Замын хүн саатмаар Завхан нутагт ажилласан нь...
Улаанбаатар хотын гудамж нам гүмхэн. Гэрлэн дохио ээлжээ сольж, хааяахан өнгөрөх автомашины чимээ л хот хараахан сэрээгүйг илтгэнэ. Харин бидний өмнө 6000 гаруй километр үргэлжлэх урт зам, 13 сум, төвөвлөсөн олон уулзалт хүлээж байлаа.
Улаанбаатар хотын гудамж нам гүмхэн. Гэрлэн дохио ээлжээ сольж, хааяахан өнгөрөх автомашины чимээ л хот хараахан сэрээгүйг илтгэнэ. Харин бидний өмнө 6000 гаруй километр үргэлжлэх урт зам, 13 сум, төвөвлөсөн олон уулзалт хүлээж байлаа.
Зарим аялал зөвхөн нэг газраас нөгөөд хүрэх зорилготой байдаг. Харин зарим нь эх орноо өөр өнцгөөс харах, газрын зураг дээрх цэг бүрийн цаана хүн, амьдрал, хүсэл мөрөөдөл оршдогийг ойлгуулах үнэ цэнтэй байдаг.

МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд МАН-ын нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг ахлагчтай баг Завхан аймгийн Баянтэс, Тэс, Асгат, Ургамал, Завханмандал, Дөрвөлжин, Идэр, Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Улиастай, Эрдэнэхайрхан гэсэн 13 суманд ажиллахаар замд гарсан юм. Хотын бараа аажмаар бүдгэрч, тэнгэрийн хаяа улам уужрахын хэрээр бид Монгол орны баруун хязгаар дахь нэгэн өвөрмөц нутаг болох замын хүн саатмаар Завхан аймгийн зүг ойртож байлаа. Хангайн нуруу, Их нууруудын хотгор хоёрын заагт орших энэ нутагт мөнх цаст оргил, өндөр уулс, уудам тал, ой шугуй, говь цөлийн өнгө төрх нэгэн дор зэрэгцэн оршино. Энд Монгол орныг даасан Очирваань бурхны дүр, ариун шүтээн Отгонтэнгэр хайрхан сүндэрлэж, Идэр, Тэс гол мөрөн эх авч, олон зууны турш нүүдэлчдийн аж амьдрал, өв соёлын өлгий болсоор иржээ.
Энэ удаагийн томилолтын зорилго нь сум бүрд бүтэн өдөр ажиллаж, иргэдтэй нүүр тулж уулзан орон нутгийн бодит нөхцөл байдал, өдөр тутмын амьдрал, тулгамдсан асуудал, хөгжлийн талаарх санал бодлыг газар дээр нь сонсох, Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилга, Засгийн газрын шийдвэр, хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудын талаар болон намын даргын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй E4 стратеги”, цахим ухаалаг - Enam 3.0 платформын талаарх мэдээллийг өгөх байлаа. Тайлан, тоон мэдээллээс харагддаггүй бодит дүр зураг хүмүүсийн яриа, аж амьдралын дунд оршдогийг энэ томилолт эхнээсээ л мэдрүүлж эхэлсэн юм.
Томилолтын бүрэлдэхүүнд намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга М.Бүрэнтөгс, Улс төр манлайллын академийн тэргүүлэх сургагч багш А.Амаржаргал, Социал демократ Монголын оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, жолооч Э.Маргад-Эрдэнэ, Завхан аймгийн МАН-ын хорооны дэд дарга Д.Пүрэвдорж, улс төрийн ажилтан Ц.Золзаяа, нярав А.Ууганбаяр, Завханмандал сумын намын хорооны дарга Н.Бямбадорж, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын найрал дууны багш, СТА П.Мөнхжаргал, гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Отгончимэг нар багтан ажлын дөрөө харшуулж, сум бүрийн удирдлагууд халуун дотноор хүлээн авч хамтран ажиллав.
Баруун хязгаарын босго - Баянтэс

