жил яригдсан нийгмийн даатгал, гэр бүлийн эрх зүйн шинэчлэл бодитоор хэрэгжих шатандаа орлоо.

Миний хувьд энэ хаврын чуулган онцгой ач холбогдолтой байсан. Учир нь, 2020–2022 онд миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх хугацаандаа эхлүүлсэн бодлогын шинэчлэл парламентын хэлэлцүүлгээр боловсронгуй болж, улмаар хууль болон батлагдсан нь бодлогын залгамж чанар бодитоор хэрэгжиж байгааг харуулж байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын багц хууль бол Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоог зөвхөн өнөөдрийн тэтгэвэр, тэтгэмжийн системээс цааш харж, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал, олон тулгуурт хуримтлалын систем рүү шилжүүлэх стратегийн реформ юм. Энэ бол зөвхөн нэг салбарын шинэчлэл биш, харин ирээдүйн нийгмийн баталгааг тодорхойлох суурь өөрчлөлт гэж хэлж болно. Мөн Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хэрэг, маргаан шийдвэрлэх тухай хууль батлагдсанаар хүүхдийн эрх, гэр бүлийн тогтвортой байдлыг хамгаалах, орчин үеийн нийгмийн харилцаанд нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх шинэ үе эхэлж байна.  Үүнтэй зэрэгцэн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн нэг чухал шинэчлэл болох Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон Цусны донорын тухай хууль батлагдсан нь онцлох үр дүн байлаа. Энэ хуулиуд нь донорын тогтолцоог илүү тодорхой, зохион байгуулалттай болгох, эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт ойртуулах, хамгийн гол нь хүнд өвчтэй иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах боломжийг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой шинэчлэл юм.

-Хуулийн төслүүдэд оролцоо өндөртэй ажилласан хүний хувьд онцлох ямар заалтуудад анхаарал тавьж, ач холбогдол өгч байсан бэ. Таны олж харсан, шийдэх ёстой гэж үзсэн саналууд хуульд ямархуу байдлаар тусав?

-Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг миний санаачилсан долоон гишүүний хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй нэгтгэсэн учир Нийгмийн даатгалын багц хууль өндөр ач холбогдолтой байлаа. Бидний найман гишүүн ахмадын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхэлж буй ахмадын хүсэлтээр тэтгэврийн шимтгэл төлөхгүй байх боломжийг насны хувьд, хүртээмжийн хувьд илүү дэлгэрүүлсэн. 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй ахмад настнаас гадна, 45 наснаас эхлэн Цэргийн тэтгэвэр тогтоолгосон залуучууд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байх боломж нэмэгдлээ.

Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн хууль батлагдсанаар нийгмийн даатгалын тогтолцоо гурван тулгуурт тогтолцоо руу үе шаттай шилжих эрх зүйн үндэс бүрдлээ. Суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлэх, иргэдийн тэтгэврийн баталгааг илүү тогтвортой болгох зэрэг зарчмын шинэчлэлүүд туссан. Энэ ташрамд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ням-Осорын Учралд гүн талархал илэрхийлье. Ерөнхий сайд олон жил яригдсан тэтгэврийн реформыг гүйцэлдүүлэх улс төрийн эр зориг гаргасан. Мэргэжлийн өндөр чадвартай, мэдлэг оюунтай байж ийм хэмжээний том ажлын гарна шүү дээ.

Харин цаашид хийх ёстой нэг том ажил бол хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх асуудал. Энэ нь иргэдийн ирээдүйн орлогыг нэмэгдүүлэх бөгөөд УИХ ирэх намраас энэ асуудлыг хурдтай хэлэлцэн шийдэх шаардлагатай. Нөгөө талаар, байгалийн баялгийн сангийн үр өгөөжийг иргэн бүрд урт хугацаанд хүртээмжтэй хүргэх асуудал өнөөдөр ид яригдаж байна. Иргэн бүрийн нэрийн дансанд хуримтлал үүссэн. Цаашид уул уурхайн салбарын өгөөж, томоохон төслүүдийн ногдол ашиг нэмэгдэхийн хэрээр энэ сангийн хөрөнгө өсөх боломжтой.  Миний байр суурь бол байгалийн баялгийн орлогыг бэлэн мөнгө хэлбэрээр тараах биш, харин иргэдийн ирээдүйн баталгааг хангах хуримтлал болгон өсгөх нь зөв гэж үздэг. Одоогийн зохицуулалтаар энэ хуримтлалыг боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хэрэгцээнд ашиглах боломжтой. Гэхдээ олон улсын сайн туршлагыг судалж, эдгээр хэрэгцээгээ хангачихсан иргэдийн хувьд хуримтлалаа өндөр насны тэтгэвэрт гарахдаа тэтгэврийн нэмэгдэл хэлбэрээр авдаг болох гэх мэт эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ бий. 

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад та мөн идэвхтэй оролцсон хүний нэг. Энэ хуулийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Гэр бүлийн тухай хууль бол нийгмийн хамгийн суурь харилцааг зохицуулдаг эрх зүйн үндсэн баримт бичгийн нэг. Тиймээс энэ хуулийн шинэчлэл нь зөвхөн нэг салбарын өөрчлөлт бус, Монголын нийгмийн хөгжлийн чиг хандлагатай шууд холбоотой бодлогын шинэчлэл гэж үзэж байна. Миний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх үед энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэний эрх зүйн зохицуулалтыг илүү цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үзсэн учраас УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн үе шатнаас эгүүлэн татаж байсан. Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран илүү өргөн хүрээтэй шинэчлэн сайжруулж, төслийг дахин боловсруулсан юм.

