Н.Учрал: Чөлөөлөлтийн гараа сайн байна
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Ням-Осорын Учралтай ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Ням-Осорын Учралтай ярилцлаа.
-Одоогоос зуун хоногийн өмнө та Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байлаа. Энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Тухайн үед улс төрийн нөхцөл байдал ямар байсныг та сайн санаж байгаа байх. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга намын дарга байх нь буруу гэсэн шаардлага тавьж, үүнийгээ биелүүлтэл чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэсэн бойкот хийсэн.
Улмаар энэ улс төрийн шахалт нь УИХ-ын үйл ажиллагааг доголдоход хүргэсэн шүү дээ. Яг тэр үед би УИХ-ын даргын хувиар Чөлөөлөлтийн бодлогоо олон нийтэд танилцуулж эхэлсэн байсан. Түүнийгээ хийж хэрэгжүүлье гэсэн хүсэл тэмүүлэл л дүүрэн. Түүнээс бус албан тушаал бол миний зорилго хэзээ ч байгаагүй, хойшид ч байхгүй. Харин төрийн өндөр хариуцлагатай албыг хашиж байх үедээ бодсон санаснаа хийсэн шиг хийж, түмэн олондоо тустай, дэмтэй хөгжлийн шинэ түүх бүтээхсэн гэсэн хүсэл л миний сэтгэлд хадаатай явдаг. Иймээс ч энэ ээдрээт нөхцөл байдлаас аль болох хурдан гарч, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах юмсан гэсэн бодол миний дотор эргэлдэж байсан. Гэтэл Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, МАН-ын Удирдах зөвлөл хүлээн авсан.
Үүний дараа бол надад ямар нэг эргэлзээ төрөөгүй. МАН-ын дарга л Засгийн газраа удирдаж, сонгогч олонд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө, гадаад, дотоод хоёр талаасаа олон улс, эдийн засаг, улс төрийн эрсдэл хямрал давхар нүүрлэсэн цагийг алдаа, эндэл багатай, иргэддээ ээлтэйгээр давахын төлөө ачаа үүрэх ёстой шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайдын ажил бол эрх мэдэл гэхээсээ илүү өндөр хариуцлага, ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэл болгох үүрэг гэж ухамсарлаж ажлаа эхэлсэн.
-Ерөнхий сайдаар томилогдмогцоо та “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилга, Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлнэ гэдгээ зарласан. Эхний үр дүн ямар байна гэж та дүгнэх вэ?
-Юуны өмнө биднийг ажлаа эхлэх үед нөхцөл байдал ямар байсныг дурдах ёстой. Засгийн газар давхар дарамт, гурван том эрсдэл бүхий шуурга сөрөн ажилдаа орсон.
Хамгийн тулгамдсан асуудал түлш шатахууны үнийн өсөлт, хомсдолын аюул байлаа. Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистикийн хямрал, гадаад худалдааны гацаа саад дэлхийн эдийн засгийн судсыг царцаан агшаасан. Түлш шатахууны импортоос зуун хувь хамааралтай манай оронд үнийн өсөлт, нөөц хангамж онцгой өндөр эрсдэлтэй. Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. Түлшний үнэ бол талх, гурил, мах, сүүний үнэ, бүх үйлдвэрлэлийн орц шүү дээ.
Сөрөг хүчнийхэн маань байсхийгээд л огцруулна, огцор гэдэг улстөр хийдэг болчихлоо. Монголыг Монголоор нь гэдэг шиг өвөр зуураа хямралдан зөрчилдсөөр байх аваас дэлхийн хямралын давлагаанд бүгдээрээ илүү их хохирно.
