МАН-ын дарга Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчлэлийг ахмадууд талархалтайгаар хүлээн авч байна
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцоог нэвтрүүлэх томоохон шинэчлэл хийхээр зорьж буйгаа ахмадуудад танилцууллаа. Тэрбээр СДАХ-ноос ахмадууддаа мэдээлэл хүргэх үүднээс зохион байгуулдаг ээлжит уулзалтад хүрэлцэн ирэхдээ тэдний хамгийн их анхаарал хандуулдаг сэдэв болох тэтгэврийг нэмэгдүүлэх боломж бүхий хуулийн төсөл боловсруулснаа дуулгасан нь энэ юм. Манай улс өнгөрсөн хугацаанд тэтгэврийн нэмэгдэлд гал намжаах байдлаар хандаж, түр зуурын шийдвэр гаргаж ирсэн нь тогтолцооны гажуудал болсон төдийгүй ажил хөдөлмөр эрхэлж, улсдаа тогтвортой татвар төлж ирсэн иргэд хохирох, тэтгэврийн зөрүү алсрах нөхцөлийг үүсгэсэн учраас асуудлыг бүтэн сууриар нь харсны үндсэн дээр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа Ерөнхий сайд ахмадуудад танилцуулсан юм.
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцоог нэвтрүүлэх томоохон шинэчлэл хийхээр зорьж буйгаа ахмадуудад танилцууллаа.
Тэрбээр СДАХ-ноос ахмадууддаа мэдээлэл хүргэх үүднээс зохион байгуулдаг ээлжит уулзалтад хүрэлцэн ирэхдээ тэдний хамгийн их анхаарал хандуулдаг сэдэв болох тэтгэврийг нэмэгдүүлэх боломж бүхий хуулийн төсөл боловсруулснаа дуулгасан нь энэ юм. Манай улс өнгөрсөн хугацаанд тэтгэврийн нэмэгдэлд гал намжаах байдлаар хандаж, түр зуурын шийдвэр гаргаж ирсэн нь тогтолцооны гажуудал болсон төдийгүй ажил хөдөлмөр эрхэлж, улсдаа тогтвортой татвар төлж ирсэн иргэд хохирох, тэтгэврийн зөрүү алсрах нөхцөлийг үүсгэсэн учраас асуудлыг бүтэн сууриар нь харсны үндсэн дээр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа Ерөнхий сайд ахмадуудад танилцуулсан юм.
Энэ хүрээнд олон жил ажил хөдөлмөр эрхэлж, НДШ-ийг илүү өндөр төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр тогтоолгох боломжийг хуулийн хүрээнд бий болгосноо зарлаад улсын хэмжээн дэх 504 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээ дунджаар 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болсныг дуулгалаа. Н.Учралын хувьд УИХ-д гурав дахиа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ цагаас тэтгэврийн асуудалд эртнээс анхаарч ирсэн төдийгүй ахмадуудын зүгээс ч энэ тухайд түүнд итгэл хүлээлгэж, захиас даалгавраа өгч ирсэн учраас энэ асуудалд тухайлан анхаарч ирснээ хэлээд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар эцэслэн баталж гэмээнэ Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн тэтгэврийн шударга тогтолцоонд шилжинэ гэдгийг тодотгож байлаа.

