Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн шинэ суурь бүрдэнэ
Монгол Улс анх удаа өгөгдөл үүсэхээс устгах хүртэлх харилцааг цогцоор нь зохицуулах хуультай болохоор зорьж байна.
Монгол Улс анх удаа өгөгдөл үүсэхээс устгах хүртэлх харилцааг цогцоор нь зохицуулах хуультай болохоор зорьж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас боловсруулсан Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсад хүний хувийн мэдээллийг хамгаалах, нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах, кибер аюулгүй байдлыг зохицуулах хуулиуд хэрэгжиж байгаа ч өгөгдлийг хэрхэн үүсгэх, цуглуулах, ангилах, боловсруулах, хадгалах, солилцох, ашиглах, дахин ашиглах, нөөцлөх, устгах талаар нэгдсэн зохицуулалт өнөөг хүртэл байгаагүй юм. Шинээр боловсруулсан хуулийн төсөл энэ орон зайг нөхөж, өгөгдлийн харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгоход чиглэжээ.
Хуулийн гол зорилго юу вэ?
Өгөгдлийн тухай хуулийн төслийн үндсэн зорилго нь өгөгдлийн дэд бүтэц, эрх зүйн үндэс, засаглалын тогтолцоог бүрдүүлэх замаар өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмж, халдашгүй байдлыг хангаж, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулахад оршиж байна.
Энгийнээр тайлбарлавал, өнөөдөр төрийн байгууллага, хувийн хэвшил, банк санхүү, эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбоо болон бусад салбарт асар их хэмжээний өгөгдөл өдөр бүр бий болдог. Гэвч тэдгээр өгөгдлийн чанарыг хэн хариуцах, ямар зориулалтаар ашиглаж болох, ямар нөхцөлөөр бусдад дамжуулах, дахин ашиглуулах, хэрхэн хамгаалах нь бүх салбарт нэг мөр тодорхой бус байна.
Хуулийн төсөл батлагдсанаар өгөгдөлтэй холбоотой үйл ажиллагааг тодорхой зарчим, стандарт, хариуцлагын хүрээнд явуулах нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, өгөгдлийг зөвхөн цуглуулж, хадгалах бус, чанартай болгох, аюулгүй солилцох, нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй ашиглах нэгдсэн тогтолцоонд шилжинэ.
Төсөлд өгөгдөл үүсэхээс эхлэн цуглуулах, боловсруулах, хадгалах, солилцох, дамжуулах, ашиглах, дахин ашиглах, нөөцлөх, устгах хүртэлх бүхий л үе шат, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт дата төвийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг хамруулахаар тусгасан байна.
Хувийн мэдээллийг худалдах хууль биш
“Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах” гэхээр иргэдийн хувийн мэдээллийг худалдах тухай буруу ойлголт үүсэж болзошгүй. Харин хуулийн төслийн агуулга нь хүний хувийн мэдээллийн нууцлал, халдашгүй байдлыг хамгаалсан хэвээр, хуульд зөвшөөрсөн өгөгдлийг аюулгүй, хариуцлагатай, хяналттай нөхцөлөөр ашиглах эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Тухайлбал, хүнийг шууд таних боломжгүй болгож боловсруулсан өгөгдлийг судалгаа шинжилгээ, инновац, бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэхэд ашиглаж болно. Замын хөдөлгөөний өгөгдөлд тулгуурлан түгжрэлийг бууруулах, газар тариалан, цаг агаарын өгөгдлөөр эрсдэлийг урьдчилан тооцоолох, эрүүл мэндийн нэгтгэсэн өгөгдлөөр өвчлөлийн хандлагыг тодорхойлох зэрэг олон боломж бий.
Ингэхдээ хүний эрх, хувийн нууц, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах, өгөгдөлд хэн, хэзээ, ямар зорилгоор хандсаныг бүртгэх үндсэн шаардлага үйлчилнэ. Хүнийг дахин тодорхойлох, нууц мэдээллийг бусад эх сурвалжтай нэгтгэн сэргээх зэрэг үйлдлийг хориглохоор төсөлд тусгажээ.
Хууль батлагдсанаар ямар асуудлыг шийдэх вэ?
Юуны өмнө байгууллага бүр нэг ижил мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс давтан нэхдэг, мэдээллийн сангууд хоорондоо уялддаггүй, өгөгдлийн чанар харилцан адилгүй, алдаатай мэдээллийг хэн засах нь тодорхой бус зэрэг нийтлэг хүндрэлүүдийг шийдвэрлэх эрх зүйн үндэс бүрдэнэ.
Төрийн байгууллагуудын өгөгдөл аюулгүй, харилцан уялдаатай солилцогдсоноор иргэдээс өмнө нь төрд өгсөн мэдээллийг дахин дахин шаардах явдал багасах боломжтой. Төрийн үйлчилгээ илүү шуурхай болж, бодлого, шийдвэрийг бодит өгөгдөл, нотолгоонд тулгуурлан гаргах нөхцөл сайжирна.
Хувийн хэвшлийн хувьд чанартай өгөгдлийг хуульд нийцсэн нөхцөлөөр ашиглан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, хэрэглэгчийн хэрэгцээг илүү оновчтой тодорхойлох боломж нэмэгдэнэ. Гарааны бизнес, судлаач, их сургууль, технологийн компаниуд хиймэл оюун, санхүүгийн технологи болон бусад инновацын шийдэл боловсруулахад шаардлагатай өгөгдлийг тодорхой дүрмийн дагуу ашиглах боломжтой болно.
Мөн өгөгдөл солилцох, зуучлах, дахин ашиглахтай холбоотой талуудын эрх, үүрэг тодорхой болсноор хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагуудад тулгардаг эрх зүйн тодорхойгүй байдал буурна. Хуулийн төсөл нь шинэ технологи, инновацыг зохицуулалтын туршилтын орчинд турших боломжийг нээхээс гадна дата төвийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг тодорхой болгоход чиглэж байна.
Өгөгдлийн тухай хууль нь зөвхөн технологийн салбарт хамаарах хууль биш. Энэ нь төрийн үйлчилгээний чанар, бизнесийн өрсөлдөх чадвар, шинжлэх ухааны судалгаа, хиймэл оюуны хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, улмаар иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх суурь зохицуулалт юм.
Хууль батлагдаж, үр дүнтэй хэрэгжсэнээр Монгол Улс өгөгдлийг зүгээр нэг хадгалдаг бус, хамгаалж, чанаржуулж, үнэ цэн бүтээхэд ашигладаг тогтолцоонд шилжих боломж нээгдэнэ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №026/24701/ дугаар