Хоёрдугаарт, түүхий эдийн үнийн савлагаа, төсвийн орлогын тасалдлын аюул. Үндсэндээ нүүрс, зэсийн үнээс хамааралтай эдийн засаг эмзэг, хэврэг байна. Үнийн өсөлт, түүхий эдийн ханшийн болзошгүй савлагаа үргэлжилсээр байвал эдийн засгийн өсөлт унана. Хөрөнгө оруулалт буурна, худалдаа, татвар, төсвийн орлого унана, цалин, тэтгэвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх зэрэг урсгал зардалд мөнгө дутна. Улс орон, айл өрх, ард иргэдийн ахуй амьдрал бүхлээрээ үнийн савлагаанд орох эрсдэл нүүрлэж байгаа. Нүүрсний үнэ өндөр байхад үүц нөөц болгож, өсгөж үржүүлэх, үлдэцтэй өгөөжтэй зүйлд зориулахаас илүү үрж зарж, төр, төсвөө данхайлгасны үр дагавар өнөөдөр илүү хүчтэй, илүү гашуун, илүү хатуу мэдрэгдэж байна. Гурав дахь нь дотоодын гацаа, улс төрийн талцал бутралын аюул. Бусад улс хямралын эсрэг багц төлөвлөгөө боловсруулж, онц байдал зарлан нэгдэн нягтарч, үндэстний сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлж байхад бидэнд улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа умартан, ухаан сөхөөгүй улстөржих эрх байхгүй. Бид бие биеэ ялах гэж мөчөөрхөх тусам биднийг бүгдийг нь хамтад нь эдийн засгийн бодит хямрал ялдаг болсон.
Өнөөдөр бид гадаад ертөнцийг өөрчлөхгүй боловч дотооддоо өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх үүрэгтэй. Олон улсын зах зээл дээр давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр үнэ хэрхэн яаж өсөхийг, маргааш юу болохыг хэн ч таамаглан мэдэх аргагүй. Гэхдээ ОХУ-тай бүх талын байнгын идэвхтэй яриа хэлцэл, холбоо харилцаатай байж, нөөц хангамж тасалдал хомсдохгүй байхын төлөө ажиллаж байгаа.
Төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, 67.3 тэрбум төгрөг хэмнэхээр болсон

“ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилга, Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлэх зорилт тавьсан. Нэгдүгээрт, эдийн засгийн чөлөөлөлт. Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд эхний асуудал бол эдийн засаг дахь төрийн оролцоо. Төсөв болон ТӨК-уудын нийт зардлын эдийн засаг дахь харьцаа 2019 онд 51 хувь байсан бол 2024 онд 61 хувь болж өссөн. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай орон гэх атлаа 100 төгрөгийн 60-ыг нь дарга нар гарын үсгээрээ зарцуулдаг болчихсон. Ийм нөхцөлд хувийн хэвшил өсөж өндийх, хөгжлийн хөдөлгүүр байх ямар ч боломжгүй шүү дээ. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, нэгтгэн нийлүүлж, татан буулгаж, төсвийн хэт тэлэлтийг хязгаарлаж, хувийн хэвшилдээ өсөн дэвших орон зайг нээх ёстой гэж үзсэн. 100 хоногийн хугацаанд олон жилийн олон дуусдаггүй яриаг дуусгалаа.
Зургадугаар сарын 17-нд “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн Засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Ингэснээр төрийн өмчит 14 компани татан буугдсан. Төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, 260 орон тоо цомхотгосноор захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч 67.3 тэрбум төгрөг хэмнэхээр болсон. Төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг бодит утгаар нь хийж, "Эрдэнэс Монгол" гэж уул уурхайн компани болчихсон байсан компанийг татан буулгаж, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Чингис хаан үндэсний баялгийн сангийн нэгдэл гэж хөрөнгийг удирддаг, баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий компани болгож өөрчиллөө.
Энэ компани одоо ард түмний баялгийг арвижуулах хуульд заасан үндсэн үүргээ биелүүлнэ. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр Төрийн өмчит компаний засаглалын хуулийг УИХ-аар батлууллаа. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын хувьцааг нь нэгтгэн, багц болгож, олон улсын биржид гаргах зорилгоор дэлхийн хөрөнгө оруулалтын 12 сангийн удирдлагын компанид хүсэлт илгээж, 18 тэрбум ам.долларын менежмент хийдэг БлэкРок, Франклин Темплтонтой яриа хэлэлцээ хийж байна, гэрээ байгуулах гэж байна.
