МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Л.Энх-Амгалан: Монгол хүүхэд бүрийг мэдл...

Л.Энх-Амгалан: Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлнө

Боловсролын сайд Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Үнэн
Админ

Боловсролын сайд Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил ямар явцтай байна вэ?

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл танилцуулж, үүрэг чиглэл авлаа. Энэ хичээлийн шинэ жил ихээхэн онцлогтой.

Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөрийн хүрээнд зургаан том шинэчлэлийг эхлүүлээд байна. Гурван жилийн өмнө Монгол Улс анх удаа дэлхийн боловсролын “ПИСА”-гийн үнэлгээнд хамрагдсан. Жил бүр боловсролын чанарын үнэлгээ хийж байгаа юм. Энэ үнэлгээгээр хот, хөдөөгийн сургуулийн чанарыг ялгаа маш их гараад байна. Мөн төрийн болон хувийн сургууль ялгаатай байна. Хөдөө сурч байгаа хүүхэд математик, байгалийн ухааны хичээл, унших чадвараар аймгийн төвийн болон хотод сурч байгаа хүүхдээс 2.5-3.5 жилийн хоцрогдолтой байгаа дүн зарласан. Энэ жил бид хоёр дахь удаагаа “ПИСА”-гийн үнэлгээнд орж байна. Есдүгээр сард “ПИСА”-гийн үнэлгээ дэлхий даяар зарлагдана.

Монгол хүүхдийг мэдлэгийн хоцрогдлоос арилгах, чөлөөлөх арга хэмжээ зургаан бодлогын хүрээнд хэрэгжинэ. “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль байна” бодлогын хүрээнд сургуулиуд сайн хөтөлбөртэй, сайн багшийн тогтолцоотой, хүүхэд бүр хувьсах зардалтай байх ёстой. Мөн хуурамч дүнгийн тогтолцоог хална. Цэцэрлэг, сургуулийг хамгийн шилдгүүд нь удирдана. Боловсролын салбарт цахим шилжилт хийж, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгана.

Нийслэлд гурван мянгаас дээш хүүхэдтэй, их ачаалалтай 38 сургууль байна. Энэ сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийж, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болгоно.

Сүүлийн гурван жил хүн амын өсөлт буурсан. Үүний нөлөөлөл сургуулийн өмнөх боловсролд орж ирлээ. Энэ жил улсын хэмжээнд нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо  16800-аар багасаж, нийслэлийн зарим байршилд цэцэрлэгийн хүүхдийн тоо цөөрлөө. Тийм учраас төрийн өмчийн цэцэрлэгүүдийг хотхоны бага сургууль болгон зохион байгуулна. Мөн хүүхэд нь цөөрч байгаа хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуультай хамтарч хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулийг зохион байгуулахаар төлөвлөлөө. Урьдчилсан тооцоогоор 12800 хүүхдийн сул орон тоо байна. Үүнийг бид хувьсах зардлаар санхүүжүүлж, хамгийн их ачаалалтай байршилд хувийн сургуулиудад төрийн сургуулийн хүүхдүүдийг шилжүүлнэ.

Цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулснаар 2,240 суралцагч, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн сургуулиудын сул суудлыг ашигласнаар 2,810 суралцагч, сургалтын зориулалттай байр түрээсэлснээр 21,942 суралцагч буюу нийт 26,992 суралцагчийг хотхоны бага сургуулиудад хамруулна.

Олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг төлөвлөж  нийслэлд 2378 суралцагч, их сургуулиудын дэргэдэх төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж 1862 суралцагч, дүүрэг бүрд төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж 3200 суралцагч, нийт 15–20 төрөлжсөн ахлах сургуульд 8100 суралцагч хамрагдах нөхцөлийг бүрдүүлж байна.

Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд газаргүй болсон. Тийм учраас нийслэлд сургууль, цэцэрлэгүүдийн 2-3 давхар барилгын стандартыг өөрчилж, давхар нэмж, 3-5 давхар болгон өргөтгөж байна. Тухайлбал, энэ жил  “Ирээдүй”, зургадугаар сургуулийн барилгыг дээш өргөтгөлөө. Ингэснээр богино хугацаанд өндөр ачаалалтай сургуулиудын ачааллыг бууруулж байгаа юм. Энэ хүрээнд АХБ болон Дэлхийн банкны санхүүжилтээр нийслэлд 50 орчим сургуулийг өргөтгөх ажлыг зохион байгуулна. Энэ арга хэмжээнд төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийгээгүй. Хэрэв төр шийднэ гэвэл бид цөөндөө 108 сургуулийг хамгийн багадаа 12 их наяд төгрөгийн санхүүжилтээр барих шаардлагатай. Үүн дээр 10-15 мянган багш, ажилтны орон тоо шаардагдах урсгал зардал төрд нэмэгдэнэ.

-Нэгдүгээр ангийн сурагчдад шинэчилсэн хөтөлбөрөөр сургалт явуулна гэсэн. Сурах бичгээс эхлээд бэлтгэл ажил нь хэр хангагдсан бол?

-“Бага ангийнхны үзэх хичээл их, цүнх хүнд байна” гэдэг. Ирэх хичээлийн жилээс үүнийг халж, нэгдүгээр ангийн сурагчдад шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гурван тамиртай монгол хүүхдийг бэлдэнэ. Монгол хүүхэд оюуны, сэтгэлийн, биеийн тамиртай байх ёстой. Зургаан настай хүүхдийн онцлогт  тохирсон ширээ сандал, сургалтын орчныг бүрдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс долоон удаа сургалтын шинэчлэл хийсэн. Гэхдээ багшаа, сурах бичгээ бэлдээгүй, бэлтгэл муутай шинэчлэлийг хийсэн учраас үр дүнд хүрээгүй. Энэ алдааг дахин давтахгүйн тулд энэ жил бид маш сайн бэлтгэлтэй сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өндөр хөгжилтэй орнуудын дунд, бага сургуульд заадаг хөтөлбөрүүдээр хүүхдүүд “Гэрт ойрхон сургууль” -даа сурна. Ингэснээр  төрийн болон хувийн, хөдөөгийн болон хотын сургуулийн ялгааг арилгана.