Завхан аймгийн хамгийн хойд захад орших, ОХУ-тай хиллэдэг Баянтэс сум бидний томилолтын эхний өртөө байлаа. Хилийн бүс нутагт, Тэсийн голын хөндийд орших энэ сумын иргэдийн амьдрал мал аж ахуй, газар тариалантай салшгүй холбоотой. Урт замын алжаал арилж амжаагүй ч сумын төвд ойртох тусам ажилдаа яарч буй хүмүүс, сургуулийн зүг алхах хүүхдүүд, хотондоо малаа бэлчээсэн малчдын дүр зураг угтан авна. Алслагдсан нутаг гэхэд эндэхийн амьдрал өөрийн гэсэн тогтсон хэмнэлээр үргэлжилж, хүмүүсийн аж төрөх ухаан байгальтайгаа салшгүй уялдсан нь анхны харцаар л мэдрэгдэнэ.
Хотод бид цагийг минутаар хэмждэг бол орон нутагт амьдралыг улирлаар, бэлчээрээр, бороо хур, өвсний гарцаар хэмждэг юм байна. Малчин айлын хувьд өглөө эртлэх нь ажил эхэлсний дохио. Харин сумын төвийн хувьд дэлгүүрийн хаалга нээгдэж, төрийн байгууллагын үүдэнд хүмүүс цугларч эхлэх тэр мөчөөс шинэ өдөр эхэлдэг ажээ.
Баянтэсээс Тэс, Асгат сумдыг зорих замд байгаль улам сүрлэг болж эхлэв. Хөвч, тал, гол мөрөн ээлжилсэн энэ нутаг байгаль, газар тариалан, мал аж ахуй гурав нягт холбоотойг илтгэнэ. Замын хоёр талаар сүрэг сүргээрээ идээшлэх мал, алсад цайран харагдах гэрүүд, хааяа нэг тохиох мотоциклтой малчин гээд монгол ахуйн эгэл дүр зураг хөвөрнө.
Танхим дүүрэн хүн байлаа. Үүдэнд морин туурайн тоосоо гөвсөн малчин, урд эгнээнд сургуулийн багш, хамгийн ард хүүхдээ тэвэрсэн залуу ээж сууж харагдана. Микрофон нэг хүний гараас нөгөөд шилжих бүрд амьдралын өөр өөр түүх сонсогдоно. Ахмад настнууд бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг, малчид өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, арьс ширний үнэгүйдлийг, залуус ажил, амьдралын боломж нэмэгдүүлэхийг, орон нутгийн удирдлагууд Арц суурийн боомтын талаар санал бодлоо илэрхийлнэ.Тэдний ярьж буй асуудал өөр өөр боловч нэгэн ижил хүсэл ажиглагдсан нь нутаг орноо хөгжүүлэх чин хүсэл байлаа.

Буурлын цагаан овоогоо шүтэн суух Сэцэн Сартуул түмний өлгий Ургамал, Завханмандал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдыг зорих тусам Завхан нутаг дахин өөр төрхөө дэлгэнэ. Уулсын дундах нарийн хөндий, алсыг ширтэхэд дуусашгүй мэт үргэлжлэх тал нутаг, манай улсын хамгийн том элсэн тогтоц Монголын элс, хөлөрсөн манханыг сэрүүцүүлсэн Завхан гол, хангайн сувд хэмээн алдаршсан Улаагчны хар нуур, хааяа дайралдах жижиг булаг шанд, өвсөн дундаас цухуйх тарваганы дуу хүртэл энэ нутгийн амьдралын нэг хэсэг.
Энэ бүс нутагт хариуцлагагүй уул уурхай газар авч, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаад нутгийн иргэд хамгийн ихээр санаа зовниж байлаа. Тэр тусмаа баянбүрдийг тэтгэгч шим болсон Хүнгий голын усыг шууд хэрэглэж байгаад, тоосжилт жил ирэх тусам нэмэгдэж байгаад анхаарал хандуулууштай юм.
Зам урт байсан ч уйтгартай санагдсангүй. Учир нь километр бүр шинэ дүр зураг, сум бүр шинэ танил, уулзалт бүр шинэ бодол үлдээж байлаа. Замын хүн зөвхөн газар туулдаггүй, харин түмний сэтгэл, нутаг орны өнгө төрхийг танин мэддэг гэдэг үгийн утга энэ мөчөөс илүү тодорхой болж эхэлсэн юм.
Отгонтэнгэр - Тэнгэрт ойрхон шүтээн