“E-business 2.0” нь хууль эрх зүй, технологийн шийдлийг хамтад нь бий болгоно
Хоёрдугаарт, Бизнес эрхлэх эрх чөлөө, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг таслан зогсоох нь чухал байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд болсон Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрөл гэдэг нэргүй ч гэсэн дүгнэлт, гэрээ зэрэг бичиг цаас хөөцөлдөх ажлаас иргэдийг чөлөөлөх “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гаргасан. Энэ тогтоолоор нийт найман төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөлсөн. "E-business 2.0" платформ хэрэглээнд бүрэн нэвтэрч, 321 зөвшөөрлийг хүнд суртлаас чөлөөллөө.
300 гаруй тусгай зөвшөөрлийн "API service"-ийг хувийн хэвшилд нээж өгсөн. Компанийн нэр авах үйлчилгээг хамгийн их ашигладаг аппликейшнээсээ авах боломж бүрдсэнээр хороодод төрийн үйлчилгээ үзүүлэх шаардлагагүй болж байна.
Мөн импортыг орлож, экспортыг нэмэх, гэрэл асааж, үнэ цэн, өртөг ашиг бүтээх, эдийн засгийн тусгаар тогтнолыг гагнаж босгох Газрын тос боловсруулах үйлдвэр, Гангийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Гангийн үйлдвэр, Зэс хайлуулах цогцолборын төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
“ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгын хоёр дахь зорилт нь эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт.
Энэ хүрээнд "E-ZASAG" платформыг ашиглалтад оруулсан. Мэдээ мэдээллийг ил тод байршуулдаг. Иргэд санал гаргаад, 20,000 хүрвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэхдээ иргэдийн санал авах, хэлэлцүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын цахим систем e-zasag.mn -ээр дамжуулан зохион байгуулах, байгууллагын вэб сайтдаа "e-zasag.mn" цэс үүсгэж, системийн холболт хийх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, агентлагийн дарга нарт даалгасан, энэ ажил эхлээд явж байгаа.
Монголын төр шударга өрсөлдөөнийг хамгаалж, хувийн хэвшлээ дэмжинэ

Чөлөөлөлтийн бодлогын суурь хууль болох Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилж, долдугаар сарын 3-нд УИХ-аар батлагдлаа. Уг хуулиар бизнесээ эхлүүлэх, хөрөнгө оруулах, хөдөлмөрлөж бүтээх эрхийг хүнд суртал чөдөр тушаанаас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдлээ.
Монголын төр шударга өрсөлдөөнийг хамгаалж, хувийн хэвшлээ дэмжинэ.Эдийн засгийн эрх чөлөө бол ажлын байр, хөрөнгө оруулалт, хүчирхэг дундаж давхаргын үндэс шүү дээ. Уг хуулийн онцлох заалтаас дурдвал, Дата төв, хиймэл оюун ухааны төвийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг 100 хувь хөнгөлж, өндөр технологийн хөрөнгө оруулалтыг дэмжихээр тусгасан. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтыг арилгах юм. Түүнчлэн Гадаадын банк байгуулахад хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг чөлөөлж, олон улсын санхүүгийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно. Энэ бол бас л олон жил яригдсан дуусдаггүй яриануудын нэг. Зарим салбарын хуулиар гадаадын хөрөнгө оруулалтыг хориглолт хийсэн хязгаарлалтуудыг мөн чөлөөлнө.
Энэ хуулиар 99 түгжээг мулталж байна. Жишээлбэл, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд төрөөс оролцох буюу тэдгээрийг дур зоргоороо шийдвэр гаргах боломжийг хязгаарласан. Манай эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай. Энэ ч утгаараа гадаад зах зээлийн савлагаанд мэдрэмтгий эдийн засагтай.