Энэ жил мөн “Нэг суралцагч-нэг компьютер”, “Нэг анги-нэг ухаалаг самбар” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.

-Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцээд томуу, томуу төст өвчний вирус дэгдэх нь элбэг байдаг. Суралцагчдын эрүүл мэндэд чиглэсэн ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-2026-2027 оны хичээлийн жилд хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах ажлыг  аравдугаар сарын 1-нээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Боловсрол, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллага, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хамтран хоёр үе шаттайгаар зохион байгуулна.

Өмнө нь би Боловсролын сайд байхдаа энэ арга хэмжээг зохион байгуулж, нэгдүгээр ангийн 60 гаруй мянган хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт, хамруулж, нүд, шүд, зүрхний үздэг хийж байлаа. Гурван жилийн өмнө хийсэн энэ үзлэгээр гурван хүүхэд тутмын нэг нь шүд цоорхой, харааны гажигтай, зүрх асуудалтай гарч байсан юм.

Тиймээс энэ жилээс цэцэрлэгийн гурван настай дунд ангийн нийт 53 мянга гаруй, ЕБС-ийн нэгдүгээр анги буюу зургаан настай 75 мянга гаруй , 11 настай зургадугаар  ангийн 74 мянга, 15 настай аравдугаар ангийн 66 мянга гаруй хүүхэд буюу улсын хэмжээнд нийт 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж, үндэсний тогтолцоо болгоно. Ингэснээр “Эрүүл монгол хүүхэд-эрүүл монгол хүн” цэцэрлэг,  сургуулиасаа эхэлж байгаа юм.

-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг хаанаас санхүүжүүлэх вэ?

-0-16 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр даадаг. Тиймээс эрүүл мэндийн даатгалаас  санхүүжүүлнэ. Гэхдээ бид хувийн хэвшилтэй хамтарч энэ арга хэмжээг зохион байгуулна.

-Хувьсах зардалд өөрчлөлт орсон уу. Сургалтын төлбөрт төрөөс зохицуулалт хийж байна уу?

-Мөн хувьсах зардалд өөрчлөлт хийж байгаа. Өндөр ачаалалтай байгаа хувийн сургуулиудад байгаа сул орон тоог хувьсах зардлаар санхүүжүүлнэ. Бид хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй хэлэлцээр хийж байна. Энэ жил их, дээд сургуулиудын төлбөрийг төрөөс хянахгүй. Хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх тохиолдолд зургадугаар сард эцэг, эхчүүдэд мэдэгдэж, гэрээнийхээ нөхцөлд тусгасан байх ёстой. Сургалтын төлбөрийг бөөнд нь авахгүй, улирал улирлаар нь кредитээр өгөх шаардлагыг хувийн сургуулиудад тавьсан.

-Сургуулиудын барилгын материал, будаг хүний биед сөрөг нөлөөтэй байна гэдэг. Сургуулиудын их засварт ашиглагдаж байгаа барилгын материалын чанарт хэр анхаарч байна вэ?

-Энэ жил улсын хэмжээнд 440 барилгад их засвар хийж байна. Аймаг, суманд баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилга, дотуур байруудад хүүхдийн эрүүл мэндийн чанар хангасан барилгын материал, будаг хэрэглэж байгаа эсэхэд хяналтын шинжилгээ хийнэ. Бүтээн байгуулалтын ажил хийж байгаа барилгын компаниудыг бүгдийг хамруулна. Хямд барилгын материал хүүхдийн эрүүл мэндэд хортой байсан талаар олон жил ярьж ирсэн. Бид орон даяар хяналт, шинжилгээний ажлыг зохион байгуулна. Үүн дээр маш олон жил цэцэрлэг, сургуулийн барилгын тендер аваад, чанаргүй барьдаг асуудалд ХББОСЯ-тай хамтарч ажлын хэсэг байгуулж ажиллалаа. Ингээд барилгын 26 компанийн хар жагсаалтыг гарган зарлах гэж байна.  Энэ 26 компани олон жил барилгын тендерт орж, олон барилгыг чанаргүй гүйцэтгэж ирсэн байна. Үүнийг Сангийн яам зарлах тогтолцоотой. Бид Сангийн яаманд 26 компанийн нэрийг хүргүүлсэн.

-Улаанбаатар хотод цөлжилттэй тэмцэх “COP-17” арга хэмжээ зохион байгуулах гэж байгаатай холбоотой зарим сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулж байна. Хичээлийг нөхөх зохицуулалт хийсэн үү?

-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-26-ны өдрүүдэд болно. Тиймээс Улаанбаатар хотын төвийн бүсчлэлд байгаа сургуулиудын эхлэх хугацаа, цахим горимд шилжүүлэх талаар зохицуулалт хийнэ.

Их, дээд сургууль, коллежуудын  хичээл  есдүгээр сарын 15-наас эхэлнэ. Дээд боловсролын тухай хуульд үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын 2026-2027 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг ректор, захирал нарт хүргүүлээд байна.

Хөдөө, орон нутгийн сургуулиудын хичээл есдүгээр сарын 1-ндээ эхэлнэ. Зохицуулалтын арга хэмжээ “COP-17”-г зохион байгуулж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сур­гууль, цэцэрлэгүүдэд энэ зохицуулалтууд хамаатай.

Н.Энхбат

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №027/24702/ дахь дугаар

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.