МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Аюулгүй байдал судлалын залуу доктор, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Жавзандоржийг  “Монголын үнэн” сонин “Залуу лидер”-ээр нэрлэж байна.

Үнэн
Админ

Б.Жавзандорж: Цахим тусгаар тогтнол бол XXI зууны үндэсний аюулгүй байдлын гол баталгаа

Аюулгүй байдал судлалын залуу доктор, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Жавзандоржийг  “Монголын үнэн” сонин энэ дугаарын “Залуу лидер”-ээр нэрлэж байна. Түүний хувьд Монгол Улсад цөөн байх тусгай мэргэжилтнүүдийн нэг бөгөөд дэлхийн топ сургууль болох Англи улсын Кембрижийн их сургуульд кибер аюулгүй байдлын чиглэлээр зочин судлаачаар ажиллах урилга хүлээн аваад буй анхны монгол хүн. Өдгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж буй шинэ цагийн, залуу манлайлагчдын нэг Б.Жавзандоржтой ярилцсанаа хүргэе.

-Үеийнхнээ оюутан болж байхад та ажлын талбарт гарч байжээ. Боловсрол эзэмшихдээ ингэж цаг хугацаа товчилсон түүхээс тань ярилцлага эхэлье?

-Миний хувьд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрж, өссөн. Зургаан нас хүрэх жилээ ерөнхий боловсрлын сургуульд орж байлаа.  Манай үеийнхэн их сургуулийн оюутан болж байхад би их сургуулиа дүүргэж байсан юм. Тухайн үед бидний үеийнхэн найман настай сургуульд ордог байсан бол би зургаан нас хүрэх жилээ сургуульд орж  байсан.  Хоёр  насны зөрүүтэй эгчийгээ дагаад сургуульд явна гэсээр хамт оруулчихсан юм билээ л дээ. “Хамтад нь явуулж үзье” гээд сургуульд оруулсан ч асуудалгүй суралцаад явсан учраас тэр чигтээ сурагч болсон. Ингээд  МУИС-ийн Компьютер, техник хангамж, сүлжээний инженерээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Үргэлжлүүлэн Төрийн удирдлагын системийн шинэчлэл чиглэлээр магистрын зэргээ  хамгаалсан.

Миний суурь мэргэжил мэдээллийн технологи буюу IT учраас энэ чиглэлээрээ Батлан хамгаалах их сургуульд аюулгүй байдал судлалаар, тэр дундаа кибер аюулгүй байдлаар судалгааны ажлуудаа хийж явсаар 30 насандаа докторын зэрэг хамгаалсан. 

Монгол Улсад кибер аюулгүй байдал талдаа тун цөөн мэргэжилтэн бий. Сүүлийн жилүүдэд кибер аюулгүй, үндэсний аюулгүй байдлын талаар маш сайн ойлголттой болж байна. Монгол Улс ч бас энэ чиглэлээр маш олон компани, аж ахуйн нэгжүүдийн зүгээс сургалтуудыг явуулж, төрөөс мэргэжилтэн бэлтгэхдээ тусгайлан анхаарч эхэлж байгаа нь сайшаалтай. Би ч мөн Кембрижийн их сургуульд кибер аюулгүй байдлын чиглэлээр судалгаагаа хийж байна.

-Мэргэжил сонголтоо хэрхэн хийж байв. Маш сонирхолтой бөгөөд чухал салбарын  мэргэжил эзэмших шийдвэрийг хэрхэн, ямар сэдлээр гаргаж байв?

-Би багаасаа компьютер, сүлжээ сонирхдог энэ чиглэлийн код бичих болон дижитал технологийн хоббитой байсан л даа. Гэр бүл маань “Эмэгтэй хүүхэд эмч болсон нь дээр, эсвэл багш болбол яадаг юм” гэх зэргээр олон удаа хэлж байсан.

