МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Г.ЛУВСАНЖАМЦ: Утаа, түгжрэлийг шийдэх да...

Г.ЛУВСАНЖАМЦ: Утаа, түгжрэлийг шийдэх даалгаврыг өөртөө  өгснөөр УИХ-ын гишүүний ажлаа эхлүүлж байлаа

Токиогийн их сургуулийн доктор, Хот төлөвлөлтийн инженер, 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтыг тэргүүлсэн, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцыг “Залуу лидер” булангийн ээлжит дугаарт урьж, ярилцлаа.  -Ярилцлагын эхэнд 2024 оноос өмнөх Г.Лувсанжамц­тай танилцъя? -Япон  улсын “Ниппон коэй” гэдэг зөвлөх үйлчил­гээний компанид дэд менежерээр ажиллаж байлаа. Манай компанийн хувьд Засгийн газар, Хотын захиргаанаас эхлээд хувийн хэвшил буюу үл хөдлөх хөрөнгө, аж үйлдвэрийн парк барьдаг компани болон байгууллагуудад хот төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр зөвлөгөө өгдөг. Миний хувьд гаднын төслүүдийг нь хариуцдаг буюу 10 гаруй улсын төсөл дээр ажиллаж байсан. Японд төвтэй боловч ихэвчлэн гадаадын олон улс руу очиж ажилладаг байсан гэсэн үг л дээ. Вьетнам, Камбож, Турк, Тайланд болон Латин Америкийн Барбадос, Гватемал, Гондурас зэрэг улсын төслийг хариуцаж ажилладаг байсан юм. Дэд менежер гэдэг нь тухайн компанийн үндсэн ажлыг нугалдаг албан тушаал гэсэн үг л дээ. Төсөл эхлэхээс дуусах хүртэлх бүх шат дамжлагыг хариуцна, багаа удирдана, зарим тохиолдолд  захиалагч байгууллагын багийг удирдаж эсвэл зөвлөж ажилладаг байсан юм. Ингээд 2024 оны  тавдугаар сард эх орондоо ирж байв.

Үнэн
Админ
 

Токиогийн их сургуулийн доктор, Хот төлөвлөлтийн инженер, 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтыг тэргүүлсэн, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцыг “Залуу лидер” булангийн ээлжит дугаарт урьж, ярилцлаа.

 -Ярилцлагын эхэнд 2024 оноос өмнөх Г.Лувсанжамц­тай танилцъя?

-Япон  улсын “Ниппон коэй” гэдэг зөвлөх үйлчил­гээний компанид дэд менежерээр ажиллаж байлаа. Манай компанийн хувьд Засгийн газар, Хотын захиргаанаас эхлээд хувийн хэвшил буюу үл хөдлөх хөрөнгө, аж үйлдвэрийн парк барьдаг компани болон байгууллагуудад хот төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр зөвлөгөө өгдөг. Миний хувьд гаднын төслүүдийг нь хариуцдаг буюу 10 гаруй улсын төсөл дээр ажиллаж байсан.

Японд төвтэй боловч ихэвчлэн гадаадын олон улс руу очиж ажилладаг байсан гэсэн үг л дээ. Вьетнам, Камбож, Турк, Тайланд болон Латин Америкийн Барбадос, Гватемал, Гондурас зэрэг улсын төслийг хариуцаж ажилладаг байсан юм. Дэд менежер гэдэг нь тухайн компанийн үндсэн ажлыг нугалдаг албан тушаал гэсэн үг л дээ. Төсөл эхлэхээс дуусах хүртэлх бүх шат дамжлагыг хариуцна, багаа удирдана, зарим тохиолдолд  захиалагч байгууллагын багийг удирдаж эсвэл зөвлөж ажилладаг байсан юм. Ингээд 2024 оны  тавдугаар сард эх орондоо ирж байв.

-Япон улсад  боловсрол эзэмшсэн, суралцсан түүхээ­сээ хуваалцана уу?

-Ахлах сургуулиасаа эхлээд бүх түвшний боловсролыг Японд эзэмшсэн. 15 настай байхдаа Зориг сангийн тэтгэлгээр Япон руу явж байлаа.  Ахлах сургуулиа 2007 онд төгсөөд 2011 он хүртэл Токиогийн Поли­техникийн их сургуульд Архитертороор суралцсан. 2011 онд бакалавраа төгсөөд 2016 он хүртэл Монголдоо ирж ажилласан. Тухайн үед зураг төслийн компанид ерөнхий төлөвлөгөө болон хотхонуудын барилгын зургийг зурдаг байлаа. Барилгын талбай дээр мөн жил гаруйн хугацаанд ажилласан.