Энэ удаагийн томилолтын нэгэн онцгой давхцал нь хамгийн олон ерөнхийлөгч оролцсон, хамгийн олон хутагт, хувилгаад номын авшигаа хүртээсэн, хамгийн олон хүмүүс цугласан Отгонтэнгэр хайрхны найм дахь удаагийн их тахилгын өдрүүдтэй таарсан явдал байв. Замын турш алсаас бараалхан харагдаж байсан хайрхан энэ удаад биднийг дэргэдээсээ угтах гэж байгаа мэт улам ойртсоор байлаа. Завханчуудын хувьд Отгонтэнгэр бол зүгээр нэг сүрлэг уул биш. Энэ бол нутгийнхны шүтээн, өвөг дээдсийнхээ захиасыг хадгалсан ариун хайрхан, байгаль дэлхийтэйгээ эвлэн орших монгол ухааны илэрхийлэл юм.
Өглөөний нар уулсын цаанаас аажмаар өндийж, хөх манан хөндийгөөр татан сарних тэр агшинд Отгонтэнгэр хайрхан сүрлэгээрээ улам тодорч харагдана. Отгонтэнгэр хайрхан зөвхөн Завхан аймгийн төдийгүй Монгол түмний сэтгэлийн түшиг болсоор иржээ. Тиймээс ч тахилгын үеэр төр, шашны тэргүүтнүүд улс орны сайн сайхныг бэлгэдэн хур бороо элбэг, мал сүрэг тарган, ард иргэд нь амгалан тайван байхыг хүсэн ерөөдөг уламжлал өнөөдөр ч хадгалагдан үлдсэн байна. Бид зөвхөн сүрлэг уулыг харсангүй, харин байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой орших монголчуудын сэтгэлгээ, өв соёлын амьд илэрхийллийг мэдрүүлсэн нь гадаадын төдийгүй дотоодын аялал жуулчлалын бодлого үгүйлэгдэж байгааг нэхэн сануулж байлаа.

Тахилгын дараа томилолтын зам дахин үргэлжиллээ. Биднийг Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумд хүлээж байв. Замын хоёр талаар үргэлжлэх уудам нутаг, алсад хөхөрсөн уулс, хааяа үзэгдэх малчин айлуудын цагаан гэрүүдийг харахад Завхан нутаг өөрийн гэсэн тайван бөгөөд уужим хэмнэлээр амьдарч буй нь мэдрэгдэнэ. Сум бүр өөрийн онцлогтой ч нэг зүйл ижил байлаа. Тэр нь нутаг орноо гэсэн хүмүүсийн халуун сэтгэл, ирээдүйдээ итгэсэн итгэл юм.
Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэгээр ахлуулсан ажлын хэсгийн хамт олныг Завхан аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч уулзан цаг үеийн асуудлууд болон намын бодлого, шинэчлэлийн талаар санал солилцож халуун яриа өрнүүлэв. Тэрбээр тус аймгийн 13 суманд хүрч, 2500 гаруй иргэнтэй уулзаж Засгийн газрын шийдвэр, хэрэгжүүлж буй ажлууд, намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй E4 стратеги”, цахим ухаалаг E-nam 3.0 платформын талаар мэдээллийг өгч буйд талархал илэрхийллээ. Томилолтын үеэр 40 гаруй ахмад гишүүний гэрээр зочлон хүндэтгэл үзүүлсэн бөгөөд тэд маань намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, үр дүнтэй зохион байгуулах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг намын үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулах, нам, төрийн талаарх ойлголтыг нь төлөвшүүлэх, намын байгуулалтын ажлыг төлөвлөгөө, гүйцэтгэлд суурилан хэрэгжүүлэх талаар санал, зөвлөмж өгч байсан юм.
Шилүүстэй суманд болсон уулзалтын үеэр нутгийн иргэдийн хэлсэн үг бүрээс энэ нутагтайгаа хүйн холбоотой хүмүүсийн сэтгэл мэдрэгдэж байлаа. Хөгжил дэвшлийн тухай ярихдаа ч тэд хамгийн түрүүнд "нутагтаа сайхан амьдрах боломж"-ийг онцолно. Хүүхдүүд нь төрсөн нутагтаа боловсрол эзэмшиж, залуус нь ажил хөдөлмөртэй болж, малчин өрхүүд нь тав тухтай амьдрах нөхцөл бүрдвэл үүнээс илүү хүсэх зүйлгүй хэмээн ярьж суух ахмадуудын үг энгийн хэрнээ гүн утгатай санагдсан. Суманд эдийн засгийн боломжийг олгох, тэлэх орон зайг өгөх, сумдыг бүсчлэн хөгжүүлэх нь цаг хугацааны асуудал болсныг бүрэн илэрхийлнэ.
Цагаанчулуутаас Улиастай хүртэл