Тэрбээр “2024 онд Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан ч асуудлыг цогцоор нь харж чадаагүй учир дутагдалтай байсан учраас өнөөдөр ахмадууд авч буй тэтгэвэртээ сэтгэл хангалуун бус байна. Тэгэхээр бид дорвитой шинэчлэлийг хийхээр зорьсон, ахмадууд та бүхний Н.Учралаас хүлээдэг хүлээлт бол энэхүү тэтгэврийн шинэчлэл юм шүү” хэмээн тодотгоод Засгийн газраас парламентад өргөн мэдүүлж буй Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр тэтгэврийг тэгшитгэж 10, 20 хувиар нэмээд ямар ч үр дүнгүй учраас тогтолцооны хувьд шинэчлэл хийхээр зорьж буйгаа онцолсон. Тэтгэврийн тогтолцооны энэхүү шинэчлэлийн үр дүнд дараах бодит өөрчлөлт гарна гэж үзсэн байна. Тодруулбал, ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр ахмадуудад олгогдох бөгөөд нийт 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Тэтгэврийн зөрүүг арилгаж, итгэлцүүрийг шинэчилснээр 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилж, тэтгэвэрт гарах наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ. 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг хоёр хувь болгож өсгөх, тэтгэвэр авагч ажил хийдэг бол нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхийн зэрэгцээ оюутнуудын цагийн ажлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг онцлох зохицуулалтыг хуульд тусгажээ. Түүнчлэн хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлэхээ хэлээд энэ нь “Давхар даатгал, илүү боломж” хэмээн тодорхойллоо. Энэ хүрээнд нэмэлт тэтгэврийнхээ 30 хүртэлх хувийг урьдчилж зарцуулж болох бөгөөд нэг удаа бүгдийг нь авах, эсвэл сар бүр нэмэлтээр авах сонголттой байх аж. Энэ нь сайн дурын, нэмэлт, бүрэн хуримтлалын тогтолцоо.
Шимтгэлийн хэмжээг ажил олгогч ажилтан хоёр тохиролцоно. Шимтгэлд нь ХХОАТ, Аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлттэй. Хувийн нэмэлт тэтгэвэр нь үр хүүхэд, хань ижилд нь өвлөгдөнө. Хөрөнгийг гадаад, дотоод зах зээлд оруулж арвижуулна. Ерөөсөө цалингаасаа төлж буй НДШ өөрөө татвар шиг ойлгогддог, өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй хүмүүүс НДШ төлөх хүсэл сонирхолгүй болсон нь тэтгэврийн тогтолцоо гажуудсаны нэг илрэл болж байгаа учраас Монгол Улс ард иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг, шударга тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байгаа аж. Тэтгэвэр бол халамж бус тооцож болдог даатгал. Тиймээс ирээдүйд тэтгэвэрт гарах хэн бүхэнд энэ тогтолцоо ойлгомжтой байх ёстой гэдэг зарчмын үүднээс хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан бөгөөд эдгээр өөрчлөлт нь тэтгэврийн шударга тогтолцоог бий болгох үндсэн хөшүүрэг болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд онцолж байна.
Ийнхүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг, шударгаар үнэлдэг тогтолцооны шинэчлэлийг уулзалтад оролцсон ахмадууд талархан дэмжиж, аль болох богино хугацаанд хэлэлцэн батлуулж хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайдад захисан бөгөөд ахмадууд өөрсдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа биечлэн болон бичгээр уламжилсан юм. Тухайлбал, ХУД-ийн 10 дугаар хорооны ахмад настан П.Найманжин “Ерөнхий сайд ирж ахмадуудтай уулзаж байгаад маш их баяртай байна. Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн шинэчлэл хийхээр зорьж байгааг дэмжинэ” гэсэн бол БЗД-ийн иргэн М.Осорханд “Миний хувьд 37-38 жил багшилсан атлаа тэтгэвэр хамгийн багаар тогтоогдсон, бидэнд нөхөн олговор ч олгоогүй. Над шиг ийм хүмүүс олон бий. Энэ Засгийн газар ахмадууд бидний энэ асуудлыг шийдэх хуулийн төсөл өргөн барьж байгаад баяртай байна. Хамгийн гол нь энэ хуулиа хурдхан батлуулж, шинэчилсэн тэтгэврээ хурдхан олгож өгөхийг хүсье” гэлээ. Харин Монгол Улсын Гавьяат багш Д.Амар “Боловсролын байгууллагын 35 мянган ахмад багш нарын 80 хувь нь энэ шинэчлэлээр тэтгэвэр нь нэмэгдэх боломж бүрдэж байна, баярлалаа” хэмээн талархал илэрхийллээ.
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, түүний үр шимийн талаарх танилцуулгыг нийслэлийн есөн дүүргийн ахмадуудын төлөөлөл хүрэлцэн ирж сонссон бөгөөд тус уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг нар оролцлоо.
М.Өнөржаргал
Гэрэл зургийг МУСГЗ Т.Чимгээ
"Монголын үнэн" сонины №022/24697/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.