С.Амарсайхан: Эрх зүйт төрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, иргэний итгэлцлийг бэхжүүлнэ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхантай ярилцлаа.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхантай ярилцлаа.
-Та Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Ажлаа хүлээж авснаас хойш юунд илүү анхаарлаа хандуулан байна вэ?
-Сайдын албыг хүлээж аваад үндсэндээ гурван сар болох гэж байна. Энэ хугацаанд би хамгийн түрүүнд салбараа бүхэлд нь системээр нь харж, үнэлж дүгнэхэд анхаарлаа. Хууль зүй, дотоод хэргийн яам, тэр дундаа хууль зүйн салбар бол зүгээр нэг хууль сахиулах байгууллагуудын нэгдэл биш. Энд ажиллаж байгаа хүмүүс зөвхөн гүйцэтгэгч, тушаал биелүүлэгч биш. Энд хүний жаргал, зовлон ав адилхан өрнөж, ард нь ар гэр, амьдрал ахуй, хувь заяа нь явж байдаг. Тиймээс салбарын ажилтан, албан хаагчидтай холбоотой ямар асуудал байна, түүнийг хэрхэн шийдэх вэ гэдэгт түлхүү анхаарч байна.
Хууль зүйн салбарыг шинэ шатанд гаргахын тулд ажиллагсдын бүтээмж, ур чадвар, туршлага, мэдлэгийг дээшлүүлэх, илүү өндөр хариуцлагатай, илүү чадварлаг болгох бодлогыг системийн хүрээнд төлөвлөж байна. Мөн тогтолцоогоор нь үнэлж, асуудлуудыг ангилах, эрэмбэлэх, зааг ялгааг нь тогтоох шаардлага бий. Өдөр тутмын үйл ажиллагаа нь эмх цэгцтэй, стандарттай, ойлгомжтой байх ёстой. Ингэж байж салбарын ажил илүү үр дүнтэй, иргэнд хүрэх үйлчилгээ илүү тодорхой болно.
-Хууль зүй, дотоод хэргийн яамны гол баримтлах бодлого, хэрэгжүүлэх өөрчлөлт юу байх вэ?
-Хууль зүйн салбар бол эрх зүйт төрийн үндэс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа, нийгмийн аюулгүй байдлын тулгуур, тусгаар тогтнолын дархлаа юм. Ийм онцлогтой салбарын бодлого, үйл ажиллагаанд хийрхлээр, улстөржилтөөр, “хуй салхи” шиг савлагаатай, “хаврын тэнгэр” шиг тогтворгүй хандаж болохгүй. Шаардлагатай хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг цаг тухай бүрд нь хийх ёстой. Гэхдээ шинэчлэл гэдэг нь зөвхөн олон хууль батлахын нэр биш. Харин зөв хууль батлах, баталсан хуулиа хэрэгжүүлэх, хэрэгжилтийг нь үнэлэх, иргэн бүрд тэгш үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.
Өнгөрсөн хугацаанд хууль зүйн салбарыг хэт улстөржүүлж, бодлогын залгамж чанараас илүү хуулийн тоо, хэлбэрт анхаарсан байна. Үүний улмаас хуулийн чанар, хэрэгжилтийн үнэлгээ, хэрэглээний ойлголт, үйл ажиллагааны стандарт, хариуцлагын тогтолцоо, төрийн нэгдсэн бодлого, хууль эрх тэгш үйлчлэх зарчим бүхэлдээ суларсан гэж дүгнэж байна. Тиймээс бид асуудлыг зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын хүрээнд бус, шүүх эрх мэдэл, прокурорын хяналт, хууль сахиулах байгууллагууд, төрийн хууль зүйн бодлогын нийт тогтолцооны хэмжээнд цогцоор нь харж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны үнэт зүйлийн үндсэн тулгуур нь шударга ёс. Тиймээс манай яам бол шударга ёсны яам. Шударга ёсны яам хүний эрхийг хамгаалдаг, хууль төдийгүй хариуцлага, хамтын ажиллагааг зэрэг хэрэгжүүлдэг байх ёстой.