Цагаанчулуут суманд очиход байгаль дахин өөр өнгөө харууллаа. Уулсын хормойгоор аргаль, янгир бэлчих энэ нутаг хүний гараар төдийлөн өөрчлөгдөөгүй мэт онгон төрхөөрөө үлджээ. Эндэхийн хүмүүсийн яриа ч байгальтайгаа салшгүй холбоотой. Усны эх, бэлчээрийн даац, малын ашиг шим, өвөлжилтийн бэлтгэл гээд тэдний өдөр тутмын амьдрал эх дэлхийтэйгээ шууд холбогддог болох нь мэдрэгдэнэ.
Хотод бид хөгжлийг ихэвчлэн барилга байгууламж, авто зам, тоон үзүүлэлтээр төсөөлдөг. Харин орон нутагт хөгжил гэдэг хүмүүсийн сэтгэлд хэр итгэл төрж байгаагаар хэмжигдэх шиг. Иргэдийн инээмсэглэл, нутаг орноороо бахархах бахархал, хамтдаа бүтээн байгуулна гэсэн эрмэлзэл бол ямар ч статистикаас илүү үнэ цэнтэй үзүүлэлт ажээ. Ард түмний ам хийх зүйл мөн их байгааг байнга сануулна.
Зам биднийг эцэст нь Улиастай хотод хүргэлээ. 300 орчим жилийн түүхийг өөртөө хадгалсан энэ хотод ирэхэд Завхан нутгийн өнгөрсөн, одоо, ирээдүй нэгэн цэгт огтлолцож буй мэт сэтгэгдэл төрсөн юм. Монголын баруун хязгаарын түүхийг сөхвөл Улиастайг алгасах аргагүй. Манжийн үеэс цэргийн жанжны хүрээ болон хөгжиж, баруун хязгаарын засаг захиргааны төв болж ирсэн энэ хот өнөөдөр ч Завханчуудын оюун санаа, боловсрол, соёлын төв хэвээрээ байна. Хотын гудамжаар алхахад хуучин цагийн түүх, шинэ цагийн бүтээн байгуулалт хоёр зэрэгцэн оршино.
“Ардын намаа хайж байлаа. Ашгүй салхи сэвэлзэж нэгэн өдөр ирлээ” гэсэн тулхтай өвгөний үг чухам “Ардын нам – Ард түмэндээ аян” өрнөсөн утга учрыг илэрхийлнэ.
Сүүлчийн зогсоол Идэр

Харин Идэр суманд биднийг өөр нэгэн өнгө угтав. Сумын төвд цугласан иргэдийн дунд ахмад буурлууд ч, залуус ч, хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд ч байлаа. Уулзалтын танхимд өрнөх яриа албан ёсны мэт боловч дундаас нь эгэл амьдралын үнэн тодорч байв. Мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, ажил эрхлэлт, татварын хөнгөлөлт, тэтгэвэр тэтгэмж гээд ярилцах сэдэв олон.
Хүн амын төвлөрөл хот руу шилжин хөдөө орон нутагт хөдөлмөрийн насны хүн ам цөөрч, мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, үйлчилгээ ажиллах хүчнээр дутагдаж, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмжгүй байдал нэмэгдэж, сум багийн хөгжил саарч, бүс нутгийн хөгжлийн ялгаа улам бүр нэмэгдэж байна.
Олон зуун километрийн замыг ардаа орхисон бидний хувьд замын алжаал мэдрэгдэх ч сэтгэл нэг л өөр байв. Учир нь энэ хугацаанд бид зөвхөн сумдаар явсангүй. Хүмүүсийн амьдралтай уулзаж, нутаг орны өнгө төрхийг харж, иргэдийн санал бодлыг сонсож, Завхан нутгийн жинхэнэ мөн чанартай танилцсан юм.
20 хоногийн турш үргэлжилсэн энэ томилолт бидэнд нэгэн үнэнийг дахин сануулсан юм. Монгол орны хөгжил зөвхөн нийслэл хотын бүтээн байгуулалтаар хэмжигдэхгүй. Алслагдсан сум бүрд ажиллаж, амьдарч, үр хүүхдээ өсгөж, нутаг орныхоо төлөө хөдөлмөрлөж буй хүмүүсийн итгэл, зүтгэлээр эх орны хөгжил бүтдэг.
Зам дууссан ч тэр нутгийн уужим тэнгэр, уулсын бараа, эгэл хүмүүсийн инээмсэглэл, уулзалт бүрээс сонссон итгэл дүүрэн үгс урт хугацаанд сэтгэлд үлдэх нь гарцаагүй.
Зарим томилолт очсон газраараа дурсагддаг. Харин зарим нь уулзсан хүмүүсээрээ, сонссон үгээрээ, мэдэрсэн сэтгэлээрээ мөнхөрдөг. Завхан нутгийг зорьсон энэ удаагийн томилолт бидний хувьд яг тийм л аялал байлаа.
М.Бүрэнтөгс /Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №25/24700/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу.