МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Эрээн хотын худалдааны чөлөөт бүсийн үйл...

Эрээн хотын худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа

Эрээн хотын худалдаа эдийн засгийн чөлөөт бүс нь  зургаан сая тонн ачаа тээврийг эргэлдүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. БНХАУ-д худалдаа, эдийн засгийн 23 чөлөөт бүс байгаагийн нэг нь Эрээн хотынх. Тус бүс нь ӨМӨЗО-д байдаг гурван чөлөөт бүсийн нэг.

Үнэн
Админ

 "Нээлттэй хамтран ажиллаж хөгжлийг ахиулая" уриатай Хятад Монголын хэвлэл мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга болж байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулж хэвлэл мэдээллийн хамтарсан багийнхан  Эрээн хотын худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.

БНХАУ-ын Эрээн хотын худалдааны чөлөөт бүс нь 18 га газар нутагт худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс хэлбэрээр байгуулагджээ. Тус бүсэд өнөөдрийн байдлаар 48 аж ахуйн нэгж байгууллага дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулж эхлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, хил орчмын аялал жуулчлал гэсэн дөрвөн чиглэлийг тэргүүлэх салбар болгосон бөгөөд цаашид долоо болгон нэмэгдүүлэх аж.  

Өнөөдрийн байдлаар тус чөлөөт бүсийн дэд бүтцийн ажилд 1,5 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. БНХАУ-ын Эрээн хотын чөлөөт бүс нь хуурай замын авто болон төмөр замыг түшиглэн байгуулагдсан худалдаа, эдийн засгийн жишиг чөлөөт бүс болох зорилго тавьжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Замын-Үүдийн чөлөөт бүстэй хамтран ажиллаж худалдаа, эдийн засгийг гурван улсын кордиор байгуулах ёстой гэж Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн удирдлагын газрын дэд дарга Дөү Шяопин ярьж байна. 2027 он гэхэд Эрээн болон Замын-Үүд чөлөөт бүсийн хооронд авто замын дэд бүтэц холбогдож, худалдаа, эдийн засгийн урсгал өрнөнө гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлж байв. 

Энэ хүрээнд хоёр тал удаа дараагийн уулзалт хийж буй гэнэ. Эрээн хотын худалдаа эдийн засгийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах хүсэлтээ манай 10 гаруй аж ахуйн нэгж ирүүлсэн байна.  Эдүгээ Замын-Үүд чөлөөт бүсэд татваргүй барааны дэлгүүр хэлбэрээр цөөн аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм.  Үүнийг өргөжүүлж хоёр улсын хамтарсан үйлдвэрлэл худалааны чөлөөт бүс болох ёстой гэж хятадын тал үзэж байна.

Эрээн хотын худалдаа эдийн засгийн чөлөөт бүс нь  зургаан сая тонн ачаа тээврийг эргэлдүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. БНХАУ-д худалдаа, эдийн засгийн 23 чөлөөт бүс байгаагийн нэг нь Эрээн хотынх. Тус бүс нь ӨМӨЗО-д байдаг гурван чөлөөт бүсийн нэг. 

Дашрамд дурдахад, Монгол-Хятадын худалдаа эргэлтийн 80 хувь, зорчигч тээврийн 70 хувь нь ЗамынҮүд-Эрээн боомтоор дамждаг байна. Цаашид Эрээн боомт нь чөлөөт бүстэйгээ хамтран төмөр замын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Тяньжинь,Таншань усан боомтоос ирэх ачаа барааг хуурай замын Монгол, Орос, Европт хүргэх гол цэг болгохоор төлөвлөжээ.

О.Намчин 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.