Гэсэн ч  миний хувьд хүссэн мэргэжлээрээ шалгалтаа өгөөд тэнцсэн учраас  аав ээж маань ойлгож хүлээж авсан даа. Одоо би энэ мэргэжилдээ их хайртай. Эхэндээ бол энэ салбарыг хүмүүс ойлгодоггүй байлаа шүү дээ. Кибер аюулгүй байдал гэхээр хакердах  төдийнхнөөр л ойлгож хүлээж авдаг байв.  Ингэхдээ банкаа, фэйсбүүкээ алдвал яах вэ гэх зэргээр хэрэглээг нь хязгаарлагдмал хүрээнд ойлгодог байсан цаг саяхан.

Харин өнөө ба ирээдүйд  хиймэл оюун, кибер аюулгүй байдал улам бүр маш чухал сэдэв болж байна. Кибер аюулгүй байдлыг стратегийн түвшинд ярихад улс орны хамгийн чухал бөгөөд хамгаалж, анхаарах ёстой салбаруудын нэг. Хил хамгаалах цэргийн анги байлаа гэж бодоход цэргүүд Монгол Улсынхаа хилийг хамгаалдаг бол кибер аюулгүй байдал бол цахим буюу мэдээлэл технологийн хувьд тухайн улс орны стратегийн нууц мэдээлэл, бодлого, түүнтэй уялдуулан ирээдүйд хийхээр зэхэж буй бүх үйл ажиллагаануудыг стратегийн түвшинд бодлогоор хамгаалах, цахим технологийн үед банкны сервер буюу тухайн хувь хүн болон Монгол Улсын иргэдийн мэдээллийг хамгаалах зэрэг олон чиглэлтэй буюу өргөн хүрээний ойлголт л доо.

Тийм болохоор сонирхол гэхээсээ илүү миний суурь мэргэжил  IT буюу мэдээллийн технологийн чиглэлийнх учраас уялдаа холбоо талаасаа ч  гүнзгийрүүлэн суралцах шаардлагатай гэж үзээд энэ салбарт орсон гэж ойлгож болно.

-Таны хувьд үеийнхнээсээ эрт ажлын талбарт гарсан хүн. Анхны ажлын байраа өнөөдөр эргэн дурсвал хамгийн эхний бөгөөд чухал алхам, ололт эндээс эхлэлтэй байж таарна?

-Сургуулиа төгсөөд анх Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Гадаад харилцаа, мэдээлэл технологийн инженерээр ажилд орж байлаа. Тухайн үед миний ажлын үндсэн чиглэл нэн тэргүүнд дүүргийн эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж, сүлжээг хариуцахын зэрэгцээ эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой хувь хүний мэдээлэлтэй холбоотой асуудлаар өөрийн үндсэн мэргэжлээр ажилладаг байсан юм.

Үүний дараа төрийн байгууллагад шилжин ажилласан. Ингээд дараа нь өөрийн мэргэжлийн дагуу кибер аюулгүй байдал, мэдээлэл технологийн чиглэлийн компанийг үүсгэн байгуулсан юм. Манай компанийн хувьд бодлогын судалгаа талдаа түлхүү ажилладаг. Хувийн болон төрийн байгууллагуудад серверийн аюулгүй байдлыг хангах, аудит болон эрсдэлийн үнэлгээ хийх чиглэрээр мөн хувь хүний хамгаалалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  

-Нийгэмд чиглэсэн олон төрлийн, олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байдаг юм билээ. Хувь хүний нийгмийн хариуцлагаа их өндөр түвшинд ухамсарлаж амьдардаг хүн шиг санагдлаа?

-Нийгмийн хариуцлагын хүрээнд цөөнгүй ажлыг хийж хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, 2013-2016 он хүртэл хүүхдэд чиглэсэн багагүй ажлыг санаачлыг хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн алслагдсан хороодод амьдардаг хүүхдүүдэд зуны амралтаар нь англи хэл заадаг байлаа. Тухайн бүсэд сургууль завсардсан хүүхдүүд цөөнгүй байсан нь энэ төрлийн ажил хийх сэдлийг төрүүлж байсан гэх үү дээ. Нөгөө талаас алслагдсан гэр хорооллын бүсэд боловсролын хүртээмж муу байдаг, тэр дундаа англи хэл сурах хэрэгцээ байгаа ч заах боловсон хүчний дутагдалтай байлаа шүү дээ.

Миний хувьд багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан учраас залуучуудтай холбоотой, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дэм үзүүлэх юмсан гэж боддог байсан. “Young brain институт ” сургалтын байгууллагаа нээж хүүхэд, эмэгтэйчүүдрүү чиглэсэн цөөнгүй ажлуудыг хийсэн. Бид 2016 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

Бид зуны амралтаар  7-13 насны 800 гаруй хүүхдэд англи хэлний анхан шатны боловсролыг амралтын хугацаад нь олгосон байдаг. 18-35 насныхан төдийгүй байгууллагуудад ч хувь хүний хөгжлөөс авахуулаад, бизнесийн удирдлага, маркетингийн сургалтуудыг давхардсан тоогоор 6000 гаруй хүнд явуулсан.

Манайд Монголоос гадна гадаад багш нар ажилладаг байсан бөгөөд тэд нар сайн дураар ажилладаг, үндсэн ажлынхаа хажуугаар хичээл заадаг байсан гэсэн үг. Үүний дараа ерөнхий боловсролын сургуулийн  захирлууд болон нийгмийн ажилтнуудын дунд “Women education” төслийг зарлан явуулсан юм. Энэ төсөлд дүүрэг бүрээс 300 орчим эмэгтэйчүүдийг хамруулан маш амжилттай хэрэгжсэн байдаг.

 Цаашлаад багш нарыг чадавхжуулах хөтөлбөрөөс гадна эмэгтэйчүүдэд чиглэсэн хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлж  байлаа. Эдгээр хөтөлбөр бол үндсэндээ яаж ур чадвартай байх вэ, яаж олон улсад төсөл бичиж чаддаг болох вэ, яаж бичсэн төслөө нийгэмд үр дүнтэйгээр хэрэгжүүлэх вэ гэдэгт чиглэдэг л дээ. Энэ хүрээнд бид 2400 гаруй эмэгтэйд хүрч ажилласан дүн мэдээ гараад байна. Гэртээ суудаг ээжүүдээс авахуулаад бизнес эрхэлдэг, нийгмийн ажилтан, багш, цэцэрлэгийн багш зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллийн эмэгтэйчүүдэд хүрч ажиллаж чадсан.

Мөн кибер аюулгүй байдлын чиглэлээр төрийн байгууллагад сургалт болон олон улсын төслүүдийг хийж байгаа нь манай “AI Governance & Cybersecurity” төсөл байгаа юм.  Одоогийн байдлаар хоёр дүүргийн 300 гаруй албан хаагчдад зориулсан кибер аюулгүй байдал ба төрийн албан хаагчийн тусгай мэргэжлийн сургалтуудыг хийж байна. Энэ жилдээ бид есөн дүүрэг 21 аймгийн хэмжээнд  энэ сургалтуу явуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

МАН-д анхан  шатнаас нь мерит зарчмаар ажилласаар энэ хүрлээ

-Хэдий залуу хүн ч гэлээ ажил, амьдралын зузаан намтартай хүн байна. Хэдийнээс улс төрийн намд зүтгэх болов. Одоо хоёулаа таны  намд ажиллах болсон, сонгуульт ажлуудын талаар ярилцъя?

-Миний хувьд 2014 онд МАН-ын гишүүнээр элссэн цагаас анхан шатнаас нь ажилласан хүн. Хамгийн анх залуучуудын байгууллагад гишүүнээр элссэнээс улс төрийн чиг баримжаагаа тодорхойлж, өнөөдрийг хүртэл тууштай шатлан дэвшиж явна.   Анх МАСЗХ-ноос НАМЗХ болж байх тэр үед  МАН-д гишүүнээр элсэж байлаа. 2014 онд НАМЗХ-ны Бага хурлын гишүүн, үүний дараагаар буюу 2017 онд Нийслэлийн МАН-ын залуучуудын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байгаад 2020 онд өөрийн оршин суугаа хаягийн дагуу Баянгол дүүргийн МАН-ын хорооны Хэрэг эрхлэх газрын даргын  албан тушаалыг хашсан.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний хувьд 2019 онд дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байлаа. 2020 оноос СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр одоог хүртэл  ажиллаж байна. 2024 онд СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байдаг. 2025 оноос Ерөнхий нарий бичгийн даргын Кибер аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байна. Улс төрийн намд мерит зарчмаар явах нь хамгийн зөв гэж ойлгодог.