Иймээс тогтвортой, өрсөлдөх чадвартай, ил тод эдийн засгийн тогтолцоонд шилжиж, зах зээлд суурилсан урт хугацааны өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчин, итгэлцлийг нэмэгдүүлэхэд энэ хууль ач холбогдолтой. Түүнчлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, зөвшөөрлийн процессыг хялбаршуулж, цаг хугацаа, зардлыг хэмнэж, төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх зэрэг эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дүн гарах юм.
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах шийдвэр гаргасан
“ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын гурав дахь зорилт нь ногоон хөгжлийн чөлөөлөлт. Монгол бол нар, салхины сэргээгдэх эрчим хүч, энергийн дундаршгүй их өгөгдөлтэй орон. Байгаль орчноо ч хамгаалж, баялаг нөөцөө ч хариуцлагатай ашиглан, ирээдүй хойчдоо эрсдэлгүй эх орноо өвлүүлэх нь ногоон хөгжлийн загвар шүү дээ. Гэтэл жилийн 240-өөс багагүй өдөр нь алтан нартай, цэнгэг салхины орон мөртлөө жилд 200 сая орчим ам.доллароор бусдаас гэрэл, цахилгаан, 2.2 тэрбум ам.доллароор түлш, шатахуун импортолж хараат, хамааралтай байсаар байна. Иймээс “100 МВт тархмал эх үүсвэр” санаачилгаар аймаг, орон нутагт бие даан ажилладаг, нарны панелаас өөрийгөө бүрэн цэнэглээд хураадаг систем суурилуулж чөлөөлнө. Эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бүрдүүлэх хувийн хэвшлийн санаачилгыг нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж Засгийн газар бүрэн дэмжинэ.
3х100 хөтөлбөрийн нэг салаа шугам нь өргөн уудам нутагтаа өмнөөс умард, баруунаас зүүн, гол зам дагуу “100 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл түргэн цэнэглэх дэд бүтэц”-ийн өртөө байгуулах санаачилга юм. 100 ширхэг түргэн цэнэглэх өртөө байгуулах санаачилгыг үндэсний компаниудтай хамт хэрэгжүүлнэ. Саяхан намайг хувийн CU дэлгүүрийн нээлтэд оролцлоо гэж сошиалаар нэлээд шүүмжилсэн. Энэ бол үнэндээ хувийн хэвшилтэй хамтран, ногоон цэнэглэх өртөө байгуулсны нээлт байсан юм шүү дээ.
Манай улс өргөн уудам нутагтай, нар салхины арвин их нөөцтэй орон. Нүүдлийн соёл уламжлалаа хадгалж суугаа малчдаа нэмэлт орлоготой болгох “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр бэлчээрийн доройтлыг бууруулж, бэлчээрийн доор агуулагдаж буй нүүрстөрөгчийн шингээлтийг үнэлүүлж хэмжүүлээд, Швейцар, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй, газар нутаг багатай орнуудтай байгуулсан гэрээний дагуу малчин өрх, хөдөөгийн иргэн, хүссэн хэн бүхэн доллар валютаар ашиг олох шинэ чөлөөлөлтийн замыг нээх болно. Иймээс ч Засгийн газар тавдугаар сарын 13-нд хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах шийдвэр гаргасан.
"Ногоон дата төв" байгуулах төслийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Цөлжилттэй тэмцэх тухай оролцогч талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-д танилцуулахаар болсон бөгөөд Монгол орны байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөд түшиглэн хиймэл оюуны тооцоолуур бүхий уг төвийг байгуулснаар олон улсын стандартад нийцсэн өгөгдлийн чөлөөт бүс бий болж, улмаар бүс нутгийн дата болон хөгжих боломжтой юм.
Чөлөөлөлтийн гараа сайн байна, гол нь энэ бодлогын ажлууд цаашид ч үргэлжилж, бариандаа заавал орох ёстой.
