МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Гадаад мэдээ Хүн амын бууралт: XXI зууны хамгийн дуту...

Хүн амын бууралт: XXI зууны хамгийн дутуу үнэлэгдсэн өөрчлөлт

Өнгөрсөн зуунд хүн төрөлхтний гол айдас нь хүн амын хэт өсөлт байсан бол өнөөдөр уг асуудал яг эсрэгээрээ олон улс орны бодлогод хурцаар хөндөгдөх болжээ. Япон, Өмнөд Солонгос, Итали, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнууд төдийгүй Хятад хүртэл төрөлтийн огцом бууралтын дарамтад оржээ. Энэ үзэгдэл зөвхөн хүн амын статистик бус, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, тэтгэврийн тогтолцоо, геополитикийн хүчний тэнцвэрт нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.

Үнэн
Админ

Нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин хүн амыг тогтвортой хадгалах 2.1 гэсэн босгоос доош орсон улс дэлхий даяар эрс нэмэгдэв. Өмнөд Солонгост энэ үзүүлэлт 0.7 орчимд хүрсэн нь орчин үеийн түүхэн дэх хамгийн бага түвшнин болжээ. Хятадын хүн ам 2022 оноос хойш буурч эхэлсэн нь дэлхийн эдийн засгийн бүтцэд урт хугацааны нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид үзэж байна.

Гэвч хүн ам цөөрөх нь  эдийн засгийн сүйрэл зайлшгүй гэсэн үг биш гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд онцолж эхэлсэн. Зарим шинжээчдийн үзэж буйгаар өндөр бүтээмж, боловсрол, автоматжуулалт хөгжсөн нөхцөлд бага хүн амтай улс ч өндөр орлоготой, тогтвортой эдийн засгийг хадгалж чадах гэнэ. Австралийн эрдэмтдийн нэгэн судалгаанд хүн амын өсөлт багассан орнуудын инновац, амьдралын чанар, хүний хөгжлийн үзүүлэлт олон тохиолдолд бусад орноос илүү өндөр байгааг дурдсан байна. 

Гэхдээ асуудлын гол нь “хүн цөөрөх”-дөө биш, “насжилтын бүтэц” өөрчлөгдөж буйд оршино. Ажиллах хүч цөөрч, ахмад настны эзлэх хувь өсөх тусам эрүүл мэнд, халамжийн зардал нэмэгдэнэ. Япон улс энэ сорилтыг роботжуулалт, өндөр автоматжуулалтаар даван туулахыг оролдож байгаа бол Европын орнууд цагаачлалын бодлогоо зөөлрүүлэхээс өөр аргагүйд хүрч байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хөгжлийн гол асуулт “хэдэн хүнтэй байх вэ” гэдгээс илүү “цөөн хүнтэйгээр хэрхэн өндөр бүтээмжтэй байх вэ” гэдэг рүү шилжжээ. Энэ нь XXI зууны эдийн засгийн философийг өөрчилж мэдэх хэмжээний шилжилт юм.

М.Алтаннар

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.