МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Б.Батням: Монгол барберууд уламжлалт соё...

Б.Батням: Монгол барберууд уламжлалт соёлдоо тулгуурлан дэлхийд чиглүүлэгч болохыг зорьж байна

Монгол Улсад анх удаа  гурван улсын хамтарсан олон улсын хэмжээний мэргэжлийн барбер сургалтыг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Монгол дахь олон улсын эрэгтэй үсчдийн холбооны тэргүүн Болдбаатарын БАТНЯМТАЙ ярилцлаа.

Үнэн
Админ

 

Монгол Улсад анх удаа  гурван улсын хамтарсан олон улсын хэмжээний мэргэжлийн барбер сургалтыг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Монгол дахь олон улсын эрэгтэй үсчдийн холбооны тэргүүн Болдбаатарын БАТНЯМТАЙ ярилцлаа. 

-Олон улсын хэмжээний эрэгтэй үсчний сургалтад гадаадаас хэчнээн багш ирэх вэ?

-Монголд анх удаа зохион байгуулагдах элит барбер сургалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр зэрэглэлийн багш нарын удирдлага дор, стандартад суурилсан, тогтсон хэв маягийг эвдсэн, трэнд  засалтын  техникүүдийг онол болон практик хосолсон хэлбэрээр явагдах болно. Биднийг олон улсын хэллэгээр барбер гэдэг.  Энэ сургалтад  хоёр улсын гурван мастер ирнэ. Тухайлбал, БНХАУ-ын барбер YaWanWan, Вьетнам улсаас барбер  Quangducbarber зэрэг багш нар ирж, мэргэжлийн угийн хими, уусгалтын сургалт, үсэн дээрх зураглал, арьс, сахал арчилгаа зэргийг олон улсын хэмжээнд зааж сургах юм.

Сургалт Улаанбаатар хотноо тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд явагдана. Сургалтад хамрагдсанаар мэргэжлийн ур чадвараа олон улсын түвшинд хүргэх боломжтой.

-Монгол дахь олон улсын эрэгтэй үсчдийн холбоог  байгуулсны зорилго юу вэ?

-Би Монгол дахь олон улсын эрэгтэй үсчдийн холбоог байгуулаад ажиллаж байна. Би эрэгтэй үсчний мэргэжлээрээ 2016 оноос хойш дагнан ажиллаж, судалж байгаа хүн. Өнөөдөр бид эрэгтэй үс засалтаараа олон улсын түвшинд гарах хэрэгтэй. Үүнийг ч цаг үе шаардаж байна. Тиймээс манай холбооны зүгээс залуусыг мэргэжил дээшлүүлэхээр олон улсын сургалтад хамруулж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай холбоо 15 залууг Азийн аваргын тэмцээнд авч явснаас 14 нь амжилттай оролцсон.  Эрэгтэй үс, сахал заслаараа гурван үсчин олон улсын мастер зэрэгтэй боллоо.

-Та яагаад эрэгтэй үсчний мэргэжлийг сонгосон бэ?

-Би уг нь СУИС-д найруулагчийн мэргэжлээр суралцсан. Ингээд  2015 онд цэргийн албанд татагдсан юм. Цэрэгт очоод цэргүүд болон албан хаагчдын  үсийг засдаг байлаа. Тэндээсээ найруулагчийн мэргэжлээ үсчнээр солиод ирсэн дээ. Ээж минь 20 гаруй ажил үсчнээр ажилласан. Бидний багад аав маань хүүхдүүдийнхээ үсийг засчихдаг байлаа. Гэр бүлийн орчин маань цэрэгт очоод үс засахад эергээр нөлөөлсөн байх гэж боддог. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн үс засалтаар дагнаж,  БНХАУ, ОХУ-д очиж мэргэжил дээшлүүлсэн.  БНХАУ-д үс засах техникийн чиглэлээрээ, ОХУ-д сахал засахад суралцлаа. Ингээд өнөөдөр би өөрийнхөө мөрөөдлөө зорилго болгоод явж байна. Өнөөдөр бид  стандартай болж мэргэших шаардлагатай.

-Манайд эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны цогц үйлчилгээ хэр хөгжиж байна вэ?

-Барбер шоп гэдэг нь үс засахаас гадна арьс, сахал арьчилгаа гээд эрэгтэй хүний цогц үйлчилгээ. Тэнд эрэгтэйчүүдийн орчныг бүрдүүлсэн. Өнөөдөр манайд үс, сахал засалт, арьс арчилгаа гэсэн үндсэн үйлчилгээн дээр төвлөрч байна. Гэхдээ үс засалт дотроо задраад явна.

Түүх сөхвөл, эрт дээр үеэсээ эрэгтэй хүний үс засалтад анхаарч ирсэн байдаг. Дээр үеийн хаад, угсаатнууд өөрийн тусгай үсчинтэй байсан. Ром, Египетээс эхлээд манай монгол хаад ч үсчинтэй байсан юм билээ.

-Ази, Европт үс засалтын чиг хандлага ямар  байна вэ?

-Европ үсчид хуучны модерн үс засалтдаа сайн. Харин Азиудын хувьд үс засалтын шинэ чиг хандлага гаргасан. Сүүлийн үед үс засалтын шинэ хандлагуудаараа дэлхийд давамгайлж байна. Азиас дэлхийд гарч байгаа маш олон барберууд байна. Тэдний нэг болох Азиас дэлхийд танигдсан үсчин тавдугаар сард Монголд ирнэ.

Бид монголчууддаа Азиудын үс засалтын трэнд урсгалыг анх удаа  сургах гэж байна. Таван өдөр зохион байгуулагдах энэ сургалтад үсчин болох сонирхолтой, үсчин болсон, эрэгтэй үс засалтын чиглэлээр цаашид суралцах салбарын үсчид маань оролцох боломжтой.

-Манай үсчид олон улсын тэмцээнд хэр оролцдог вэ?

-Манайд Дэлхийн аварга үсчин олон бий. Тэд маань ихэвчлэн Европт дэлхийн аваргад оролцож, классик төрлийн үс засалтаар мэргэшсэн байдаг. Классик үс засалтаараа манайхан тэргүүлдэг. Сүүлийн хоёр жил дараалан оролцож, аваргалсан байдаг.

Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 300 барбер бий. Өнөөдөр МҮСТ-д үсчнээр суралцаж байгаа эрэгтэй хүүхдүүд төгсөөд бүгд барбер болох хүсэл, зорилготой болжээ. 

-Монголчуудын үсний онцлог ямар вэ?

-Манайхны үс ширүүн бөгөөд бүдүүн ширхэгтэй, шулуун. Гэтэл европчуудын үс нарийн ширхэгтэй, өтгөн байдаг. Байгалийн эрс тэс уур амьсгалаа дагаад үсний бүтэц болон сахал өөр байдаг. Монголчуудын үс, сахлыг засахад хэцүү гэдэг. Тийм ч учраас манай үсчид нийтээрээ шилдэг  байдаг. 

-Энэ сургалтаар залуустаа юуг хүргэхийг зорьсон бэ?

-Олон улсын сургалтыг Монголдоо анх удаа зохион байгуулснаараа бид цаг үетэйгээ мөр зэрэгцэж  яваа гэдгийг залуустаа мэдрүүлэхийг зорьсон. Манайхан олон улсын барберуудын засалтыг интернэтээс видео бичлэг үзэж, харж сурч байсан. Харин өнөөдөр тэднийг эх орондоо авчирч, сургалт оруулж, заалгаж, зөвлөгөө авах алтан боломж нээгдэж байна. Энэ сургалтад суралцсанаар барбер түвшнээрээ Азидаа шинэ түвшинд ахих боломжтой.

Мэдээж, бид хүссэн мэргэжил, өөрийн хоббигоороо үсчний мэргэжил сонгодог ч үүний цаана амьдрал үргэлжилж байдаг. Өнөөдөр сайн үсчид байнгын үйлчлүүлэгчтэй болж, тэднийхээ итгэлийг алдахгүй ажиллаж, энэ хэрээр амьдралаа авч явж, бизнесээ өргөжүүлж байна.

Зарим залуус маань мөрөөдөл, зорилго нь байвч тэр бүр гадаадад очиж суралцан, мэргэжлээ дээшлүүлэх боломжгүй байна. Тэгвэл олон улсын хэмжээний элит барбер сургалтад эх орондоо хамрагдах боломжийг олгож байна. Хэдийгээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа ч хөдөө, орон нутгийн мэргэжлийн залуусыг өргөнөөр хамрагдаасай гэж хүсэж байна. Учир нь  сурах хүсэл, эрэмзэлтэй байгаа залуусаа бага зэрэг чиглүүлээд өгвөл илүү мэргэшсэн түвшинд хүрдэг.

Энэ сургалтаар  Монголд огт хийгдэж байгаагүй орчин үеийн трэнд засалт, хэвнүүд, арьс болон сахал арчилгаа, уусгалтын хичээл  гээд системтэй сургалтыг дэлхийн стандартын дагуу заана.

-Сургалтын төлбөрийн тухайд…?

-Сургалтын төлбөр маш боломжийн ханштай. Үсчний нэг өдрийн сургалт 1.2 сая төгрөг байдаг. Олон улсын элит барбер багшийн хоёр хичээл Японд хоёр сая төгрөг байдаг.  Харин манайд таван өдөр 880 мянган төгрөгөөр таван өдөр олон улсын элит барбер сургалтад хамрагдах юм.

Энэ сургалтад суралцсанаар гурван улсын академиудын сертификат олгох юм.  Энэ академиуд өөр өөрсдийн зэрэглэлтэй, батламжтай. Маш олон мэргэжилтэн бэлтгэж сургасан. Тиймээс мэргэжлийн зэрэглэл ч ахина гэсэн үг.

-Та бүхний цаашдын зорилго юу вэ?

-Бид үйлчлүүлэгчээ татахын тулд цаг үргэлж суралцаж байх ёстой. Хоцрогдвол шинэ үеийн үс засалтын чиг хандлагаас хоцрогдоно. Монгол барберууд дэлхийн шинэ чиг хандлагаас суралцахаас гадна өөрсдөө дагуулдаг байх ёстой. Үсчин бол  хүний тэргүүнд хүрч, толины өмнө үсийг нь засаж, зүсийг нь өөрчилж, сэтгэл татам болгодог гоё мэргэжил. Манай холбоо монгол эрэгтэй үсчдийг олон улсын  стандартад нийцүүлж, монгол барберуудыг олон улсад харуулах зорилготой. Энэ оны нэгдүгээр сараас манай холбоо гадаад улсад мэргэжил дээшлүүлэхээр сургалтад хамруулж байна.

Цаашдаа монгол барберууд чиг дагадаг биш чиглүүлэгч нар байхын төлөө энэ соёлыг уламжлалт өв соёл дээрээ тулгуурлан хөгжүүлэхийг зорьж байна.

Н.Энхлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.