Энэхүү төсөл нь Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан их өгөгдлийн сан байгуулах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтуудыг бодит ажил хэрэг болгох суурь алхам болно. Үр дүнгийн тухайд бол мэдээж тоо, баримт худлаа хэлэхгүй гэсэн үг байдаг л даа. Гэхдээ иргэдийн маань сэтгэгдэл л хамгийн бодит дүгнэлт байдаг гэдэгт би эргэлздэггүй. “Кофе шоп нээх гээд хагас жил хөөцөлдөөд бүтэл муутай байсан ч одоо шууд үйл ажиллагаагаа эрхлэхээр боллоо, эхнэртэйгээ гурван жил хамтран мөрөөдөж, зүтгэж байсан бизнесээ ямар ч хүнд сурталгүйгээр эхлүүлэх болсондоо баяртай байна” гэх мэт үгийг сонсоод чөлөөлөлтийн бодлого зөв гэдэг бодол маань улам батжихын хажуугаар хамгийн гол нь монголчууд маань хийж бүтээх ямар их хүсэл тэмүүлэлтэй, ажилсаг хүмүүс юм бэ? гэж бахархах сэтгэл төрсөн.
“Иргэдийн олонх нь халамж горьдоод сууж байдаг, монголчууд бол залхуу” гэх мэтээр ярьдаг хүмүүс байдаг л даа. Эсрэгээрээ нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүйн зөв орчныг бүрдүүлээд, боломж, нөхцөлийг нь сайжруулаад өгвөл манай ард түмэн шиг хөдөлмөрч, зүтгэлтэй хүмүүс ховор гэдэгт би улам итгэдэг болсон. Товчхондоо, чөлөөлөлтийн гараа сайн байна, гол нь энэ бодлогын ажлууд цаашид ч үргэлжилж, бариандаа заавал орох ёстой. Тэгж байж монголчууд маань хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимээр хангалуун, сайхан амьдрах нөхцөл бүрэн бүрдэх юм.
Оюутолгойгоос Монголын талын хүртэх өгөөж 13 их наядаар нэмэгдсэн

-Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээр хийж, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж, энэ онд багтаан ногдол ашиг хуваарилахаар болсонд монголчуудын олонх нь баяртай байгаа. Мөн энэ бүхэн арай улс төрийн шоу юм биш биз? гэж эргэлзэж буй хэсэг ч байгааг нуух хэрэггүй?
-Эхлээд эргэлзэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, Монгол Улс Оюу толгойгоос энэ жил ногдол ашиг авна. Энэ тухай “Рио Тинто”-той тохиролцож чадсан. Ер нь Оюутолгой бол Монголын улс төр дэх дуусдаггүй яриануудын нэг л дээ. Монгол Улс Оюутолгойд өртэй болж байгаа, 2037 оноос нааш монголчууд Оюутолгойгоос ямар ч ногдол ашиг хүртэхгүй юм билээ гэх мэтээр яриад л байдаг байсан. Яриад л байдаг, яриад байдаг, ямар нэг шийдэл байдаггүй. Яг шийдье, шийдвэрлэе, ард түмэндээ ирэх өгөөжийг нэмэгдүүлье гэж зоривол болдог л юм байна гэдгийг байгуулагдаад гурван сар гаруйхан болж буй манай Засгийн газар харуулж чадлаа гэвэл даруу бус загнасан болчихгүй байх аа гэж бодож байна. Хамгийн гол нь энэ бүхэн монголчуудын маань хамтын амжилт. Энэ хэлэлцээрийн багт дэлхийн хэлээр ярьж чаддаг, дэлхийн хэмжээнд сэтгэж чаддаг олон монгол залуус багтаж, үүргээ хангалттай биелүүлснийг онцлон тэмдэглэх ёстой.
Хэлэлцээрийн үр дүнд зээлийн хүүг бууруулснаар Нэгдүгээрт, өмнөх хэлэлцээрээр Оюутолгойн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найман их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу тав орчим их наядаар нэмэгдүүлж чадсан. Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг 10.5-аас 7.9 болгож, 2.5 хувиар бууруулсан. Зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар болох 22 их наядыг хэмнэв. Монголын талын хүртэх өгөөж 13 их наядаар нэмэгдсэн.
