МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэл, бүтээ...

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэл, бүтээн байгуулалтын ажил 47 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил жил бүрийн нэгдүгээр сараас эхэлж, урьдчилсан төлөвлөгөө гарч, дулааны улирал эхэлмэгц буюу гуравдугаар сарын 20-ноос үндсэн ажлуудаа үе шаттайгаар эхлүүлдэг.

Үнэн
Админ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Б.Пүрэвдагва МҮОНТ-ийн Тоймчийн хөтөлбөрт оролцохдоо өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

-Үндэсний их баяр наадмаа монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. “Наадмын дараа намар” гэж ярьдаг. Нийт хүн амын 60 гаруй хувь нь амьдардаг Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажил хэр зэрэг ахицтай байна вэ?

-Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил жил бүрийн нэгдүгээр сараас эхэлж, урьдчилсан төлөвлөгөө гарч, дулааны улирал эхэлмэгц буюу гуравдугаар сарын 20-ноос үндсэн ажлуудаа үе шаттайгаар эхлүүлдэг. Одоогоор инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил өрнөж байна. Ажлаа авснаасаа хойш би халуун усны хязгаарлалтыг аль болох зогсоох бодлого барьсан. Гэвч нөхцөл байдал өөр байна. Улаанбаатар хотын газар доорх инженерийн шугам сүлжээний 70 орчим хувь нь ашиглалтын насжилт өндөртэй учраас бид газар доорх дэд бүтцээ цогцоор нь харж, зайлшгүй үе шаттай шинэчлэх шаардлагатай тулгарч байна. Байдал ийм байгаа учраас инженерийн шугам сүлжээнд засвар, шинэчлэлээ урагшлуулахын тулд халуун усны хязгаарлалтыг тодорхой хугацаанд хийхээс өөр аргагүй болж буйг нийслэлийн иргэд маань ойлгож, хүлээн авах болов уу.

Баяр, наадмын амралтаар дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус, үерийн ус зайлуулах шугам сүлжээ, далангийн засвар, шинэчлэлийн ажил эрчимтэй үргэлжилж, төлөвлөсөн ажлуудаа нэлээд ахиулсан. Газар шорооны болон тохижилтын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө, есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахаар зорьж байна. Нийслэлийн хэмжээнд 31 км авто замд засвар, арчлалт хийж, 101 км шинэ авто замыг барьж байгаа. Энэ ажлуудыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгаж, өвлийн улиралд үүсдэг авто замын ачааллыг өмнөх жилүүдээс бууруулах, хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулахад анхаарч байна.

-Сургуулийн хүртээмж, хүүхдийн автобус гэх мэт олон асуудал хотоос шийдэл хүлээж байдаг. Мөн энэ жил хэдэн сургууль цэцэрлэгт обьектын засвар хийж байгаа вэ?

-Энэ зун сургууль, цэцэрлэг, спорт заал зэрэг 120 орчим обьектод засвар, шинэчлэл хийж байгаагаас 52-ыг нь есдүгээр сарын 1-нийг гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үлдсэн ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлнэ. Зарим нь он дамжин хэрэгжинэ. Боловсролын салбарын хувьд бидний баримталж буй хамгийн гол концепц бол хүүхдийг гэртээ ойрхон сургуульд суралцах боломжоор хангах явдал. Зөвхөн хүүхдээ сургуульд хүргэж өгөх, авахын тулд өдөрт ойролцоогоор 150 мянган автомашин хотын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа бий. Замын хөдөлгөөний ачаалалд нөлөөлдөг энэ хөдөлгөөнийг бууруулахын тулд бид “Хотхоны бага сургууль” концепцыг хэрэгжүүлж эхэлсэн. Сургуульгүй, хүн амын нягтаршил ихтэй байршлуудад байр түрээслэх болон бусад боломжийг ашиглан бага сургуулиудыг шинээр бий болгож, хүүхдүүд гэртээ ойрхон суралцах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.

