Гишүүдээ сонсож, бодлогоо хэмждэг намын шинэ соёл
“Гишүүн төвтэй нам Е-4” стратегийн хүрээнд МАН-ын 2024–2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг намын анхан шатанд хүргэж, гишүүдийн оролцоо, санал бодлыг бодлого шийдвэрт тусгах шинэ алхам боллоо.
“Гишүүн төвтэй нам Е-4” стратегийн хүрээнд МАН-ын 2024–2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг намын анхан шатанд хүргэж, гишүүдийн оролцоо, санал бодлыг бодлого шийдвэрт тусгах шинэ алхам боллоо.
Монгол Ардын Намын шинэчлэлийн нэг чухал хэмжүүр бол бодлого гишүүнээсээ холдохгүй байх, харин хэрэгжилт нь зөвхөн хүснэгт, хувь хэмжээ, тайлангийн мөрөөр хэмжигдэх бус айл өрх, иргэдийн өдөр тутмын амьдралд шууд мэдрэгддэг байх явдал юм. Энэ утгаараа мөрийн хөтөлбөрийн биелэлт гэдэг нь тоон үзүүлэлтийн жагсаалт төдий биш, иргэдийн орлого, ажил амьдрал, үйлчилгээний хүртээмж, орон сууц, зам тээвэр, боловсрол, эрүүл мэнд зэрэг бодит хэрэгцээнд гарсан өөрчлөлтөөр үнэлэгдэх ёстой. Энэ зорилгын хүрээнд “Гишүүн төвтэй нам Е-4” стратегийг нийслэлийн есөн дүүргийн намын хороодод танилцуулах уулзалт, санал солилцох ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 13-ны хооронд зохион байгуулагдав.
Уулзалт Сонгинохайрхан дүүргээс эхэлж, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур, Налайх, Багахангай дүүргээр үргэлжилсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн уулзалтаар өндөрлөсөн байна. Энэ удаагийн ажил нь жирийн нэг танилцуулга биш, харин намын төв байгууллага, бодлогын хороод, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газар, нийслэл болон дүүргийн намын хороодыг нэг дор холбосон бодлогын эргэх холбооны цуврал уулзалт байлаа. Нийт 813 хүн хамрагдахаар төлөвлөснөөс 605 хүн оролцож, ирц 74.4 хувьтай гарсан нь анхан болон дунд шатны байгууллагын идэвх, оролцооны бодит дүр зургийг харуулав. Мөн 195 хариулттай суурь судалгаа, уулзалтаар хэлсэн болон бичгээр ирүүлсэн 129 санал нь гишүүдийн хүлээлт, шүүмжлэл, санал санаачилгыг тоон болон чанарын үндэслэлтэй нэгтгэх боломж бүрдүүлжээ.
Е-4 стратегийн агуулга нь гишүүдийг зөвхөн сонгуульд оролцдог дэмжигч бус, бодлого боловсруулах, хэрэгжилтийг үнэлэх, санал өгөх, хяналт тавих, өөрийн оролцоогоо үнэлүүлэх идэвхтэй субьект болгоход чиглэж байна. Иймээс уулзалтуудын үеэр “нам гишүүнээ сонсдог байх” гэдэг ойлголтыг уриа хэлбэрээр бус, байгуулалтын тогтолцоо, цахим платформ, судалгаа, мөрийн хөтөлбөрийн мониторинг, анхан шатны дэмжлэгийн багц ажил болгон тайлбарласан нь онцлог байв.
Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг уулзалтуудад Е-4 стратегийн зорилго, хэрэгжилтийн чиглэлийг танилцуулж, гишүүдийн оролцоо, дотоод эргэх холбоо, анхан шатны байгууллагын идэвхийг нэмэгдүүлэх шаардлагыг онцолсон. Мөн намын Удирдах зөвлөлийн дэргэд салбар бүрээр бодлогын 11 хороо байгуулсан, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газар болон Улс төрийн манлайллын академийг байгуулан ажиллуулж эхэлсэн нь намын бодлогын ажлыг судалгаа, үнэлгээ, хүний нөөцийн хөгжилтэй уялдуулах шинэ бүтэц болж байгааг тайлбарласан байна.
Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ энэ удаагийн уулзалтуудаар МАН-ын 2024-2028 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх судалгаа, үнэлгээ, дүгнэлтийг нийслэлийн есөн дүүргийн намын гишүүдэд танилцуулсан нь ажлын нэг гол агуулга байв. Тэрбээр хэрэгжилтийн үнэлгээг хүний хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, цахим засаглал, шинжлэх ухаан, технологи, дэд бүтэц, орон сууцжилт зэрэг салбар бүрээр тайлбарлаж, бодлого хэрхэн хэрэгжиж буйг анхан шатанд ойлгомжтой хүргэхийн зэрэгцээ үр дүн нь иргэн, өрхийн амьдралд хэрхэн тусах ёстойг онцолсон байна. Энэ нь мөрийн хөтөлбөрийг зөвхөн сонгуулийн амлалт бус, судалж, хянаж, гишүүддээ тайлагнадаг улс төрийн хариуцлагын баримт бичиг болгох эхлэл юм.
Бодлогын хороодын оролцоо уулзалтуудын ач холбогдлыг улам тодруулсан. Хан-Уул дүүргийн уулзалтад Е-4 стратегийг хэрэгжүүлэх бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатар, Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга П.Цолмон нар оролцож, бодлогын хэрэгжилт, үнэлгээ, судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн. Дүүргийн намын хорооноос мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, бүтээн байгуулалт, цаашдын зорилтоо танилцуулснаар бодлогын төвшний үнэлгээ дүүргийн бодит ажилтай холбогдох боломж бүрдсэн юм.
Дүүрэг бүрийн уулзалт өөр өөр өнгө аястай байлаа. Багануур дүүрэгт гишүүд, дэмжигчид алслагдсан дүүргийн хөгжлийн асуудлыг түлхүү хөндсөн. Тус дүүргийг хотын статустай болгох, ипотекийн зээлийн хүртээмжийг захын болон алслагдсан дүүргүүдэд нэмэгдүүлэх, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын хөгжлийг тусгайлан авч үзэх шаардлагатай гэсэн саналууд гарсан байна. Энэ нь гишүүдийн санал нь зөвхөн намын дотоод зохион байгуулалтын тухай бус, орон нутгийн хөгжлийн бодлоготой шууд холбогдож байгааг харуулсан жишээ болов.
Налайх дүүргийн уулзалтаар оролцогчид намын эв нэгдэл, хариуцлагын асуудлаас гадна дүүргийн эдийн засгийн бие даасан байдлыг онцолсон. Налайхыг хотын статустай болгох, өөрийн бүрдүүлж буй татвар, хөрөнгийг орон нутагтаа зарцуулах боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх санал давтагджээ. Алслагдсан дүүргүүдийн хувьд хөгжлийн бодлого нь нийслэлийн төвийн дүүргүүдтэй ижил хэв загвараар бус, байршил, хүн ам, эдийн засгийн онцлогт нь тулгуурлах ёстойг энэ санал тодотгож байна.
Багахангай дүүргийн уулзалтаар хүн ам цөөн, дэд бүтцийн боломжтой, үйлдвэрийн бүсийн хөгжлийн ирээдүйтэй дүүргийн онцлогийг авч хэлэлцэв. Үйлдвэрлэл, ажлын байр, тээвэр логистик, дэд бүтцийн давуу талаа ашиглан хөгжих боломжийг гишүүд хөндсөн нь Е-4 стратегийн хүрээнд дүүрэг бүрийн онцлогт тулгуурласан бодлогын санал боловсруулах шаардлагыг илтгэнэ. Харин Сүхбаатар дүүргийн уулзалтын үеэр гишүүд санал хүсэлтээ цаасаар, цахимаар болон биечлэн илэрхийлж, ENAM 3.0 платформыг ахмад болон цахим хэрэглээ сул гишүүдэд илүү ойлгомжтой тайлбарлах, намын дэргэдэх байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гишүүдтэй эргэн холбоотой ажиллах шаардлагыг дэвшүүлжээ.
Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн уулзалтуудад ч гишүүдийн саналын гол цөм ижил байв. Анхан шатны байгууллагын ажиллах орчин, санхүүжилт, хүний нөөц, хэсгийн ахлагчид болон хорооны намын байгууллагын идэвх, сонгогдсон төлөөлөгчдийн тайлагнал, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хорооны түвшинд ойлгомжтой тайлбарлах хэрэгцээ давтамжтай яригдсан байна. Энэ нь нийслэлийн төвийн болон хүн ам ихтэй дүүргүүдэд ч гишүүн төвтэй намын гол шалгуур нь мэдээлэл, оролцоо, хариуцлага, эргэх холбоо гэдгийг харууллаа.