Байгаль орчны яаманд НҮБ-ын төсөл дээр “Ногоон барилга”-ын зөвлөх  үйлчилгээ үзүүлж мөн ажилладаг байсан юм. Энэ ажлыг таван жил гаруйн хугацаанд хийсэн. Бакалавраа төгсөөд Япондоо ажилд орох боломж байсан ч хувийн итгэл үнэмшлээ дагасан учраас Монголдоо эргэж ирж ажилласан юм. Миний хувьд алсдаа эх орондоо очиж ажиллаж, амьдрах хүсэлтэй байсан учраас тэндээ ажилд орчихвол  хэтэрхий японжоод, “Монголоо алдчих” юм шиг санагдаад байсан учраас эргэж ирээд архитектороороо ажилласан. Бакалаварт сурч байхдаа л Улаанбаатар хотынхоо утааны асуудлыг шийдэх юмсан гэж их боддог байсан л даа. Энэ ч үүднээс барилгын салбарт ажилласнаар энэ хүсэл эрмэлзлээ ажил хэрэг болгоно гэж харж байсан юм. 

Яг ажлын талбар дээр гарахад дан барилгын салбарт ажилласнаар утааны асуудлыг шийдэх боломжгүй юм байна гэдгийг ойлгосон л доо. Ингэж ажиллах явцаа хот төлөвлөлтөөр сурч байж утааны асуудлыг шийдэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах боломж илүү нээгдэх, энэ чиглэлээр дахин суралцаж, мэргэжлийг нь эзэмших ёстой юм байна гэж шийдсэн. Тухайн үед хот төлөвлөлтийн чиглэлээр сургадаг сургууль Монголд байгаагүй учраас  Япон улсыг сонгож байлаа. Хэлийг нь мэддэг, өмнөх шатны боловсролоо тэнд эзэмшсэн, дээрээс нь мөн Япон улсын тэтгэлэгт хамрагдах боломж гарсан учраас 2016-2021 он хүртэл Токиогийн их сургуульд Хот төлөвлөлтийн мастер, докторын зэргээ хамгаалж байв.

Мастерын түвшинд яг зорьсныхоо дагуу буюу “Хот байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ” гэдэг үр дүнгийн тооцоолол маягийн судалгааны ажил хийж байлаа. Докторын сэдвээ арай өргөтгөөд илүү төрийн байгуулалт буюу хууль эрх зүйн орчин талаас нь судлах зорилгоор “Төлөвлөгөөт зах зээлээс чөлөөт зах зээл рүү шилжсэн улс орнууд хот төлөвлөлтөө хэрхэн шийдэж байна вэ. Газар, хот байгуулалтын хуулиас авахуулаад эдийн засгийн хөгжлийн бодлогынхоо хүрээнд яаж утаа, түгжрэлгүй амьдраад байна вэ” гэдэг талаас нь гурван жилийн хугацаанд докторын судалгаа хийж хамгаалсан.

 Бакалаварт сурч байхдаа өөртөө тээсэн жижиг зорилгоо биелүүлэхдээ хариулт, шийдлийг нь олох судалгааны ажлуудыг хийсэн нь энэ л дээ.

-Япон хүмүүжил, боловсролын системээс Монголдоо нутаг­шуулмаар, туршлага, ноухау?

-Ерөнхий болон дээд боловсролын хэмжээнд хувааж ярих нь зүйтэй болов уу. Ерөнхий боловсролын түвшинд Японы сургуулиудад “Япон хүнийг бүтээе” гэдэг үндсэн бодлого нь илүү тод харагддаг. Гэхдээ энэ нь япон гэхээсээ илүү “Хүнийг бүтээе” гэдэг бодлого л доо. Хүнийг бүтээхийн тулд боловсролын системээрээ дамжуулаад хоёр зүйлийг тууштай хэрэгжүүлдэг.

Нэгдүгээрт, хариуцлагатай иргэнийг бий болгох. Хоёрдугаарт, тууштай иргэнийг “бүтээх” ёстой гэж үздэг. Ингэхдээ хичээлийн агуулгаар бус өөр бусад арга барилаар дамжуулж хүүхдүүдийг төлөвшүүлдэг. Хариуцлагатай гэдэгт цаг барихыг маш өндөр хэмжээнд шаарддаг. Монголд одон медаль авсан эсвэл олимпиадад түрүүлсэн хүүхдийг “Тэргүүний сурагч”-аар өргөмжилдөг бол Японд “Хоцролтгүй, таслалтгүй, чөлөө аваагүй хүүхэд”-ийг  шагнаж, урамшуулдаг байх жишээний.  Энэ бол хүн байхын тулд хариуцлагатай байх ёстой гэдэг эхний даалгавар нь болдог. 

Тууштай байхын тухайд япончууд багаасаа буюу 5-6 наснаасаа аливаа нэг спортоор дагнан хичээллэдэг байхыг сургууль нь шаарддаг. Хичээлээ тараад заавал нэг дугуйлан секцэнд хамрагдах ёстой гэж үздэг. Шатар, даам, усанд сэлэлт, урлаг уран сайхан, эсвэл нийгэмд хувь нэмруу оруулдаг аливаа сургалт дамжаанд заавал хамрагд  ёстой гэдэг. Хамрагдсан, тууштай хүүхдүүдээ байнга дэмжиж, урамшуулж явдаг. Хэдий хичээлдээ сайн байсан ч ямар нэг дугуйлан, сургалтад тууштай хамрагдахгүй бол зэмлэл хүртээдэг. Толгой сайтай  байх нь хангалттай биш буюу бие, сэтгэлзүйн хувьд төлөвшсөн иргэн байхын тулд аливаа зүйлээр тууштай хичээллэх ёстой гэж үздэг.