Хоёрдугаарт, долоон жилд нэг удаа хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулах цонх нээгдэж, хэлэлцдэг байсныг гурван жил болгож богиносголоо. Гуравдугаарт, 2037 онд бус энэ жил Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашиг авахаар болсон.
Хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум ам.доллар буюу 13 их наядаар нэмэгдүүллээ. Хамгийн гол нь Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагчтай цаашид тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт би итгэлтэй байгаа.
Тэтгэврийн тогтолцоо шударга болж байна

-Таны санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг УИХ эцэслэн баталлаа. Ингэснээр тэтгэврийн тогтолцоо хэрхэн шинэчлэгдэх юм бэ. Маш энгийнээр тайлбарлавал?
-Шударга болно. Тэтгэврийн реформын хүрээнд ирэх есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлэх төсвөөрөө нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг ажилласан жилээс нь шалтгаалаад 100-гаас 300, дунджаар 220 мянга буюу баталгаат суурь тэтгэврээр хангана. Тэтгэврийн зөрүүн дээр 2013 оноос өмнө 1 сая 300 мянган төгрөг, 2018 оноос хойших 2 сая 400 мянган төгрөгийн цалингаас бодуулж байсан ахмадууд 141 мянга байгаа. Энэ 141 мянган ахмадыг бүгдийг нь 2 сая 400 мянган төгрөгний цалингаас бодох өөрчлөлтийг анх хийж байна.Тэтгэвэр бол зөвхөн өнөөгийн ахмадуудын асуудал биш, ажил олгогч, ирээдүйн иргэд, тэтгэврийн сантай холбоотой суурь тогтолцоо юм.
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс олон жил ажиллаж, шимтгэл төлсөн иргэдэд илүү өндөр тэтгэвэр олгох зарчим хэрэгжиж эхэлнэ. Ажилласан жилийн хугацаанаас хамааран тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд энэ өөрчлөлт 434 мянга орчим ахмад настанд хамаарах тооцоо гарсан. Мөн 2033 оноос тэтгэврийн хэмжээг сүүлийн 10 жилийн дундаж цалингаар тооцох, нэрийн дансны тогтолцоонд хамрагдсан даатгуулагчдын тэтгэвэр огцом буурахаас сэргийлэх зохицуулалт уг хуульд туссан.
Үүнээс гадна тэтгэвэр тогтоолгох наснаас хойш ажилласан жил тутамд тэтгэврийг дөрвөн хувиар нэмэгдүүлэх, эрт тэтгэвэрт гарсан тохиолдолд дөрвөн хувиар бууруулах, тэтгэвэр авагч болон 18-24 насны оюутан залуусыг ажиллуулсан ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтууд багтсан. Мөн бичил бизнес эрхлэгчдийн НДШ-ийн ачааллыг бууруулах, давхар ажил эрхэлдэг иргэн зөвхөн нэг ажлаасаа шимтгэл төлөх сонголттой болох, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг сайн дурын даатгалд хамруулах урамшууллын тогтолцоог бий болгож байна.
-Та МАН-ын даргаар сонгогдоод хэлсэн үгэндээ “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн. Энэ тухай дэлгэрүүлж яривал?
-Ний нуугүй үнэнийг л ярья. Ардын нам ард түмнээсээ ямар нэг хэмжээгээр холдчихсон байсан учраас л ард түмэндээ эргэн ирэх тухай зорилт дэвшүүлж таарна шүү дээ. Манай намын зарим өмнөх удирдлагын багт байсан болон намаас төрийн өндөр албан тушаалд томилогдсон хүмүүс шийдвэр гаргалтын хувьд ч , өдөр тутмын үйл ажиллагааны хувьд ч, хамгийн гол нь бодол, сэтгэлгээний хувьд ард түмэн, намын гишүүд, дэмжигчдээсээ холдсон байсан нь үнэн. Тэр бүү хэл намын гишүүдийнхээ үгийг сонсдоггүй, тэднийгээ зөвхөн сонгуулийн үеэр л санадаг буруу хандлага бий болчихсон байсан. Гэтэл МАН-ын түүхийг харвал ерөөсөө л ард түмнээсээ үүсэлтэй.
