МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Ц.Идэрбат: Хийж чадна гэсэн ажлуудаа бог...

Ц.Идэрбат: Хийж чадна гэсэн ажлуудаа богино хугацаанд эхлүүлж, үр дүнгээ хурдан харах зорилготой ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.ИДЭРБАТ-тай салбарын бодлого, хэрэгжилт болон цаашдын зорилтын талаар ярилцсанаа хүргэж байна.

Үнэн
Админ

 Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн саруудад бодлогын шинэчлэл, туршилтын шинжтэй цөөнгүй арга хэмжээ хэрэгжиж буй. Мал аж ахуй, газар тариалан, түүхий эдийн боловсруулалт зэрэг үндсэн чиглэлүүдэд шинэ бодлого, хөтөлбөрийг богино хугацаанд туршин нэвтрүүлж байгаа энэ үед УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.ИДЭРБАТ-тай салбарын бодлого, хэрэгжилт болон цаашдын зорилтын талаар ярилцсанаа хүргэж байна. 

-Энэ зун нийт нутгаар зуншлага ямар байхаар байна. Цаг агаар ирэх намрын ургацад хэрхэн нөлөөлөх төлөв ажиглагдаж байгаа вэ?

-Цаг агаар энэ зун Монгол орны хэмжээнд харьцангуй боломжийн байх ч долоо, есдүгээр сард хур тунадас багасах, хэт халалтын давтамж нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа. Тиймээс болзошгүй эрсдэлд урьдчилан бэлдэх шаардлагатай. Ялангуяа 2025 оны гангийн хүндрэлийг тооцож, тариалангийн бүсүүдэд эрсдэлийн менежмент хийнэ. Байгаль орчны яамтай хамтран үүлэнд зориудаар нөлөөлөх болон цаг уурын эрсдэлийг бууруулах ажлыг хийхээр төлөвлөсөн. Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдсан даруйдаа хамгийн түрүүнд анхаарсан ажлын нэг нь хаврын тариалалт байсан. Сайдын ажлыг аваад салбарын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тариаланчдын санал, хүндрэлүүдийг сонслоо.

Тиймээс хаврын тариалалтыг саадгүй явуулах зорилгоор санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, шатахууны нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, 8000 тонн дизель түлш нөөцөлж, 130 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгох шийдвэр гаргасан. Энэ ажлын үр дүнд 361.8 мянган га талбайд тариалалт хийж, үүнээс 315.7 мянган га-д улаанбуудай, 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо тариалж, хаврын ажлыг бид төлөвлөсөн хэмжээнд эхлүүлж амжсан. Одоо намрын ургац хураалтын бэлтгэл ажилдаа орно. Ургацын комисс байгуулах, зохион байгуулалт, бүтэц зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Үүний дараа хүн хүч, шатахуун, техник тоног төхөөрөмж, тээвэр логистик, эрчим хүч зэрэг бэлтгэл ажлыг цогцоор нь хангаж ажиллах боломж бүрдэнэ.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ажлыг авснаас хойш та гурван гол бодлогод төвлөрч ажилласан гэж байсан. Ямар гурван бодлого вэ. Хэрэгжилт ямар байна?

-Манай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар өөрөө маш өргөн хүрээтэй. Монгол Улсын ажиллах хүчний 40 гаруй хувь энэ салбарт хөдөлмөрлөдөг. Тиймээс газар тариалан, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл хоорондоо уялдаа холбоотой хөгжих шаардлагатай юм. Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд бид салбар хоорондын уялдааг сайжруулах, экспортод чиглэсэн хөгжлийг дэмжих зорилгоор хууль, журмын давхардал, саадыг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр аж ахуйн нэгжүүд дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна гадаад зах зээл рүү чиглэх боломж нэмэгдэнэ.

Үүнээс гадна бид мал аж ахуйн салбарт “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөр хэрэгжүүлж, эхний ээлжид 17 аймгийн 25 сум, багт туршилтаар нэвтрүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд малчид нэгдэж, төрийн эзэмшлийн атаршсан 100 га талбайд тавдугаар сараас хойш ногоон тэжээл тариалах ажлыг эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн зорилго нь малчдын хамтын хүчээ нэгтгэж, нэг хүчээр өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж, зуд болон цаг уурын эрсдэлд бэлэн байх ийм тогтолцоог бүрдүүлж, малчдадаа хамтын хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэх. Нөгөө талдаа гамшгийн үед төрөөс хүлээх хамаарлыг бууруулах явдал. Энэ бол миний Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн туршлага. Практик дээр үр дүнтэй болох нь нотлогдсон. Үүнийгээ улс орон даяар хэрэгжүүлье гэж зорьсон юм.

