МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Монгол-солонгосын харилцааны шинэ боломж...

Монгол-солонгосын харилцааны шинэ боломж буюу “алтан үе”

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад долдугаар сарын 9-11-нд буюу Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан төрийн айлчлал хийлээ.

Үнэн
Админ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад долдугаар сарын 9-11-нд буюу Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан төрийн айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа өмнө үндэсний мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа "Энэхүү айлчлал нь Монгол, Солонгосын харилцааны “Шинэ алтан үе”-ийг хамтдаа эхлүүлэх томоохон алхам болно гэдэгт найдаж байна" хэмээн онцолсон юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён нар байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал, тээвэр логистик, геологи, ашигт малтмал, хот байгуулалт зэрэг салбарт хамтран ажиллах Засгийн газар болон байгууллага хоорондын 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурах, санамж бичиг солилцох ёслолд оролцлоо. Наадмын талбайд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргийн хамт морилсон нь Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилсан үйл явцыг бүс нутагтаа хүлээн зөвшөөрч буйн илрэл бөгөөд "зөөлөн хүч"-ийг дипломат бодлогын хэрэгсэл болгон ашиглаж буйн тод жишээ юм.

Өнөөдөр БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын гол тулгуур баганын нэг болоод байна. 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар 507 сая ам.долларт хүрч, Солонгос улс нь Монгол руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр эхний 10 улсын нэгд багтаж байна. Үүнээс импорт 468 сая ам.доллар болсон нь 2021 оноос хойш 51 хувиар өссөн, харин экспорт 39 сая ам.доллар болсон нь 2021 оноос 82 хувиар буурсан үзүүлэлт гарлаа. Энэхүү айлчлалын хүрээнд яригдсан худалдааны эргэлтийг ойрын таван жилд нэг тэрбум ам.долларт хүргэх зорилт нь хоёр орны бизнесийн салбарын хувьд том сорилт бөгөөд боломж. Ялангуяа хоёр улсын хооронд байгуулахаар зорьж буй Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (CEPA) нь зөвхөн тарифын хөнгөлөлт үзүүлэх гэрээ биш, эдийн засаг, бизнес эрхлэлтийн дүрмийн шинэ хүрээ юм. CEPA нь барааны худалдаанаас гадна үйлчилгээ, хөрөнгө оруулалт, дижитал худалдаа, оюуны өмч болон техникийн стандартыг нэгтгэн зохицуулах институтийн шинэ орчныг бүрдүүлнэ. Ингэснээр Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг технологийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллах болон бусад салбарын саад тотгорыг арилгаж, манай эдийн засгийн тусгаар тогтнолд чухал үүрэг гүйцэтгэнэ.

БНСУ-ын нэр хүндтэй "Yonhap News", "The Korea Herald" зэрэг хэвлэл энэхүү айлчлалыг зөвхөн бэлгэдэл төдий бус, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх, стратегийн түүхий эдийн хамтын ажиллагааг эхлүүлэх бодит алхам боллоо хэмээн дүгнэж байна. Солонгосын шинжээчид Монгол Улсыг бүс нутгийн хэмжээнд байгалийн баялгийн түншлэлээрээ "төвлөрсөн цэг" болох боломжтойг онцолж байгаа нь манай гадаад бодлогын орон зай тэлж байгаагийн баталгаа юм. Гадаад бодлогын залгамж чанар гэдэг нь зөвхөн хэлсэн үгээ дагах биш, харин дэлхийн геополитикийн өөрчлөлтөд дасан зохицох уян хатан байдал билээ. Мөн энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон БНСУ-ын Үндэсний дипломатын академи хооронд санамж бичиг байгуулж, дипломат ажилтан, мэргэжилтэн солилцоог дэмжиж, мэргэжлийн түвшнийг дээшлүүлэхээр болсон нь олон улсын тавцанд итгэл хадгалахад чухал нөлөө үзүүлнэ.

Монгол Улс, БНСУ-ын харилцааны хамгийн чухал хэлхээ бол хоёр орны иргэд юм. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны мэдээлснээр өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний байдлаар БНСУ-д Монгол Улсын 60 067 иргэн оршин сууж байна. Үүнээс 14 730 нь D-2 ангиллын оюутны визтэй, 5 503 нь хэлний бэлтгэлийн визтэй, 3 829 нь E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчний визтэй байна. 2026 оны эхний улиралд 47.483 монгол иргэн БНСУ-д зорчсон нь өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар өсжээ.

Түүнчлэн 2025 онд 182 000 гаруй солонгос иргэн Монгол Улсад ирсэн нь хоёр орны аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааны түүхэн дээд үзүүлэлт болсон. БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэд жил бүр Монгол руу сая гаруй ам.долларын гуйвуулга илгээж, эх орныхоо эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байна. Монголбанк БНСУ-ыг Монгол руу чиглэсэн хувийн шилжүүлгийн орлогын тэргүүлэх эх үүсвэр гэж тэмдэглэсэн. 2023 оны гуравдугаар улиралд Солонгосоос Монгол руу орсон хувийн шилжүүлэг 30.3 сая ам.доллар буюу нийт орлогын 31 хувийг эзэлж байв.

