Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн хэлэлцээрийг Монголдоо ашигтай хувилбараар тохиролцож чадлаа
МАН-ын дарга Н.Учрал хэлэхдээ “Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагчтай цаашид тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна” хэмээв.
Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай хувилбараар харилцан тохиролцсон тухайгаа зургадугаар сарын 30-нд албан ёсоор мэдэгдлээ. Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр “Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Үндэсний их баяр наадмын өмнө ард түмэндээ сайн мэдээ дуулгаж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа” гэсэн юм.
Оюутолгойн орд тойрсон зөрчил, маргаан 2000-аад оны дундаас буюу төсөл яригдаж эхлэх үеэс л эхэлсэн билээ. Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын удирдсан Засгийн газрууд бүгдээрээ л Оюутолгой тойрсон маргааны шуурган дундуур явж ирсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг МАН, АН-ын хамтарсан Засгийн газар байх үед 2009 онд байгуулсан юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх хөрөнгө оруулагч талтай 2009 онд байгуулахад Улсын Их Хурал өмнө нь баталсан үндсэн зарчим, удирдамжийг баримталсан гэж албан ёсоор тайлбарлаж байв. Гэвч гэрээ байгуулагдмагц л түүний агуулгыг шүүмжлэх яриа эхэлсэн юм. Шүүмжлэгчид Монголын тал 34 хувийн эзэмшилтэй байхаар тохирсноос эхлээд, хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын нөхцөл хэт хөрөнгө оруулагчид ашигтай, компанийн засаглалд Монголын оролцоо хязгаарлагдмал байгаа зэрэг олон зүйлийг эсэргүүцэж байв. Харин зарим улстөрч уг гэрээг гуравдагч хөршийн бодит хөрөнгө оруулалт болсон, геополитикийн маш зөв алхам болсон ч гэдэг. Энэ гэрээ бол байгалийн баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны зарчимд харшилдаг гэж дүгнэх хэсэг ч бий.
2010-аад оны эхэн үед Оюутолгой зэрэг стратегийн ач холбогдол бүхий ордуудыг гаднынханд “Хямдхан өгчихсөн” гэсэн үзэл улс төрийн зарим нам, иргэний хөдөлгөөнүүдээр дамжин, олон нийтэд түгэн тархав. УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр улс төрийн хэд хэдэн хүчин стратегийн ордуудыг үндэсний өмч болгох, гэрээг эргэн харах тухай амлалт өгч байсан нь энэ асуудал хэр хурцадсаныг харуулж байлаа.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл, стратегийн орд дахь төрийн эзэмшлийг нэмэгдүүлэх тухай хэлэлцүүлэг, зарим гадаад хөрөнгө оруулагчийн эсрэг эрх бүхий албан тушаалтнуудын шалгалт зэрэг нь энэ үеийн онцлог үзэгдэл байв.
Оюутолгойн гэрээгээр тогтворжуулсан татварын орчин, тухайн үеийн болон дараа нь өөрчлөгдсөн татварын хууль тогтоомжийн хоорондын зөрүүнээс болж Татварын ерөнхий газар, "Оюутолгой" ХХК хоёр өөр байр суурьтай болж, маргалдсаар ирсэн. Татварын алба тус компанид хэд хэдэн удаа нөхөн татвар ногдуулсан бөгөөд компани эдгээр актыг зарим хэсэгт нь эсэргүүцэж байлаа.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг 2015 онд Дубайд байгуулснаас хойш энэ асуудал төслийн хамгийн том маргааны нэг болсон. Анх 5.3 тэрбум ам.доллараар тооцоолж, 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан далд уурхайн зардал бодит байдал дээр 30 гаруй хувиар өсөж, барилга угсралт 22 сараар хойшилсон түүхтэй. Үүнээс болж манай улсын Засгийн газар зардлын өсөлтийн шалтгааныг хөндлөнгийн аудитаар тогтоох, шаардлагатай бол хөрөнгө оруулагч тал хариуцлага хүлээх ёстой гэсэн шаардлага тавьж эхэлсэн. Зэрэгцээд, Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг Монголын тал төслийн зээлийн хүү, үндсэн төлбөрийн улмаас өсөн нэмэгдэж байсан өрийн дарамтад орсон нь маргааны бас нэг гол сэдэв болсон. Нийгмийн шахалт, шүүмжлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор УИХ 2018-2019 онд Оюутолгойн бүлэг ордын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулж ажилласан бол Засгийн газрын түвшинд хэд хэдэн удаа "Оюутолгойн гэрээг сайжруулах" зорилготой тусгай ажлын хэсэг байгуулагдаж, “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй удаан хугацааны хэлэлцээр өрнүүлсэн. Эдгээр хэлэлцээрийн гол сэдэв нь далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, татварын маргааныг эцэслэх, засаглалыг сайжруулах зэрэг байв.