Төр иргэнтэйгээ дээрээс биш, дэргэдээс нь ижил тэгш харилцдаг, сонсдог, асуудлынх нь гүнд ордог байх учиртай. Гэвч өнөөдрийн түвшинд төр, иргэн хоёр хоорондоо хэт алсарсан байна. Иргэн хуулиар, төрөөр хамгаалуулж байгаа мэдрэмжийг бүрэн авч чадахгүй байна. Төрийг удирдаж байгаа хүмүүс бол ард түмний нэг хэсэг. Ард түмнээс өөрсдийгөө тусгаарлаж, хэлбэр хийрхэлд автвал төрийн үнэ цэн сулардаг. Тиймээс иргэн, ард түмнийхээ зовлон жаргалыг мэдэрдэг, дунд нь байдаг сэтгэл зүрх төрийн албанд хамгийн чухал. Салбарын сайдын хувьд би үүнийг нэгдүгээрт тавина.
-Хууль зүйн салбарын ажиллагсад, алба хаагчдын ажлын байрны нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх тухайд хэрхэн анхаарах вэ?
-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа бүх газарт хүн л ажиллаж байгаа. Энэ хүмүүс ажил, амьдралтай, хэрэгцээ шаардлагатай. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хууль зүйн салбарыг нэг талаас хэт хатууруулсан, нөгөө талаас бодлогын хувьд хүчгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, “Та зөвхөн үүрэг гүйцэтгэх, тушаал биелүүлэх ёстой, гомдоллох эрхгүй” гэсэн хандлага давамгайлж ирсэн. Салбарын хүч нь төрийн нэгдсэн зөв бодлого, хууль тогтоох чанар, хуулийн хэрэгжилт, хүний эрхийг хамгаалах баталгаа, төрийн хариуцлагын тогтолцоо, үйл ажиллагааны стандарт, үр дүнд суурилсан үнэлэмж дээр тогтох ёстой. Энэ тэнцвэр алдагдсан учраас би ажлаа алба хаагчдынхаа санаа бодлыг сонсохоос, өдөр шөнөгүй зүтгэж байгаа хүмүүсийнхээ асуудлыг шийдэхээс эхэлсэн. Бидний хэрэгжүүлж буй бодлого хүн төвтэй, иргэн төвтэй.
Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан өөрсдөө энэ улсын иргэн, адилхан амьдралтай хүмүүс гэдгээ илүү итгэл үнэмшилтэй гэдгийг мэдэрсэн цагт олон нийтэд хүргэж буй үйлчилгээ, төрдөө зүтгэж буй ажил нь илүү эрүүл, зөв тогтолцоогоор явна.
-Эрх зүйт төр, иргэний итгэлцлийн реформыг салбартаа хэрэгжүүлнэ. Энэ бодлогын үндсэн цөм нь хүн байх болно гэж та мэдэгдсэн. Танай салбар хоорондын итгэлцэл, ойлголцол ямар түвшинд байна вэ?
-Хууль зүй, дотоод хэргийн яам харьяандаа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг 11 агентлагтай. Гэхдээ асуудал зөвхөн яамны харьяа агентлагуудын түвшинд яригдахгүй. Шүүх эрх мэдэл, прокурорын хяналт, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, төрөөс хэрэгжүүлж буй хууль зүйн бодлого бүгд хоорондоо уялдах ёстой. Ардчилсан, эрх зүйт төрийн хувьд шүүх эрх мэдэл, прокурорын хяналт зэрэг бие даасан, хараат бус үйл ажиллагаатай байгууллагууд байна. Хууль сахиулах байгууллагууд ч өөрийн чиг үүргийн хүрээнд бие даасан үйл ажиллагаа явуулна. Гэхдээ бодлогын нэгдмэл байдал, үйл ажиллагааны уялдаа холбоо заавал байх ёстой. Энэ уялдаа суларснаар иргэн хуульд, хууль сахиулагчдад, шүүхийн байгууллагад итгэх итгэл суларч, төр, иргэний итгэлцэлд ан цав бий болсон. Иргэний хувьд цэрэг, цагдаа, шүүх, хяналтын байгууллагыг тус тусад нь салгаж хардаггүй. Тэд төрийг нэг цонхоор хардаг.
Тиймээс байгууллагууд тус тусдаа, өөр өөр зорилго тавиад байвал итгэл улам буурна. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын бүх түвшинд нэгдсэн бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог бий болгох шаардлагатай. Үр дүнд нь иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, айдасгүй, аюулгүй ирээдүйг бий болгохын төлөө хамтдаа урагшлах учиртай.
-Төр, иргэн хоёрын харилцан итгэлцлийг бий болгох илүү шударга, нээлттэй, хариуцлагатай тогтолцоо бий болно гэж ойлгож болох уу?
-Төр нь иргэнийг захирах гэхээсээ хамгаалдаг, эрхийг нь хүндэтгэдэг байх ёстой. Үүний тулд албан хаагчид албаны болон хувийн ёс зүй, ур чадвар, хандлагаа дээшлүүлэх шаардлагатай. Учир нь хууль өөрөө хүний амьдрал, хувь заяанд шууд нөлөөлөх хүчтэй. Хуулийн хэрэгжилтийг хангах нь төрийн эрх, үүрэг мөн. Гэхдээ хууль иргэн, олон нийтийг шийтгэх, торгох, баривчлахдаа биш, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөх, туслах, хамгаалахад чиглэх ёстой. Нөгөө талдаа иргэн эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлэх учиртай. Эрх, үүргийн тэнцвэр бол шударга ёсны дэнс. Хууль сахиулагч өөрөө иргэнийг ч, хуулиа ч хамгаална. Хууль эцэст нь бүгдийг хамгаална гэдэг үндсэн зарчим алдагдаж болохгүй.

-Манай улсад хуулийн давхардал, хуулиас давсан дүрэм журмаас үүдэлтэй хүнд суртал, чирэгдэл их болсон. Энэ нь иргэний төрд итгэх итгэлийг сулруулах шалтгаан болж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Хууль зүйн сайдын зарчмын байр суурь бол олон хууль батлуулахдаа биш, харин хууль илүү нийцэлтэй, зөрчил давхардалгүй, иргэнд ойлгомжтой, алба хаагчдад тодорхой, хүн бүрд эрх тэгш үйлчилдэг байхад бодлогоо чиглүүлэх явдал юм. Өнөөдрийн байдлаар манай улсад хуулиас давсан 860 журам байна. Энэ нь 937 хуулийн хэрэгжилтийг сулруулах эрсдэл үүсгэж байна. Бараг хуультайгаа эн тэнцүү, зарим тохиолдолд хуулиас давсан дүрэм журам нь хуулийг төдийгүй алба хаагчдыг ч хүчгүй болгож байна. Тиймээс давхардал, хийдэл, хүний эрх зөрчсөн журмуудыг цэгцэлнэ.
Манай улсад 937 хууль, УИХ-ын 2557 тогтоол, захиргааны хэм хэмжээний 3220 акт байна. Зөвхөн цагдаагийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг 118 хууль, 200 гаруй тогтоол, дүрэм, журам бий. Энэ дотор үүргээ гүйцэтгэхэд хэрэгтэй зохицуулалт ч байна, үндсэн үйл ажиллагаанд саад болж, ажлын үр дүнг бууруулж байгаа зохицуулалт ч байна. Хууль зүйн салбарын шинэчлэл бол төр өөрөө хуульд захирагддаг, иргэнд хуулиар олгосон эрхийг баталгаажуулдаг, тэр хэрээрээ төрдөө итгэх итгэлийг бий болгодог тогтолцоонд чиглэж байна.
-Хууль зүйн сайдын хувьд нэн даруй шинэчлэх шаардлагатай гэж үзэж буй хуулиудын талаарх таны байр суурийг сонсъё?
-Би Хууль зүйн сайдын албыг хаших хугацаандаа хууль сахиулагчийн төдийгүй иргэний эрхийг хамгаалахыг нэгдүгээрт тавина. Хуулийн хэрэгжилт, тэгш байдал, нэгдсэн бодлого шийдвэрийг нэгдүгээрт тавина. Үүний тулд Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг өргөн барьж хэлэлцүүлнэ. Шүүх эрх мэдлийн байгууллагуудыг хамгаалах, хохирогч, гэрчийг хамгаалах гээд олон асуудал бидний өмнө бий. Хууль зүй, дотоод хэргийн салбарт боловсруулж буй 60 орчим хууль байна.
УИХ дээр хэлэлцүүлж байгаа цөөнгүй хууль бий. Албан тушаалтны авлигын хууль бус хөрөнгийг улсын орлого болгох тухай хуулийн төслийг удахгүй УИХ, Засгийн газарт өргөн барьж хэлэлцүүлнэ. Шүгэл үлээгчийн тухай хуулийн асуудал бий. Шүгэл үлээх ёстой, сэрэмжлүүлэх ёстой. Гэхдээ шүгэл үлээгч өөрөө хариуцлагатай байх ёстой. Шүгэл үлээх нэрээр албаа гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, бодлого тодорхойлогчдыг хууль бусаар мөрдөх, мөшгих, үндэслэлгүйгээр нэр төрд нь халдах зохицуулалт байж болохгүй.
