Ц.Сандаг-Очир: “COP17”-гоос байгаль орчны салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлнэ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, “COP17” хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, “COP17” хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.
-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг зохион байгуулах бэлтгэл ажил ямар явцтай байна вэ?
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдлээ.
Энэхүү хурал нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, байгаль орчны салбарын манлайллаа бататгах, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газраас Үндэсний хороо байгуулсан бөгөөд миний бие Үндэсний хороог ахлан ажиллаж байна. Үндэсний хорооны дор Аюулгүй байдал, хоол хүнс хариуцсан, Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан, Хамтын ажиллагаа, бодлого төлөвлөлт, Зам тээвэр, Соёл, аялал жуулчлал, виз, Барилга байгууламж, Өндөр дээд түвшний арга хэмжээг зохион байгуулах гэх мэтчилэн 12 дэд хороо дарга, нарийн бичгийн даргын дэд бүтэцтэйгээр чиг үүргээ ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 12 дэд хорооны үйл ажиллагааг 52-94 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна.
1992 онд Бразил улсын Рио-де-Жанейро хотод Уур амьсгалын өөрчлөлтийн, Биологийн олон янз байдлын, Цөлжилт газрын доройтлыг бууруулах гэсэн гурван үндсэн конвенцыг хэлэлцэн баталсан байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц жил бүр, харин Биологийн олон янз, Газрын доройтол, Цөлжилтийн конвенц хоёр жилд нэг удаа болдог.
-“COP17”-г Монгол Улсад зохион байгуулах шийдвэрийг анх хэзээ гаргасан бэ?
-Монгол Улсад “COP17” зохион байгуулах шийдвэрийг 2023 онд гарсан байдаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллаж байх үеэс эхлээд Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Н.Учрал нарын Засгийн газрын хүрээнд олон улсын хурлын бэлтгэл ажлыг хангаж байна. хамарч байна. Салбарын сайдын тухайд Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Б.Батбаатар зэрэг дөрвөн сайдын эрхийн хүрээнд бэлтгэл ажил хангаж байгаа гэсэн үг юм.
Манай улсад 150 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөжтэй

-Олон улсын хуралд оролцохоор өнөөдрийн байдлаар хэчнээн оролцогч бүртгүүлээд байна вэ?
-Өнөөдрийн буюу энэ сарын 28-ны байдлаар нийтдээ 4127 гадаадын төлөөлөгч Монгол Улсад болох “COP17”-д оролцохоор бүртгүүлээд байна. Үүнээс гишүүн орны төлөөлөл 1137 ажиглагч 2100, дээд түвшний оролцогч 112, бусад 763 оролцогч албан ёсоор бүртгүүлсэн байна. Нарийвчилвал дээрх төлөөлөгч дунд Шадар сайдын түвшний албан тушаалтан нэг, салбарын түвшин 66 сайд, дэд сайдын түвшний 29, Ерөнхийлөгч асан дөрвөн хүн, НҮБ-ын агентлагуудын удирдлагуудаас тав, банк санхүүгийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван хүн албан ёсоор бүртгүүлжээ. БНСУ, Коста рика, Финланд улсын Ерөнхийлөгч байсан эрхмүүд “COP17”-д оролцох мэдээллээ өгсөн байна.
-Гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлын хүртээмж хангалттай байгаа юу?
-“COP17”-д нийтдээ 197 улсын төлөөлөгчид оролцоно. Манай улсад 84 орноос визгүй зорчин орж ирэх боломжтой. Гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээж авахад виз болон буудлын асуудал яригддаг. Өнөөдрийн байдлаар 1582 хүн цахим виз мэдүүлэгчийн хүсэлтээ өгснөөс 1223-ынх нь зөвшөөрөл гарсан байна.
Анх бид Зочид буудлын холбоотой ярилцаад 1432 зочид буудлын өрөөг блоклуулсан. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар 803 зочид буудал захиалгаа баталгаажуулсан гэсэн үг. Манай вэбсайтад зочид буудлуудын мэдээлэл нээлттэй бий. Оролцогчид тэндээс өөрсдөө сонголтоо хийх боломжтой.
-Манай улсад “COP17”-г зохион байгуулснаар эдийн засгийн болон стратегийн ямар ач холбогдолтой вэ?
-Бид юуны түрүүнд үндэсний хэмжээний байгаль орчны урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, түншлэл бий болгох, олон улсын байгаль орчны зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх боломжийг “COP17”-гоос бий болгоно. Олон улсын байгаль орчны салбарын манлайллыг бэхжүүлэх, байгаль орчны бодлогыг тодорхойлогч улс орон болно гэсэн стратегийг барьж байна. Нөгөө талаар урт хугацаанд бодлогуудыг танилцуулах, байгаль орчны салбарт урт хугацааны санхүүжилт, хөрөнгө оруулалтуудыг татах бололцоо, боломжийг бид энэ хурлаас хүлээж байна.
Энэ удаагийн хуралд 6-8 мянга орчим төлөөлөгч оролцсон тохиолдолд манай улсад шууд утгаараа 150 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөж гарна гэж тооцоолж байна. Зочид буудал, хоол хүнс, үйлчилгээ, ресторан, дэлгүүр хоршоо, аялал жуулчлал, бэлэг дурсгал гэх мэт. Зургаагаас доош мянган төлөөлөгч ирвэл 132 тэрбум төгрөгийн, найман мянгаас дээш төлөөлөгч ирвэл 170 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт орох эдийн засгийн тооцоолол гарсан.
-Олон улсын энэ арга хэмжээнд олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байна вэ?
-Бид өмнөх “COP17”-г хараад цэнхэр болон ногоон бүстэй байхаар ангилж байна. Ногоон бүс хэн бүхэнд нээлттэй. “COP17”-г үзэж сонирхъя, илтгэл сонсъё, бизнесээ бүртгүүлье гэсэн хүн ногоон бүсэд бүртгүүлэх хэрэгтэй. Мөн ногоон бүсэд олон нийт иргэний үнэмлэхээрээ нэвтэрч болно. Цэнхэр бүс удахгүй НҮБ-ын мэдэлд шилжинэ. Барилга, байгууламжийг барьж дуусгаад НҮБ-ын хамгаалалтад орно. Учир нь, энэ бол олон улсын өндөр хэмжээний арга хэмжээ. Конвенцын газарт бүртгүүлж, мандатаа авсан хүмүүс цэнхэр бүсэд орно. Арга хэмжээ дуусаад байгууламжийг буулгана. Учир нь, бид худалдан авах боломжгүй, өндөр үнэтэй. Харин дараагаар нь тэнд интернэт, 500 орчим машины зогсоолтой дэд бүтэц үлдэж байгаа учир Улаанбаатар хот цаашид хариуцна.
-Монгол талаасаа төлөөлөгчдийн хэрхэн оролцуулах вэ?
-Дотоодын түншлэл, хамтын ажиллагааны чиглэлээр зөвхөн Улаанбаатар бус Монгол Улсын аймаг орон нутгуудыг зургаан бүс болгож, сургалт, мэдээлэл өгч ажилласан. “COP17”-д орон нутгийн иргэд, малчид, эмэгтэйчүүд, өсвөр насныхан, залуучуудын дуу хоолой, оролцоо хамгийн чухал. Тийм учраас орон нутгуудад бүсчилсэн байдлаар сургалт мэдээлэл өгч, ажилласан.
Малчин хүний нүдээр газрын доройтол, бэлчээр ямар хор хөнөөлтэй байна вэ? Амьдралд нь яаж нөлөөлж байна гэдэг дуу хоолойг бид “COP17” олон улсын хурлын үеэр сонсоно.
Монгол Улсын “Тал хээрийн төлөвлөгөө”-г гадаадын улс орнууд дэмжихээ илэрхийлсэн
-“COP17” үргэлжлэх хугацаанд ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах вэ?
-Наймдугаар сарын 17-ны өдөр Ерөнхий сайд “COP17”-г нээнэ. Мөн “COP16”-гаас эрх шилжүүлэх арга хэмжээ болно. Дараагаар нь хэлэлцээрүүд үргэлжлэх юм. Оролцогчид өөр өөрсдийн хурал дээр байр сууриа хэлээд явна. Түүнээс бус хурлын танхим 12 өдөр гадаадын зочид дүүрэн байна гэсэн үг биш. Нэгэнтээ Монголд ирснийх Монголын байгалийг, говийг, Алтай таван богдыг үзэх зэргээр аялж сонирхоно. Үүнийг аяллын компаниудтай зохион байгуулна. Наймдугаар сарын 24-нд өндөр дээд түвшний нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч үгээ хэлнэ. Үүнээс гадна сэдэвчилсэн өдрүүд болдог. Наймдугаар сарын 24-ний өдөр Санхүүжилтийн хэлэлцээр, 25-нд Усны асуудлаар, 26-нд Газар ба хүн төвт, 27-нд Хүнсний тогтолцоо гээд тус тус сэдэвчилсэн өдрүүдтэй. Наймдугаар сарын 28-нд COP17-гийн хаалтын өдөр болж, шийдвэр гаргана. Шийдвэр гаргахад 197 улс орон 100 хувь дэмжиж байж гарна. Талуудыг зөвшилцөлд хүргэж, шийдвэр гаргуулахад даргалагч улс орон чухал оролцоотой.
-“COP17”-оор Монгол Улсаа олон улсад хэрхэн сурталчлах вэ?
-Монгол ахуйг шингээсэн соёлын арга хэмжээгээр сурталчилна. Нийтдээ 745 арга хэмжээг зохион байгуулах санал ирсэн. Бид 300 гаруй зэрэгцээ арга хэмжээг зохион байгуулах бололцоотойгоо хэлсэн.
-Даргалагч орны хувьд манай улсаас “COP17” ямар санал оруулж хэлэлцүүлэх вэ?
-“COP17” хурлаар олон улсын нийт найман санаачилгыг дэвшүүлж хэлэлцэнэ. Үүнээс гурав нь манай улсын оруулж хэлэлцүүлж байгаа санаачилга. “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн тэргүүлэх санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван санаачилга бол манайх. Үүнийг Монгол Улсын тал хээрийн төлөвлөгөө” гэсэн санаачилгад нэгтгэн багтаасан. Энэ хүрээнд бүх санал төслүүдийг хуваан авч үзэж байна. Бэлчээртэй холбоотой бүх асуудлыг “Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд, ус, газартай холбоотой асуудлыг “Ус ба газрын нэгдсэн менежментийн тэргүүлэх санаачилга” руу, байгальд суурилсан дэд бүтэц, эрчим хүчний тархмал эх үүсвэртэй холбоотой асуудлыг ”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга”-ын хүрээнд хэлэлцэнэ. “COP17”-г зохион байгуулахаар “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулахад улс орнууд дэмжиж, хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ хэлсэн. Тухайлбал, Европын холбоо 200 сая еврог ойжуулалт, нөхөн сэргээх, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн шийдвэрээ гаргасан. “Даян дэлхийн байгаль орчны сан” техникийн дэмжлэгээр 3.3 сая доллар, БНФУ нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн. Дэлхийн банк 100 сая ам.долларын зээл олгох хэлэлцээр хийж байна. Энэ мэтчилэн гадаадын улс орнуудтай “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна.
Манай улсын тэргүүлэх төсөл бол Ерөнхий сайдын манлайлалтай хиймэл оюунд суурилсан эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулах төслийг Монгол Улсад байгуулна.Үүнийг бид танилцуулна. Орхон-Онги ус дамжуулах шугам хоолойн төслийн нэгдүгээр үе шатыг “Онги-Цагаан бургастайн төслийн ТЭЗҮ хийж байна. Бид тэргүүлэх санаачилгад оруулж, хөрөнгө оруулалт татахыг зорьж байна. Бэлчээрийн сайн туршлагыг нүүрс төрөгчийн зах зээлд холбох төслийг мөн тэргүүлэх төсөлд багтааж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй гандуу бүс нутгийн Евразийн төвийг байгуулахаар зорьж байна. Дээрх дөрвөн төслийг Засгийн газрын тэргүүлэх санаачилгаар төлөвлөж байгаа юм.
-COP17 арга хэмжээнд нийтдээ хэчнээн хэмжээний санхүүжилт зарцуулах вэ?
-Төсөв, санхүүтэй холбоотой бүх мэдээлэл манай яамны вэбсайтад нээлттэй байгаа. Ерөнхий сайдаас мэдээллийг нээлттэй тавих үүрэг өгсөн. “COP17”-г зохион байгуулах төсвийг нийтдээ 301 тэрбум төгрөгөөр хийхээр 2025, 2026, 2026 гэсэн гурван онд хувааж, төсвийг баталсан. Үүний 72 тэрбум төгрөг нь 2025 онд, 167 тэрбум төгрөг нь 2026 онд, 50 тэрбум төгрөг нь 2027 онд тус тус батлагдсан байна. Бид батлагдсан төсвийг аль болох хэмнэх, багтаах зорилготой ажиллаж байна. Гадаадын болон дотоодын хувийн хэвшлийнхний тусламжтайгаар 15 тэрбум төгрөгийн хандивыг босголоо. Хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүддээ талархсанаа илэрхийлье.
Н.Энхбат
Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дугаар