С.Отгонмөнх: "Чингис"-ийн Д.Жаргалсайхан хүүгийнхээ тоглолтод хамтлагтайгаа оролцоно
Аливаа тоглолтын ард ямар үйл явдал өрнөдөг хийгээд юм бүхэн харагдаж байгаа шигээ амархан биш гэдгийг С.Отгонмөнхтэй ярилцсанаар ойлгуулахыг зорилоо. “Сүнс” хамтлагийн дуучин Ж.Замилангийн тоглолтыг хамтран зохион байгуулах болсон биш нийгмийн тодорхой хэсэгт “цовдлуулсан” С.Отгонмөнх гэж хэн бэ. Тэр “Сэрүүлэг” сонинд сурвалжлагч, ТВ8 телевизийн захирлаар ажиллаж явсан туршлагатай.“Ард түмний толь”, “Шөнийн толь”, “Өдрийн толь” хөтөлбөрийг санаачлан, “Colf&Coffee” нэвтрүүлэгтээ олон зочныг урьж оролцуулж ирсэн сэтгүүлч. ТВ8 телевизэд санаачилж хэрэгжүүлсэн урлаг соёлын төсөл бүхэн нь амжилттай хэрэгжжээ.
Аливаа тоглолтын ард ямар үйл явдал өрнөдөг хийгээд юм бүхэн харагдаж байгаа шигээ амархан биш гэдгийг С.Отгонмөнхтэй ярилцсанаар ойлгуулахыг зорилоо. “Сүнс” хамтлагийн дуучин Ж.Замилангийн тоглолтыг хамтран зохион байгуулах болсон биш нийгмийн тодорхой хэсэгт “цовдлуулсан” С.Отгонмөнх гэж хэн бэ. Тэр “Сэрүүлэг” сонинд сурвалжлагч, ТВ8 телевизийн захирлаар ажиллаж явсан туршлагатай.“Ард түмний толь”, “Шөнийн толь”, “Өдрийн толь” хөтөлбөрийг санаачлан, “Colf&Coffee” нэвтрүүлэгтээ олон зочныг урьж оролцуулж ирсэн сэтгүүлч. ТВ8 телевизэд санаачилж хэрэгжүүлсэн урлаг соёлын төсөл бүхэн нь амжилттай хэрэгжжээ.
Энэ сайхан авьяасыг зэврүүлэхгүй ёсгүй
-Танд амжилт хүсье. Олон зүйл нуршаад яах вэ. Таныг ерөнхийдөө шоу зохион байгуулах туршлагатай гэдгийг мэдэхгүй тул цахимд хэсэг шуугилаа шүү дээ. Хөшигний араас удирдсан ажлуудаасаа дурдвал?
-Амьд хөгжмийн “Monster” шоуг анх "Хурд" хамтлагтай хамтран зохион байгуулсан. А.Хишигдалай, П.Дагийсүрэн, "Anemon" хамтлагийн гишүүн Т.Оюунтуяа нар энэ шоунаас танигдсан гэхэд болно. Хошин урлагийн зургаан хамтлагийг нэгтгэсэн “Хамтдаа” шоуг хүмүүс санаж байгаа байх. Бүх захирлыг нь суулгаж, зохиолоо танилцуулаад, “Нэгдэж шоу хийе” гээд маш амжилттай гүйцэтгэсэн. Тухайн үедээ 20 мянгаар зарагдах ёстой тасалбар 80 мянга болтлоо шагийн үнэд хүрсэн юм билээ. Тоглолтын дараах хүлээн авалтын үеэр “Отгонмөнх өө, чамд баярлалаа. Манайхан шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихсон байсан. Чи нэгтгэж чадлаа” хэмээн жүжигчид талархал илэрхийлсэн. Бизнес гэхээсээ хийж чадах зүйл рүүгээ итгэл төгс орсон цагт үр дүнтэйгээр төгсдөг. UBS телевизийн Балхжав ахтай оросууд шоу хийх гээд иртэл “Тв8-ийн Отгонмөнх гээд айхтар охин байгаа. Түүнтэй уулзчих” гэсэн байгаа юм. Өртөг нь өндөр тул тэр шоуг хийж чадаагүй. 3000 ээжийг “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд жил бүрийн мартын 8-ны өдөр баярлуулдаг уламжлал тогтоосон. “Очирдагинас” ХХК-ийн захирал Тэмүүжин бидэнд үргэлж тусалдагт талархдагаа энэ ташрамд хэлье. Ээжээсээ эрт хагацсан болохоор өндөр настнуудыг баярлуулах хамгийн жаргалтай ажил байдаг.