Тухайн үедээ өргөн мэдүүлж амжаагүй сайдын ажлаа хүлээлгэн өгч байсан. Өнгөрсөн жил Засгийн газар Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хэрэг, маргаан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хамтад нь УИХ-д өргөн барьж, энэ хаврын чуулганаар батлагдсан нь миний хувьд өмнө эхлүүлсэн ажлын үргэлжлэл бодит хууль болж хэрэгжиж буй нь онцгой ач холбогдолтой байсан. Тиймээс би дээрх хоёр хуулийн ажлын хэсэгт идэвхтэй оролцож, Гэр бүлийн тухай хуулийн ажлын хэсгийн дэд ахлагчаар ажилласан. Энэ нь зөвхөн хууль боловсруулах түвшний оролцоо биш, харин нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэлийг амьдралд нийцүүлэхийн төлөө хийсэн хамтын ажиллагаа байсан гэж хэлж болно. Ерөнхийдөө энэ хууль нь гэр бүлийн аливаа маргаан, харилцаанд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчмыг хуульчилж өгснөөрөө онцгой ач холбогдолтой шинэчлэл болж чадлаа.

-Хаврын чуулганаар амжиж батлагдаагүй ч ирэх намрын чуулганаар зайлшгүй хэлэлцэх ёстой ямар хуулиуд байгаа гэж бодож байна?

-Миний бодлоор хамгийн их хүлээлт үүсгэж буй асуудал бол УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчлэл. Энд парламентын үйл ажиллагааг үр дүнтэй, хариуцлагатай болгох тал руу чиглэсэн чухал өөрчлөлтүүд агуулагдаж байгаа юм. УИХ-ын гишүүдийн ирц, оролцоо, санал хураалтын мэдээлэл ил тод болсон. Энэ бол хамгийн зөв алхам. Өнөөдөр иргэд өөрсдийн сонгосон төлөөлөл нь хуралдаа тогтмол оролцож байгаа эсэх, санал хураалтад хэрхэн оролцож байгааг нээлттэй харах боломжтой. Энэ нь парламентын ил тод байдал, иргэдийн хяналтыг бодитоор хэрэгжүүлэх чухал үзүүлэлт юм. Ирэх намрын чуулганаар УИХ-ын гишүүдийн хамт бид өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд маань хэлэлцэгдэж, батлагдана гэж найдаж байна. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд тогтмол оролцож, хэлэлцэж буй хууль болгонтой сайтар танилцан, хариуцлагатай санал өгөх үйл явц. Хуулийн нэг заалт ч иргэдийн амьдралд шууд нөлөөлөх учраас хангалттай судлалгүйгээр санал өгөх ёсгүй.

Дэлхийн олон орны парламентууд гишүүдийн сахилга, хариуцлагыг эдийн засгийн болон хууль эрх зүйн хөшүүргээр зохицуулдаг туршлагатай. Жишээ нь, Германы Бундестагийн гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүй санал хураалтад оролцоогүй бол 300 евро, харин хүндэтгэн үзэх шалтгаан мэдүүлэн санал хураалтад оролцоогүй бол 200 еврогоор торгуулдаг байна. Иймээс манай парламент ч гишүүдийн идэвх, оролцоог бодитоор үнэлж, хариуцлагын тогтолцоог илүү тодорхой болгох ёстой. Гишүүдийн сахилга, хариуцлагыг хуульчлах шаардлага зайлшгүй бий. Ирцгүй байх, ёс зүйн зөрчил гаргах, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд УИХ-ын гишүүнд тооцох хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Энэ асуудлыг тусгасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл нийгмийн хүлээлт үүсгээд байгаа шүү дээ.

-Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Та хаагуур наадаж, энэ зун хаагуур аялж, амрахаар төлөвлөж байна вэ?

-Миний ээжийн тал Говь-Алтай, аавын тал Ховд аймгийн хүмүүс учраас энэ удаагийн амралтаа баруун бүс нутагтаа, өвөг дээдсийнхээ нутаг усаар өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Ажлын ачаалал ихтэй ч гэр бүл, үр хүүхдүүдийн хамт төрөл төрөгсөдтэйгөө уулзаж, нутаг усныхаа ахмад буурлуудаа хүндэтгэн золгож амрахыг зорьдог. Энэ удаад Сутай хайрхны тахилгад оролцохын зэрэгцээ өвөөгийн маань буюу П.Жасрай агсны нэрэмжит Говь-Алтай аймгийн Бугат сумын сургуулийн 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож, мөн Ховд аймагт төрөл садантайгаа уулзан ургийн баярт оролцоно. Эцэст нь, нийт Монгол түмэндээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол хүн бүр эв нэгдэлтэй, эрүүл энх, амгалан тайван байж, гэр бүл, үр хүүхдийн хамт аз жаргалтай сайхан наадах болтугай. Хотол олноороо сайхан наадаарай. Монгол түмэн минь амгалан байг.

Д.Отгонжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №026/24701/

Сэтгэгдэл 1
З
Зочин 4 цагийн өмнө
Гишүүн Эрдэнэбат би гээд хөдөлгүүр манаргаад бна шдээ.