МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр З.Мэндсайхан: Монголын ард түмэн Оюутолг...

З.Мэндсайхан: Монголын ард түмэн Оюутолгойн өгөөжийг хүртэх боломжтой болсон

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

Үнэн
Админ

 УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа. 

-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. Сангийн сайдын хувьд энэ удаагийн чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэх вэ. Танай салбарын хувьд голлох хуулиудаа батлуулж амжлаа шүү дээ?

-УИХ-ын хаврын ээлжит чуулган 79 өдөр хуралдаж, хаалтаа хийлээ. Ингэснээр анхны 126 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар  341 хууль, тогтоомж баталсан бол энэ хаврын чуулганаар 275-ыг хэлэлцэн баталжээ. Үүнээс манай яамнаас санаачлан боловсруулсан гадаад зээллэгийн асуудлыг шийдвэрлэлээ. Мэдээж хамгийн том үр дүн бол Татварын багц хуулиа шинэчиллээ. Миний хувьд Оюутолгойн зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг ахалсны хувьд хэлэлцээнийхээ ард амжилттай гарсныг юуны өмнө онцлох нь зүйтэй болов уу.  Засгийн газраас “Рио Тинто” групптэй Оюутолгойн төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах асуудлаар хэлэлцээр хийлээ.

Хөрөнгө оруулалтын гэрээгээрээ юу тусгаж өгсөн байдаг вэ гэхээр долоон жил тутамд гэрээг эргэж харах зохицуулалт хийж өгсөн байдаг. Энэ хүрээнд хэлэлцээрийн эрх 2025 онд нээгдсэн. Засгийн газар одоо гурван чиглэлээр ажиллаж байна. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан менежментийн хүү төлбөрийг бууруулах нь эхний ажлын хэсэг. Дараагийнх нь одоо зээлийн хүүг бууруулах. Гурав дахь нь Арбитртай холбоотой асуудлыг С.Амарсайхан сайд ахлаад ажиллаж байна. Хэлэлцээр өнөөдрийн байдлаар бодитой үр дүнд хүрлээ. Хэлэлцээр  хүнд, амаргүй нөхцөлд явсан гэдгийг тодотгож хэлэх нь зөв байх. Сангийн сайдын хувьд төслийн Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн асуудлыг хариуцаж ажилласан. Ингээд бид маш тодорхой үр дүнд хүрлээ. “Рио Тинто” групптэй олон удаагийн уулзалтыг хийсэн. Эхний шийдсэн асуудал Хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүгийн асуудлыг эргэж ярих байсан. Долоон жил гэдэг бол урт хугацаа. Тиймээс гурван жил болгож тохиролцлоо. Энэ хэлэлцээр удаан хугацаанд, амаргүй үргэлжилсэн ч  маш үр дүнтэй болсон.

 Ажлын хэсгийнхний хувьд улс орны эрх ашиг ямагт нэгт байх ёстой гэдэг зарчмын байр сууринаасаа хазайлгүй явсаар ард нь амжилттай гарлаа. Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргасан гэж би ам бардам хэлнэ.  Энэ хэлэлцээрийн үр дүнд  монголчууд “Оюутолгой” төслөөс 2039 онд ногдол ашиг авах байсныг 2026 он болгож, 13 жилээр урагшлуулсан. Нэгдүгээрт, өмнөх хэлэлцээрээр Оюутолгойн менемжентийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найман их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу тав орчим их наядаар нэмэгдүүлж чадсан.  Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг 10.5-аас 7.9 болгож, 2.5 хувиар буурууллаа. Зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар болох 22 их наядыг хэмнэлээ. Монголын талын хүртэх өгөөж найман их наядаар нэмэгдсэн.  Хоёрдугаарт, долоон жилд нэг удаа хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулах цонх нээгдэж, хэлэлцдэг байсныг гурван жил болгож богиносголоо. Хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум ам.доллар буюу 13 их наядаар нэмэгдүүлж чадсан. Үндэсний их баяр наадмын өмнөхөн  монголчууд эрх ашгаа хаанахын, хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгээ нотлон харууллаа.

Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан, чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт энэ тэнцүү хамгаалж хамтран ажиллах болно гэдгийг Сангийн сайдын хувьд дахин тодотгоё. Оюутолгой төслөөс монголчууд 17 жил өгөөж хүртэж чадалгүй явж ирснийг Н.Учралын Засгийн газар  80-хан хоногийн хугацаанд хэлэлцээр хийснээр 13 жилийн дараа хүртэх байсан өгөөжийг нааш нь татаж, энэ жил монголчууд ногдол ашиг авахаар болсон нь хамгийн том амжилт. Монголын ард түмэн байгалийн баялгийн өгөөжөө хүртэх Үндсэн  хуульд заасан эрхээ эдлэх боломж ингэж бий боллоо.

-Та Ажлын хэсгийн ахлагчийн хувьд  хэлэлцээрийн турш зарчмын ямар байр суурьтай байв?