Ажлын байран дээр ч үүнийг үндсэн шалгуур үзүүлэлт болгодог. Япон хүүхдүүд бараг арван жилээ төгсөхдөө л олон улсын зэрэг, цолтой, мастер болчихсон байдаг. Ажлын байран дээр гарсан ч сонгосон спортоороо тууштай хичээллэсээр байдаг нь тэдний урт наслалтад нөлөөлдөг болов уу. Ердөө энэ хоёр жишээ бол авч хэрэгжүүлмээр, нутагшуулж болох сайн туршлага гэж боддог. Үүнд төсвийн хөрөнгө оруулалт төдийлөн шаардахгүй буюу манай улсын хувьд ерөөсөө л өрхийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой туршлага. Төрөөс багахан дэмжлэг байхад л бүрэн хэрэгжүүлэх боломжтой.

Дээд боловсролын хувьд би жишээ нь илүү  либерал буюу чөлөөт хөтөлбөртэй сургуульд сурч байсан л даа. Тиймээс багш нар чөлөөт байдлаар ажилладаг.  Гэтэл манай улсын хувьд тухайн багшийн хичээлд сууж, ирцээ бүртгүүлэх нь маш чухал байдаг. Японд бол ирц  чухал биш, тухайн оюутны сонгосон хичээлээр багш нь эхний хичээл дээр өөрийнхөө санал болгож буй ном, товхимлыг өгөөд “Эдгээрийг бүгдийг нь уншчихвал миний хичээлд суух шаардлагагүй. Их сургуулийн багш судалгаа хийх ёстой учраас  би завгүй” л гэдэг. 

Миний хичээлд ирж суух эсэхээ өөрөө мэд гэж нээлттэй орхино, харин өөрийнхөө хийж буй судалгааны ажилд хамтран оролцохыг санал болгодог. Ийм л чөлөөт арга барилтай. Арван жилээс нь тууштай, хариуцлагатай байдлыг төлөвшүүлчихсэн учраас их сургуульд нь чөлөөт  байдлаар бие даалгадаг. Тийм ч учраас Японы шинжлэх ухааны салбар дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг байх гэж боддог.

Манай их сургуулийн багш нар оюутнуудад хичээл заахын зэрэгцээ судалгаа шинжилгээ хийдэг, олон улсын эрэмбэ өндөртэй сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлдэг байхад илүү анхаарал хандуулж, хамгийн чухалд тооцдог байгаасай. Ингэж байж Монгол Улсын дээд боловсролын түвшин ахина, олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно. Дээрээс нь манай аж ахуйн нэгжүүд ч бэлтгэгдсэн хүний нөөцийг авах боломж бүрдэнэ. Эдгээрийг энгийн зохицуулалтын аргаар хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж боддог.

-Японд боловсрол эзэмшсэн хүний хувьд өөртөө суулгасан дадал тань юу вэ?

-Миний хувьд усанд сэлдэг байсан. Түүнээс өмнө сагсан бөмбөгийг хэсэг сонирхсон. Монголд каратэгаар хичээллэж байсан учраас Японд мөн хэсэг хичээллэсэн. Манайхны хувьд хос мэргэжилтэй гэдэг шиг юм бүхний захтай байхыг илүүд үздэг шүү дээ. Миний хувьд үүний л адилаар  юм бүхнийг чаддаг болчих юмсан гэдэг далд хүсэлтэй байлаа л даа. 

Энэ үзэл, хандлагаараа  аль алийг нь сонирхмоор байдаг, гэтэл сургуулийн зүгээс “Нэг зүйлдээ тууштай бай, олон талд цалгардаад оромдоод яваад байж болохгүй” гэх шаардлага тавина. Тиймээс хоёр жил гаруйн хугацаанд усанд сэлсэн. Усанд сэлнэ гэдэг нь зөвхөн сэлээд байхгүй. Сэлэхийн зэрэгцээ гүйхээс авахуулаад хүчний дасгалуудыг маш их хийдэг байлаа. Одоо энэ бүх дадал надад суусан байдаг. Дулааны улиралд долоо хоногтоо багадаа нэг удаа,  3-4 км гүйчихдэг. Хүйтний улиралд гэрт хийж болох бүхий л дасгалыг хийнэ. Иогаас авахуулаад суниалт, сунгалтын  дасгалыг тогтмол хийдэг. Ер нь аливаа хөдөлгөөн хийх нь амьдралын дадал болчихсон учраас хийхгүй л бол бие хүндэрнэ, нурмайна. 

