Жинхэнэ монгол эмэгтэй хүн
Жинхэнэ Монгол эмэгтэй хүн сэдвээр профессор багш З.Цэвээнравдан нийт хүмүүстээ зориулж сурган хүмүүжүүлэх ухааны цувралаа нийтэлж байна. Ийнхүү олны сонорт хүргэхийн учир нь, Жинхэнэ монгол эмэгтэй хүн гэж хэн бэ. Ямар ёс суртахуунтай, ааш араншинтай, ажил төрөлтэй, өмөг түшигтэй, өгөөмөр тусч байх вэ гэдэгт хариулсан энэ өгүүлэл таны сонирхлыг татах биз ээ.
Жинхэнэ Монгол эмэгтэй хүн сэдвээр профессор багш З.Цэвээнравдан нийт хүмүүстээ зориулж сурган хүмүүжүүлэх ухааны цувралаа нийтэлж байна. Ийнхүү олны сонорт хүргэхийн учир нь, Жинхэнэ монгол эмэгтэй хүн гэж хэн бэ. Ямар ёс суртахуунтай, ааш араншинтай, ажил төрөлтэй, өмөг түшигтэй, өгөөмөр тусч байх вэ гэдэгт хариулсан энэ өгүүлэл таны сонирхлыг татах биз ээ.
Эртний судар бичгийн зүйлд эх хүн, эмэгтэй хүнийг шүтэх ёсыг өгүүлэн үлгэрлэхдээ ‘‘Өчүүхэн нялхын төрсөн даруйдаа тэр бүх юм эхээс хамааралтай тул эхээс түр нэгээхэн ч салах аргагүй. Тэгүүчилэн өсвөр хийгээд идэр залуу, ид дунд, өтөл буурал насанд ч эх хийгээд эхнэр хүмүүн, охин үр садаас бүр ч салах аргагүй” хэмээсэн нь эмэгтэй хүнийг үнэлэх монгол мэргэдийн үнэлэмж ажээ.
Тэгэхээр аль ч нийгэм, төрийн нэг босоо багана нь эмэгтэй хүн гэдэг нь ойлгомжтой. Зөвхөн ойлгомжтой төдийгүй эх хүн, эмэгтэй хүн, эхнэр хүн төр түмэн, айл гэр, ахан дүүс, амраг хань, алаг үрсдээ өмөг түшиг нь, өмгөөлөн хамгаалагч нь, өвлөн хүмүүжүүлэгч нь, үе хойчоо зөв авч явах ачтан, ухаантан нь болсоор ирсэн, болсоор ч байна. Энд гагцхүү жинхэнэ монгол эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ. Монгол эмэгтэйн мөн чанар одоо хэвээр үү гэдэгт л хэргийн учир зангилаа байнам.
Нийгэм, улс хөгжих дутам хүн, хүний оюун ухаан хөгждөг жамтай. Хүний оюун ухаан хөгжих дутамд хүн, хүний ёс уламжлал, хүмүүжил, зан заншил бас гээгдэх учиргүй. Нийгмийн хөгжлийг зөвхөн улс төр, эдийн засаг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжлөөр харж болохгүй нь. Харин оюуны хөгжил, зан заншил, ёс уламжлал нь нийгмээ дагаад яаж шинэчлэгдэн хөгжив, хүний зан чанар, сайхан зөв харилцаа, хүн хүнээ хүндлэх ахан дүүсэг байдал хэрхэн хөгжив гэдгээс харж тооцох шаардлага бий боллоо. Тэр дундаа жинхэнэ монгол эмэгтэй хүний, эх хүний зан, ёс жудаг амьдралд яаж нөлөөлж байна, үүнийг үр хүүхэд, хань ижил, ахан дүүс нь хэрхэн хүлээж авч хэрэгжүүлж, хэвшүүлж байна гэдэгт л хамаг учир бий. Айл гэрийн амьдралд ч, улс нийгмийн харилцаанд ч жинхэнэ монгол эмэгтэй хүний тэр сайхан ааш зан, ажил хэрэгч авхаалж самбаа, үр хүүхдээ хүмүүжүүлдэг монгол дадал хэвшил, хань ижил, хавь ойрынхондоо халамжтай, анхааралтай ханддаг үлгэр жишээ эдүгээ үнэхээр үгүйлэгдээд байна. Нэг үгээр хэлбэл жинхэнэ монгол эмэгтэйн ур ухаан дутаад байна. Энэ бүхэнд аав, ээж, ахмад хүмүүс, багш, сурган хүмүүжүүлэгчид ч тэр бүр анхаарахаа больсон шиг байна. Охид хүүхдэдээ, бэрүүддээ зааж сургадаг, ажил мэргэжил, ааш занд нь хөтөлж дагуулдаг тэр “бор арга” үлгэр жишээ бараг алга боллоо. Тийм байж болохгүй ээ!!! Эмэгтэй хүний хатан ухаан, нарийн арга, намба төрх, ёс суртахуун, зан заншил л хүнийг авч явна, хүүхэд залуусыг хүмүүжилд хөтөлж чадна.