Энэ туршлагыг хэрэгжүүлсэн малчид 2023 оны зудыг малын хорогдолгүй давцгаасан. Зөвхөн 2023 оны зуднаар улсын хэмжээнд 11 сая орчим мал хорогдож, 3.5 их наяд төгрөгийн хохирол учирсан. Эдийн засгийн хүртээмж талаас харвал энэ мөнгө Монгол Улс хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөгийг гурван жил тасралтгүй олгох хэмжээний хөрөнгө. Ийм мөнгийг бид нэг жилийн зудад тавиад туучихаж болохгүй. Зуд гэдэг зургаан сар хүрэхгүй хугацааны хямралыг бэлтгэл муутай байж байгаад угтвал ийм л хохирол амсана. Ийм их хэмжээний хохирол амсуулахгүйн тулд малчдыг нэгтгэж, өвлийн урьдчилан бэлтгэлээ нэгдэн хангаж, том эрсдэлийн ард гарах гэсэн бодлого, энэ хөтөлбөр маань өнөөдөр бүс болгонд, 17 аймгийн 25 суманд амжилттай хэрэгжээд явж байна.  Малчид цаасан дээр бус, бодитоор хамтран ажиллаж, хоршоо хэлбэрт шилжиж эхэлж байгаа нь чухал үр дүн юм. Одоогийн байдлаар хэрэгжилт эерэг хандлагатай байна. Эцсийн үнэлгээ намрын ургац, тэжээлийн бэлтгэл дууссаны дараа буюу аравдугаар сарын дунд үеэс тодорхой болно.

-Хөдөө, аж ахуйн салбарт эхлүүлсэн бас нэг ажил бол арьс, ширний салбарыг хөдөлгөөнд оруулах алхам гэж тодорхойлж байсан. Олон жил үнэгүйдсэн арьс шир эдийн засгийн эргэлтэд эргэн орох цаг хэзээ вэ?

-Монгол Улс жилд дунджаар 20 орчим сая ширхэг арьс, шир бэлтгэдэг ч үүний тал орчим хувийг ашиглаж, үлдсэнийг нь хаяж ирсэн. Олон жилийн турш ийм байдалтай явж ирлээ. Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд Засгийн газар ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүдээ бодлогоор дэмжиж, хүчин чадал нь ч эрс нэмэгдэж эхэлсэн. Үүнийг дагаад түүхий эдийг хаягдал болгохгүй, бүрэн ашиглах шаардлага үүслээ.  Тиймээс энэ зун арьс, ширийг анхан шатанд нь ангилж, давсалж бэлтгэн нийлүүлэх туршилтын ажлыг Монголын арьс ширний үндэсний холбоотой хамтран таван аймагт эхлүүлсэн. Тодорхой хэлбэл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт үхрийн шир болон бага хэмжээний хонины арьс, Архангай, Хөвсгөл аймагт давамгайлан хонины арьс, багахан үхрийн шир боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Энэ бол арьсыг анхан шатанд нь зөв хадгалж, дараа нь үйлдвэрүүдэд нийлүүлэн гүн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн болгон дотоод болон экспортын зах зээлд гаргах боломжийг дагуулах ажлын суурь болж өгч байгаа юм. Туршилтын шатанд хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөр амжилттай болбол цаашид бүх аймгийг хамруулж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах тогтолцоог нээж өгөхөөр төлөвлөж байна.

Газар тариалангийн салбарт эхлүүлсэн ногоон тэжээл тариалах, мал аж ахуйн салбарт эхэлсэн арьс, шир боловсруулах шинэ зохион байгуулалт, туршилтын загвар маань цомхон хэмжээнд эхлүүлж байгаа ч бид ирэх намар алдаа, оноо, эрсдэл боломжоо тодорхойлж, дараа нь улсын хэмжээнд өргөжүүлнэ. Ер нь олон сая малтай хэрнээ манайд арьс, шир яагаад үнэгүйдээд байдаг юм. Үүний гол шалтгаан юунд байдаг юм гэдэг асуудлыг бид бас нарийн гярхай хардаг болох хэрэгтэй. Тэгэхээр арьсыг давсалж хадгалах уламжлалт аргаа бид сэргээх ёстой юм. Энэ технологийг сэргээснээр олон хоног арьсны чанарыг алдалгүй хадгалж байгаад тээвэрлэх, зах зээлд нийлүүлж, мөнгөжих боломж нээгдэнэ гэсэн үг. Энэ систем хэрэгжиж эхэлбэл түүхий эдийг хаягдал биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох боломж бүрдэнэ. 

-Газар тариалангийн салбарт ямар бодлого, шинэчлэл хэрэгжүүлж байна вэ?