 Эрүүл амьдралын хэв маягтай байж урт наслах ёстой гэдэг ойлголт суучихсан байдаг гэх үү дээ. Японы сургуулиудад цэвэрлэгч гэж байдаггүй. Хүүхдүүд өдөр бүр өөрсдөө сургуулиа цэвэрлэдэг. Дуусаад дугуйлан сургалтдаа явдаг тогтсон хэв маягтай. Өөрсдөө цэвэрлэдэг учраас хүүхдүүд цэвэрч байдалд суралцана.  Бүх хүүхэд цэвэрлэгээнд оролцдог учраас хичээлийн аль нэг улиралд заавал нойл угааж таарна. Ингээд хэрэглэдэг зүйлээ өөрөө цэвэрлээд эхлэхээр бохирдуулахаа больчихдог. Энэ бол бүх хүүхдэд суулгадаг дадал хэвшил. Тухайлбал, энэ бол Монголд төсөв хэмнэгдэхээр жишээ байгаа биз дээ. Хог хаяхгүй, цэвэрхэн байх ч дадалтай.

-МАН-ын жагсаалтыг тэргүүлэх болсон процесс хэрхэн өрнөж байсан бэ?

-Миний хувьд дээр дурдсанчлан доктор, мастерын судалгааны явцад Монголтойгоо холбоотой байсан л даа. Ер нь Монголынхоо нөхцөл байдлын судалгааг хийж байсан учраас Нийслэл болон салбар яамны удирдлагуудтай холбоотой  ажилладаг байсан юм. Энэ явцад “Улаанбаатарынхаа утааг шийднэ” гээд нэг залуу яваад байгааг  төрийн тодорхой  түвшинд мэддэг болсон байх. Нийслэлийн удирдлагууд болон яам, тамгын газрынхантай онлайн уулзалт хийх тохиолдол ч олон байлаа.

Сонгуулиас өмнө ажиллаж байсан “Ниппон коэй” компанийн хувьд гадагшаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан учраас Монголдоо төсөл хэрэгжүүлээд, хөрөнгө оруулалт татаад түгжрэл, утааны асуудлыг шийдэх хүсэл эрмэлзэлтэй байсан юм. Ингээд л ер нь ажил хэргийн шугамаар үүсгэсэн харилцаа холбооны үндсэн дээр “Ийм салбарт ажилладаг, ийм залуу байдаг” гэдэг мэдээлэл МАН-ын удирдлагуудад очсон шиг байгаа юм. Үүний дагуу надад МАН-аас нэр дэвших саналыг тавьж байв. “МАН-ын жагсаалтын нэр дэвшилт бол салбар бүрийн төлөөлөл байна, тухайн салбарынхаа асуудлыг шийдэж чадах хүний нөөцийг бид цуглуулж байна. Хот төлөвлөлтийн салбарт  залуу үеэ төлөөлж чадах, олон улсад өндөр боловсрол эзэмшсэн хүн гэдэг утгаар танд нэр дэвших санал тавьж байна. Таныг жагсаалтын эхний тавд оруулах боломжтой” гэж хэлж байсан юм.

МАН бол том институт шүү дээ. Олон жил энэ намын төлөө зүтгэж яваа, туршлага мэдлэгтэй олон хүн бий шүү дээ. Миний хувьд энэ утгаар эхний ээлжид  жагсаалтад орох саналд итгээгүй, бүр бодит биш санал байх гэж бодоод татгалзаж байсан юм. Яваандаа энэ санал бодитой юм байна гэдэг нь улам бүр тодорхой болсон л доо. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад шийдвэр гаргасан. Үүний дагуу компанийнхаа удирдлагуудад хэлж ажлаасаа долоо хоногийн чөлөө аваад Монголд бууж байлаа.

Компанийн удирдлагууд маань “Чи дандаа л Улаанбаатар хотынхоо утаа, түгжрэлийн асуудлыг шийднэ гэж ярьдаг хүн. Тиймээс энэ бол ховор боломж учраас очоод ярилцаад үз” гэсэн. Ингэж зөвшөөрөл аваад Туркээс шууд Монголдоо ирж байлаа. Тухайн үед Туркд хөдөө орон нутагт ажиллаж байсан болохоор дамжин нислэгээр 20 гаруй цаг яваад онгоцноос буухад МАН жагсаалтынхаа нэрсийг зарлачихсан, намайг нэгдүгээрт эрэмбэлсэн  байсан. Түүнийг хараад сая нэг итгэл үнэмшил төрж байлаа. МАН-ын шийдвэр ингэж гарсан бол би өөрийнхөө нөөц бололцооны хэрээр зүтгэе гэж шийдээд сонгуульд орж байлаа.

-МАН жагсаалтад орох санал тавиагүй бол хэзээ Монголдоо ирэх байсан бэ?