Иймд иргэдийн эрх ашиг, нийгмийн хамгааллыг хангах нь дипломат албаны нэн тэргүүний ажил байх ёстой. Энэхүү айлчлалын хүрээнд жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны иргэдийн амьдралд шууд хүрэх бодит, практик ач холбогдолтой алхам боллоо. Ингэснээр нэг хүртэлх жилийн хугацаанд зорчиж буй иргэд олон улсын жолооны эрхийн үнэмлэхээрээ, нэгээс дээш жил оршин сууж буй иргэд ямар нэгэн шалгалт өгөх шаардлагагүйгээр үндэсний жолооны үнэмлэхээ солиулан автомашин жолоодох боломж бүрдэж байна.

Түүнчлэн нийгмийн хамгаалал болон эрүүл мэндийн салбарт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 600 ортой “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” байгуулах төслийг санхүүжүүлж, ТЭЗҮ-ийг боловсруулах тухай санамж бичиг солилцсон нь айлчлалын онцлох үр дүнгийн нэг байв. Энэхүү төвийг ашиглалтад оруулснаар хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нас баралтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна. Мөн боловсролын салбарт хоёр орны яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд багш, сурагч, судлаачдын солилцоог идэвхжүүлснээр бид иргэдээ зөвхөн "ажиллах хүч" биш, харин "мэдлэг шингээгч, технологи дамжуулагч" болгон бэлдэх боломж өргөжиж байна.

Солонгос улс бол дэлхийн технологийн ертөнцийн нэгэн цөм. Хоёр орны холбогдох яамдын хооронд байгуулсан санамж бичгүүдийн хүрээнд хиймэл оюун ухаан (AI), цахим шилжилт, 5G/6G сүлжээ, биотехнологи, ухаалаг хотын төлөвлөлт, ногоон эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлж, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар болов. "Ногоон түншлэл"-ийг байгуулж, хүлэмжийн хийг бууруулах, цөлжилтийг сааруулах чиглэлд Солонгосын дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэхээр болсон нь бидний ирээдүйн тогтвортой хөгжлийн баталгаа юм. Бодлогын шийдвэр бүр судалгаа, тоо баримт, эрсдэлийн үнэлгээнд суурилах ёстой. Бид Солонгосын туршлагаас суралцахдаа зөвхөн эдийн засгийн өсөлтийг бус, нийгмийн хариуцлага, боловсролын тогтолцоо, төрийн албаны сахилга бат зэрэг салбарт суурилсан судалгааг чухалчлах хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн нэг удаагийн айлчлалын үр дүн бус, цаашид хэрэгжүүлэх бодлогын судалгааны дараагийн шат юм.

Бүс нутгийн аюулгүй байдал, Зүүн хойд Азийн тогтвортой байдалд Монгол-Солонгосын хамтын ажиллагаа онцгой байр суурьтай. Монгол Улс нь өөрийн бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоороо дамжуулан бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд хоёр орны идэвхтэй хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломжтой. Энэ нь биднийг зөвхөн бүс нутгийн тоглогч бус, бодлогын санаачлагч байх суурийг бэхжүүлж өгч байгаа юм. Солонгосын хойгийн асуудал болон бүс нутгийн эдийн засгийн интеграцчилалд Монгол Улс өөрийн байр сууриа илэрхийлсээр ирсэн нь хоёр орны итгэлцлийг улам баталгаажуулж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлалынхаа өмнө онцолсон "Шинэ алтан үе"-ийг эхлүүлэх уриалга болон айлчлалын үеэр үзэглэсэн 20 гаруй баримт бичиг нь Монгол-Солонгосын харилцааг "хөршүүдээс давсан", илүү прагматик болон стратеги-институцийн шинэ түвшинд гаргалаа. Хоёр орны хамтын ажиллагаа худалдааны татварыг бууруулах төдий биш, CEPA-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны орчин үеийн дүрмийг тогтоож, нийлүүлэлтийн сүлжээ, дижитал болон ногоон технологи, эрүүл мэнд, хүний капиталын хөгжилд суурилсан иж бүрэн интеграц руу шилжиж байна. Цаашид Монгол Улс нь гадаад бодлогоо бодит үр дүнд хүргэхийн тулд дипломат албаны баг бүрэлдэхүүнийг чадавхжуулж, CEPA-ийн санал болгож буй тоглоомын шинэ дүрмийг эдийн засгийн давуу тал болгон ашиглах, мөн иргэдийнхээ эрх ашиг, нийгмийн хамгааллыг дэлхийн тавцанд тууштай хамгаалах шаардлагатай. Түүхээ дээдэлж, ирээдүйг технологи болон шинэ дүрмийн хүрээгээр бүтээх энэ эрин үед Монгол-Солонгосын харилцааг илүү өндөр, илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэх түүхэн боломж бидний өмнө нээлттэй байна.

Энэ бол зөвхөн хоёр орны бус, Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжлийн хурдасгуур болох "Шинэ эрин"-ий эхлэл юм.

Б.Болор-Эрдэнэ

 Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №027/24702/ дахь дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.