Н.Жавзмаа: Жинхэнэ анчин байгальд мөрөө үлдээдэггүй
Монгол Улсад орчин цагийн музей үүсэн хөгжсөн 100 жилийн хугацаанд Улсын төв музей, Байгалийн төв музейн Чихмэлийн лабораториос Монгол Улсын Гавьяат цолыг гурван эрхэм хүртжээ. Тэд гурвуулаа эмэгтэй, гурвуулаа анчин, гурвуулаа чихмэлийн мастерууд юм. Анхны Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн бол Улсын төв музейн чихмэлийн мастер, Монголын орчин цагийн анхны эмэгтэй анчин Ламзавын Цэвэл. Хоёр дахь нь Байгалийн түүхийн музейн ууган ажилтны нэг, музейн чихмэлийн мастер Долгорын Дагиймаа. МУСГЗ Л.Цэвэл агсан Д.Дагиймаагийн багш аж. Харин Д.Дагиймаа гавьяат Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, агнуур зүйч, чихмэлийн мастер, анчин Н.Жавзмаагийн багш юм байна. Энэ удаагийн дугаарт МУСГЗ Н.ЖАВЗМАА-тай хийсэн ярилцлагыг толилуулж байна.
Монгол Улсад орчин цагийн музей үүсэн хөгжсөн 100 жилийн хугацаанд Улсын төв музей, Байгалийн төв музейн Чихмэлийн лабораториос Монгол Улсын Гавьяат цолыг гурван эрхэм хүртжээ. Тэд гурвуулаа эмэгтэй, гурвуулаа анчин, гурвуулаа чихмэлийн мастерууд юм. Анхны Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн бол Улсын төв музейн чихмэлийн мастер, Монголын орчин цагийн анхны эмэгтэй анчин Ламзавын Цэвэл. Хоёр дахь нь Байгалийн түүхийн музейн ууган ажилтны нэг, музейн чихмэлийн мастер Долгорын Дагиймаа. МУСГЗ Л.Цэвэл агсан Д.Дагиймаагийн багш аж. Харин Д.Дагиймаа гавьяат Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, агнуур зүйч, чихмэлийн мастер, анчин Н.Жавзмаагийн багш юм байна. Энэ удаагийн дугаарт МУСГЗ Н.ЖАВЗМАА-тай хийсэн ярилцлагыг толилуулж байна.
-Музейн салбараас гурван бүсгүй МУГЗ цол хүртжээ. Тэд бүгдээрээ чихмэлийн мастерууд, анчид. Бас багш шавийн барилдлагатай, үе залгаж хүндтэй цол хүртсэн нь сонирхолтой санагдаж байна. Тиймээс Л.Цэвэл агсан болон Д.Дагиймаа багшийнх нь тухай дурсамжаар ярилцлагаа эхлүүлье?
-Юуны өмнө амьтны ертөнцийг зөвхөн хараад өнгөрөх бус, тэдний амьд дүр төрхийг цаг хугацаанаас салган “зогсоож”, байгалийн өв болгон хадгалах ажил өөрөө асар их тэсвэр, мэдрэмж, ур ухаан шаарддаг гэдгийг хэлэх нь зөв байх. Чихмэлчид цаг үргэлж лаборатори, музейд суугаад байдаггүй. Амьд байгалиар хэрэн хэсэж, ан гөрөөсийн зан авир, хөдөлгөөн, орчны онцлогийг судлах шаардлагатай болдог. Зарим тохиолдолд үзмэрийн ангаа өөрсдөө агнаж, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд багагүй цаг хугацаанд амьдарч, судалгаа хийнэ. Тэсвэр тэвчээр шаардсан энэ ажил эмэгтэй хүнд ахадсан мэт санагдах ч чихмэл, сорьцын үнэ цэнийг бүрэн мэдрүүлэхийн тулд манай музейн бүсгүйчүүд бүгдийг даван туулж яваа.
Улсын төв музейгээс төрсөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цэвэл гуай бол чихмэлийн мастер, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, анхны эмэгтэй анчин юм. Энэ эрхэм хүний бүтээл Улсын төв музей болон аймгуудын музейн байгалийн тасагт бий. Нийтдээ 130 гаруй том амьтан, 1500 гаруй шувуу, олон зүйл шавж, загас, хоёр нутагтны чихмэл, хатаамал хийсэн. Өөрийн хөдөлмөр, бүтээлээ Монгол Улсад музей хөгжүүлэх их үйлсэд зориулж, дотоод, гадаадын үзэгчдэд байгалийн үнэт баялаг, амьтны ертөнцийг танин мэдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан, хичээнгүй уран бүтээлч хүн. Түүний бүтээсэн аргаль, янгирын чихмэлүүд Дэлхийн ан амьтны үзэсгэлэнгээс удаа дараа алтан медаль хүртэж байсан түүхтэй. Л.Цэвэл гуай их эршүүд зантай, ан ав хийдэг. Баавгайнаас бусдыг агнасан, ангаа өөрөө хийж, чихмэл, үзмэр бэлтгэсэн хүн. Байгалийн түүхийн музейн чихмэлүүд дунд түүний уран бүтээл жинтэй байр суурь эзэлдэг юм.
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, миний багш Д.Дагиймаа бол 22 наснаасаа Улсын төв музейд ажилласан. Чихмэлийн лабораторид ан, амьтны арьс шир, элдэв төрлийн химийн бодистой харьцаж, музейн салбарт олон зуун чихмэл үйлдвэрлэж, хал үзэж, хашир суутлаа ажилласан нэгэн. Л.Цэвэл багштайгаа хамт нийслэл болон 21 аймагт буй музейн чихмэлүүдийг хийсэн. Ан ч хийнэ. Дархан цаазтай “А” бүс нутаг, Алтайн цаад говь руу Л.Цэвэл багштайгаа хоёулахнаа явж, баруун Алтайн нутгаар хөндлөн гулд туулж, Хятадын хилийн наахна “Атас Чингис” гэдэг уулнаас хавтгайн буур агнаж явсан түүхтэй эмэгтэй. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын алдартай хурдан хүлэг “Нийгмийн хонгор”, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Д.Хишигбатын хонгор морь, Дорнод аймгийн Халх гол сумын уяач Б.Тэгшээгийн хүрэн халзан морины чихмэлийг хийсэн, уран хүн дээ.
-Та ямар хувь тохиолдлоор музейн салбарт хөл тавьсан бэ. Хэзээнээс энэ эрхэм эмэгтэйчүүдийн замаар замнав?
-Би Сүхбаатар аймгийн арван жилийн сургуулийг 1978 онд дүүргэж, 1980 онд Болгарын хөгжмийн дээд сургуулийн дуулаачийн ангид хуваарь аваад явж байлаа. Дуучин болохыг мөрөөдсөн ч тэнд Софийн их сургуулийн Аялал жуулчлалын ангид орж суралцах тавилан намайг тоссон. Сургуулиа төгсөөд ирэх үед манайд аялал жуулчлал хөгжөөгүй байсан тул хааяа анчин жуулчдыг дагуулан ан гөрөөнд явна. Тэгээд МУИС-ийн Газар зүйн ангид элсэж, агнуур зүйчээр мэргэшиж, 1992 онд төгссөн. Анх Монголын Анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн харьяа Агнуурын музейд үйлчлэгч, тайлбарлагч, эрхлэгчээр ажиллаж, дараа нь Байгалийн түүхийн музейн Чихмэлийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээ, аргазүй, Сан хөмрөгийн албаны даргын албыг хашиж, хожим Үлэг гүрвэлийн музей байгуулагдахад захирлаар нь томилогдож байлаа.
Анх музейтэй ажил, амьдралаа холбосныхоо дараа чихмэлийн мастер Д.Дагиймаа багшдаа шавиар орж, Байгалийн түүхийн музейд тавигдсан хөхтөн амьтны чихмэлийг хамтран хийлцэх хувь тохисон. Энд мөн бие дааж хийсэн том аргаль угалз, янгир, тас шувуу зэрэг олон бүтээл минь бий. Чихмэлийн анхны багш гэвэл миний ээж. Ээжийг маань Буниагийн Моонон гэдэг, сийрэг ухаантай, малд нүдтэй ажигч хүн байв. Биднийг хүүхэд байхад ээж маань үлийн цагаан оготныг хавхаар агнаж, дэрсээр өвчин тавьчихаад, арьсыг нь хүүхдүүдээрээ элдүүлдэг байлаа. Заримдаа туламлан өвчөөд дотор нь өвс чихчихнэ. Тэгэхэд анх удаа “Амьтны арьсаар чихмэл хийж болох юм байна” гэсэн төсөөллийг авсан. Хожим шинжлэх ухааны үндэслэлтэй чихмэлийн технологийг Монгол Улсын Байгаль орчны гавьяат Д.Дагиймаа багшаасаа сурсан.

-Чихмэлийг Байгалийн музейн сан хөмрөгөөс гадна зочид буудал, ресторан, үзвэр үйлчилгээний газрын интерьер дизайнд ашигладаг болж. Ингэхэд дэлхийд чихмэлийн урлаг хэрхэн яаж хөгжсөн байдаг юм бэ?