-Монгол Улсын Засгийн газар хатуу байр суурьтай байсан. Нөгөө талдаа хэлэлцээрийн явцад манай улсын Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, төрийн бус байгууллагууд, гишүүдийн маань санаачилж хийсэн нээлттэй сонсгол зэрэг нийгмийн болон улс төрийн дэмжлэг болсон. Мэдээж хэлэлцээрийг ажил хэрэг болгох нь Засгийн газрын үүрэг байсан, Засгийн газар үүргээ биелүүлсэн.  Хэлэлцээрийн үр дүнд нэгдүгээрт, зээлийн хүүгээ бууруулчихлаа. Хоёрдугаарт, менежментийн төлбөрөө бууруулчихлаа. Гуравдугаарт, долоон жил тутамд нэг удаа л зээлийн хүүг эргэн харах нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулсан байсан. 2009 онд гэрээ байгуулаад 2017 онд нэг удаа хэлэлцээр хийсэн. Тухайн үед гэрээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Дараагийн долоон жил нь 2025 онд болсон. Ингээд бид 2025 оны хэлэлцээрийг үргэлжлүүлсээр өнөөдөр дуусгаж байгаа юм.  Хамгийн гол нь энэ хэлэлцээрээр долоон жил байсныг гурван жил болгосон. Одоо монголчууд маань гурван жил тутамд “Рио Тинто”-той зээлийн хүүгийнхээ хэлэлцээрийг хийгээд явах боломж бүрдлээ.

Цаашид бид “Оюутолгой” төслийг үр өгөөжтэй байлгах, Монголын ард түмэнд 53 хувийн өгөөжийг авчрах сууриудыг энэ удаагийн хэлэлцээрээр тавьж өгсөн.  Энэ хэлэлцээрийг хийсний үр дүнд ирээдүйд бий болох 6.2 тэрбум ам.долларын өрийг хааснаараа бид өнөөдрийн Монгол Улсын хүртэх өгөөж 35 хувь байгааг 40 хувь болгож байгаа юм. “Оюутолгой” төсөл эхлээд 17 жил өнгөрсөн байна. Далд уурхайн бүтээн байгуулалт 99.8 хувьд хүрсэн. Бүтээн байгуулалтын шат бараг дууссан. Оюутолгой маань далд уурхайгааса олборлоод эхэлчихсэн. Мөнгөн урсгал нь эерэг болчихсон. Тэгэхээр бид ногдол ашиг ярих нь зөв. Монголын ард түмний эрх ашигийг хангахын төлөө Засгийн газар ажиллах нь бидний үүрэг. Хэдий хэмжээний ногдол ашиг авах вэ гэдгээ хоёр талаасаа тооцоолол дээр суусны эцэст тохирно.  Бид хөрөнгө оруулагч талтайгаа тохирсон учраас ажлын хэсэг албажуулах асуудлыг яаравчилна. Хөрөнгө оруулалтын гэрээндээ өөрчлөлт оруулна.

 Одоо хугацаа алдах ч юм уу, хойшлуулах аль эсвэл ямар нэгэн болзолтой зүйл огт байхгүй. Бид  хэлцэл дууссаны дараа нэг зүйлийг ил тод мэдэгдсэн. Энэ хэлцлийн ард Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Нэг ёсондоо энэ хэлэлцээрийн цаана ямар нэгэн тохироо байхгүй гэдгийг би Сангийн сайдын хувьд ард түмэндээ хариуцлагатайгаар хэлэх нь зөв гэж үзэж байна. Хэлэлцээрийн үр дүнг товчлон дүгнэхэд, Монголын ард түмэнд нэгдүгээрт ногдол ашгаар, хоёрдугаарт АМНАТ-ын татвараар, гуравдугаарт бусад татвар хураамжаар, нийт 53 хувийн өгөөж хүртээнэ гэж байгаа. Өнөөдрийн байдлаар “Оюутолгой” төслийн хувьд бол  34 орчим хувийн өгөөжийг Монгол Улсад өгч байна. Цаашид энэ хэмжээг 53 хувьд хүргэх зайлшгүй шаардлага байгаа. Бидний хийсэн хэлэлцээрийн дүнд зээлийн хүүг бууруулснаар өгөөжийг 40 орчим хувь руу хүргэж байна. Дахиад цаашаа бид ногдол ашгаа авах ёстой. Бид “Онтрэ”-гийн хэлэлцээрийг хөрөнгө оруулалтын гэрээ болгож шийдвэрлэх тохиолдолд, түүнээс өмнө Монголын талын хүртэх өгөөжийг заавал 53 хувьд хүргэх байр сууртай байгаа.