Монгол эмэгтэй хүн охин бага наснаасаа эхлээд л ээжийнхээ гэрийн ажилд оролцож, оёдол үйлэнд суралцаж, сааль сүү боловсруулах, хоол цайгаа хийхэд нь тусалж ээжийнхээ үлгэр дууриаллыг өвлөж авдаг. Ээж нь охин хүүхдээ үйл оёдолд багаас нь сургаж ирээдүйн эзэгтэй болгож хүмүүжүүлдэг. Тэр ёс заншил эдүгээ ихэвчлэн хот суурин газар бараг орхигджээ. Харин хөдөөний айл өрхөд арай өөр байх. Ахуй нөхцөл, аж төрөх арга барил нь өөр учраас тэр буй заа. Хот суурин газарт ч оёдол үйл, хоол унд хийх монгол хэв шинж, арга барил байж л байгаа шүү дээ. Гэрийн эзэгтэй хүн гэр дэх бүх л ажлыг анхааралдаа авч өнөө, маргааш би юу хийх билээ гэдгээ тооцож цаг алдалгүй түргэн шуурхай хийж амжуулан гэр орноо цэвэр цэмцгэр, эмх журамтай байлгах үүргийг хүлээдэг. Ядаж л өглөө эрт босож, орой унтаж, залхуурлыг огоорч, зай цаг ашиглаж сурсан байдаг сайхан уламжлалтай. Ажил хийдэг хүн аргад суралцдаг. Ажил анхиагүй хүн юун арга байхав шалтаг тоочиж, цаг алдаж суудаг. Монгол эмэгтэй хүн ирсэн, очсонд ч ундтай устай, ажил үйлс, ааш зангаараа олныг татаж ёстой л “эрийн нэрээр орж, эзэгтэйн нэрээр гардаг” гэдгээр үг хэл, үйл ажлаараа айл, саахалт, ахан дүүс, албан байгууллага, сум багтаа магтагдсан байдаг.
Жинхэнэ монгол эмэгтэй хүний гол анхаарах хүмүүжил бол үг хэлний соёл юм. Хараал зүхэл хэлэх, хов жив ярих, хүнийг элдэвчлэн муулах, хүүхэд, дүү нар, ахас ихсийн дэргэд ам мэдэн цуурах /хамаагүй бүдүүлэг ярих/ зэргийг цээрлэх шаардлагатай байдаг. Энд шүүмжлэлтэй хандахад зарим эмэгтэйчүүд /олонхи нь биш л дээ/ хэтэрхий давилуун яриатай, аманцар, хэлэх, хэлэхгүй үг хэлдэг, ярьдаг, эр нөхөртөө “эр бар”, хань нөхөртөө халамж анхаарал султай, юм л бол аашлах зандрах, тунирхах, ийм ч юм авна, тийм ч юм олно, тэр тэгэж байхад би тэгэх ёстой гэсэн ёс жудаг, нэр нүүр муутай нь ажиглагддаг. Эсвэл дэмий хардах, сэрдэх, давамгайлан барьцах явдал ч гардаг.