-Зарим эх сурвалжид 1534 оны баримтад Италийн Понте Носса дахь сүмд өлгөөтэй байх матрыг хамгийн эртний хадгалагдсан жишээ гэж дурдсан байдаг. Хожим XVIII–XIX зуунд Европт орчин үеийн шинжлэх ухааны үндсийг тавьсан Парисын Үндэсний түүхийн музейн ажилтан Луис Дюфресн 1803 онд чихмэлийн урлагийг “taxidermy” хэмээн нэрлэж, шинжлэх ухааны үг хэллэгийн санд оруулсан байдаг юм. Гэхдээ чихмэлийн хамгийн эртний хэлбэрийг Эртний Египетээс үүсэлтэй гэж үздэг. МЭӨ 2200 оны орчимд египетчүүд фараонуудын ордонд нохой, муур, сармагчин, шувуу зэрэг амьтдыг занданшуулж, заримдаа эзэнтэй нь хамт оршуулах зан үйл хийж байсан нь амьтдын оршихуйг удаан хадгалах эртний уламжлалын нэг хэлбэр болж өгсөн байдаг. Анхдагч хэлбэр нь шашин болон хойд насны итгэл үнэмшилтэй холбоотой байсан ч чихмэлийн анхны суурь ойлголтод тооцогддог юм.
Дундад зууны үед Европт амьтдыг шинжлэх ухааны зорилгоор хадгалах шаардлага нэмэгдэх үеэс “таксидерми” буюу чихмэл нь Байгалийн түүхийн музейн чухал хэсэг болж хөгжсөн. Амьтдыг бодит хэмжээгээр хадгалж, үзүүлэх шинжлэх ухааны туслах салбар болсон байдаг. Мэргэжлийн хүрээнд бол практик дээр хийж буй арга барил, материал, хийц, стандартаас хамаарч чихмэлийг Орос, Америк, Герман технологи гэж гурав ангилдаг юм. Орос буюу ЗХУ-ын уламжлалт хэв маягт суурилсан таксидерми нь гар ажиллагаанд тулгуурласан, сонгодог хэлбэртэй. Биеийн суурь бүтцийг гипс, шавар зэрэг уламжлалт материал ашиглан ихэвчлэн гар аргаар урладаг. Энэ арга нь бат бөх, удаан хадгалагддаг давуу талтай ч амьтны хөдөлгөөн, амьд байдлыг илэрхийлэх нарийн деталийн хувьд харьцангуй хязгаарлагдмал. Тиймээс “сонгодог, хатуу хэлбэртэй музейн хийц” гэж тодорхойлох нь элбэг.
Америк хэв маягийг чихмэлийг өндөр хөгжсөн, стандартажсан хэлбэрт тооцдог. Энэ технологи нь амьтны дотор бүтцийг хөнгөн “foam” буюу хөөсөн суурьтай манеканд угсардаг. Анатомийн нарийвчлал болон байгалийн хөдөлгөөнийг аль болох бодитоор илэрхийлж, амьтныг амьд мэт харагдуулах реалист үзмэрийг төрүүлдэг ч тоног төхөөрөмж, материалын хувьд өртөг өндөртэй. Харин Герман хэв маяг нь анатомийн зөв харьцаа, хэмжилт, деталь бүрийг маш өндөр түвшинд гаргах, төгс гүйцэтгэл шаарддаг. Хийцийн хувьд маш цэвэрхэн, нарийвчлал өндөртэй ч хугацаа, хөдөлмөр шаарддаг онцлогтой.
-Чихмэлийг тусгай технологиор хийдэг гэлээ. Юуг хамгийн илүү анхаарах ёстой байдаг юм бол?
-Чихмэл хийх ажил амьтныг агнасан даруйд эхэлдэг. Арьсны чанар, хэлбэрийг алдагдуулахгүй, хадгалах үүднээс тухайн амьтныг аль болох хурдан, шаардлагатай тохиолдолд шөнийн цагаар гэрэл тусгаж байгаад ч хамаагүй өвчих ёстой. Энэ нь чихмэлийн хийц, нарийвчлал, бодит байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлдэг гэсэн үг. Аль болох хөнгөн, амьтны хөдөлгөөнийг хэвтээ, босоо, давхиж буй, эсвэл сууж байгаа гэх мэт янз бүрийн хувилбараар, бодитой болгон зохиомжлон дүрслэхийн тулд хурдан өвчдөг.