-Үзэгчид тасалбарын үнээс давсан гарын бэлэгтэй буцаж байгаа харагддаг. Манай ээж ч “Миний сайхан ээжүүд” тоглолтыг үзчихээд найзууддаа бахархан ярьж байсан шүү?
-Манай баг боломжоороо олон ивээн тэтгэгчтэй хамтарч, ээж нарыг сэтгэл дүүрэн байлгахыг хичээдэг юм аа. “Миний сайхан ээжүүд” тоглолтыг ес дэх жилдээ зохион байгууллаа. Миний хамгийн хайртай тоглолт.
-Ж.Замилангийн тоглолтыг зохион байгуулах шийдвэрийг хэзээ гаргасан бэ. Сошиалд ганцаараа дуулаад гарч ирсэн дээ. Тэр нь тоглолтын маркетинг байсан уу?
-Ж.Замилан өнгөрсөн гурван сарын эхээр нэг сахилгагүйтэж, лайв хийсэн. Сахилгагүйтсэн гэхээр уусан гэсэн үг л дээ. Хүмүүс надаас “Чи Замиланг хэцүү үед нь хаана байсан юм бэ” гэж асууцгаагаад байх юм. Үнэн чанартаа бид багын найз, үргэлж холбогддог, мөнгөний хэрэг болсон үед нь найзын хувиар тав арван цаас илүүчлэх ердийн үзэгдэл. Мартын 8-нд сахилгагүйтэхэд нь “Чи одоо болио” гээд зөвлөгөө өгсөн. Тэр “Найз нь одоо огт уухгүй” гэсэн. Би бол Замиланг архичин гэхгүй. Яагаад гэвэл миний “Алимтай зочин” ярилцлагын үеэр тэрийгээ илэн далангүй ярьсныг хоёр сая гаруй хүн үзсэн. Ээжийгээ долоон жил, хойд эцгээ, харааны брэхшээлтэй өвөөгөө гээд гурвын гурван хүнийг гар дээрээ асарсан харин ч ачлалтай хүү дээ. Эмнэлгийнхэн “Манай Замилан мундаг шүү дээ. Ээжийгээ тэврээд л хүрээд ирдэг байсан” гэж дурсдаг. Хойд аавынх нь төрсөн охин бидний ярилцлагын дараа “Манай аав Замилангийн гар зөөлөн гэдэг байсан. Үнэхээр сайн эр хүн шүү дээ” гэсэн гоё пост оруулсан байсан.
“250 орчим шүлэгтэй, 60 гаруй дуутай хүн. Энэ сайхан авьяасыг зэврүүлэх ёсгүй. Тоглолт хийх юм биш үү” гэж бодсон. Энэ хүн уран бүтээлээ ард түмэндээ хүргээд, подвалиас гарч яагаад болохгүй гэж.
Замилан монголчуудын хайранд умбаж байна
-Та Ж.Замилангийн гэрт анх очихдоо л шүүмжлэлд өртчихсөн.