-УИХ Татварын багц хуулийг эцэслэн баталсан нь чуулганы бас нэг томоохон үр дүн боллоо. Энэ хуулийн үр дүн, ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Парламентаар сар гаруйн хугацаанд хэлэлцэж, нэгтгэсэн уг хуулийн төсөл батлагдсанаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд аж ахуйн нэгжүүдийг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах таатай орчин бүрдсэн. Татварын баг хуулийг эцэслэн баталсан нь хаврын чуулганы томоохон үр дүн. Энэ хууль батлагдсанаар ХХОАТ дээр 792 мянга хүртэлх хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээнээс 0 хувь, хоёр сая хүртэлх хэмжээнээс нэг хувьтай байна. 792 мянга хүртэлх хөнгөлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Хоёр сая хүртэлх хэмжээнээс нэг хувьтай байх татвар 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ийнхүү хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн хөнгөлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлж өглөө. Харин хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор зохицуулалт хийсэн. Түүнчлэн иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн шимтгэлийг хүчингүй болгосон. Аж ахуйн нэгжийн хувьд, өмнө нь байсан татварын босгын шатлалыг нэмж өгсөн.

Татварын өмнөх орлого нь зургаан тэрбум төгрөг хүртэлх бол 10 хувь түүнээс дээш бол 25 хувийн татвар авдаг байсан. Үүнийг өөрчилж, 6-10 тэрбум төгрөгийн хооронд орлоготой бол 15 хувийн татварын хувь хэмжээ тавьж өглөө. ЖДҮ эрхлэгчдийн орлого 1.5 тэрбум төгрөг байсан бол 2.5 тэрбум төгрөг болгож, хялбаршуулсан горимоор татвараа төлөх буюу нэг хувийн татвар оногдуулах өөрчлөлтийг баталлаа. Улмаар виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр боллоо. 400 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-аас чөлөөлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Мөн Онцгой албан татварт өөрчлөлт оруулсан. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг хоёр сараар хойшлуулах, аж ахуйн нэгжийн тайлангаа гаргаж, тушаах хугацааг хоёр жилээр оновчтой болгох зэрэг заалтуудыг баталлаа.  Түүнчлэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар  эцэслэн баталсан.

Ингэснээр олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслүүд урагшлах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг онцлох учиртай. Энэ хуулийг баталснаар бид олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслүүдийг урагшлуулах эрх зүйн орчин бүрдсэнийг тодотгоё.  Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлан төр, хувийн хэвшлийн харилцааг тодорхой болгож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, бизнесийн орчин тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой болж, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь зохицуулалтыг бүрдүүллээ.

-Сангийн сайдын хувьд та төсвийн реформ хийхээ зарласан. Төсвийн тодотголын хүрээнд ямар бодлого баримтлах вэ?

- Би хувьдаа төсвийн тогтолцооны шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үздэг. Энэ чиглэлээр судалгаа, бэлтгэл ажлууд эхэлсэн. Мэдээж хууль батлагдлаа гээд маргааш нь шинэ систем рүү шилжинэ гэсэн үг биш. Мэргэжилтнүүдээ бэлтгэх, бүртгэлийн тогтолцоогоо шинэчлэх, үе шаттайгаар шилжилт хийнэ. Хэрэв бид энэ реформыг хэрэгжүүлж чадвал төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого, санхүүгийн удирдлагын чанарт том өөрчлөлт гарна гэж бодож байна.

Миний хувьд тодотголд баримталж буй гол бодлого бол шинээр томоохон зардал нэмэхээс илүүтэйгээр одоо байгаа зардлуудын үр ашиг, бүтэцдээ анхаарах нь зөв гэж үзэж байгаа юм. Монгол Улс нийт 76 гадаад зээлийн төсөл хэрэгжүүлж байгаа ч  төсвийн хязгаарлалтаас шалтгаалаад эдгээр төслийн санхүүжилтийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Эдгээр төслийг хурдасгах шаардлага байгаа ч төсвийн хүрээний хязгаарлалт саад болж байсан. Тиймээс Засгийн газар холбогдох зохицуулалтыг хийж, төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажилласан. Бид 13.8 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэртэй атлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь зөвхөн мөнгөний бус төсвийн тогтолцооны асуудал. Тиймээс төсвийн реформ хийх зайлшгүй шаардлага бий болсон.

Өнөөдөр Монгол Улс мөнгөн хөрөнгөд суурилсан төсвийн тогтолцоогоор ажиллаж байна. Харин олон улсын жишигт акруэл суурьтай буюу цаг хугацааны бүртгэлд тулгуурласан тогтолцоог өргөн ашиглаж байна. Энэ тогтолцоо нь хөрөнгө оруулалт, өр төлбөр, ирээдүйн үүрэг хариуцлагыг илүү бодитоор үнэлэх боломж олгодог. Дэлхийн олон улс энэ системд шилжсэн. Монгол Улс ч үе шаттайгаар шилжих шаардлагатай. Энэ тогтолцооны гол давуу тал нь хөрөнгө оруулалт, өр төлбөр, ирээдүйн үүрэг хариуцлагаа илүү бодитой үнэлэх боломж олгодогт оршдог. Ингэснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого илүү оновчтой болно.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №026/24701/ дэх дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.