-Газар тариалан бол хөдөө аж ахуйн салбарын бас нэг тулах хүч мөн. Монгол Улс жилд 300 гаруй мянган га талбайд улаанбуудай, 15–16 мянган га-д төмс, 16–17 мянган га-д хүнсний ногоо тариалж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой юм. Одоо бидний анхаарч буй бол асуудал бол хадгалалт, нөөцийн дэд бүтэц буюу зоорь. Ойрын хугацаанд Зээлийн батлан даалтын сантай хамтран зоорийн байгууламжийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Цаашдаа дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ экспортын чиг баримжаатай газар тариалан хөгжүүлэх бодлого барьж байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд улаанбуудай тариалж, улаанбуудайн урамшуулалд найддаг биш, дотоодын хэрэгцээгээ хангаад экспортод гаргадаг, зах зээлд өрсөлдөх чадвартай болно. Энэ зорилгын хүрээнд экспортын ургамлын нэр төрлийг нэмэгдүүлэх, Хятадын талтай хилийн боомтын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Нөгөө талдаа хөрс хамгаалал, органик тариалангийн асуудал чухалд тооцогдож байгаа. Тиймээс дотоодын бордооны үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн эерэг гарвал импортын бордооны хамаарлаас гарч, дотоодын түүхий эдэд суурилсан бордоог өргөн хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой юм. Үүнд яс, ноос, нүүрс зэрэг түүхий эдээр хийсэн бордоонууд багтаж байна. Өнөөдөр зарим үйлдвэрүүд хүчин чадлынхаа 30 орчим хувийг л ашиглаж байгаа тул бүрэн ашиглалтад оруулах замаар хаягдалгүй үйлдвэрлэл бий болгох боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө сүүлийн гурван сарын хугацаанд газар тариалангийн салбарт зоорь, экспорт, бордоо гэсэн гурван чиглэлийн шинэчлэлийг зэрэг эхлүүлсэн. Хийж чадна гэж үзсэн ажлуудаа богино хугацаанд туршиж, үр дүнг нь хурдан харах зорилготой ажиллаж байна.

-Хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрөө яам хэрхэн зангидаж байгаа вэ?

-Сүүлийн гурван сарын хугацаанд Хөдөө аж ахуйн яам илүү хурдтай, уян хатан, олон талын оролцоотой ажиллаж байна. Салбарын бүх түвшинд зөвлөгөөн, семинар зохион байгуулж, нэгдсэн ойлголттой болохоор зүтгэж явна. Тухайлбал, багийн дарга, сумын Тамгын газар, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн нэгжээс эхлээд яамны түвшин хүртэл нэг зорилго, нэг ойлголттой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон. Мөн боловсон хүчнийг чадавхжуулах, давтан сургах, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад анхаарлаа. Үүний зэрэгцээ салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж, малчдын гар дээрх бүтээгдэхүүнийг хэрхэн үр ашигтай төвлөрүүлж, зах зээлд нийлүүлэх талаар хамтын шийдлүүдийг ярилцаж тохиролцсон. Ноолуурын зах зээлийн хувьд дэлхийн үнэ харьцангуй өндөр байгаа энэ үед ноосны салбарт 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Үүний үр дүнд ноосны үнэ зарим аймагт 2000 төгрөгт хүрч өслөө. Мөн арьс, ширний салбарт дулааны улиралд түүхий эдийг хаяхгүй, давсалж бэлтгэн нийлүүлэхэд зориулж 30 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн. Ингэснээр арьс, ширийг зөв хадгалж, үйлдвэрүүдэд чанартай түүхий эд нийлүүлэх нөхцөл бүрдэж байна.

-Яам хэдийгээр нөөцийн махны ажлыг шууд хариуцдаггүй ч махны хомсдол, ирэх өвлийн нөөцөд ямар бодлого барих вэ?

-Монголын мал аж ахуй бол бэлчээрийн мал аж ахуй дээр тулгуурласан, дэлхийд ховор өв соёлын тогтолцоо. Энэ уламжлалт тогтолцоогоо хадгалж, цааш хөгжүүлэх нь бидний үндсэн чиглэл, үүрэг юм. Бодлогын хувьд нэг талаас махны экспортын урсгалыг боломжит хэмжээнд нээлттэй байлгах, нөгөө талаас дотоодын хэрэглээ, ялангуяа төв суурин газрын махны нөөцийг тогтвортой бүрдүүлэх тэнцвэрийг хангах шаардлагатай. Энэ хүрээнд Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл болон хүнсний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр холбогдох тогтоолууд гаргасан. Мөн Улаанбаатар хотын удирдлагатай хамтран махны нөөц бүрдүүлэх асуудлаар тодорхой зохицуулалтууд хийж байна. Цаашид намрын улиралд “Идэш” арга хэмжээг илүү өргөн хүрээнд, аймаг тус бүрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Д.Отгонжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №026/24701/

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.