Гэхдээ музейн сан хөмрөг тийм ч амархан баяждаггүй юм шүү дээ. “Бид эхлээд ямар ан амьтан, араатан жигүүртнийг чихмэл болгох вэ гэж байна вэ” гэдэг зорилго, зорилтоо эрх бүхий байгууллагуудад танилцуулж, хууль, дүрмийн дагуу зөвшөөрөл авна. Байгалийн өв болгох гэж буй амьтны гарал үүсэл, хууль ёсны байдал, цуглуулсан нөхцөл, цаг хугацаа, орчны тухай мэдээллээ нарийвчлан гаргах ажил ч давхар явагддаг. Тухайн үзмэрийн эх үүсвэрийг баталгаажуулсан бичиг баримт, шилжилт хөдөлгөөний бүртгэл, шинжлэх ухааны тодорхойлолт гэх мэт шаардлагатай бүх мэдээллийг бүрдүүлсний дараа музейн сан хөмрөгт албан ёсоор бүртгэн авдаг. Энэ бүх ажлын дараа чихмэл зөвхөн харагдах байдлаараа үзмэр ч биш, түүх, шинжлэх ухааны үнэт мэдээлэл агуулсан байгалийн өв болж үлддэг юм. Энэ бол музейн үйл ажиллагааны гол онцлог.
-Таныг удам дамжсан анчин. Эмээ нь, аав нь анчид байсан гэж сонссон. Анчид голдуу эрчүүд байдаг учраас таны хоёр багш, эмээ нь, та гэх мэт “Эмэгтэй анчин” нэлээн сонирхолтой санагдаад байгаа юм?
-“Удам дамжсан анчид”-ын тухай ярина гэвэл ургийн урт түүх хүүрнэх ёстой болно. Миний аав Буджавын Намсрай бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат. Социализмын он жилүүдэд “Улсын тэргүүний анчин” цол тэмдгээр шагнагдсан, нутгийн зон олондоо нэр хүндтэй анчин байв. Харин Буджав өвөөг минь төрүүлсэн, бидний элэнц эмээ бол Э.Содномпил. Сүхбаатар аймгийн уугуул, хуучнаар Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны хатагин овгийн гөрөөчин бүсгүй байсан юм. Элэнц эмээ минь Ардын хувьсгалыг үндэслэгч Их жанжин Д.Сүхбаатарын төрсөн ээж Хандын хамгийн том эгч. Ханд, Сономпил хоёр нэг эцэг, эхийн эгч дүү охид юм. Тэр цагт эмэгтэй хүн ан гөрөө хийх нь ховор байсан ч элэнц эмээ маань ан гөрөө эрхэлдэг. Гэхдээ ан гөрөө хийдэг тухайгаа тэр бүр ил гаргадаггүй, дотогшоо, даруухан нэгэн байсан гэдэг. Эмээгийн гөрөөчин өвөг дээдсийн удам үргэлжилж, миний аав Буджавын Намсрайд уламжлагдан ирсэн. Нутгийнхан аавыг минь “Бор Нааяа” хэмээн авгайлдаг байв. Үг дуу цөөнтэй, нягт нямбай, тэсвэр хатуужилтай, өндөр нуруутай, хүдэр чийрэг биетэй, жинхэнэ ясны гөрөөчин миний аав ан гөрөөг эртний уламжлалт дэг жаяг, ёс заншлын дагуу хийж, арван гаруй хүүхдээ ангийн мах, тарвага, зээрээр тэжээн өсгөсөн хүн дээ.

-Жанжин Д.Сүхбаатарын ээж Ханд, таны анчин эмээ Содномпил хоёр төрсөн эгч дүүс байх нь. Тэгэхээр таны аав Намсрай Ардын хувьсгалыг үндэслэгч Д.Сүхбаатарын үеэл, хаяал болох хүний хүүхэд байх нь ээ?
-Тийм ээ. Содномпил эмээ маань залуу насандаа “Өндөр Ренчин” хэмээн нэрлэгддэг 2.45 см өндөр залуутай ханилан сууж, миний аав Намсрайн эцэг, Р.Буджав баатрыг төрүүлсэн байна. Буджав өвөө их эрт нас барсан. Аав маань өнчин үлдэж, айлын том хүү учраас өрх гэрийнхээ ачааг эрт үүрэлцэн, дүү нараа ан гөрөөний олзоор тэжээн өсгөсөн хүн. Миний өвөө Буджав өөрийн үеэл, жанжин Д.Сүхбаатартай нуруугаар ойролцоо, сэлэм гарамгай эзэмшсэн, ихээхэн зориг зүрхтэй эр байсан гэдэг. 1912 оны наймдугаар сард Магсаржав, Дамдинсүрэн нарын цэрэг Ховд хотыг Манж, Хятадын цэргээс чөлөөлөхөөр явахад Буджав өвөө өөрийн хаяал Д.Сүхбаатарын захиасаар энэ тулаанд оролцож, “Эрдэнийн очир одон”-гоор шагнуулсан байдаг.