Оюутолгой төсөл эдийн засгийн хувьд Монголын экспортын дийлэнх хэсэг, улсын төсвийн орлогын чухал эх үүсвэр, олон мянган ажлын байр бий болгосон томоохон амжилт болсон нь эргэлзээгүй. Гэвч энэ бүхний цаана хөрөнгө оруулалтын гэрээний шударга эсэх, татварын тайлбарын зөрүү, санхүүжилтийн зардлын хэтрэлт, ашиг хуваалтын тэнцвэргүй байдал зэрэг асуудлаар өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй маргаан дагалдсаар л байна. Энэ нь зөвхөн хоёр талын бизнесийн сонирхлын зөрчил төдийгүй, байгалийн баялгаа хэрхэн, зөв зохистой удирдах вэ гэдэг асуулт бүхий Монголын нийгэмд өгдөг тэсрэлттэй сэдэв, нэгэн дуусдаггүй яриа болсон юм.
Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Н.Учрал нэгэнтээ “Манай Засгийн газар олон дуусдаггүй яриаг дуусгаж, бодит ажил болгоно” хэмээсэн нь бий.
Үүнтэй ч холбоотойгоор Засгийн газар байгуулагдсан даруйдаа “Оюутолгой” төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлж байлаа. Харин зургадугаар сарын 30-нд хүрсэн тохиролцоогоор бол Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулсан. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу найм орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. Мөн Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг гурван жил тутамд хийхээр боллоо.
Хамгийн гол нь Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцсон юм. “Хэлэлцээрүүдийн үр дүн Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Төслийн үр өгөөжийг цаашдаа ч нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийлсэн. Мөн Засгийн газар хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж хамтран ажиллахаа илэрхийлээд “Рио Тинто” компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүссэн юм. Түүнчлэн Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон билээ. Үүнтэй холбоотойгоор нийгэмд янз бүрийн л дүгнэлт, яриа хөвөрч байна.

Гэхдээ МАН-ын дарга Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадсан гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ. Улсаа бодсон, иргэдээ бодсон, хамгийн гол нь зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу байж чадсан уйгагүй зүтгэл нь Монголын ард түмэнд итгэл найдвар авчирч чадсан нь нууц биш. Оюутолгойн ногдол ашиг “30 жилийн дараа л өгөх юм гэнэ лээ” гэх олны урамгүйхэн яриаг дуусган, итгэлд нь гэрэл асаан, энэ жилдээ багтан Монголын ард түмэнд ногдол ашиг олгохоор боллоо.
Мөн МАН-ын дарга Н.Учрал хэлэхдээ “Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагчтай цаашид тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна” хэмээв. Өөрөөр хэлбэл, сайн мэдээ, сайжруулахын төлөөх ажил ингээд л дуусчихаж байгаа хэрэг биш юм байна гэж дүгнэж болох бололтой. “Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ. Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөө вэ” гэж монголчууд бид дуулдаг. Ингэж дуулахын учир нь баян эх орныхоо баян иргэд нь байх хүсэл бидэнд байдаг. Өнгөрсөн 30 жилийн алдаа, дутагдал, гадаад, дотоод зарим нөхцөл байдлын улмаас энэ хүсэл биелээгүй л байна. Гэвч итгэл найдвар мөхөх болоогүй. Энэ итгэлийг өрдөх цучил болж буйгаараа Оюутолгойн энэ удаагийн хэлэлцээр ач холбогдолтой юм. Баялагтаа эзэн Монголчууд байхын төлөөх тэмцэл үргэлжилсээр байна.
М.Гал-Арив
Эх сурвалж: Монголын үнэн сонины №025/24700/ дахь дугаар