МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхий...

ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжлээ

Үнэн
Админ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.05.12) 53.3 хувийн ирцтэйгээр 14.22 цагт эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан даргалан явуулж, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бейсен. М.Ганхүлэг, М.Нарантуяа-Нара, Г.Хосбаяр О.Батнайрамдал Д.Бум-Очир, Д.Рэгдэл, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, М.Сарнай, Ж.Чинбүрэн, М.Энхцэцэг нар оролцон, нийт таван асуудал хэлэлцэв.



Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн санаачлан боловсруулж өнгөрөгч 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, тогтоол гаргалаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг даргалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, О.Батнайрамдал, Ж.Баясгалан, Л.Энхнасан, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар ажиллахаар болов.

Үүний дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагч, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд, нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 25-ны өдөр хийхээр тусгасан байна. Харин сонсгол даргалагчаар ажиллахаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа өөрийн нэрийг дэвшүүлэв.

Санал хураалт явуулахад тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь дэмжиж, батлав.

 

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Б.Бейсен, Ж.Баясгалан, О.Батнайрамдал, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Нийгмийн даатгалын сангийн орлого, түүний зарцуулалт, хүртээмж болон маргаантай асуудлуудын хэрхэн шийдвэрлэхээс хуулийн төсөлд тусгасныг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэлд суурилсан тогтолцоо, түүний хэрэгжилт, эмнэлгүүдийн болон эмийн санхүүжилтэд шаардлагатай төсвийг хэрхэн төлөвлөж байгааг асууж, тус салбарын төсөв, санхүүжилт ихээхэн хүндрээд байгаа талаар ярив.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг инфляцын түвшинтэй хэрхэн уялдуулсан талаар тодруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэж нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тодорхой нөхцөл буюу төсвийн тодотгол хийсний дараа уг өөрчлөлтийг хүчингүй болгох зохицуулалт тусгах нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ямар байгааг асууж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, “цалинтай ээж” тэтгэмжийн хэмжээг 100 000 төгрөг болгох, татварын дарамтын бууруулах Засгийн газрын бодлоготой хувь хүний орлогын албан татварын орлогыг уялдуулж төлөвлөх зэрэг асуудлыг хөндөн, ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авав. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ онд Засгийн газрын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 60 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлага бийг танилцуулж,  рэх жилүүдэд энэ харьцааг 50 хувиас 45 хувь болгож бууруулах зорилт тавьж буйг дурдсан юм. Энэ онд гадаад өрийн ДНБ-тэй харьцах харьцаа 39.3 хувь байгааг тэрбээр мэдээлэв.

Монгол Улсын хүн амын өсөлт 2025 онд хамгийн доод түвшинд хүрснийг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн анхааруулж, үүнд голлон нөлөөлж байгаа гэр бүл салалтын тэргүүлэх шалтгаан нь өрхийн орлого буурч байгаа явдал гэдгийг онцолсон юм. Тэрбээр, өрхийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар ямар бодлого, үйл ажиллагаа төлөвлөж байгааг асууж тодорхой хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг арилгах асуудлыг төсвийн хүрээ, төсөөлөлд яаж төлөвлөж байгааг асуусан юм. Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлж, төсөөлж байгаагаар 10 хувиар нэмэгдэнэ гэдгийг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр мөн энэ асуудлыг хөндөж, хүнсний бүтээгдэхүүний дамжуулан буюу жижиглэн борлуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-аас чөлөөлөх, цалингийн болон урсгал зардлын бүтцийг шинэчилж, дутагдаж буй зардлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн санал дэвшүүлэв. Засгийн газар төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг тасралтгүй бууруулах бодлого баримталж байгааг сайд Ж.Энхбаяр танилцууллаа.

Боловсролын салбар тэргүүлэх чиглэл хэвээрээ эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах тодруулаад, улсын төсвөөс боловсролын салбарт ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг асуусан юм. Улсын төсөвт боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт тусгагдахгүй гэдгийг сайд Ж.Энхбаяр хэлж, тус салбарын урсгал зардал нийт төсвийн 90 хувьд хүрээд байгааг танилцуулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ДНБ-ийг 5.8-6.3 хувиар өсгөх зорилтыг хангахын тулд эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, өсөлтийг иргэдэд тэгш хүртээх болон импортыг орлох гол нэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо дэмжиж хөгжүүлэх чиглэлээр ямар тодорхой арга хэмжээ төлөвлөсөн талаар асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун татварын орлого өсөх болон хэрэглээний үнэ буурах тооцооллууд, тэдгээрийн үндэслэлийг тодруулж, төсөв, төлөвлөгөөнд тусгасан зорилтуудын үр шим, амьдралд хэрхэн тусах талаар тодорхой танилцуулж ажиллахыг зөвлөв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

Гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй дөрвөн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Ажлын хэсэг уг саналуудыг гүйцээн боловсруулсан байна.

Гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Энэ үеэр цусны донорын үйлсийг сурталчлах, уламшуулах, дэмжлэг үзүүлэх тухай төслийн 19 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг асуулт асууж, хариулт авав.

 

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжив

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тав дахь асуудал Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын 2025 оны зургадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2025 оны хаврын чуулганы долдугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.

Хуулийн төслийг  хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хийв. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсаны дээр энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, Улсын Их Хурлын гишүүд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлгээс хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогод хүүхэд төрүүлэхийг уриалан дэмжихийн зэрэгцээ эх, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн тэгш боломж олгох зэрэг хүүхэд төрсний дараах амьдралын чанарын асуудлыг цогцоор нь авч үзэх, залуу гэр бүлийг эдийн засаг, орон сууц, ажил-амьдралын тэнцвэрийн бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн зөвлөснийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулгадаа онцолсон юм.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар төсөлд тусгасан нь зөвхөн хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимтай нийцэж байна гэж Ажлын хэсэг үзжээ. Иймд хууль санаачлагчдын санал дээр нэмж, үрчлэн авсан хүүхдэд тавигдах тэр үед гурав хүртэлх насанд нь” гэсэн шалгуурыг төсөлд нэмж тусгах замаар хуулиас хасах санал боловсруулсан байна. Мөн хуулийг энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасныг ирэх 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс болгон өөрчлөх санал гаргажээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, хуулийг нөхөн үйлчлэхгүй гэдгийг иргэд, олон нийтэд сайтар ойлгуулах, мөн “Эхийн алдар” одонгоо авчихаад хүүхдүүдээ хаядаг, өргүүлж үрчлүүлдэг, өвөө, эмээд нь өгдөг эцэг, эхчүүдийн асуудлыг цэгцлэх талаар тодорохой бодлого, үйл ажиллагаа явууулах шаардлага байгааг анхааруулж, нярайн сувилал бий болгох нь нялхасын эндэгдлийг бууруулахад үр дүнтэй нөлөө үзүүлнэ гэдгийг онцолсон юм.

Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.