-Миний хувьд 40 нас хүрч байж Монголдоо эргэж ирнэ гэж боддог байсан. Гадаадад сурлаа, ажиллалаа. Тодорхой хэмжээнд гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг шийднэ. Ингээд 40 насандаа Монголдоо очиж ажиллана гэж боддог байснаа компанийнхаа удирдлагуудад ч хэлж байж ажилд орж байсан юм. Дунд хугацаандаа эх орондоо эргэж ирэх төлөвлөгөөтэй байсан, тэр маань жаахан наашилсан.

-Эх орондоо суурьших, тэр дундаа шууд улс төрд орж ирэх мэдрэмж ямар байсан бэ?

-Онгоцноос буухад жагсаалт зарлагдчихсан, миний нэр эхэнд зураг хөрөгтэйгөө гарчихсан байгаа шүү дээ. Шууд л сонгуулийн ажилдаа орсон, сурталчилгаа эхэлсэн учраас уулзалтуудад оролцоод эхэлсэн дээ. Миний хувьд эх орондоо байнга ирж очдог байсан учраас  дасан зохицох тухай ойлголт ер нь байгаагүй. Бакалавраа төгсөөд Монголдоо ирж таван жил ажиллаад, мастер болон докторт суралцах үедээ Монголтой холбоотой судалгаа шинжилгээг байнга хийх, ажил хэргийн шугамаар ирж уулзах тохиолдол олон байсан учраас нийгмээс алсарсан байгаагүй. Яахав ажиллаж байсан салбар шууд өөрчлөгдсөн.

Хувийн хэвшилд, хот байгуулалтын салбарт ажиллаж байсан хүн чинь шууд сонгуулийн ажил руу яваад орчихож байгаа юм. Тухайн үед  өөрт гарсан өөрчлөлтүүд гэвэл олны анхааралд маш их өртдөг ажил байна даа гэдгийг мэдэрч байсан. Сайн, муугаар хэлүүлэх зүйл их байх нь гэж ойлгосон. Хувийн хэвшилд ийм зүйл байхгүй учраас тухайн үед олны өмнө гарч ярилцлага өгөх нь сорилт болж байлаа. Маш олон камер, маш олон сэтгүүлч тал бүрээс олон зүйл асуухаар сандарна, тулгамдана. Түүнээсээ болоод ганц нэг үг алдаж, шүүмжлэлд ч өртөж байв.

-Гадаадад хувийн хэвшилд ажиллаж байгаад Монголынхоо улс төрд орж ирсэн залуу хүний хувьд тантай ижил замаар замнаж буй залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Миний адилаар гадаадад боловсрол эзэмшээд сурч, ажиллаж буй монгол залуусын тоо бараг 200 мянгад хүрсэн байх. Гаднын том компанид ажиллаж болно, өндөр цалин авсан ч байж болно. Гэхдээ энэ нь миний хувьд тийм ч утга учиртай санагдаж байгаагүй. Энэ бол миний туулж өнгөрөх ёстой нэг цэг л гэж ойлгодог байсан.  Яагаад гэвэл би  хувийн хэвшилд сайн ажиллалаа гэхэд тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгө өснө, өөр том гэхээр зүйл байхгүй шүү дээ.

Миний ажиллаж байсан төслүүд дандаа Монголоос өөр улсууд байсан учраас би жишээлбэл, тухайн улсын асуудлыг шийдэхэд л хувь нэмрээ оруулна. Гэтэл Монголдоо ирээд, улс төрд ороод ажиллахад миний хийж буй ажил, гараас гарч буй бүхэн эх орны хөгжил, энэ нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж байгаа нь илүү утга учиртай санагдах болсон. Энэ бол надад гарсан том өөрчлөлт. Сонгуульд нэр дэвшээд явж байхад ч би маш чухал ажил юм байна, өмнөх ажилтай харьцуулахад хамаагүй өндөр ачаалал авах нь гарцаагүй. Гэхдээ энэ бол “амттай”, утга учиртай ажил байх юм байна, тиймээс маш сайн ажиллах ёстой гэдэг итгэл үнэмшил, сэтгэлзүйн өөрчлөлт өөрт гарч байлаа. Сэтгэлзүйн ийм ачааллаасаа болоод долоо хоногт 3-4 кг турсан хөгжилтэй түүх бий. 

Монголынхоо залуучуудыг гадаадад сурч боловсрох, ажиллаж амьдрахыг дэмждэг. Бүр олноороо явж ажиллаасай гэж боддог. Гагцхүү эргэж ирээд Монголдоо ажиллаасай, ажиллаарай гэж хэлэх байна. Бид  хэчнээн гадаадад сурч ажиллаж амьдарлаа ч эргээд ирэхэд Монгол Улс монгол хүнээ тэврээд л авдаг. Тодорхой хугацаанд мэргэшээд туршлага суугаад хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоогоод эргээд ирэхэд Монголд ажиллаж амьдрахад боломж зөндөө бий.

Аль ч түвшинд ажилласан хүмүүс маш их нээлттэй, зөв шийдлийг олонхоороо дэмжээд явахад нийгэм бэлэн байгаа учраас гадагшаа сурах хүсэлтэй залуучууд маань аль болох том хэмжээний байгууллагад ажиллаж туршлага  суусныхаа дараа эх орондоо ирж, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулаасай гэж боддог. “Үнэн” сониныг уншиж буй залуучууддаа энэ тухайд мэдээлэл зөвлөгөө авахад үргэлж нээлттэй шүү гэдгийг хэлье.   

-УИХ-ын гишүүнээр ажил­лах дөрвөн жилээ хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж, эхлүүлж байв?

-Нэр дэвших саналыг хүлээж аваад би хоёр зүйлийг хийх ёстой юм байна гэж бодсон. Утаа, түгжрэлийг шийдэх ёстой гэж өөртөө даалгавар өгч байлаа. Утаа бол зөвхөн Улаанбаатарын асуудал биш болчихлоо шүү дээ. Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Арвайхээр гээд томоохон суурьшлын бүсүүд маш их утаатай болчихсон учраас энэ асуудлыг улсын хэмжээнд шийдэх ёстой юм байна гэдэг эхний зорилго тавьж, төлөвлөгөөгөө гаргаж байлаа. Түгжрэлийн тухайд ч 10-20 ажлыг төлөвлөөд сонгуулийн сурталчилгааны үед би юу хийж, хэнтэй харилцвал энэ асуудлыг шийдэх вэ гэдэг ажлын даалгаврыг өөртөө өгч байлаа.

Энэ төлөвлөгөөгөө ч холбогдох байгууллагуудад өгч байв. Ингээд хоёр төлөвлөгөөтэйгөөр УИХ-д ороод иртэл нэг харамсмаар зүйл гарч ирсэн нь бид татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулж байгаа эсэхээ хэмжиж чаддаггүй юм байна. Тиймээс үр дүнд суурилсан засаглалыг бэхжүүлэх, үр дүнгийн араас явдаг тогтолцоотой болох ёстой гэдэгт төвлөрч ажиллах шаардлагатай болсон л доо. Нэгэнт л бид татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгаа бол 100 хувь үр дүнд хүрдэг байх ёстой шүү дээ.  Зорилго нь ч ийм байх учиртай. Гэтэл төсвийн гүйцэтгэл хэлэлцээд эхлэхэд байгууллагууд жилд жишээлбэл, “Хоёр тэрбум төгрөг төсөвт тусгуулж, зарцуулсан. Гүйцэтгэл 100 хувьтай гарлаа” гэдэг тайлан оруулж ирж байгаа юм. Гэтэл 100 хувь гэдэг дүнг ямар шалгуураар гаргаж ирсэн нь тодорхойгүй буюу мөнгөө үрж дуусгаснаа 100 хувь гэж дүгнээд байна уу эсвэл тэр мөнгийг зарцуулаад зорьж байсан үр дүндээ 100 хувь хүрээд байна уу гэдэг нь ойлгомжгүй. Тухайн үед энэ бол миний зайлшгүй хийх ёстой ажил юм байна гэж харсан. Ингээд би өөртөө гурав дахь ажлын даалгавраа өгч байгаа юм. Энэ асуудлын хүрээнд бодлого, хууль эрх зүйн орчныг нь зөв болгох талаар ажиллаж байна.

 Олон нийт анзаарсан бол нэгдсэн чуулган, байнгын хорооны хурал дээр би дандаа үр дүн, шалгуур үзүүлэлт ярьдаг. Хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ заавал зөв байх албагүй шүү дээ. Гагцхүү зөв зүйл хийгээд ч үр дүнд хүрэхгүй байна уу эсвэл буруу зүйл хийсэн учраас үр дүн гарахгүй байна уу гэдэг нь ялгаатай ойлголт. Тиймээс зөв хэрэгжүүлэх, үр дүнд суурилсан засаглалыг бий болгох тухайд гурван хууль эрх зүйн орчныг засаж сайжруулахад анхаарал хандуулан ажиллаж байна. Барилга, хот байгуулалттайгаа ч эдгээр асуудал уялдана. УИХ-ын гишүүний хувьд эдгээр асуудалд төвлөрөн ажиллаж байна.

-Бодлого тодорхойлогчийн хувьд өөрт өгсөн ажлын даалгавар болох утаа, түгжрэлийг бууруулахад таны оруулж буй хувь нэмэр?

-Эхлээд түгжрэлийг ярья. Энэ хүрээнд миний хувьд НЗДТГ-т 20 орчим ажлыг хэрэгжүүлбэл түгжрэлийг  бууруулах боломжтой гэдэг зөвлөмжийг хүргүүлж байсан юм. Үүнээс хоёр нь бүрэн хэрэгжсэн. Тухайлбал, нийтийн тээвэр ашиглахад хялбар, нээлттэй, хүртээмжтэй байх ёстой. Үүний хүрээнд иргэд автобусанд суухдаа зөвхөн  U money  картаар төлбөрөө төлдөг байсан бол заавал тусгай зориулалтын гэлтгүй ямар ч банкны картаар төлбөрөө төлөөд бүх чиглэлд зорчих боломжтой болсон. Энэ бол хүртээмжийг нэмэгдүүлж  байгаа нэг хэлбэр бөгөөд иргэн хүссэн үедээ автобусаар зорчих боломжийг бүрдүүлсэн ажил. Хоёрдугаарт,  ойлгомжтой болгох үүднээс автобусны чиглэлийг газрын зургаар харуулдаг болсон. Энэ ажлыг нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан маань хийж өгсөн. Үлдсэн 18 ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой гэдэгт шахаж шаардаж ажиллаж байна.

Гэхдээ би гүйцэтгэх биш хууль тогтоох засаглалд ажилладаг учраас энэ ажлын үр дүнг зөвлөж, нэхэж явна. Утааг шийдэх хүрээнд хууль эрх зүйн орчныг засах ажлыг үндсэндээ хийгээд дууссан. 2025 онд УИХ-ын 57 дугаар тогтоолыг батлуулсан. Тухайн оны төгсгөлөөр 119 дүгээр тогтоолыг мөн УИХ-аар баталсан байдаг. Энэ тогтоолыг одоогийн Ерөнхий сайд Н.Учрал ахалж ажилласан. Эдгээр тогтоолын хүрээнд бид юуг зорьж байна вэ гэхээр өмнө нь дандаа түлээ түлш, зуух гэх зэргээр хэрэглээг дэмжих байдлаар төсвийн мөнгийг зарцуулсаар ирсэн. Гэтэл хэрэглээг дэмжих тусам зардал ихэснэ. Тиймээс үүнийг өөрчилж, хэмнэлтийг  дэмжих ёстой гэж үзэж байгаа юм. “Ногоон” эрчим хүч, дулаалгыг бүх шатандаа дэмжих ёстой. Энэ тухайд Засгийн газар, нийслэл дүүрэг, Монголбанк, арилжааны банкууд төдийгүй аймгийн ЗДТГ бүгд нэг ойлголттой байж,  энэ бодлогод чиглэж ажиллах ёстой гэж үзээд дээрх тогтоолын төслөөр суурь эхлэлийг нь тавьчихсан. Үлдсэн нь гүйцэтгэх засаглалын хийж дуусгах ёстой ажил.

Миний хувьд “Дулаанбаатар” аяныг санаачлан ажиллаж байгаа. Хууль тогтоож байгаа хүн өөрийнхөө боловсруулж буй хууль тогтоолын төслийг танилцуулах ажлыг хийх ёстой. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон Налайх дүүрэгт бямба гараг бүр агаарын бохирдлыг дулаалгаар шийднэ, дулаалахын тулд ийм боломжууд байна гэдэг тухайд УИХ-аас баталсан тогтоолын төслүүдийг танилцуулж явсан. Энэ ажлаа илүү өргөжүүлээд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зориод ажиллаж байна. Бүх түвшинд ойлголт нэгтэй болоод үндсэн шийдэл нь дулаалга, хэмнэлт юм байна гэдгийг ойлгоод ажил нэг шугамаар хэрэгжиж буйд баяртай байгаа.  УИХ-ын тогтоолын төслөөс гадна хот төлөвлөлтөд нийгмийн болон инженерийн  дэд бүтэц нэг дор хэрэгтэй. Ажил, гэр ойр байх нь олон талын ач холбогдолтой.

Улаанбаатар хотыг харахаар зөвхөн Бага тойруу, Их тойруу дотор л боловсрол, эрүүл мэндээс авахуулаад төрийн бүх шатын үйлчилгээ төвлөрсөн байдаг. Тиймээс цаашид  20 минутын дотор нийгмийн, инженерийн дэд бүтцийг хүртэх боломжтой хот төлөвлөлтийн тогтолцоонд шилжих шаардлагатай байгаа. Тиймээс Хот төлөвлөлтийн тухай хуульдаа ч үүнийгээ тусгаад үзэл баримтлалын хүрээнд боловсруулаад дууссан байгаа. Барилгын болон хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр миний энэ саналыг салбарын яам тусгах байх гэж найдаж байна. Тэгэхээр цаашдаа сургуульгүй хороо, эмнэлэггүй аймаг гэж байхгүй болно. Ингэснээр “20 минутын хот” үзэл баримтлалыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлээд явахад томоохон ахиц гараад явж байна. Үлдсэн ажлыг гүйцэтгэх засаглал хэрэгжүүлээд явах нь зүйтэй болов уу.    

-Яг одоогоор ямар ажилд төвлөрч байна вэ?