-Гэрийг нь харж гайхаад “Чамдаа л болно доо” гэчихсэн чинь бөөн шүүмжлэл. “Нэгэнт ийм байхад одоо яах вэ дээ. Найз аа, болно доо. Амьдрал баялаг” гэж л найзын хувиар дотроо бодсон ч санаагаа буруу илэрхийлчихсэн байхгүй юу. Хүмүүс сошиалд тасдаж тавьж, бүүллидсэн биш харин маркетинг болчихов уу даа. “Ерөөсөө л тоглолт хийе. Нэг өрөө ч болтугай байр авахын төлөө зүтгэцгээе” гэсэн чинь хөөрөөд л “Яана аа, үнэн юм уу. Тэгвэл Төгсөө ахтай гурвуулаа уулзъя” гээд маргааш нь манай “Агар” ресторанд хоолонд орцгоолоо. Төгсөө бол “Одоо арай ч эртдэх үү” гэхээр нь би “Нэгэнт зориглоод, санаанд багтсан бол болчихдог юм аа” гээд чигээрээ зүтгэчихсэн. Хүмүүсээс ирсэн шүүмжлэл, дайралтад би огт гомдоогүй. Харин тэр Канадад байдаг надаас нэлээд эгч хүн “Царай муутын туйл. Харваас луйварчин. Тоглолтын 50 хувийг нь авна гэсэн” гэж цуурсан. Бүр охинтойгоо эрхлээд, нүдээ аньчихсан зургийг минь тасдаж тавингуутаа “Энэ албин чөтгөрийг хараач ээ. Залилан” гээд л...Эх хүний амнаас тийм үг гардаг юм уу. Энэ бүхэн надад ташуур болж өгсөн. Миний хувьд сайхан ханьтай, үр хүүхэдтэй, тогтсон амьдралтай хүн.
-Гэхдээ шоу бизнес л бол бизнес. Тэгэхээр Ж.Замилан та хоёрын дунд тодорхой хэмжээний хувь, ажлын хөлсний асуудал яригдаж л таарах нь зүйн хэрэг баймаар?
-Өөрийнхөө халааснаас, энэ шар нүүрээрээ, хэвлэл мэдээллийн байгууллагад 30 гаруй жил хамтарсан танил тал, найз нөхдийн тусламжаар бүх ажил явж байна. Манай “Сэрүүлэг” констракшны ерөнхий захирал мөнгөн тусламж анх үзүүлсэн. Манай багт 10 гаруй хүн бий. Би зохион байгуулагч. "Сүнс" хамтлагийн Зулаа найруулагч. Бэлтгэл эхлээд хоёр сар боллоо. Анхны хурлаараа “Энэ тоглолтын ашгийн 101 хувь Замиланд очно. Нэг ширхэг ч тасалбар бид авахгүй. Дэмжиж байвал гараа өргөөд нэгд” гээд бид ажлаа эхэлсэн. “50 хувиар тохиролцож гэрээ хийжээ” гэдэг бол худал гүтгэлэг. Бөхийн өргөөний түрээс, хөгжим аппаратурын зардал 22 сая төгрөг болж байгаа. Бид хоёр лайв хийсэн чинь “амжилт” гээд л 50, 100-гаар нь шилжүүлээд, нөгөөх чинь ичээд сүйд болсон. Түүгээр нь бензин хийж, наддаа кофе авч өгөөд өдөржин ажлаа хөөцөлдөхөөр “Энэ нэг хүүхэн салахгүй байна” гэж ойлгоод байгаа юм. “Найзтайгаа явахаар ажил бүтэх юм аа” л гэдэг.
-Та бүхний ажилд туслах сайхан сэтгэлтэй хүмүүс гарч ирсээр байгааг харахаар өмнөөс нь баярлах ч шиг. Ер нь аливаа ажлыг нугалдаг хүмүүс л ойлгодог байх.