Ингэснээр зөвхөн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна 150 мянган автомашины хөдөлгөөнийг бууруулж чадах юм. Өмнө нь Улаанбаатар хот сургууль бүрд нэг автобус ажиллуулах туршлага хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн ч одоо бидэнд илүү оновчтой, үр ашигтай хувилбар хэрэгтэй. Тиймээс цаашид нэг сургуульд нэг автобус гэхгүй нэг автобус нийт сургуулийн хэрэгцээнд зориулагдсан байх чиглэлд анхаарна. Ингэснээр тээврийн хүртээмж сайжирч, хөдөлгөөний ачааллыг илүү зөв хуваарилах боломж бүрдэх юм. Нийслэлийн ЗДТГ-аас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагчид, оюутнууд, эцэг эхчүүдэд тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхийг зорьж байна.

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын бас нэг чухал чиглэл нь иргэдийн эрүүл мэнд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэнд. Энэ тал дээр юу хийж байгаа вэ?

-Хотын даргын хувьд эрүүл, аюулгүй, ногоон, хамгийн гол нь хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө зорьж байна. Өвлийн улиралд ханиад, томууны өвчлөл нэмэгдэх үед Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдэж, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамт коридорт хэвтэх зэрэг хүндрэлтэй нөхцөл үүсдэг. Энэ бэрхшээлийг багасгахын тулд нийслэлээс тодорхой арга хэмжээ авч байна. Одоогоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” гэсэн гурван амаржих газрыг төрөлжсөн хүүхдийн эмнэлгийн чиглэлээр хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Ингэс­нээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачаалал буурч, хүүхдийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх юм. Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалт болон бусад бэлтгэл ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар хариуцаад явж байна. Харин боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг Нийслэлийн боловсролын газар харьяа яамныхантайгаа хамтран зохион байгуулж байна.

-Эрүүл мэнд талаас харвал өвөлжилтийн хамгийн том сорилт нь агаарын бохирдол, түлшний асуудал байдаг. Дулаан хангамжийн найдвартай байдал, эрчим хүчний тасралтгүй ажиллагаа ч энд бас хамаатай. Эрчим хүчний хэрэглээ улсын хэмжээнд жил бүр 8-10 орчим хувиар өсөж яваа нь Улаанбаатар хотын хувьд бас том сорилт болсон. Дулаан хангамжийг тасалдуулахгүй байх, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, утааг бууруулах, түлшний асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар бодлого, арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний хүртээмж, өргөн хэрэглээний барааны үнэ буюу мах, гурил, ногооны үнэ бол Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал. Эрчим хүчний найдвартай байдлыг хангах асуудал юу юунаас илүү чухал. Хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр ойролцоогоор 20 МгВ-аар нэмэгдсээр байгаа. 2025-2026 оны өвлийн оргил үед системийн ачаалал 1078 МгВ-д  хүрсэн. Тиймээс эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 4-5 байршилд үе шаттай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ажил есдүгээр сарын сүүлчээр дуусах, дараагийн ажлууд арав, арваннэгдүгээр сард гүйцэтгэж дуусах төлөвлөгөөтэй явж байна. Эрчим хүчний салбар зөвхөн нийслэлийн хэмжээний асуудал биш учраас Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамтай нягт уялдаатай ажиллах шаардлагатай. Энэ хүрээнд “ТЭЦ-5” төслийн ажлыг эхлүүлсэн. 2028 онд ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мөн хэд хэдэн арга хэмжээ авч байна. Өнгөрсөн өвөл буюу 2025-2026 оны халаалтын улиралд өмнөд хөршөөс хагас коксжсон нүүрс импортлон хэрэглэж, өвлийг өнтэй давсан. Үүний үр дүнд өмнөх 2024-2025 оны өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол 30 орчим хувиар буурсан гэсэн дүн шинжилгээ гарсан. Энэ жил Нүүрс-пиролизын үйлдвэрийг ашиглалтад оруулж амжихгүй тул дахин импортын нүүрс ашиглана. Зургадугаар сарын 24-нд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд наймдугаар сарын 3-нд холбогдох ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн сайжруулсан түлшний бэлтгэл ажлыг эрчимжүүлж, “Тавантолгой түлш” компани 120 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр гэр хорооллын 217 мянган өрхийн хэрэгцээг хангах боломж бүрдэнэ. Үүнээс гадна 5000 орчим айл хийн халаалтын системд шилжсэн. Сэргээгдэх эрчим хүч ашиглан дулаан, халаалтаа шийдэж байгаа өрхүүд ч бий. Цаашид агаарын бохирдлыг бууруулахын тулд зөвхөн нэг шийдэлд бус, олон талт, урт хугацааны хувилбаруудыг судалж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна.

