МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Хэмнэж, ойлголцож байж хэцүү цагийг хамт...

Хэмнэж, ойлголцож байж хэцүү цагийг хамтдаа давна

Дэлхийн эдийн засаг өнөөдөр нэн өвөрмөц нөхцөл байдалтай байна.

Үнэн
Админ

Дэлхийн эдийн засаг өнөөдөр нэн өвөрмөц нөхцөл байдалтай байна.1990-ээд он, 2000-аад оны эхэн үед улс орнуудын гол санаа зовнил эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, дэлхийн худалдааны тэлэлт байсан бол өнөөдөр эрчим хүч, хүнс, тээвэр логистик, нийлүүлэлтийн аюулгүй байдал болж өөрчлөгджээ.

Өөрөөр хэлбэл, аливаа улс өнөөдөр юу үйлдвэрлэж байгаагаасаа илүүтэйгээр эрчим хүч, түүхий эдээ тогтвортой авч чадаж байна уу гэдэг нь үндэсний аюулгүй байдлын асуудал болсон гэсэн үг. 2022 онд эхэлсэн Орос–Украины дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд дэлхийн эрчим хүчний зах зээл үндсэндээ шинэ бүтэцтэй болсон.

Европ олон арван жил найдаж ирсэн Оросын газрын тос, байгалийн хийг өөр эх үүсвэрээр солих бодлого баримталж эхэлсэн. Үүний үр дүнд дэлхийн газрын тосны худалдааны урсгал бүхэлдээ өөрчлөгдөж, Оросын нефть Ази руу, Ойрх Дорнодын нефть Европ руу илүү их хэмжээгээр чиглэх болов. Нэг ёсондоо дэлхийн газрын тосны зах зээлийг дахин зурсан гэж хэлж болно.Гэвч зөвхөн худалдааны урсгал өөрчлөгдсөнгүй. Мөн энэ дайн шинэ шатанд гарлаа. 

Эхний жилүүдэд фронтын тулалдаан давамгайлж байсан бол өнөөдөр хоёр тал бие биеийнхээ эрчим хүчний дэд бүтцийг системтэйгээр онилдог болжээ. Ялангуяа Украин дотооддоо үйлдвэрлэсэн алсын тусгалтай нисгэгчгүй онгоц буюу дронуудыг өргөн ашиглаж эхэлснээр ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд, нефтийн агуулахууд, шахуурга станцууд, дамжуулах хоолойн байгууламжууд, төмөр замын түлшний зангилаанууд удаа дараа цохилтод өртөх болов.

Энэ нь цэргийн хувьд төдийгүй эдийн засгийн асар том үр дагавартай байлаа. Газрын тос олборлох нь нэг хэрэг, харин олборлосон тосоо боловсруулж бензин, дизель, онгоцны түлш болгон хувиргах үйлдвэрүүд ажиллахгүй бол дотоодын шатахууны нийлүүлэлт шууд доголддог.

Сүүлийн үед ОХУ-ын хэд хэдэн томоохон боловсруулах үйлдвэр хүчин чадлаа бууруулах, хэсэгчлэн зогсоох, урт хугацааны засварт орох шаардлагатай болжээ. Үүний улмаас Москва дотоодын зах зээлдээ шатахууны хомсдол үүсгэхгүйн тулд бензиний экспортдоо хэд хэдэн удаа хязгаарлалт тогтоож, зарим үед бараг бүрэн хориглох шийдвэр хүртэл гаргаж байв.Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн том газрын тос олборлогчдын нэг улс өөрийн дотоодын хэрэглээг хангахын тулд экспортдоо хязгаарлалт хийж байгаа нь өнөөгийн нөхцөл ямар түвшинд хүрснийг илтгэнэ.

Үүгээр ч зогсохгүй ОХУ дотоодын хэрэгцээгээ тогтворжуулах зорилгоор Беларусь, Энэтхэгээс шатахуун импортлох хэлцэл хийж, Казахстанаас шатахуун нийлүүлэх асуудлыг ч судалж эхэлсэн талаар Оросын эрх баригчид мэдээлж байна. Газрын тосны их гүрэн хүртэл шатахуун импортлох шаардлагатай болсон нь дэлхийн эрчим хүчний салбар ямар эмзэг болсны тод жишээ юм. Нөгөө талд Ойрх Дорнодын нөхцөл байдал мөн улам тогтворгүй болсоор байна.

Дэлхийн далайгаар тээвэрлэгддэг газрын тосны ойролцоогоор 20 хувь нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг. Саудын Араб, Кувейт, Катар, АНЭУ, Ирак зэрэг том экспортлогчдын нефтийн гол гарц энэ бүсэд байрладаг.Иран, Израилийн мөргөлдөөн хурцдах бүрд хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд газрын тосны үнийг өсгөж эхэлдэг. Учир нь, Ормузын хоолой хаагдах эсвэл тээвэрлэлтийн эрсдэл нэмэгдэхэд дэлхийн нийлүүлэлтийн томоохон хэсэг саатах аюултай.

Үүн дээр Улаан тэнгисийн аюулгүй байдлын асуудал нэмэгдэв. Хөлөг онгоцууд Суэцийн сувгаар биш Африкийг бүтэн тойрон явах шаардлагатай болсон тохиолдол цөөнгүй гарч, тээврийн хугацаа уртасч, даатгал, шатахуун, логистикийн зардал эрс өсөв. Энэ бүх нэмэгдэл эцэстээ газрын тос, шатахууны үнэд шингэж байгаа юм. Ийм нөхцөлд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өндөр хэвээр хадгалагдаж, боловсруулсан шатахууны үнэ бүр ч илүү өсөх хандлагатай байна. Монгол Улс ийм өөрчлөлтөөс ангид байх боломжгүй.

Манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ бараг бүх хэрэгцээг импортоор хангадаг. Түүний дийлэнх хувийг ОХУ-аас авдаг. Ийм бүтэцтэй улсын хувьд ОХУ-ын боловсруулах үйлдвэрт гарсан нэг саатал, экспортын бодлогын нэг өөрчлөлт, төмөр замын нэг саад хүртэл Монголын шатахууны нийлүүлэлтэд шууд мэдрэгддэг.

 

Сүүлийн өдрүүдэд бий болсон шатахууны хүндрэл нь үүний тод жишээ боллоо. Иймээс ч АИ-92 бензиний борлуулалтад түр хугацааны зохицуулалт хийн, ШТС-ууд хэрэглэгчдэд тодорхой хэмжээний хязгаартайгаар бензин худалдаж эхлээд байна. 

Ийм үед бухимдал үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ бодит байдлыг зөвөөр ойлгох нь мөн чухал. Энэ бол зөвхөн Монголд гарсан асуудал биш. Геополитикийн эрсдэл, олон улсын нийлүүлэлтийн сүлжээний доголдол, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын бууралт, дэлхийн зах зээлийн үнийн өсөлт зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлсний үр дүн юм. Тиймээс Засгийн газар зөвхөн нэг эх үүсвэрт найдах бус, импортын сувгаа төрөлжүүлэх ажлыг шуурхай эхлүүлэв. ОХУ-ын "Роснефть", "Газпром нефть", "Нефтьхимсервис" зэрэг компаниас гадна БНХАУ, БНСУ-аас шатахуун нийлүүлэх гэрээнүүдийг байгуулж, наймдугаар сарын импортын хэмжээг урьдчилан баталгаажууллаа. Үүний зэрэгцээ шатахууны үнийн өсөлтийг дотоодын зах зээлд аль болох бага мэдрүүлэхийн тулд импортын гаалийн болон онцгой албан татварыг тодорхой хугацаанд тэглэх шийдвэр гаргав.

Энэ нь төсвийн орлогоо нэмэгдүүлэхээс илүү иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачааллыг бууруулахыг зорьсон шийдвэр юм. Мөн шатахууныг хилээр түргэн нэвтрүүлэх, вагон-цистерний эргэлтийг хурдасгах, импортын зөвшөөрлийг шуурхай олгох, логистикийн саадыг арилгах зэрэг олон арга хэмжээг зэрэг авч хэрэгжүүлж байна.Үүнээс гадна Монгол Улс 33 жилийн хугацаанд анх удаа стратегийн шатахууны нөөц бүрдүүлэх 22 сав, агуулахын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.Энэ нь зөвхөн өнөөдрийн хомсдолыг шийдэх ажил биш. Харин ирээдүйд олон улсын ямар ч хямрал гарсан Монгол Улс хэдэн сарын стратегийн нөөцтэй байх тогтолцоог бий болгох урт хугацааны бодлого юм. Тун удахгүй шинэ хичээлийн жил эхэлнэ. Намрын ургац хураалт өрнөнө. Уул уурхай, барилга, тээвэр логистикийн ажлууд ид ачааллын үедээ орно.

Ийм үед шатахууны нийлүүлэлт доголдвол зөвхөн автомашинтай иргэд бус, хүнсний бүтээгдэхүүний үнэ, нийтийн тээвэр, уул уурхай, үйлдвэрлэл, газар тариалан, жижиг бизнес гээд эдийн засгийн бүх салбарт сөрөг нөлөө үзүүлдэг.

Иймээс Засгийн газар зөвхөн шатахууны асуудал дээр ажиллаад зогсохгүй төсвийн сахилга батыг чангатгаж, өөрөөсөө эхэлж хэмнэлтийн горимд шилжиж буйг Ерөнхий Сайд Н.Учрал наймдугаар сарын 5-нд болсон Засгийн Газрын ээлжит хуралдааны үеэр мэдэгдэв.

Шаардлагагүй гадаад томилолт, хурал зөвлөгөөн, баяр ёслол, шинэ автомашин, тавилга, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хязгаарлаж, төрийн байгууллагуудад урсгал зардлаа танах үүрэг өгсөн нь хүндрэлийн үед төр өөрөө үлгэрлэх гэсэн оролдлого юм.

Харин эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, нийгмийн халамж зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой зардлыг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв бодлого гэж үзэж болно.Өнөөдөр дэлхий нийтээрээ тогтворгүй үеийг туулж байна. Ийм үед Монгол Улс дэлхийн зах зээлийг өөрчлөх боломжгүй. Дайныг зогсоож чадахгүй. Газрын тосны үнийг бууруулж чадахгүй. Харин бид дотооддоо илүү зохион байгуулалттай, илүү хариуцлагатай, илүү хэмнэлттэй байж чадна.Энэ бол зөвхөн шатахууны тухай асуудал биш. Энэ бол үндэсний хэмжээнд сорилтыг хэрхэн хамтдаа даван туулах тухай асуудал юм.Хямрал хэзээ дуусахыг бид шийдэхгүй. Харин хэрхэн хамтдаа туулахаа бид өөрсдөө шийднэ. Тиймээс өнөөдөр Монголд хамгийн хэрэгтэй зүйл бол хэмнэлт, ойлголцол, хамтын хариуцлага юм. Хэмнэж, ойлголцож байж л бид хэцүү цагийг хамтдаа давна.

М.Гал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №029/24704/

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.