МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Г.Дамдинням: Монгол Улсын орлогыг төвлөр...

Г.Дамдинням: Монгол Улсын орлогыг төвлөрүүлж байгаа нүүрс, зэсийн экспортыг солонгоруулна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай ярилцлаа.

Үнэн
Админ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай ярилцлаа.  

-Манай эдийн засаг уул уурхайгаас бүрддэг. Улсын төсвийн төлөвлөгөө хэр явж байна вэ?

-Эрдэс баялгийн салбар нь 2026 оны эхний улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 40.5 хувь, төсвийн орлогын 27.8 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 82.8 хувь, экспортын 96.8 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 88.2 хувийг тус тус бүрдүүлсэн. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд нүүрсний экспорт 90.0 сая.тн, зэсийн баяжмалын экспорт 1.9 сая.тн, төмрийн хүдэр, баяжмалын экспорт 9.4 сая.тн, алт тушаалт 20.0 тн байхаар тусгасан.  2026 оны эхний 3 сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт 4,734.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 64.3 хувиар өссөн бөгөөд үүнээс  27,5 сая.тн нүүрс,  650.5 мян.тн зэсийн баяжмал, 1,9 сая.тн төмрийн хүдэр, баяжмал, 437.7 мян.тн хайлуур жоншны хүдэр, баяжмал, 34.1 мян.тн цайрын баяжмал, 1,9 тн алт экспортолсон байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 10,206.4 тэрбум төгрөгт хүрч, үүнээс эрдэс баялгийн салбарын орлого 2,917.7 тэрбум төгрөг болж, улсын төсвийн орлогын 28.6 хувийг бүрдүүлсэн.

-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар хаврын чуулганаар ямар ажлыг амжуулав?

Хаврын чуулган маш завгүй ажилласан өдрүүд байлаа. 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХд өргөн барьж хэлэлцүүллээ.

Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа эрчимжихийн хирээр түүнийг даган бий болж байгаа шинэ тутам харилцааг 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахад хүндрэл үүсгэж байсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, шинээр орд газруудыг нээн илрүүлэх, Улс үндэснийхээ эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, орд газруудыг эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчныг бүрдүүлж байна.

Монгол Улс “Чухал ашигт малтмал”-ын бодлогоо тодорхойлж, олон улсад танилцуулснаар энэ төрлийн ашигт малтмалын судалгааг гүнзгийрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татаж, технологийн дэвшлийг нутагшуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бусад орнуудын зорилтод хувь нэмрээ оруулах, хүний нөөцийн чадавхаа бэхжүүлэх боломж нээгдэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан “зэс”-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг хэт өндрөөр тогтоосон нь Монгол Улсад шинээр зэсийн ордыг ашиглалтад оруулах нөхцөлийг бууруулж байсныг засаж олон улсын жишигт нийцүүлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтоолоо. Баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл олгох, баяжуулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг хуульчилж, мөн геологи, уул уурхайн үйл ажиллагааны төлөвлөлт, хяналтад шаардлагатай хэмжилт, зураглалын ажлыг гүйцэтгэх маркшейдерийн үйл ажиллагаа эрхлэгчийн эрх зүйн орчныг тодорхой болголоо.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа бичил уурхай эрхлэгчдийг салбарын эрх зүйн зохицуулалтад хамруулж, хууль бус олборлолтыг таслан зогсоох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.

Орон нутагт уул уурхайн үйл ажиллагааг дэмжих, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хөрөнгийг уул уурхайн олборлолт хийгдэж байгаа аймаг, суманд түлхүү хуваарилах бодлогыг баримталж, Төсвийн тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төвлөрсөн орлогыг орон нутагт дахин хуваарилдаг хувь, хэмжээг нэмэгдүүлж, мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг 10 хувийг нэмэгдүүлж 20 хувь болголоо.

-Бид хөгжлийн гараан дээр ирлээ гэж олон жил ярьж байна. Бодит байдал дээр олборлолтоос боловсруулалтын шатанд шилжих, аж үйлдвэржсэн орон болоход ямар ажлууд хийж, хэрэгжүүлж байна вэ?

-Аж үйлдвэржилт бол манай Засгийн газрын гол бодлогуудын нэг. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, ган үйлдвэрлэлийн цогцолбор, кокс-химийн болон нүүрс-химийн цогцолбор, алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах зэрэг олон жил хүлээгдсэн томоохон төслүүдээ хөдөлгөж байна. Энэ өдрүүдэд Засгийн газраас жилд 125 мянган тонн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах хоёр үе шаттай сонгон шалгаруулалтад тэнцсэн хөрөнгө оруулагчтай гэрээний хэлцэл хийж байна. Хэлцэл амжилттай болбол 2026 онд багтаан гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Дархан-Сэлэнгийн бүсэд жилд нэг сая тонноос багагүй ган үйлдвэрлэх хүчин чадалтай ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн стратегийн хөрөнгө оруулагчийн технологийн болон санхүүгийн чадавхыг сонгон шалгаруулах эхний шатны ажил дуусаж хураангуй жагсаалтад багтсан хоёр хөрөнгө оруулагчийн бизнесийн саналыг үнэлэх сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах ажил хийгдэж байна. Сонгон шалгаруулалт амжилттай болсон тохиолдолд 2026 онд багтаан гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байна.

-Уул уурхай, аж үйлдвэрийн салбарт ажиллах мэргэшсэн боловсон хүчний нөөц хэр байна. Цаашид энэ салбарт мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байгаа болов уу?

-Монгол Улсын хувьд уул уурхай нь эдийн засгийн гол тулгуур салбаруудын нэг хэвээр байгаа бөгөөд тус салбарын тогтвортой хөгжил нь мэргэшсэн хүний нөөцөөс шууд хамаардаг. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүд, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого хэрэгжихийн хэрээр инженер, техникч, өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтны эрэлт улам өсөх төлөвтэй байна. Тухайлбал, урьдчилсан тооцоогоор үйлдвэрлэл, технологийн паркуудын хүрээнд 10 мянга гаруй шинэ ажлын байр бий болно. Түүнчлэн дижитал шилжилт, автоматжуулалт, инновацын хөгжлийн нөлөөгөөр уул уурхайн салбарын ур чадварын хэрэгцээ шинэ түвшинд хүрч, уурхайн автоматжуулалт, хиймэл оюун ухаан, дижитал технологи, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны менежментийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний эрэлт нэмэгдэж байна.

Иймд уул уурхай, аж үйлдвэрийн салбарт өндөр ур чадвар, мэдлэгтэй, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх асуудал нь зөвхөн өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах төдийгүй Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөгжил, эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадварыг урт хугацаанд нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой  юм.

-Ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт, төсвийн орлого бүрдүүлэлтэд гол үүрэгтэй уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангах гол салбар болох хайгуулын салбарыг урт хугацаанд төлөвлөх, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин ойлгомжтой, ил тод, шударга байх шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд хайгуулын 1093 тусгай зөвшөөрөл 3.5 хувьд, ашиглалтын 1759 тусгай зөвшөөрөл 1.2 хувьд буюу 2852 тусгай зөвшөөрлийн хэмжээнд 4.7 хувийг хамарсан 7.4 сая гектар талбайд манай салбар үйл ажиллагаа эрхэлж байна. Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд орсон нэмэлт зохицуулалтын дагуу 2018, 2023 онд Засгийн газраас тогтоож, нийтэд зарласан талбайд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож байгаа бөгөөд 2023 оноос төрийн худалдан авах ажиллагааны цахим сайтаар дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

-Ховор металлын нөөцийг ашиглахад манай улс ямар бодлого баримталж байгаа бол?

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нэг гол сэдэв нь олон улсын эрдсийн түүхий эдийн зах зээл дээр өндөр технологийн түүхий эдийн эрэлт, хэрэгцээ өсөж байгаатай холбогдуулан бусад оронтой өрсөлдөх, Монгол Улсын орлогыг гол төвлөрүүлж байгаа нүүрс, зэсийн экспортыг солонгоруулах зорилгоор чухал ашигт малтмалын эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьсон. Чухал ашигт малтмалын жагсаалтыг бусад орны өөрийн орны онцлог болох баяжуулах, боловсруулах технологи, үйлдвэрлэл, эрдэс баялгийн нөөцөөс хамааруулан олон улсад зарлан, нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бүрэлдүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Манай орны хувьд энэхүү өндөр технологид ашиглах эрдсийн түүхий эдийн судалгааг эрчимжүүлэх, одоо тогтоогдсон ашигт малтмалын ордууддаа хөрөнгө оруулалт татах чиглэлээр эрх зүйн орчныг боловсруулж, чухал ашигт малтмалын жагсаалтаа Засгийн газар баталдаг байхаар хуульд тусгасан. Өнөөгийн байдлаар өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа зарим улсын чухал ашигт малтмалын жагсаалтад багтсан 38 орчим элемент, эрдсүүд манайд тогтоогдсон байдаг. Үүнээс бид нөөц тогтоогдож ашиглалтад бэлтгэгдсэн, хайгуулын ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай болон орд байх геологийн өгөгдөлтэй 21 элемент, эрдсийг урьдчилсан байдлаар жагсаагаад байна. Хууль батлагдсаны дараагаар жагсаалтад багтсан ашигт малтмал тус бүрээр бодлого боловсруулж ажиллана.

-Ирэх намрын  чуулганаар ямар асуудлыг оруулж хэлэлцүүлэх бол?

-Ирэх намрын  чуулганаар хоёр төрлийн хууль оруулж ирнэ. Монгол Улс баялгаа ухаад, ачаад, зардаг улс байхаа болих ёстой. Баяжуулах үйлдвэрүүдээ дэмжиж, боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох замаар аж үйлдвэржсэн улс болно. Аж үйлдвэржсэн улс болохын тулд байгаа хууль, эрх зүйн орчныг сайжруулах, зарим эрх зүйн орчныг шинээр бий болгох шаардлагатай бөгөөд  энэ ч агуулгаар нь Хүнд үйлдвэрийн тухай хуулийг боловсруулан бэлдэж байна.

Газрын тосны тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. 

Н.Энхбат

Эх сурвалж: "Монголын үнэн" №026/24701/ 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.