Суурь судалгааны дүн уулзалтаар хэлсэн саналуудыг тоон үзүүлэлтээр баталгаажуулж байна. Дүүргийн намын хорооны үйл ажиллагаанд “сайн” болон “маш сайн” гэж үнэлсэн хариулт 73.8 хувьтай гарсан нь анхан болон дунд шатны байгуулалтын суурь чадавх хадгалагдаж буйг илэрхийлэв. Гэвч УИХ-ын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх үнэлгээнд “дунд” болон “хангалтгүй” гэсэн хариулт давамгай байгаа нь бодлого хэрэгжээгүй гэсэн дүгнэлтээс илүүтэй хэрэгжилтийн мэдээлэл, тайлбар, нотолгоо гишүүдэд хангалттай хүрэхгүй байгааг анхааруулж байна.
Дүүргийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд тулгарч буй гол саадаар санхүү, төсвийн хүрэлцээ 41.9 хувь, зохион байгуулалт, уялдаа холбоо 25.3 хувь гэж нэрлэгдсэн нь анхан шатанд үүрэг их боловч дэмжлэгийн механизм хангалттай бус байгааг харуулна. Е-4 стратегийн хүрээнд хамгийн хэрэгцээтэй ажлаар анхан шатны байгууллагын үйл ажиллагааг дэмжих, намын гишүүдийн санал, оролцоог тогтмол авах, сургалт, чадавхжуулах ажлыг өргөжүүлэх, уулзалт хэлэлцүүлгийг байнгын болгох чиглэлүүд нэрлэгдсэн байна.
Уулзалтын үеэр хэлсэн болон бичгээр ирүүлсэн 129 саналыг нэгтгэхэд зургаан үндсэн чиглэл тодорчээ. Нэгдүгээрт, намын нэр хүнд, ёс зүй, эв нэгдлийг хамгаалах; хоёрдугаарт, анхан шатны байгууллагыг санхүү, арга зүй, хүний нөөцөөр дэмжих; гуравдугаарт, УИХ, НИТХ, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид гишүүдтэй тогтмол уулзаж тайлагнах; дөрөвдүгээрт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдийн амьдралд мэдрэгдэх бодит үр дүнтэй холбон тайлбарлах; тавдугаарт, ENAM 3.0 платформыг бүх насны гишүүдэд хүртээмжтэй болгох; зургаадугаарт, нэр дэвшүүлэлт, томилгоонд мерит зарчмыг баримтлах санал давтамжтай гарсан байна.
Эдгээр санал нь Е-4 стратегийн улс төр-байгуулалтын утгыг тодорхой болгож байна. Гишүүн төвтэй нам гэдэг нь гишүүнээ зөвхөн бүртгэлд байлгах, зөвхөн сонгуулийн үед дайчлах тухай биш. Харин гишүүний санал бодлыг бодлогод тусгах, бодлогын хэрэгжилтээ гишүүндээ тайлагнах, төлөөлөгчдийн хариуцлагыг эргэх холбоогоор хэмжих, анхан шатны байгууллагыг бодит дэмжлэгээр хангах тухай юм. Энэ өнцгөөс харахад бодлогын хороод, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газар нь намын төв бодлого, гишүүдийн бодит санал хоёрын хоорондох гүүр болж ажиллах үүрэгтэй.
Цаашид энэ ажлыг зөвхөн уулзалт зохион байгуулсан тайлангаар дуусгах ёсгүй. Дүүрэг бүрээс гарсан саналын мөрөөр эргэх холбооны хүснэгт гаргаж, хариуцах эзэн, хэрэгжүүлэх хугацаа, шалгуур үзүүлэлттэй болгох шаардлагатай. Мөн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг хуудас факт, түгээмэл асуулт-хариултын багцыг хороодод хүргүүлэх, сонгогдсон төлөөлөгчдийн улирлын тайлагналын календарийг тогтмолжуулах, ENAM 3.0 платформын хэрэглээг биечилсэн сургалттай хослуулах нь гишүүдийн хамгийн бодит хүлээлт болж байна.
Нийслэлийн есөн дүүргийн уулзалтууд нэг зүйлийг тодорхой харууллаа. Намын гишүүд зөвхөн улс төрийн ерөнхий уриа сонсохыг бус, өөрийн амьдарч буй хороо, дүүрэгт бодлого хэрхэн хэрэгжиж байгааг мэдэхийг, хэлсэн санал нь хаана очиж туссан болохыг харахыг, сонгогдсон төлөөлөгчид тогтмол тайлагнахыг хүсэж байна. Тэдний ярьсан асуудал өрхийн амьжиргаа, үнэ, инфляц, ажлын байр, орон сууц, түгжрэл, нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламж, хот төлөвлөлт зэрэг өдөр тутмын амьдралтай шууд холбоотой байв.
Эндээс харахад Е-4 стратегийн дараагийн гол сорилт нь сонссон саналыг ажил болгох менежмент юм. Гишүүдийн санал бүрийг бодлогын хороодын чиглэлээр ангилж, хэрэгжих боломжтой, судалгаа шаардлагатай, хууль эрх зүйн өөрчлөлт шаардах, орон нутгийн түвшинд шийдэх гэж ялгаж чадвал уулзалтын үр дүн бодитой болно. Цаашид улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулахдаа зөвхөн дотоод төлөвлөгөө, салбарын зорилтоор хязгаарлах бус намын гишүүд, дэмжигчид, иргэдийн санал бодлыг өргөн хүрээнд цуглуулж, нийгэм, эдийн засгийн суурь судалгаанд үндэслэн боловсруулах нь онцгой ач холбогдолтой. Ингэж байж мөрийн хөтөлбөр сонгуулийн амлалт бус, иргэдийн бодит хэрэгцээнээс ургасан, хэрэгжих боломжтой бодлогын гэрээ болж чадна.
Б.Нандин-Эрдэнийн есөн дүүргийн намын гишүүдэд танилцуулсан судалгаа, дүгнэлт нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг нотолгоотой, ойлгомжтой тайлагнах шинэ стандартын эхлэл болж байна. Гэхдээ бодлого, хөрөнгө оруулалт, реформын ажлын эцсийн үнэлгээ нь зөвхөн хэдэн хувь биелсэн гэх тоон мэдээллээр бус, тухайн бодлого айл өрхийн амьжиргаа, иргэний үйлчилгээ авах боломж, хүүхдийн сургууль, ахмадын эрүүл мэнд, залуусын ажлын байр, хотын түгжрэл, орон сууцны хүртээмжид хэрхэн мэдрэгдэж байгаагаар хэмжигдэх учиртай. Тиймээс хэрэгжилтийн мэдээллийг дүүрэг, хороо, өрхийн амьдралд буусан бодит үр дүнтэй холбож тайлбарлах нь цаашдын мэдээлэл, сургалт, уулзалтын гол зарчим байх ёстой.
ENAM 3.0 платформ ч энэ шинэчлэлийн чухал хэрэгсэл болно. Гэхдээ цахим систем нь биечилсэн уулзалт, сургалт, тайлагналыг орлох бус, харин тэдгээрийг хурдан, ил тод, хэмжигдэхүйц болгох дэмжих хэрэгсэл байх учиртай. Ахмад гишүүд, цахим хэрэглээ сул иргэдэд зориулсан зааварчилгаа, хорооны түвшний туслах баг, саналын хариу буцах системийг хамтад нь хөгжүүлж байж цахим оролцоо бодит гишүүн төвтэй тогтолцоо болж төлөвшинө.
Иймээс “Гишүүн төвтэй нам Е-4” стратеги нь намын шинэчлэлийн нэгэн нэршил төдий бус, гишүүдийн дуу хоолойг бодлого, шийдвэрийн төвд байршуулах арга хэрэгсэл байх ёстой. Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулсан энэ уулзалт намын бодлого, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, гишүүдийн санал, анхан шатны байгууллагын хэрэгцээг нэг шугамд холбосон эхний чухал алхам боллоо. Дараагийн шатанд сонссон санал бүрд хариу өгч, айл өрх, иргэдийн амьдралд мэдрэгдэх ажил болгож чадвал гишүүнээ сонсдог, бодлогоо тайлагнадаг, хариуцлагаа бодит үр дүнгээр хэмждэг намын шинэ соёл төлөвшинө.
Г.Өлзийбаатар /Гишүүн төвтэй нам Е-4 стратегийг хөгжүүлэх бодлогын хорооны нарийн бичгийн дарга/