Нөхөрт алдаа дутагдал байх аваас уучлах, уужуу ухаан, уран арга, тайван сэтгэлээр засаж татаж авах, тэр хатан ухаан, холч бодол дутмагаас салж сарнидаг, үр хүүхэд өнчирч хоцордог хойчийн гэм бас бий. Ерөөс хүний ухаан хязгааргүй гэдэг. Энэ нь аливааг олон талаас нь бодож тунгааж алдаа эндэгдэл аль алийг нь гаргахгүй байх тийм амьдралын бат суурь бий болгохыг, байлгаж байхыг ялангуяа залуу хүмүүс нэн түрүүн бодох ёстойсон. Тиймгүйгээс гэр бүл салах сарних, үр хүүхэд өнчрөх, зовох нөгөө л хүмүүжил дутмаг, хүн чанар, ёс жудаг муутай хүмүүс төрсөөр...
Ганцхан жишээ дурдахад манай улсад жилд 4000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргаж тэдний 50 хувь нь 1-3 насны хүүхэдтэй байгаа нь тун харамсалтай хэрэг. Эмэгтэй хүний өмссөн зүүснээс эхлээд үс гэзгийг хүртэл хүмүүс анхаарч харж байдаг. Хот суурин газрын идэр залуу охид бүсгүйчүүд үсээ задалж тавьсан, зарим нэг нь янжуур тамхи зууж, нанчид архи уусан, намба төрхөө алдсан ч харагддаг. Үсээ задгай тавихыг “бэлбэсэрлийн шинж” гэж Монгол хүн ихэд цээрлэдэг. Архи, тамхи хэрэглэхийг бараг нүглийн хэмжээнд үздэг. Гэвч цаг өөр болсон, хүний эрх гэж унаган төрх, уламжлалт ёсоо алдаж болохгүй л дээ.
Үг хэлнээс үйл ажил, зан, ёс суртахуун ямар вэ гэдэг нь аяндаа танигддаг. Монгол эмэгтэй уян зөөлөн, төлөв даруу, яриа хөөрөөтэй, нэгэн зангаар байж сурсан, ямар ч хүнд хүндэтгэлтэй ханддаг, найрсаг дотно, тэр дундаа өнчин ядуус, өвгөд хөгшид, ядарсан зовсонд үнэн санаанаасаа тусалж дэмждэг ээжийн хайр, эгчийн дотносолтой хэмээн хүндлэгддэг сайхан уламжлалтай. Нөгөө талаас арвич хямгач тооцоотой, айл гэрийг авч явах гүйлгээ ухаантай, тэр ч чанараараа авсан, олсон, хийсэн бүтээснээ тогтоож байлгаж чаддаг эдийн буянтан байдаг юм. Хаяж цацалсан эсвэл цадуун цамаан байхыг цээрлэж үр хүүхдээ, ач зээгээ ч амьдралын зөв ухаанд хөтөлж өгдөг энэ сайхан Монгол ээжийн тослог нүнжигтэй ухаан их үгүйлэгдэж байна. Үрэлгэн заралган байх нь өөдлөн дэвшихийн замыг хаадаг. Гэхдээ энэ нь харамч хатуу, алга тэнийлгэдэггүй бай гэсэн үг огт биш. Гэр бүлд хүүхэд аав, ээжийнхээ ажилч хичээнгүй, арвич хямгач тэр л ааш араншинг өвлөж авна. Жинхэнэ монгол эмэгтэй хайр сэтгэлдээ үнэнч, өнгө мөнгөнд шунадаггүй, үр хүүхдийнхээ төлөө энэ бие, энэрэх сэтгэлээ зориулдаг.