Дэлхийн хотууд агаарын бохирдлыг бууруулахдаа тухайн орны нөхцөл, эрчим хүчний эх үүсвэрээс шалтгаалан хэд хэдэн үе шаттай шийдлийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах, сайжруулсан түлш ашиглах, хагас коксжсон нүүрс, хий, цахилгаан халаалтын системд үе шаттай шилжих зэрэг арга хэмжээг авч байна. Монгол Улсын хувьд ч энэ чиглэлд урт хугацааны шийдэл рүү шилжих шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд Засгийн газар Улаанбаатар хотод хамгийн ойр, дэд бүтэц, ус, логистикийн боломж бүрдсэн Багануурын нүүрсний уурхайд түшиглэн Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Ингэснээр өнөөдөр гаднаас өндөр өртгөөр импортолж буй хагас коксжсон нүүрсийг дотоодын хүрэн нүүрснээс үйлдвэрлэн гаргах боломж бүрдэнэ. Бид 2028 оны нэгдүгээр улирал гэхэд эх орныхоо түүхий эдэд тулгуурлан хагас коксжсон нүүрс үйлдвэрлэж эхлэх зорилт тавиад ажиллаж байна. Тиймээс дунд хугацаанд хэрэгжүүлэх хамгийн чухал шийдлүүдийн нэг нь Багануурын Нүүрс-пиролизын үйлдвэр байх юм.

-Монгол Улс дэлхийн бусад оронтой харьцуулахад богино дулааны улиралтай. Сэрүүний улирал мөдхөн эхэлнэ. Нийслэлийн хэмжээний бүтээн байгуулалтууд хэр эрчимтэй урагшилж байна вэ. Хэрэгжүүлж буй ажлуудын гүйцэтгэл ямар байгаа бол?

-Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 47 хувьтай байна. Наймдугаар сарын 15-ныг гэхэд инженерийн шугам сүлжээ, авто замын ажлуудыг дуусгана. Боловсролын байгууллагуудын засвар, шинэчлэлд ч онцгой анхаарсан. Анги танхимын будаг, засварын ажил бүрэн хатаагүй үед хүүхдүүд хичээллэх нь эрүүл ахуйн хувьд сөрөг нөлөөтэй учраас сургууль, цэцэрлэгийн засварыг есдүгээр сарын 1-нд тулгаж дуусгахгүй. Наймдугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгах чиглэл өгсөн. Үүнээс гадна Улаанбаатар хотыг ногоон, хүүхдэд ээлтэй хот болгох урт хугацааны бодлогын хүрээнд хэд хэдэн томоохон ажил хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жилүүдийн хотын буруу төлөвлөлт, замбараагүй нягтаршил зэргээс шалтгаалан ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайн хүртээмж хангалтгүй болсон. Тиймээс цаашид хүн амын нягтаршил ихтэй бүсэд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн тоог нэмэх бодлого баримталж байна.