Сонирхуулж хэлэхэд, анчин эмээ Содномпилийн нөхөр, бидний элэнц өвөө Рэнцэн маш өндөр хүн байсан учраас унтдаг модон орноос нь доош залгуулж гурван араг эгнүүлэн тавьж, ор засаж өгдөг. Хөлөө атийгаад хэвтэхээр хоёр арган дээр багтдаг. Гэнэтийн бороо, шорооны үеэр гэрийнхээ тооноор гараа гаргаад өрхөө бүтээдэг. Гар нь гэрийн гаднаас хүрз шиг том харагддаг. Хааяа хол ойрын айлууд руу морь унаад явна. Зорьж яваа айлын улсууд “Айсуй хүний цээж нь цухуйгаад мөд ирдэггүй. Өглөө л харагдсан, ирээгүй байхыг бодвол өндөр Рэнцэн л байх” гэлцэн хүлээдэг байсан тухай аман яриа манай удмынхнаар дамжин, бидэнд өвлөгдөн ирсэн юм.
-Анчин эмээгийнхээ тухай мэдээллийг та ааваасаа цуглуулж авсан уу?
-Аавын минь тал анчин удмынхан. Элэнц эмээ Содномпилын аав, ах хоёр нь мөн сайн гөрөөчид байсан тул нутаг усныхан тэднийг “Нүгэлт хар”-ынхан хэмээн нэрлэдэг. Гэхдээ элэнц эмээ маань ан ав хийдгээ нутгийн зон олноос, аав, ахаасаа ч нуудаг байсан гэдэг. Аав маань надад хэлэхдээ “Монголчууд эмэгтэй хүн ан хийхийг таашаадаггүй учраас нуудаг байсан байх” гэж тайлбарладаг байв. Эмээ нөхөрт гарч, эцгийн голомтоос туурга тусгаарласныхаа дараа нэг өдөр тарвага агнаад, өвчиж чанаад, арьсыг нь гэрийнхээ гадаа дэлгээд тавьчихсан байж. Орой нар хэвийх үед аав, ах хоёр нь алсаас ирж яваа харагдахаар нь эмээсэндээ айлын хар хүнийг гуйж, ан ав хийлгэсэн мэт бяцхан заль зохиосон ч баригдаж, жавтий хүртэж явсан гэдэг юм. Сүүлдээ аав нь охиныхоо чадвар, боломж, хүслийг дийлэхээ болиод бууж өгч, эмээ жинхэнэ утгаар ан агнадаг болсон юм гэнэ билээ.
Нэг удаа зээр намнах гэж давхиж яваад ер бусын нэгэн үзэгдэлтэй учирснаа аавд минь чухалчлан ярьсан байдаг. Анх холоос “нохой ишиг хөхүүлээд зогсож байна” гэж харсан амьтан руугаа зорьж, ойртон очиход гичий боохой хөдөлгөөнгүй зогсоод, дөнгөж төрсөн, биеэс нь эхэс хальс нь ч гүйцэд салаагүй цагаан зээрийн янзага хөхүүлж байсан гэдэг. Бүр ойртож харахад яах аргагүй дэлэн хөх нь чинэрсэн гичий боохой. Гөрөөчин хүн учраас “Бэлтрэгээ суйлуулсан амьтан байна” гэдгийг маш хурдан ойлгож, өрөвдөн хайрлахдаа “Энэ насандаа дахин боохой агнахгүй” хэмээн андгайлж, үүндээ ч хүрсэн гэдэг. Манай нутагт чоныг “боохой” гэж нэрлэдэг юм. Сүүлд нутгийн ардууд тэр хавьд “Гичий чоно дагасан нас бие гүйцсэн цагаан зээрийн ооно явдаг болсон” талаар ярилцдаг болсон байсан гэсэн ийм нэг домог шиг зүйлийг аав минь хэлж өгч байсан нь санаанд бууж байна.
-Таны зургийн цомгийг харж суухад анд өмсдөг хар малгай нэлээн өвөрмөц юм. Нүдэнд тусаж байна. Энэ ямар нэгэн онцлогтой малгай юу, эсвэл таны сонголт, хэв маяг уу?
-Тэр бол хурдан морины дэл сүүлээр хийсэн малгай. Элэнц эмээгийн минь өмсөж, эдэлж, хэрэглэж байсан эд юм. Энэ малгай ан гөрөө хийхэд эмэгтэй хүнийг эр хүний дүр төрхтэй харагдуулж, ангийн тэнгэр ивээдэг хэмээн эмээ минь ихэд сүсэглэн ханддаг байсан тухай аав минь ярьдаг байв. Олон айлын хурдан морины дэл сүүлийг цуглуулж, илүү гэртээ хэд хоног хадгалсны дараа өнгө өнгөөр нь ялган, хужиртай усанд дэвтээж сайтар угааж, гэрийнхээ гадаа эсгий дээвэр дэлгэн түүн дээр тавьж салхинд хатаадаг. Дараа нь айл саахалтын хөгшид, охидыг цуглуулан, таван ханатай гэрийн баруун хатавчнаас зүүн хатавч хүртэл тойруулан суулгаж, хэд хоног гурваар дарж, сүлждэг. Адууны дэл сүүл амархан эргэж хөвөрдөг онцлогтой, сүлжихэд хэцүү тул удаан хугацаанд, нягт нямбай сүлжсэн малгай гэдэг юм. Малгайн дээр нь боохойн ясаар хийсэн чимэглэл бий. Үүнийг би монголчуудын уламжлалт сүсэг бишрэл, сүлд хийморийн ойлголттой холбоотой болов уу хэмээн боддог юм.
Ер нь элэнц эмээгийн ан гөрөөний зориулалтын хувцас нь өвөрмөц, содон. Намрын цагт агнасан цагаан зээрийн арьсыг гандаж, үсийг нь зумлан илгээр нь хувцсаа урлаж, зээрийн эврээр чимэглэдэг. Эврийг хөрөөдөж товч болгон дугуй хэлбэр оруулж, хоёр үзүүрт нь нүх гарган оёж гоёдог байсан гэдэг. Үүнээс гадна ан гөрөөнд мордохоосоо бараг сарын өмнө элэнц эмээ маань өөрийн шүтээн “Баян Эрхэт” хэмээх хайрхныг зорьж, зөвхөн адууны хомоолоор утаа май гарган, манай нутагт ургадаг ганга, тал хээрээр цайран ургах аг өвсөөр биеэ ариусгадаг байжээ. Ингэхдээ өвөрмөц дуудлага аялгуулан дуудаж, бүжиглэн цовхорч, бие сэтгэлээ бэлтгэдэг. Тэр бүх ан гөрөөний ухаан, дэг жаягаа ач хүүдээ буюу миний аавд нарийн зааж сургасан байдаг юм.
-Удам дамжсан анчин хүний хувьд таныг ангийн ёс цээр, монголчуудын ан гөрөөний үед баримталдаг ёс жаягийн талаар нарийн мэдлэгтэй байх гэж бодож байна. Ан амьтныг замбараагүй авладаг болсон цаг үед хэн нэг нь ав гөрөөний цээр ёсыг дахин нэг сануулахгүй бол болохгүй юм шиг санагддаг юм?
-Ан авыг орчин цагт сонирхогчдын спорт хэмээн нэрлэх болсон. Хүмүүс агнуурын амьтдыг арилжаалж, орлого олж, хүнсний хэрэгцээгээ хангаж, өрхийн зардлаа мэдэгдэхүйц хэмнэж, амьдрал ахуйдаа нэмэр болгож байгаа нь нэг талдаа сайн хэрэг. Гэвч нөгөө талдаа үндэсний уламжлалт ан авын соёл мартах шалтгаан болж байна. Уг нь монголчууд олон зууны турш бүтээж, хадгалж, дамжуулж ирсэн ан гөрөөний том соёлтой үндэстэн. Анчин, гөрөөчид үеэс үед дамжин ирсэн, хэзээ ч зөрчигдөх учиргүй хатуу дэг, ёс жаяг баримталдаг. Тэр дүрэм нь анчдын хувьд хуулиас илүү үнэ цэнтэй, нэр төрөөс илүү эрхэм зүйл. Жинхэнэ гөрөөчнийг бусдаас ялгаатай гэдгийг тодотгож өгдөг үнэт зүйл нь юм.