-Хоёр хууль дээр голчлон ажиллаж байна. Эхнийх нь Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль. Энэ нь бид зөв төлөвлөж, үр дүнгээ зөв хэмжиж чадаж байна уу, татвар  төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж чадаж байна уу гэдгийг  засах ёстой том хууль. Дагалдаад Төсвийн болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд тодорхой хэмжээний засвар, өөрчлөлт орох юм. Хоёрдугаарт,  мэргэжлийнхээ хүрээнд Хот төлөвлөлтийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна. Энэ хоёр хуулиа нэгтгээд Төлөвлөлтийн  багц хууль гэдэг байдлаар  УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа. Энэ хүрээнд нэгдүгээрт, барилгын салбарыг чөлөөлөх бодлого барьж байна. Зураг төслийн магадлан, эсвэл барилга ашиглалтад оруулахын тулд төрийн оролцоо маш их байна. Тиймээс үүнийг чөлөөлье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөтэй байя, төлөвлөгөө нь тодорхой байя.

Хаана газар чөлөөлөх юм, хаана дахин төлөвөлт хийх юм, хаана “ногоон” эрчим хүчээр дэд бүтцээ шийдэх боломжтой юм гэдэг төлөвлөгөөг тодорхой болгоно. Ингэж байж төрийн хамгийн чухал үүрэг болох иргэд, бизнесүүдэд тодорхой, тогтвортой орчин бүрдүүлэх боломжтой болно. Энэ бүхэн яагаад шийдэгдэхгүй байна гэхээр бид хэтэрхий олон төлөвлөгөөтэй байна. Газар, зам, орон сууц, дэд бүтэц, цэвэр бохир усны шугам хүртэл тусдаа. Гэтэл эдгээр дэд бүтэц нэг дор хэрэгтэй биз дээ. Ийм нөхцөл байдал зөвхөн Улаанбаатар гэлтгүй орон даяар үүсчихээд байна. Эдгээрийг нэгтгээд  үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт, үүнд суурилсан төсөвлөлт, үр дүнгээ зөв хэмждэг хяналт, үнэлгээг нэг урсгалд оруулахаар ажиллаж байна.

 Энэ ажил маань гадаадад төдийгүй эх орондоо ажиллаж байсан туршлага судалгаанд үндэслэж байгаа учраас олон улсын жишигт нийцүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Хуулийнхаа танилцуулгыг намын түвшинд  төдийгүй бүх талаар танилцуулж, ойлгуулах ажлыг хийгээд явж байна. Ер нь Ажлын хэсгийн түвшинд миний зүгээс оруулж буй саналуудыг манай гишүүд бүрэн дэмжиж өгдөг учраас жил хагасын хугацаанд ажил чамлахааргүй урагшилж байна гэж харж байгаа. Үлдсэн хугацаанд хуулиа батлуулах, хэрэгжилтийнх нь суурийг бүрдүүлэхэд анхаарах болно.

-Залуу улстөрчийн нүдээр харахад парламент гишүүдийнхээ тоог нэмэгдүүлсэн үндсэн зорилгодоо хүрч ажиллаж чадаж байна уу?

-Өмнөх УИХ ямар байсныг мэдэхгүй ч өөрчлөлт маш их гарч байна гэж дүгнэнэ. Өмнөх чуулган, байнгын хорооны хэлэлцүүлгийг харьцуулж үзэхэд энэ удаагийн УИХ-д өөрчлөлт маш их гарч буй нь анзаарагддаг. Салбар бүрийн болон нийгмийн төдийгүй залуучуудын төлөөлөл парламентад олноор орж ирсэн нь асуудлаа мэдэж байгаа хүмүүс нь хууль тогтоох ажлыг хийж буйд маш том ахиц гэж хардаг. Өмнөхөөс илүү солонгорсон, олон талын төлөөллийн оролцоотой парламент бүрдсэнд талархалтай байдаг.

Цаашдаа зөвхөн МАН гэлтгүй бусад улс төрийн нам  энэ талруугаа ажиллаж, нийгмийн олон бүлгийн төлөөллийг УИХ-д оруулж ирээсэй гэж хүсдэг. Ингэж байж дэд бүтэц, эдийн засгийн асуудлуудаа нэг нэгээр нь шийдэж, хууль эрх зүйн орчны суурийг нь тавина. Жишээлбэл, өнгөрсөн жил баталсан Монгол Улсын хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл. Энэ төлөвлөгөө өмнөхөөсөө маш ондоо болсон. Жилийн хөгжлийн төлөвлөгөө гэж баталж байна, энэ ч мөн өөр болно.

Эдгээр баримт бичиг бүгд хүрэхүйц, хэмжигдэхүйц үр дүн, агуулгатай болж өөрчлөгдөж байгаа. Тиймээс 126 гишүүнтэй парламентын баталсан таван жилийн үндсэн чиглэлийн бичиг баримтуудыг legalinfo.mn-ээс хараасай, үзээсэй гэж хүсэх байна. Харьцуулаад харвал маш том ахиц гарч байгаа. Мэдээж хуулийг засаад асуудал шийдтэл хугацаа орно. Гэхдээ бид тууштай байх ёстой. Бүх талын оролцоо, төлөөлөл бүхий тогтолцоогоо цаашид үргэлжлүүлэн авч явах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

#УИХ
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.