Энэ хүрээнд хэд хэдэн томхон цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Өнөөдрийн байдлаар хотын төв хэсэгт “Рио” парк, өмнөд хэсэгт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” үйл ажиллагаа явуулдаг ч цаашид шинэ ногоон орчин нэмэгдэнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Баянбүрдийн арын Ногооннуурын орчимд ХААН банктай хамтран цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Мөн Баянгол дүүргийн III, IV хорооллын арын хэсэг, гэр хорооллын бүсэд 10 га талбайд, БЗД-ийн нутагт байх Жуковын музейн хойд талд, Гандан орчимд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Ерөнхийдөө гэр хорооллын бүсэд иргэд амарч, хүүхдүүд тоглох боломжтой ногоон орчныг бий болгох зорилт тавиад ажиллаж байна. Жуковын музейн ард талын газрыг хүмүүс сайн мэднэ. Энд 6000 ам метр газрыг чөлөөлж, 2200 машин шороо зөөж, газрыг тэгшлээд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж босгох бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

-Хотын түгжрэлд онц хамаарах авто замын сүлжээ таныг Хотын даргаар ажиллаж байх хугацаанд хэрхэн өөрчлөгдөх бол?

-Хотын аль ч хэсгээс хөдөлгөөнд оролцож, өөр чиглэлээр саадгүй гарах боломжтой олон хувилбартай холбоос замын сүлжээг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд хурдны зам, олон түвшний уулзваруудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Гэхдээ хүртээмжтэй, эрүүл, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын тулд зөвхөн автомашины хөдөлгөөнд бус, явган болон дугуйн дэд бүтцэд мөн адил анхаарах ёстой. Энэ зуны хугацаанд 78.5 км дугуйн болон явган зам байгуулна. Цаашид 435 км бүхий өргөн сүлжээ бий болгох зорилт тавьж байна.

Энэ жил шинээр 101 км авто зам баригдаж байна. Бид Авто замын хөгжлийн газарт нэгдүгээрт, авто зам бүр дугуйн замтай байх, хоёрдугаарт, явган хүний замтай байх, гуравдугаарт, заавал ус зайлуулах системтэй байх ёстой гэсэн тодорхой шаардлага тавьсан. Ийм бүтээн байгуулалт хийснээр үер, усны эрсдэл буурах юм. Аливаа хүчтэй бороо, үерийн нөхцөл үүссэн тохиолдолд өнөөдөр Улаанбаатар хот нэгээс нэг цаг хагасын дотор л хэвийн байдалд шилжүүлэх боломжтой. Өөрийн нөөц бололцоо нь ийм юм. Тиймээс Нийслэлийн Онцгой комисс долдугаар сарын 8-наас есдүгээр сарын 15-ны хугацаанд нийт 317 алба хаагч, 117 техник хэрэгсэлтэйгээр 24 цагийн бэлэн байдалтай баяр наадам, амралтын өдрүүдээр ажиллаж байна.

-Нийслэлд “СОР-17” олон улсын арга хэмжээг хүлээн авах, өвөлжилтийн бэлтгэлээ хангах зэрэг олон чухал ажил үргэлжилж байна. Ярилцлагын төгсгөлд онцолж хэлэх зүйл юу байна вэ?

-Удахгүй Улаанбаатар хотын шандсыг сорьдог хичээлийн шинэ жил, өвлийн улирал эхэлнэ. Энэ үед бидний хамтын ажиллагаа, хариуцлага хамгийн чухал. Бид хамтдаа байж чадвал аливаа хүндрэл, сорилтыг даван туулж чадна. Нийслэлээс хийх ёстой ажлуудаа хийж, хотын хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө ажиллана. Гэхдээ Улаанбаатар хот өөрөө аяндаа өөрчлөгдөхгүй. Энэ хотод амьдарч байгаа бид өөрчлөгдөж, зөв дадал хэвшил бий болгож чадвал хот маань илүү сайхан болно.

Бид бие биедээ хүндэтгэлтэй хандаж чадвал Улаанбаатар илүү соёлтой хот болно. Иргэн бүр хариуцлагатай байж чадвал хот илүү аюулгүй орчинтой болно. Хогоо дур мэдэн хаяхгүй, нийтийн орчноо хайрлан хамгаалж чадвал Улаанбаатар илүү цэвэр, цэмцгэр хот болж хөгжинө. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хийх ёстой бүх ажлаа хийж, иргэдийнхээ төлөө ажиллах болно. Харин иргэд та бүхнийг хамтран ажиллаж, дэмжиж, Улаанбаатар хотынхоо хөгжилд хамтдаа хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №027/24702/ дахь дугаар

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.