БОХХААБХ: Ерөнхий хяналтын сонсгол даргалагчийг сонгож, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.13/ хуралдаан 16 цаг 10 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэхээр товлов.
Байнгын хорооны дарга Б.Бейсен Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцууллаа. Тус Байнгын хорооны 29 гишүүний 15 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Б.Бейсен, С.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, С.Лүндэг, М.Мандхай, Т.Мөнхсайхан, Н.Наранбаатар, Р.Сэддорж, Ж.Чинбүрэн, У.Отгонбаяр, А.Ундраа, Б.Уянга нар хүрэлцэн ирснээр хуралдаан эхэлсэн.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тавдугаарт товлогдсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлаар авсан завсарлагын хугацааг сунгах хүсэлтээ танилцуулав. Байнгын хорооны дарга Б.Бейсен холбогдох дэгийг дурдаад, завсарлагын хугацааг гурван өдрөөр сунгахаар шийдвэрлэлээ.
Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн М.Мандхайг сонголоо
Хуралдаан “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Б.Бейсен дарга төслийн талаар танилцуулсан юм.
Уг тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдвээр 2026 оны 9 дүгээр сарын 28, 29-ний өдөр зохион байгуулахаар, тус сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайг сонгохоор тусгажээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг сонсголыг 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах боломжтой эсэхийг асууж, М.Мандхай гишүүнээс хариулт авсан. Холбогдох мэдээллийг цуглуулах, тэдгээрийг хянан шалгаж, дүн шинжилгээ хийх шаардлагатай байгаа учраас бэлтгэл ажлыг бүрэн хийхээр тооцож, сонсголын хугацааг ирэх намрын ээлжит чуулганы эхэнд товлох нь зүйтэй хэмээн үзжээ. Хөдөө аж ахуйн салбар нь хамгийн их ажлын байрыг бий болгодог, улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг учраас суурь шинэчлэлийг хийхэд чухал санал, гарц, шийдэл, үр дүн, улмаар эрх зүйн орчны шинэчлэлийг хийх бодит санаачилгууд гарна хэмээн найдаж буй учир Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар дээрх сэдвээр сонсгол зохион байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Дараа нь төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 19 гишүүний олонх буюу 12 нь дэмжснээр “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдлаа.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Засгийн газраас 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга танилцуулав. Ажлын хэсэг энэ сарын 12-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу гурван саналыг гүйцээн боловсруулж, 42.2.3-т заасны дагуу нэг саналыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзсэн гэлээ. Улмаар нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй завсарыг хийж бэлтгэсэн төслийг, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамтаар бэлтгэсэн байна.
Б.Уянга гишүүний танилцуулсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Батбаяр, Р.Сэддорж нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч, гишүүдээс хариулт авав.
Төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлж байгаа байдлаар нь гурав ангилаад, иргэдээс санал авах асуудлыг нарийвчлан зохицуулж буйгаараа онцлогтой гэдгийг гишүүд дурдаад, энэ талаарх зохицуулалтын талаар тодруулж байв. Аливаа төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан гурав ангилж байгаа бөгөөд нэгдүгээр зэрэгллийн төслүүд Иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хүсэлтээ хүргүүлж, тус хурал 30 хоногийн дотор шийдвэрлэх боломжтой хэмээн үзсэн гэх хариултыг Б.Уянга гишүүн, мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд өгсөн. Үндсэн хууль дахь зарчмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэлд салбарын яам ямар арга хэмжээ төлөвлөж байгаа талаар, энэ хүрээнд эрх зүйн орчныг сайжруулахаар хэчнээн хуулийн төслийг боловсруулж байгаа талаар гишүүд тодруулж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт авсан юм.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар нэгбүрчлэн санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Тодруулбал, төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч, шинжээчийн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага олгох, улмаар ерөнхий шинжээч нь байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх, шинжээч нь байгаль орчны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байна гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу 7 дугаар зүйлийн 7.13 дахь хэсгийг “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны ерөнхий үнэлгээнд санал авах хүсэлтийг төслийн товч танилцуулга, газрын эрхтэй холбоотой баримт бичгийн хамт тухайн сум, дүүргийн Засаг даргад гаргана.” гэж, 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх иргэд, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаанд, эсхүл уг асуудлаар баг, хорооны иргэдийн нийтийн хурал товлогдсон тохиолдолд тухайн хуралд танилцуулж санал авах ажлыг зохион байгуулна.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн.” гэж заасан байдаг. Иймд ажлын хэсгээс уг заалтыг үндэслэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжив. Иймд төслийн 3 дугаар зүйлийн 9 заалт буюу 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлага, энэ хуулийн 10.5-д заасан танилцуулгаас гарсан саналыг тусгасан байдал, нарийвчилсан үнэлгээний тайланд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээч, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулах санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ийнхүү Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасны дагуу Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, С.Замира, М.Мандхай нар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн төсөөлсөн талаар тодруулахад “Атрын IV аян”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд салбарт 38000 мянган ажлын байр шинээр бий болж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд эрс ахиц гарсан хэмээн Ж.Энхбаяр сайд хариулав.
Хөдөө аж ахуйн салбарт цаг агаарын нөхцөлөөс үүдэх эрсдэл бага, харьцангуй тогтворжино хэмээн төсөөлжээ. Салбарт авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд сүүлийн жилүүдэд малын зүй бус хорогдол эрс багасаж, малчид ган, зудын эрсдэлээс сэргийлдэг болсон байна. Улмаар хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгаа хэмээгээд “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг дэмжих бодлогын томоохон арга хэмжээ хэрэгжиж байгаа. Евразийн эдийн засгийн хэлэлцээрийн хүрээнд манай хөдөө аж ахуйн гаралтай 360 гаруй нэр төрлийн бараа экспортлох боломж бүрдэнэ. Энэ нь салбарын тогтвортой хөгжлийг хангахад тун чухал үүрэг гүйцэтгэнэ. Бидний гол зорилт бол уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг олон тулгуурт болгох юм. Энэ хүрээнд төрөөс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг онцгой анхаарч байгаа” хэмээсэн.
Малын гаралтай бүтээгдэхүүний экспортод малын эрүүл мэндийн асуудал нэн чухал учраас онцгойлон анхаарч байгаа гэх хариултыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтан өгсөн. Хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдсэнээр малчид, тариаланчдын орлого сайжирч, тэр хэрээрээ салбарын хөгжил эрчимжиж, цаг уурын эрсдэлт нөхцөлд сөрөн тэсвэрлэх чадвахаа бэхжүүлэх боломж өснө хэмээн тооцож байгаа аж. Гишүүд бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөрийн талаар дурдаж, малчид, тариаланчид дэмжиж буйг хэлж байв. Түүнчлэн жижиг, дунд бизнесийг дэмжих хүрээнд гадаадын банкуудын салбарыг Монгол Улсад байгуулах, Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлогын хүрээнд Астана-Улаанбаатар чиглэлийн нислэгийн маршрутад Баян-Өлгий аймгийг багтаах зэрэг асуудлыг хөндөж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан.
Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, төсвийн хүрээний төсөлд ирэх оны төсвийн нийт зардлын хэмжээг нэмэгдүүлсэн байгааг шүүмжилж, тэр хэрээр эдийн засгийн бодит ямар үр дүн гаргахаар төлөвлөснийг тодруулсан юм. Төсвийн хүрээ гэдгийг Ж.Энхбаяр сайд тодотгоод, 208 хуулиар урсгал зардлыг хуульчилчихсан талаар тайлбар хийв. Тухайлбал, зөвхөн цалин нэмэгдүүлэх зохицуулалтыг 30 орчим хуульд тусгасан байгаа бөгөөд хууль хэрэгжүүлэх хүрээнд урсгал зардалыг бууруулах бололцоо байхгүй. Эмч, багш нарын цалингийн нэмэгдэл нь төсвийн зардлыг 4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж байгаа хэмээн тайлбарласан. Нөгөө талдаа, дотоодын эдийн засгийн суурь нөөц хэвээрээ, харин олон улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдсэн нөлөө инфляцыг өсгөх дарамт үүсгэж байгааг дурдав. Мөн эх үүсвэрээ дутуу тооцож, эрс нэмсэн урсгал зардлын өсөлт нь төсөв дээр ачаалал болж байгааг хэлж байв.
Гишүүдийн асуултын төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Бейсен, махны үнийг зохицуулахаар төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулав. Өнгөрсөн сарын байдлаар инфляц 10.1 хувьд хүрсэн бөгөөд гол нөлөөлсөн зүйл нь мах, төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн зэрэг хүнсний багцын үнийн өсөлт байсныг дурдав. Гэхдээ гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг Монгол Улс дотоодоосоо бүрэн хангаж, тогтворжуулах бололцоотойг хэлж байв. Махны үнэ улирлын шалтгаантай бөгөөд шинэ махны нийлүүлэлт удахгүй нэмэгдэхээр махны үнэ бууна, үүний зэрэгцээ хаврын тариалалтыг хариуцлагатай зохион байгуулж, гурил, гурилан бүтээгдэхүүн, улаан буудай, төмс, хүнсний ногоо, махны үнээс үүдэж байгаа инфляцыг тогтворжуулах, улмаар бууруулах бүрэн бололцоотой хэмээсэн. Энэ чиглэлд анхаарч, бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг Тэргүүн шадар сайд хэлсэн. Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагын талаар Б.Бейсен гишүүн байр сууриа илэрхийлээд, Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яам анхааралдаа авахыг хүсэв.
Ийнхүү төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу жилийн төлөвлөгөөний төслийг Байнгын хороо хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, М.Мандхай, М.Ганхүлэг, П.Батчимэг, Б.Бейсен нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Тухайлбал, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгагдсан усны төслүүдийн талаар Б.Уянга гишүүн лавлаж, холбогдох тайлбар, тодруулгыг ажлын хэсгээс авсан.
М.Мандхай гишүүн, ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөг Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй уялдуулах шаардлагын талаар, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр ард иргэдийн, малчин өрхийн амьдралын чанарыг сайжрах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улсын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа аль болох амьдралд ойр, хэрэгжихүйц, бодит үр дүнд хүрэхүйц байхаар тооцсон хэмээн Ц.Идэрбат сайд хариулав. Малчдын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд арьс, шир тэргүүтэй малын гаралтай бусад түүхий эдийг үнэ цэнтэй болгох тал дээр анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа хэлсэн. Мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийн орлого харьцангуй өсөлттэй байгааг Ж.Энхбаяр сайд тэмдэглэн хэлж байв. Эрүүл мэнд, боловсрол, мал эмнэлэг тэргүүтэй төрийн бүх үйлчилгээг татвар төлөгчдийн мөнгөөр малчдад хүргэж байгаа гэв. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийнх нь 50 хувийг төрөөс хөнгөлж, малын хөлийн татвар, бэлчээр ашиглалтын төлбөр зэргийг авахгүйгээр малчдыг төрөөс бодлогоор дэмжиж байгааг дурдсан. 2025 оны гүйцэтгэлээр малчдын орлого 10-аас дээш хувиар бол хот, суурин газрын иргэдийн орлого 2 хувиар нэмэгдсэн гэх мэдээллийг танилцуулсан. Цаашдаа хөдөө аж ахуйн салбарыг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах, дасан зохицох, сөрж давах чадавхтай болгохоор зорилт дэвшүүлж, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаа хэлсэн. Тодруулбал, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх 34 төсөл, арга хэмжээний санал ирснээс 413 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 32-ыг нь 2027 оны төсөвт тусгахаар төлөвлөж байгааг хэлсэн. Эдгээр бодлогын үр дүнд салбарын тогтвортой байдал хангагдана хэмээн тооцож байгаа гэлээ.
Улмаар төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг оновчтой хэлбэрээр эрчимжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж байсан өмнөх сайн туршлагыг хэрэгжүүлэх, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй нийцүүлэх, өмнөх жилүүдийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарал хандуулах зэрэг асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлж байв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй. Иймд холбогдох санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэн, өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.