-Дуучин Амартүвшин адилхан уран бүтээлч мөртлөө костюм, цамц бэлэглэсэн. Бөхийн өргөөнөөс өдөр авах гэж яасан гээч. Замилан руу шилжүүлсэн 2.280.000 төгрөгөөс 280 мянгыг бензинд үлдээгээд, нөхрөөсөө гурван сая төгрөг зээлж байж урьдчилгаа өгсөн. Бөхийн өргөөний ерөнхий менежер УГЗ Цэвэлмаа маш сайн тусалсан. Замилангийн аав Жагаа ах Цэвэлмаа эгчтэй найзууд юм билээ. Цэвэлмаа эгчдээ дахин дахин баярлалаа гэж хэлмээр байгаа юм. Замиланг хараад хүү нь ороод ирчихсэн юм шиг л баярласан. “Оргил фүүдс”-ийн нэг эмэгтэй сая төгрөг, будаа бэлэглэсэн. Лайваар харсан залуу машиныг нь янзлах, "Ретро аккорд" контентын найз минь тос, маслыг нь солих зэргээр олон түмний сайхан сэтгэлд баярлаад ханашгүй. Одоо нөгөөх чинь “Лайв хийгээд өгөх үү” гэдэг болсон шүү дээ. За, “Ласанте” эмнэлэг бол жаргаасаан. Спад орчихоод “Миний нүүр цагаарчихлаа” гээд орилоод л бөөн баяр. Спад оруулсныхаа дараа гүзээний хоёр том хорхог, шар тостой алим өгч байгаа юм. “Ласанте”-гаар үйлчлүүлээд Замилан дөрөв хоног нам унтсан. “Ласанте” эмнэлгийн захирал Болормаадаа хэлэхэд ядаргаа тайлалт супер байсан шүү. “Norah” эмнэлэг 17 сая төгрөгийн гоо сайхны үйлчилгээ үзүүлсэн. Мөн “Norah” урлан нь тоглолтын хувцас хийж өгч байгаа. “Пролайн” студи дэлгэцэнд AI-гаар зохиомж хийж байна. Замилан монголчуудын хайранд умбаж байна. Дэндүү авьяастай. “Нью стар” студийнхэнд талархал илэрхийлье. “Айзам” хамтлагийн Ганболдод гурван өрөө байр бэлэглэсэн Лхагвасүрэн гээд бизнесмен залуу ая зохиогч Гантөрд дуу бичлэгийн мөнгийг бүгдийг нь төлсөн. Хэвлэл мэдээллийнхнээс Папараци.мн сайтын захирал Н.Ариунцэцэг, Зөв.мн сайтын захирал Г.Долгорсүрэн болон нэг зүгт харж буй найз нартаа талархаж байна.
-Ж.Замилан өвөө болчихсон гэл үү?
-Хүү, охин хоёртой. Нэг зээтэй. Зээгээ өөр хүнээр харуулах гэхээр итгэхгүй яг өөрөө хардаг гэсэн. Хоёр хүүхдийнхээ эцэг эхийн хурлыг нэг ч удаа тасалж үзээгүй гэдэг. Эхнэртэйгээ албан ёсоор, шүүхээр ороод салсан нэг жилийн хугацаанд уусныг хүмүүс улаан архичин болчихсон мэтээр ойлгоод байгаа юм.
-Одоо тоглолт дөхсөн болохоор тасалбар борлуулалтад санаа зовж байна уу?
- 88, 99 мянгын тасалбар дууссан. 66 мянгынх цөөхөн, 60 ширхэг VIP үлдсэн. Тэр нь 250 мянгын үнэтэй.
-Ж.Замилангийн аав Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан гуай тоглолтод хэр ач холбогдол өгч байгаа бол?
-Удам судраар нь бахархах сэтгэл төрдөг юм. Жаргалсайхан гуай тоглолтод хамтлагаараа, амьд хөгжимтэй ирж оролцоно гэсэн. Солонгос явж шүдээ янзлуулах гэж байснаа хойшлуулсан. Замилан бол эмээ, өвөө дээрээ өссөн юм билээ. Маш өрөвч, зөөлөн сэтгэлтэй.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.