Наанадаж, анчин, гөрөөчин хүн ой, хээр тал, ан гөрөө хийж буй орчноо өөрийн гэр мэт үзэж, биеэ зөв авч явах учиртай. Хэрэглэсэн хайрцаг, уут, шил зэрэг ахуйн хогийг байгальд үлдээх нь зохисгүй бөгөөд заавал цуглуулж авч явна. Харин хоолны багахан үлдэгдэл нь байгальд уусдаг тул амьтан, шавжид орхиж болно. Энэ зарчим нь зөвхөн анчдад бус, зуны улиралд хөдөө гадаа гарч амарч, хоол хийж буй бүх хүнд адилхан хамаарна. Гэвч харамсалтай нь анчид болон амрагчдын дунд энэ энгийн атлаа чухал дүрмийг чанд мөрддөг хүн цөөхөн болжээ. Уг нь байгаль дэлхийгээ хайрлах, хүндэтгэх хандлага ийм жижиг зүйлээс л эхлэх учиртай юм.
-Хүмүүст хэрэгтэй, мэдлэг, ухаан нэмнэ, болгоомж, сэрэмж өгнө гэдэг талаас харж, монголчуудын ан авын хорио цээрийн уламжлалаас цухас боловч дурдахгүй юу?
-Монгол үндэстэн, ястан бүрийн амьдрал ахуй, хоол хүнсний тогтолцоонд ангийн мах, үслэг арьстай холбогдсон өвөрмөц зан үйл, ёс жудаг шингэсэн байдаг. Жишээ нь, монгол аймгууд, тэр дундаа халх түмний уламжлалт шүтлэгт буга онцгой ариун нандин байр суурь эзэлдэг. Бугыг монголчууд чулуун урлаг, хадны сүг зураг, сийлбэрт мөнхлөн тахиж, сүнслэг бэлгэдэлтэй хэмээн дээдэлж ирсэн ард түмэн. Буга агнавал насанд цөв сууна гэж үзэж, ямар нэгэн зорилгогүй л бол авлахыг ихэд цээрлэдэг. Эрт дээр үеэс эрхэмлэн, шүтэж ирсэн энэ амьтныг хэрвээ зайлшгүй шаардлагаар агнах бол тусгай ёслол үйлддэг, онцгой хүндэтгэл үзүүлдэг байсан. Хэрвээ аргагүйн эрхэнд буга намнасан бол гурван удаа мөргөж, эврийн адгийн хараанаас адис авч, толгойг нь модонд өлгөн үлдээдэг өвөрмөц ариун заншил байв.
Халх анчдын хувьд ан авд мордохдоо сэтгэл зүйгээ ариутгаж, цэгцэлдэг. Тэд хоослон үгүйрүүлэх, хэт шунахайран тааралдсан бүхнийг хороохыг цээрлэж, байгалийн хишгийг зөв ухаан, цагаан сэтгэлээр хүртэхийг эрхэмлэн, мөрөө цэвэр үлдээх нь анчин хүний жудагт тооцдог. Мөн халхууд эртнээс шүтэж ирсэн амьтад, сүсэглэн биширдэг уул даваа, усны эх булаг, нуур цөөрмөөс ан авлахдаа онцгой дэг ёс баримталдаг байсан нь аман болон бичгийн олон эх сурвалжаас тодорхой харагддаг.
Анд мордохын өмнө анчид гал голомт, уул овоондоо сүсэглэн мөргөж, зам мөрөө ариусган, сэтгэлийн ариун жудаг, шүтлэгийн гүн ухааныг хослуулан ангийн хишгээ хайрлахыг даатган залбирна. Мөн Алтай, хангайн эзнээс хишиг гуйж, ангийн замаа нээхдээ арц хүжээр сан тавих нь түгээмэл. Учир нь өвөг дээдсүүд байгаль ертөнцийг амьд, сүнслэг оршихуй хэмээн дээдэлж, уул ус, хад чулуу, мод ургамал бүр өөрийн эзэн, савдагтай гэж үздэг байсан. Олуулаа анд мордох үед анчин бүрийг нарийн ажиж сонгоно. Бусадтай маргах, зөрүүдлэх, бусармаг зан гаргах, чанга ярих, ёс бусын, муу ёрын гэмээр дэмий үг хэлтэй, бусдыг үл хүндэтгэдэг зан авиртай хүнийг дагуулж явдаггүй. Буруу сонголт хийвэл ангийн ганзага нийлэхгүй гэж үздэг тул хянуур ханддаг байсан юм билээ.

-Буриадууд, ойн иргэдийг маш сайн ан хийдэг ард түмэн гэлцдэг. Тэдний хувьд ангийн ямар хорио цээр тогтсон байдаг юм бол?