Ард түмэнтэйгээ нэг санаа зорилготой байсан үедээ л бид амжилттай ажиллаж чаддаг.
Иймээс ч Монгол Ардын Намын даргын хувьд ард иргэд, намын гишүүд, дэмжигчдээ сонсдог, үзэл бодол, үнэт зүйл, үйл ажиллагаагаараа тэднийхээ дунд байх нь хамгийн чухал гэж үзсэн. Энэ бодлогын хүрээнд МАН-аас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг зохион байгуулж, МАН-ын удирдлага, УИХ-ын гишүүдээр ахлуулсан баг бүх аймаг, сумын намын анхан шатны байгууллагын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, тэднийхээ санал бодлыг сонслоо.
Гишүүн төвтэй харилцааны шинэ соёлыг хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ

Мөн тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй харилцааны шинэ соёлыг хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ. ENAM 3.0 нь өмнөх хувилбараасаа бүрэн шинэчлэгдэж, гишүүдийн харилцаа, мэдээлэл, боломжийг нэг дор төвлөрүүлсэн гишүүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, оролцооны бодит, шинэ үеийн ухаалаг платформ болж байгаагаараа онцлог юм. ENAM 3.0 платформыг ашигласнаар AI Chat зөвлөхөөс намын дүрэм, мөрийн хөтөлбөр болон бүх төрлийн мэдээллийг нэгтгэн гишүүдэд хурдан, ойлгомжтой шууд хариулт өгөх боломжийг бүрдүүлсэн.
Дээрх аппликейшн анхны нэвтрэлтийн үед 10 ангилал, 50 орчим асуултаар гишүүний сонирхлыг тодорхойлж, тохирох group chat-д автоматаар холбож сонирхлын бүлгүүдэд орж илүү утга учиртай харилцаа үүсгэх боломжтой юм.
Мөн эрх баригч намын хувьд УИХ-ын гишүүд санаачилсан хуулийн төслүүдийг ENAM 3.0 аппликейшн-д байршуулж, 300 мянга гаруй гишүүнээсээ шууд санал авах боломж бүрдлээ. Ингэснээр бодлого боловсруулах үйл явц илүү нээлттэй, оролцоонд суурилсан болж байна.Ер нь нам бол удирдлага төвтэй байгууллага биш. Харин оролцоо, итгэлцэл, хариуцлагаар тэжээгддэг амьд эко систем. Иймээс ч гишүүдээ маш сайн сонсдог намын дарга байхыг үйл ажиллагааныхаа хамгийн гол зарчим болгож байна.
-ENAM 3.0 аппликейшний хэрэглэгчийн хувьд үнэхээр намын удирдлага ба гишүүдийг шууд холбосон маш сайн цахим талбар болсон гэж дүгнэж байгаа. Манай МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины захиалга ч бүрэн онлайнд шилжсэн. Гэхдээ цаасан хувилбараар сониноо унших дуртай уншигчид маань ч олон бий. Засгийн газрын 100 хоног, Монгол төрийн үндэсний их баяр наадам давхцаж буй энэ цаг үед “Монголын үнэн” сонины урилгыг хүлээн авч, ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. МАН-ын даргын хувьд МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сониндоо ярилцлага өгч байгаадаа баяртай байна. “Монголын үнэн” сониноо 20 жил тасралтгүй захиалсан уншигч ч байдаг гэж сонсож байсан. Ийм уншигчид бол “Монголын үнэн” сонины хамгийн үнэтэй баялаг. Их зохиолч Д.Нацагдорж “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж хэлсэн байдаг. “Монголын үнэн” сонины нийт уншигч, МАН-ын гишүүд, дэмжигчид, Монголын ард түмэндээ үндэсний их баяр наадмын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн маань сайхан наадаарай.
М.Гал-Арив
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №026/24701/ дэх дугаар