Шударга ёс гэдэг бол хүнийг хамгаалах, цагаатгах, гүтгэлэг доромжлолоос хамгаалах зарчимтай байх ёстой.
-Таны хувьд хууль зүйн салбарт илүү нээлттэй засаглал буюу цахимжилтыг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Энэ ажлын эхний үр дүн хэзээнээс гарч эхлэх вэ?
-Би ажлаа аваад 01 тоот албан даалгаврыг гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлсэн. Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүх, прокурор, ЦХИХХЯ болон манай харьяа агентлагуудтай хамтран байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах, өгөгдлийг боловсруулах, шийдвэр гаргалтыг ойлгомжтой болгох, ачааллыг тэнцвэржүүлэх цахимжилтын ажлын хэсгийг байгуулсан.
Дүүрэг, хэлтсүүдээр явж мөрдөх ажиллагаа явуулж байгаа албан хаагчидтай уулзахад ачаалал, цаасан ажиллагаа, албаны бус үүрэг даалгавар ихээхэн хүндрэл учруулж байгааг хэлж байсан. Тиймээс байгууллага хоорондын мэдээлэл солилцоог цахимжуулж, системийн нэгдсэн уялдаа холбоог хангана. Нэгдсэн цахим системтэй болох ажлын эхний үр дүн ирэх намар гэхэд гарна. Цахимжилтын хүрээнд мэдээллийн сангийн аюулгүй байдлыг онцгой анхаарна. Хиймэл оюун ухаан, дата, дүн шинжилгээг илүү ашиглана. Хиймэл оюун ухаан биднийг орлохгүй, харин ажлыг хөнгөвчилнө.
Бид технологиор дамжуулж хүний эрхийг зөрчих биш, хүний эрхийг хамгаалдаг тогтолцоо руу шилжинэ. Өнөөдөр прокурор, мөрдөх байгууллага хамтарч хавтаст хэргүүдийг цахимжуулах ажлыг хийж байна. Цахим гарын үсгийн тогтолцоонд шилжүүлэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. Мөн яаралтай тусламжийн 112 утсанд бүх тусламж үйлчилгээг бүх түвшинд хүргэдэг болох тогтолцоог ирэх оны эхээр бүрдүүлэхээр ажиллаж байна. Орон нутагт эрх зүйн туслалцаа үзүүлэх явуулын оффис ажиллуулж эхэлнэ. Ингэснээр реформ ил тод, дараалал чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
-Хууль зүйн салбарт ажиллагсдаас шударга, ёс зүйтэй ажиллахыг шаардах нь зүйн хэрэг. Үүний тулд тэдний нийгмийн баталгааг хангах чиглэлээр ямар ажлууд хийх вэ?
-Алба хаагчийн ёс зүйд нийгмийн баталгаа чухал. Манай алба хаагчдын дийлэнх нь орон сууцанд орох хэрэгцээ шаардлагатай байна. Албан үүргээ биелүүлэхийн тулд ёс зүй, хүний эрх, харилцааны шинэчлэлийг эрчимжүүлэхийн зэрэгцээ нийгмийн баталгааг нь хангах ёстой.
Тиймээс хууль сахиулах байгууллага, тагнуул, АТГ, шүүх эрх мэдлийн байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр банк санхүүгийн байгууллага, үндэсний барилга бүтээн байгуулалтын компаниудтай хамтарч орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг ойрын хугацаанд эхлүүлнэ. Хөтөлбөр хэрэгжүүлснээр алба хаагчид хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох боломж нээгдэнэ.
Мөн алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг нэмэх асуудлыг шийдвэрлэж, төсвийн тодотголд тусгуулна. Ачааллыг цалингийн нэмэгдэлтэй уялдуулах, сэтгэлзүйн хамгаалалт, нийгмийн баталгааг сайжруулах ажлыг үргэлжлүүлнэ. Хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа алба хаагчдаа хуулийн дагуу хамгаална.
Ярилцсанд баярлалаа.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" №26/24701/