 Энэ ч утгаараа би өөрөө дүүргийн МАН-ын хорооны гишүүнээс авахуулаад намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга хүртлээ ажилласан. Дүүрэг, хороо, нийслэлд ажиллаж байгаад төв нам руугаа орж ирсэн буюу яг л өөрийн баримталдаг зарчмын дагуу шатлан дэвшиж яваа хүн. Энэ нь ч эргээд улс төрийн нам төлөөлж яваа хүмүүст төлөвших, ажлын туршлага суух, боловсрох талаасаа өндөр ач холбогдолтой гэж би хувьдаа үздэг.

Тийм ч учраас мерит зарчмаар шатлан дэвшсэн залуучууд алдаж онох, намын бодлого дагах, талцал хуваагдал үүсгэхгүй байх зэрэгт зарчимтай, дүн нуруугаа алдахгүй яваа нь харагддаг. Тэгэхээр аливаа зүйлийг сууриас нь сураад, шатлан дэвшээд явах нь  алсын замдаа тууштай, тогтвортой бөгөөд үр дүнтэй ажиллах суурь нь болж өгдөг. Боловсролын тухайд ч ялгаагүй, суурь боловсрол сайтай хүн хүмүүжил, ёс суртахууны хувьд ч бүтээмж, нөлөөлөл сайтай нийгмийн бүтээгдэхүүн болж төлөвшдөг шүү дээ. Тиймээс залуучуудын хувьд хороо, дүүрэг дээр ажиллаад иргэд, сонгогчдынхоо дунд нь ороод юу тулгамдаад, юу хүсэж мөрөөдөөд байгаа юм бэ гэдгийг сонсож, ойлгосноор маш олон зүйлийг олон талаас нь хардаг болно.

Цаашлаад шийдвэр  гаргалтад иргэдээ төлөөлөөд дуу хоолойгоо оновчтой, зөвөөр, шийдэлтэйгээр хүргэх чадвартай болдог гэж би хувьдаа хардаг. Гэтэл ийм замаар явалгүйгээр, аль нэг даргын татаасаар намд орж ирээд, хөрсөн дээр ямар байдгийг мэдэхгүйгээр хуурай шийдвэр гаргаснаас эрсдэл, алдаа гарах тохиолдол гардаг нь нууц биш. Үүний хор хохирол нь нийгэмд эргээд тусах учраас бүх зүйлийг анхан шатнаас нь суралцаж байж дараа дараачийн удаад буруу шийдвэр гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ.

-Тэгэхээр МАН-ын хүний нөөцөд эртнээс бэлтгэгдсэн хүн юм байна. Намын Удирдах зөвлөлд мөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллах саналыг анх хэрхэн тавьж, хэрхэн хүлээн авч байв?

-Миний хувьд 2025 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын Кибер аюулгүй байдлын зөвлөхөөр нь ажиллаж байна. Мөн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Анх Ерөнхий нарий бичгийн даргын зөвлөхөөр ажиллах саналыг миний мэргэжлийн онцлогтой уялдуулан намын системтийн шинэчлэлтэй уялдуулан хэд хэдэн төсөл явж байсан учраас саналыг хүлээн авч ажилласан.

Хуучин зөвлөхөөр Польш улсын Элчин сайдаар  томилогдсон манай УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь дарга маань ажиллаж байсан юм. Ингэж эмэгтэй квот дээр, өөрийн мэргэжлийн дагуу томилогдон ажиллаж байна. Миний хувьд намд яг л мерит зарчмаар явсан. Хороон дээр, дүүрэг дээр  намын ажил яаж явдаг, дүүрэгт яаж явдаг гээд хөрсийг залуучууд мэдрэх хэрэгтэй. Намын гишүүд сонгуулийн үеэр яаж ажилладгийг мэдэх хүний хувьд шинэ орж байгаа залуучуудыг анхан шатанд эхэлж ажиллаасай гэж хүсдэг дээ. Тэнд хөрсөө мэдрэхгүй хүн хэзээ ч цааш явахгүй шүү дээ.

-Нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо чухал гэдэгт дуу хоолой нь болж ирсэн хүний хувьд МАН-ын эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогыг та хувьдаа хэрхэн үнэлж дүгнэх вэ?

-Миний хувьд МАН-ын Удирдах зөвлөлд ажиллаж байгаа ч гэсэн аль нэг талыг барилгүйгээр  энэ талаарх үзэл бодол,  маш олон талын  бодлогын талаар сошиал дээрээ чөлөөтэй илэрхийлдэг. Дээрээс нь бидний сонголт буюу жагсаалтын орон тоо хэрхэн, яаж гарч ирсэн бэ, бусад намын эмэгтэйчүүд ёс зүйн хувьд ямар асуудалтай байна вэ гэдгийг нийгэм даяараа харж байна шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн квотыг нэмсэн нь зөв шийдвэр.

Манай намын эмэгтэй гишүүд бүгд л өөр өөрийн боловсролтой мундаг эмэгтэйчүүд орсон. Эмэгтэйчүүд олон болох тусам нийгмийн өргөн хүрээний асуудалд анхаарч эхэлдэг. Өмнө нь бид эзэмшсэн боловсрол, төгссөн сургуулиар нь хардаг байсан бол орчин үед энэ эмэгтэй юу хийж, нигэмд ямар үр дүн гаргасан бэ, хэчнээн хүнд нөлөөлөгч байж чадсан бэ гэдгийг хардаг болчихжээ. Тэгэхээр Монголд ч гэсэн энэ талын ур чадваруудыг харж, чухалчлахын зэрэгцээ мерит зарчмаар шатлан  дэвшүүлдэг байх хэрэгтэй гэж би хувьдаа хараад байгаа юм.

 Мерит гэдгийг яагаад давтан хэлээд байна гэхээр нам, улс төрд ажилласан чадвартай маш олон эмэгтэй бий. Гагцхүү тэднийг дэмжиж, нээж гаргаж ирэх бодлого чухал байгаа юм. Ийм хүмүүсийг гаргаж ирээсэй гэж хүсдэг. Тэгэлгүйгээр хүмүүсийн хэлдгээр “тооноор” орж ирээд, хөрсөө мэдэхгүй хүн намын нэр хүндийг унагадаг, улмаар тухайн намын улс төрийн бодлогыг ч унагах тохиолдол гарахыг  үгүйсгэхгүй. Тиймээс улс төрийн намууд үүнийг бодлогын түвшинд анхаараасай. Миний хувьд өөрөө Батлан хамгаалах их сургуулийг төгссөн, кибер аюулгүй байдлын стратеги, улс орны түвшинд ямар байгаа тухайд судалгаа хийдэг учраас энэ талдаа  илүү их ажиллана гэж бодож байгаа.

Хуурамч мэдээлэл, троллын сүлжээ бол Кибер аюулгүй  байдлын шинэ сорилт

-Кембрижийн их сургуулийн зочин судлаачаар ажиллах хугацаагаа хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг Англи улсын Кембрижийн их сургууль (University of Cambridge)-д 2026–2027 онд Сигрид Раусингийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зочин судлаачаар ажиллах урилга хүлээн авсан.  Энэ тэтгэлгийг доктороос дээш зэрэгтэй хүмүүст олгодог гэдгээрээ онцлогтой. Тухайн тэтгэлгийг олгохын тулд тодорхой хэмжээнд бидний түвшинг хардаг. Жишээлбэл, миний тухайд гэхэд кибер аюулгүй байдал дээрээ ямар судалгаа хийж байна. Энэ мэргэжлээрээ хэрхэн ажилласан байна, ямар нөлөөллийн судалгааны ажлууд бичсэн байна вэ, тухайн улс орондоо ямар байр суурь эзэлж байна вэ гэдгийг маш сайн хардаг. Тэтгэлэг учраас мэдээж үүнд шалгаруулалт явдаг.

Миний одоо хийж байгаа судалгааны ажил бол “Кибер аюулгүй байдал ба үндэсний аюулгүй байдлын хэмжээнд улс төрийн шийдвэр гаргалтад тролл буюу хуурамч хаягуудын нөлөөлөл” гэдэг сэдвээр судалгааны ажил хийж байна. Өнөө цагт хуурамч аккаунт, троллоор дамжуулаад нийгэмд талцал хуваагдал үүсгэж, улам бүр хурцдаж, асуудал үүсгэж эхлээд байна шүү дээ. Энэ нь эргээд улс төрийн буюу тухайн орны бодлогын шийдвэрт нөлөөлөөд байгаа юм байна гэдгийг гаднын улс орнууд судлаад эхэлсэн байна.

Улмаар үүнийг хэрхэн, яаж таслан зогсоох вэ гэдэг тухайд судлаачид ажиллаад тодорхой хэмжээнд улс орондоо туршаад эхэлчихсэн байна. Тиймээс Монгол Улсын хувьд ч мөн энэ чиглэлийн ажлыг хийх шаардлагатай. Тэр тусмаа биднийг жил дараалсан сонгууль хүлээж буй энэ үед тролл хаягуудыг хэрхэн, яаж хязгаарлах юм. Нөгөө талдаа энэ олон хуурамч мэдээлэл дунд хэрхэн, яаж хариу арга хэмжээ авах вэ гэдэгт  анхаарах цаг нэгэнт болчихсон. Үүнийг хийж байж сонгогчдын сэтгэлзүй болон улс төрийн шийдвэрийг бид хамгаалах боломжтой болно. Энэ бүхнийг хийхгүйгээр сонгуульд орно гэвэл маш хэцүү.

Сошиал медиа яаж хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлж байгаа вэ, яаж талцал хуваагдлыг бий болгож байна вэ гэдэг нь өөрөө маш чухал сэдэв. Сошиал медиа нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөөд ирэхээрээ үндэсний аюулгүй байдал алдагддаг гэдгийг дэлхийн улс орнууд аль хэдийнэ ойлгоод хариу арга хэмжээг нэвтрүүлээд эхэлсэн байна. Бид ч мөн үүнд бодлогын түвшинд анхаарах шаардлагатай. Ингэсээр тухайн улс орон тодорхой хэмжээнд цахим аюулгүй байдлаа хангаж байна л гэсэн үг. Миний хувьд яг энэ тухайд судалгаагаа хийж байна. Энэ  жилдээ энэ судалгаануудаа дуусгаад  олон улсын судлаач нартай дэлхийн 2-3 томоохон сэтгүүлд энэ талаарх илтгэл, өгүүллээ нийтлүүлэхээр ажиллаж байна.

Кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, шийдвэр гаргалтын түвшинд Монголын дуу хоолойг олон улсын тавцанд хүргэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэхэд таатай байна.

Энд ажиллах хугацаандаа нэгэн боловсролын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь Кембрижийн их сургууль дээр ажиллаж буй салбар бүрийн монгол судлаачдын доктор, магистрын ажил, бүтээлүүдийг Монгол Ази судлалын төвтэй хамтраад Кембрижийн их сургуульд өгөх ажлыг анаачлан эхлүүлээд байна. Энэ ажлын үр дүнд монгол судлаачид дэлхийн түвшинд очно л гэсэн үг. Монголыг судалж буй хүмүүс, монгол судлаачдын бүтээлийг бүгдийг нь унших боломж бүрдэх юм. Энэ нь өөрөө монгол судлаачид бүтээлүүдээ зөвхөн Монголдоо хадгалаад байх биш  дэлхийд гарах ёстой, үүний эхлэх суурь болох юм.

Ингэснээр бид монгол хүн гэж хэн бэ, монгол соёл гэж юу вэ, монголчуудын ондоошил гэж юу юм гэдгийг дэлхий нийтэд таниулах, судлагдахуун болох боломж нээгдэх юм. Цаашлаад олон монгол хүн Кембриж, Оксфорт, Харвардад зочин судлаачаар очиж суралцаасай, үр дүн гаргаасай гэдэг зорилготойгоор энэ төслийг эхлүүлээд байгаа юм.

-Монгол Улсын кибер аюулгүй байдлын түвшин ямар байна вэ. Та төрд төдийгүй хувийн хэвшилд ажилласан туршлагатай хүний хувьд хэрхэн үнэлж дүгнэх вэ?

-Монгол Улсын кибер аюулгүй байдал сүүлийн таван жилд маш эрчимтэй хөгжиж байгаа. Манай улс өөрөө Кибер аюулгүй байдлын тухай хууль, хиймэл оюуны стратеги, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль гэх мэт кибер аюулгүй байдлын суурь дэд бүтцийн асуудлыг зохицуулах зорилго бүхий хууль, журмуудыг Үндсэн хуульдаа оруулаад өгчихсөн. Гэхдээ мэдээж төгс хууль гэж байхгүй.

Хиймэл оюун ороод ирчихсэн учраас цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлээд хууль эрх зүйн орчноо шинэчлэх шаардлагатай. Монгол Улсын хувьд сүүлийн 5-10 жилд цахим  индексээр урагшилсан үзүүлэлттэй байгаа нь сайн мэдээ. Энэ нь нэг талаараа Монгол Улсын иргэд цахим технологийг ашиглахын зэрэгцээ бид цахим хэрэглээний ур чадваруудыг эзэмших тухайд тодорхой платформуудыг нэвтрүүлсэн учраас амжилттай яваа хэрэг. Засгийн газрын хувьд И Монголиа, И бизнес зэрэг платформыг хэрэглээнд нэвтрүүлсэн нь манай улсын цахим индекс урагшлахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Кибер аюулгүй байдлын тухайд Монгол Улс маань тодорхой хэмжээнд урагшилж яваа ч нэмэлт дэд бүтцийг шийдэх шаардлагатай гэдгийг хэлэх байна.

-Өнөөдрийг хүртэл хийсэн таны хамгийн зөв сонголт юу байсан бэ. Мөн ажил, амьдралдаа баримталдаг зарчим?

-Хамгийн зөв бөгөөд чухал нь мэргэжил сонголт байсан гэж ам бардам хэлнэ. Миний хувьд аливаад үр дүн гаргаж ажиллахыг чухалчилдаг. Өөрийн эзэмшсэн ур чадваруудаар буюу хийсэн бүтээсэн үр дүнгээрээ бусдаас ялгарахыг хүсдэг.  Нөлөөллийн буюу импакт үүсгэж ажиллахыг хичээдэг. Миний хийсэн ажил миний өмнөөс ярих цаг ирнэ гэдэг зарчимтай. Зөвхөн би гэхээсээ илүү яаж илүү олон хүнийг араасаа дагуулж, нэгтгэх вэ, яаж замыг нь нээж өгөх вэ гэдэгт төвлөрч ажилладаг. Улс төрийн үзэл баримтлалын хувьд ч анхан шатнаас нь, хувийн амбицаа дарж, би тоглолтгүйгээр өдийг хүртэл явж ирсэн. Би биш бид гэдэг үндсэн зарчмыг баримталсаар ирсэн. ПАливааг сурч мэдэж, хийхэд аль болох олуулаа байж, олноороо сурч мэдэх юмсан гэдэг чин эрмэлзлээр ямар ч ажилд хандаж ирсэн. Чадах мэдэх зүйлгүй байж хоосон амбицалж болохгүй гэдэг хатуу үзэл баримтлалтай. Ард иргэд хэрсүү болсон энэ цагт хэн юу хийж байна, хэн илүү бүтээмжтэй байна гэдгийг маш амархан ялгаж таньдаг мэддэг болчихсон цаг үе. Тиймээс залуучууд маань хоёр зүйлийг маш сайн эзэмших ёстой гэж боддог.

Нэгдүгээрт, суурь боловсрол буюу мэдлэгийг маш сайн эзэмших ёстой. Ядаж л 1-2 хэлээр ярих чадвартай, олон улсын түвшинд ойлголцохуйц хэмжээний байх, тэр дундаа улс төрд явж байгаа бол улс орноо төлөөлөх, бодлогын шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Хоёрдугаарт, суурь буюу ёс зүйн зарчимтай байх ёстой. Хэтэрхий амбийцтай биш, үр дүн гаргаж ажилладаг, хариуцсан ажлаа нэр төр, үр дүнтэйгээр гүйцэтгэж чаддаг байх ёстой. Ийм байж чадвал улс орны хэмжээний бодлогод нөлөөлөөд явах чадвар нь нэмэгдэнэ гэж хардаг.

-Ярилцлагын төгсгөлд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж буй судлаачийн хувьд ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу?

–Миний хамгийн том зорилго бол Монгол Улс кибер аюулгүй байдлын үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэх орнуудын эгнээнд багтах явдал.  Эхний 10-т багтах нь өндөр зорилт боловч бодлого, хүний нөөц, технологийн хөрөнгө оруулалтаа зөв төлөвлөж чадвал эхний 20–30 орны түвшинд хүрэх бүрэн боломжтой гэж үздэг. Гуравхан сая хүн амтай улсын хувьд бид хүн бүрийн цахим боловсрол, мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулж чадвал үндэсний хэмжээнд томоохон өөрчлөлт хийх боломжтой. Тиймээс иргэн бүр цахим ур чадвараа дээшлүүлж, мэдээллийн аюулгүй байдлын суурь мэдлэгтэй болох нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг гэж ойлгох хэрэгтэй. Миний хувьд кибер аюулгүй байдлын судалгаа, бодлого боловсруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн цахим аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьдог.

Иргэддээ хандаж нэг зөвлөгөө хэлэхэд, сошиал сүлжээнд хувийн мэдээллээ аль болох бага нийтэлж хэвших нь хамгаалалтын хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Гэр бүлийн зураг, хүүхдийн мэдээлэл, байршил, амьдарч буй орчин, утасны дугаар, цахим шуудан зэрэг мэдээллээ олон нийтэд ил тод түгээхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн бүх цахим үйлчилгээ, сошиал хаягтаа давтагдашгүй, хүчтэй нууц үг ашиглаж, хоёр шатлалт баталгаажуулалтыг тогтмол идэвхжүүлэх нь цахим халдлагаас хамгаалах хамгийн үр дүнтэй дадлуудын нэг юм.

Үүнээс гадна Монгол Улс мэдээллийн технологийн салбараа бодлогын түвшинд дэмжиж эхэлсэн нь онцлох үйл явдал боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс”-эд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд хамаарах орлогын албан татварын хөнгөлөлтийн хүрээнд дэмжих мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг баталсан. Энэ нь үндэсний мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацыг дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай технологийн компаниудыг бий болгох, мэдлэгт суурилсан эдийн засгийг эрчимжүүлэх стратегийн чухал шийдвэр гэж үзэж байна.

Өнөөдөр дэлхийн олон улс мэдээллийн технологийн салбараа татварын бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчноор дэмжин хөгжүүлж байна. Тухайлбал, Казахстан, Узбекистан, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг орнууд мэдээллийн технологийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниудад татварын бодлогын дэмжлэг үзүүлдэг. Үүний үр дүнд Казахстан улсын мэдээллийн технологийн экспорт 2025 онд 1.1 тэрбум ам.долларт хүрч, үүний 633 сая ам.долларын экспортыг зөвхөн Astana Hub дангаар бүрдүүлсэн бөгөөд 2026 онд энэхүү үзүүлэлтийг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улс ч мөн энэхүү олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжиж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжсэн эрх зүйн орчноо улам боловсронгуй болгож, инновацын эко системээ бэхжүүлэх нь улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, үндэсний аюулгүй байдал, технологийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Энэ бол зөвхөн мэдээллийн технологийн салбарын хөгжил бус, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн стратегийн нэг чухал тулгуур гэж би хардаг.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №25/24700/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

Сэтгэгдэл 1
З
Зочин 9 цагийн өмнө
Tsarailag l Yum