Хүний нийгмийн оршин тогтнох хийгээд хүн хүнтэйгээ харилцах харилцааны хамгийн нандин бүхэн бол гагцхүү хайр сэтгэл юм. Хайр сэтгэлийг эртний ном сударт:
“Айлдлын хос мэлмийг сайн номлолын талд бэлчээсэн
Асрал энэрлийн хос жигүүрээр бусдын тусын огторгуйд ниссэн
Ажиглал шинжлэл төгс олонд өглөгийн үүд хаалгыг нээгч
Алс даруйд тус амгалангийн суурийг үйлдэгч” хэмээн гүн ухаанчаар яруу сайхан өгүүлсэн байдаг. Энэ нь энгийн үгээр хэлбэл нэгэн биеэ хоёр болгож, нимгэн бүхнээ давхар байлгаж амар амгалан аж төрж, ашид аз жаргалтай байхын бэлгэдэл нь агуу их хайр юм гэсэн утга дүйнэ. Тиймээс ч алив хүн төрөлхтөн тэр дундаа омог ухаан цогц монгол хүний хайр бол сэтгэл гагнасан, итгэл нэгдсэн, дурлал зузаалсан амьдрал юм. Монгол эмэгтэй /эх хүн/ хайр агуу гэдгийг амьдралаараа ойлгож хос баганаа ганхуулахыг цээрлэж ирсэн уламжлалтай. Энэ ёс жудаг нийгмийн эрээнтэй бараантай аль ч үед хэвээр байсан боловч харин “Хотын намын хороо байхад холдоод хаа очих юм, хоёр гурван хүн хүлээж байхад чамтай яаж зууралдах юм” гэсэн зайгуул, гүйгүүл үгс зарим эмэгтэйн амнаас гарч байсныг нуугаад яахав. Амьдрал янз бүр ч хайр дурлал нэг гэдгийг ойлгоогүй хүний үг болов уу. Амьдралын сайн сайхныг зөвхөн өнгө мөнгө талаас нь боддог хүний ч үг болов уу.
Ямар ч атугай монгол эмэгтэйн зан чанар, ааш араншин, хайр дурлал биш ээ!!! Жинхэнэ монгол эмэгтэй авааль /авсан, анхдагч, албан ёсны/ нөхрөө аав, ээж, ахан дүүсийнх нь хамт ямагт хүндэтгэж зуурдын юманд зууралдаж, замын юманд завхарч явдаггүй сайхан чанартай. Өнгө мөнгийг дагаж, өнөө маргаашийг өнгөрөөдөггүй бат журамтай. Тиймээс монгол түмэн “Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэж салан задгай эмэгтэйг хатуу үгээр ташуурдаж хатан сэтгэлийг хамгаалдаг. “Сэвтэй явдал, зэвтэй сэтгэлээс” болж үр хүүхдийн хувь заяа эзгүйрдэг, эцэг эхийнх нь аз жаргал, амьдрап ч задгайрдаг. Жинхэнэ ээж, аавын сэтгэлтэй, хайртай гэр бүл байхыг үгүйсгэхгүй ч хойт эх, эцэг бүгдийн аз жаргал амьдрал ч тэр бүр тэгш байдаггүй.
Эх хүн, ээж хүн үр хүүхдээ сайн хүн болгох юмсан, ахуй амьдралд нь яаж ийгээд туслах юмсан гэж ёстой үсээ цайтал, үеэ мойтол зүтгэж өдрийн бодол, шөнийн зүүд болж сэтгэл санаа нь шаналж байдаг. Үр хүүхэд, ач, гуч нь эрдэм номтой, ажил амьдралтай, сайн хань ижилтэй байвал эх, эцгийн сэтгэл тайван амьдрал тэгш байна. Эмэгтэйн ухаан /эцгийн ухаан ч ялгаагүй/ энэ л ирээдүйд эхнээсээ зорилготой, амьдралын алдаагүй, сэтгэлийн шаналаагүй, ёстой л дотроо бодолтой, доороо суурьтай явж ирснээс шалтгаалах буй заа.
З.Цэвээнравдан /Гавьяат, профессор багш/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаар