Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй Монголыг бүтээх нь
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах нь зөвхөн нийгмийн халамжийн хүрээний асуудал биш юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах нь зөвхөн нийгмийн халамжийн хүрээний асуудал биш юм. Энэ бол хүний эрх, тэгш боломж, хүртээмж, оролцоо, нийгмийн шударга ёсны тухай бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийн нэг билээ. Иргэн бүр боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, төрийн үйлчилгээнд саадгүй хамрагдах, нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцох эрхтэй. Энэхүү эрх бодит амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг үнэлж, цаашдын бодлогын чиглэлийг тодорхойлох зорилгоор Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо "Тэгш хүртээмж, тэгш оролцоо" сэдэвт нээлттэй бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож, өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэн дөрвөн үндсэн чиглэлээр санал солилцож, бодлогын зөвлөмж боловсруулав. Эдгээр нь тэгш хүртээмж ба орчны саадгүй байдал, боловсрол ба хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд ба нийгмийн хамгаалал, оролцоо ба улс төрийн эрх гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарт хамгийн их нөлөөлдөг салбарууд байлаа.
Хүртээмжтэй орчин бол тэгш оролцооны үндэс
Хэлэлцүүлгийн үеэр хамгийн түрүүнд хөндөгдсөн асуудал бол хүртээмжтэй орчин байв. Өнөөдөр барилга байгууламж, нийтийн тээвэр, авто зам, мэдээллийн үйлчилгээ, төрийн байгууллагын үйлчилгээ болон цахим платформын хүртээмж хангалтгүй байгаа нь олон иргэнийг өдөр тутмын амьдралдаа хүндрэлтэй тулгарсаар байгааг оролцогчид онцолсон юм.
Хүртээмжийг зөвхөн налуу зам, цахилгаан шаттай холбон ойлгох бус мэдээллийн хүртээмж, үйлчилгээний соёл, дижитал орчин, харааны, сонсголын болон бусад ялгаатай хэрэгцээг хангасан үйлчилгээний цогц тогтолцоо гэж ойлгох шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэлээ. Ялангуяа орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд үйлчилгээний хүртээмж хот суурин газрынхаас илүү хязгаарлагдмал байгаа нь анхаарал татсан асуудал болсон юм. Иймээс шинэ бүтээн байгуулалт бүрийг түгээмэл загварын зарчмаар төлөвлөх, барилга байгууламж, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээний хүртээмжийг тогтмол үнэлдэг хараат бус хяналтын тогтолцоог бий болгох, мөн төрийн болон хувийн хэвшлийн бүх цахим үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой болгох шаардлагатай гэсэн санал гарлаа.

Боловсрол ба хөдөлмөр эрхлэлт – Бие даасан амьдралын баталгаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд боловсрол, хөдөлмөр эрхлэлт хамгийн чухал хүчин зүйл байдаг. Гэвч өнөөдөр тэгш хамран сургах боловсролын чанар, сургалтын орчны хүртээмж, багшийн арга зүй, ажлын байрны тохируулга, ажил олгогчдын ойлголт, ур чадвар хөгжүүлэх тогтолцоо хангалттай хэмжээнд хөгжөөгүй хэвээр байна.
Оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус сургууль төгсөөд хөдөлмөрийн зах зээлд шилжих үед дэмжлэг хамгийн их дутагддаг болохыг онцолсон юм. Тиймээс сургуулиас ажлын байр руу шилжих үе шатанд мэргэжлийн зөвлөгөө, дадлага, менторшип, ажилд зуучлах тогтолцоог бий болгох, ажил олгогчдыг ажлын байрны тохируулга хийхэд бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэв. Мөн хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн квотоор ажиллуулахад бус, тэдний ур чадвар, мэргэжлийн хөгжил, карьерын өсөлтийг дэмжихэд чиглэх ёстойг онцлон тэмдэглэлээ.
Эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, нийгмийн хамгааллыг уялдуулах шаардлагатай
Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, сэргээн засах тусламж, сэтгэлзүйн дэмжлэг, нийгмийн хамгааллын бодлого нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Хэлэлцүүлгийн үеэр сэргээн засах үйлчилгээг зөвхөн нэг удаагийн эмчилгээ бус, насан туршид үргэлжлэх хэрэгцээнд тулгуурласан тогтолцоо болгон хөгжүүлэх шаардлагатайг оролцогчид онцлов. Ялангуяа орон нутгийн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөө, шаардлагатай тоног төхөөрөмжид хүрэх боломж хязгаарлагдмал байгаа нь бодлогын түвшинд анхаарах асуудал болж байна. Мөн халамжийн бодлогыг зөвхөн мөнгөн тэтгэмжээр хэмжих биш боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, бие даасан амьдралыг дэмжсэн цогц үйлчилгээтэй уялдуулах шаардлагатайг хэлэлцүүлгийн зөвлөмжид тусгалаа. Сэтгэлзүйн эрүүл мэндийн үйлчилгээ, гэр бүлд үзүүлэх зөвлөгөө, мэдээллийн нэгдсэн тогтолцоо ч мөн адил бодлогын чухал хэсэг байх ёстойг оролцогчид санал нэгтэйгээр дэмжсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой бодлого боловсруулах ширээнд байх ёстой
Хэлэлцүүлгийн онцлох санаануудын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тэдний оролцоогүйгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн байр суурь байлаа. Төрийн бодлого, хууль тогтоомж, төсөв, хөгжлийн төлөвлөгөө боловсруулах бүх шатанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний төлөөллийн байгууллагын оролцоог тогтмол хангах нь бодлогын чанарыг сайжруулж, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх үндэс болно. Мөн олон нийтийн арга хэмжээ, сонгууль, зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг дохионы хэлний орчуулга, хадмал тайлбар, хүртээмжтэй танхим, цахим оролцооны боломжтой зохион байгуулах нь иргэдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх бодит алхам болохыг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамт...
Хэлэлцүүлгийн төгсгөлд боловсруулсан нэгдсэн зөвлөмжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг салангид бодлогоор бус боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, дижитал шилжилт, хүний эрх, улс төрийн оролцоог хамарсан салбар хоорондын уялдаа холбоотой бодлогоор шийдвэрлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ. Мөн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх бүх шатанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит оролцоог хангаж, барилга байгууламж, үйлчилгээ, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ, дижитал орчны хүртээмжийг тогтмол үнэлж, ил тод тайлагнах мониторингийн тогтолцоог бий болгох нь чухал гэдэг дээр оролцогчид санал нэгдсэн юм. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн бодлогын баримт бичиг болгон холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийн явцыг тогтмол хянах, олон нийтэд тайлагнах тогтолцоог бүрдүүлэхээр ажиллах юм.
Тэгш хүртээмж, тэгш оролцоо нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигтай холбоотой асуудал биш. Энэ нь хүн бүрийн эрх тэгш оролцоог хангах, ардчиллыг бэхжүүлэх, нийгмийн шударга ёсыг төлөвшүүлэх, Монгол Улсын хөгжлийн чанарыг тодорхойлох үнэт зүйл юм. Бидний зорилго бол хэн нэгнийг хамгаалах бус, хүн бүр өөрийн боломжоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж чаддаг, саадгүй, хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг хамтдаа бүтээх явдал билээ. Үүний тулд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө бус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамт бодлогоо боловсруулж, хэрэгжүүлж, үнэлдэг шинэ соёлыг төлөвшүүлэх шаардлагатай байна.
Э.Улсболд /Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны нарийн бичгийн дарга/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №027/24702/ дахь дугаар