-Буриад анчид анд мордохын өмнө ан авын олз, гарах гарзаа орон дэлхий, байгаль, хангайн эзнээс гуйн даатгаж, сан тавиулж, заримдаа зүүн хойш харж ургасан эр хус модыг унаган, дээр нь сан тавиад морддог сонирхолтой зан үйлийг гүйцэтгэдэг байсан ард түмэн. Мөн ан авд мордохынхоо өмнө олуул цуглан дуу дуулан, бүжиглэж, үлгэр ярьж хононо. Ийм цугларалтын үеэр ахмад анчин үлгэр ярьж дуусаад бууны сүмбийн үзүүрт хонины сүүлний өөхнөөс хатган, бусад нь модон аяганд өөх тос хийн, хурай хурай хэмээн хэлж, ангийн хишиг дууддаг байжээ.
Буриадуудыг бусад үндэстнээс ялгаатай харагдуулах нэг онцлог нь зээгт авд мордохдоо ан авын бүрэлдэхүүнийг бөө нараар захируулдаг байсан явдал. Бөө нар анд явахын өмнө “Цацал” хэмээх ёслол гүйцэтгэх бөгөөд бөө, удган нар ав хийх өдрийг хур бороогүй салхи шуургагүй, ая тавтай өдөр болохыг дааж, мөн олз омог хайрлахыг хангай дэлхий, тэнгэрт даатгадаг байна. Буриад түмний Зээгт авын өмнө үйлддэг байсан гал тойрон бүжиглэх ёс нь хожмын буриадуудын дунд уламжлагдан үлдсэн хатираа (хатар), ниргэлгэ, ёохор бүжиг. Эдгээр бүжиг, дуу нэн эртний ёс. Эндээс буриадын ан хийх ёс, зан үйл, ниргэлэгтүүд тэр чигээрээ дүрслэгдэн гэж судлаачид үзсэн байдаг.
Эвенкүүд байна. Маш сайн анчин ард түмэн. Эвенк анчид халиу гэдэг амьтан хуурай газраар явах нь нохойтой эвенк анчдын хувьд хамгийн амархан авлаж болох олз байдаг. Гэсэн хэдий ч тэд агнадаггүй. Яагаад гэвэл халиуны ийм хялбар олз үхэл дагуулах өндөр эрсдэлтэй гэцгээдэг. Суусрын овгийн халиу гол мөрөн хөлдөх үер усны түвшин огцом хэлбэлзэх үеэр амьдрах орчноо өөрчилж, илүү тухтай газар олохоор гол мөрнийг түр орхин, жижиг цутгал бараадаж, нэг голын сав газраас нөгөө рүү шилждэг. Ингэж нүүхдээ усны хагалбар газраар сүргээрээ гол гаталдаг байна. Яг ийм үед хаски нохойтой эвенк анчдын идэвхтэй агнуурын үе давхацдаг. Гэвч эвенкүүд агнадаггүй. Яагаад гэвэл ийм ангийн дараа анчдын ойрын хамаатан, үр хүүхдүүдэд таагүй зүйл тохиолдож, үхэл ч ирдэг учраас сэрэмжилдэг байсан гэдэг.
-Орчин цагийн анчдад зориулж бяцхан зөвлөмж өгнө үү?
-Ан авын соёл үнэхээр мартагдаж, замбараагүй агналт ихэссэнд харамсаж явдаг хүний хувьд би “Монголчуудын ан авлахуйн соёл” нэртэй ном хэвлүүлэн гаргана гэсэн бодолтой яваа. Тиймээс одоо бол бусдад хэрэгтэй гэдэг утгаар, “Жинхэнэ гөрөөчин хэзээ ч хэн нэгний нохойны үргээсэн ан авыг авлахгүй. Бусдын ангийн отогт зөвшөөрөлгүй хөл тавьдаггүй. Өөр хүний олсон ангийн мөр, баавгайн үүрийг нууцаар ашиглахыг цээрлэдэг. Орон нутгийн хичээл зүтгэлээр шинээр суурьшуулсан ан амьтан болон хиймэл нуурт нутагшуулсан нугас, шувуудыг агнадаггүй.
Бусдын ан хийхээр бэлтгэсэн газрыг хөндөлгүй тойрдог. Хэрвээ хэн нэгэн урьд өмнө нь очиж үзээгүй, огт мэдэхгүй, хүмүүс тэр бүр зорьдоггүй ан агнуурын бүс нутаг руу, уул ус руу явахыг санал болгож, урьсан бол заавал тухайн газрын “эзэн”, уул усны эздээс гуйж, зөвшөөрөл авах заншлыг мартах учиргүй” гэсэн товчхон зөвлөмжийг хэлэх нь зөв гэж бодож байна.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу.