МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Гутлын гоо сайхныг Монголд нутагшуулсан...

Гутлын гоо сайхныг Монголд нутагшуулсан хатагтай

Г.Чимэдзаяа Улаанбаатар хотын унаган иргэн. 52 дугаар дунд сургуульд арван жилээ дүүргэж, Санхүү, эдийн засгийн техникум, МУИС-ийн Эдийн засгийн их сургуульд суралцжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт нягтлан бодогчоор ажиллаж үзсэн явдал түүний ажил, амьдралын гараа байлаа. Тун удахгүй Монгол Улсад ардчилал ялж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр тухайн цаг үеийн нийтлэг жишгээр хоёр хөршөөр хөндлөн гулд бизнес эрхлэх замыг сонгожээ.

Үнэн
Админ

Г.Чимэдзаяа Улаанбаатар хотын унаган иргэн. 52 дугаар дунд сургуульд арван жилээ дүүргэж, Санхүү, эдийн засгийн техникум, МУИС-ийн Эдийн засгийн их сургуульд суралцжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт нягтлан бодогчоор ажиллаж үзсэн явдал түүний ажил, амьдралын гараа байлаа. Тун удахгүй Монгол Улсад ардчилал ялж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр тухайн цаг үеийн нийтлэг жишгээр хоёр хөршөөр хөндлөн гулд бизнес эрхлэх замыг сонгожээ.

Гадаад дотоод явж, галуу шувууны мах идсэн ч шинийг сэтгэж, дотоодын зах зээлд нэвтрүүлсэн нь хэр олон билээ. Чимэдзаяагийн хувьд Хятадын зах зээлээс гутлын цэвэрлэгээ, засвар үйлчилгээний бизнесийг зориглон эхлүүлсэн мөс зүсэгч, оптимист, эрсдэлийг гэтэлгэгч юм. 1990-ээд оноос өмнө ахуйн үйлчилгээний салбар хурдтай хөгжиж, хот, хөдөөгүй гутал засварын төвүүд ажиллаж байсан. Тухайн үед хүүхдүүд бидэнд тэр он цаг ядах юмгүй дүрслэгдэнэ. Хуучны чех, оросын машинууд, хүнд ширмэн төмрүүд, хормогч зүүсэн эгэл ажилчин анги. Эдгээр мэргэжилтнүүд дотоодын техник мэргэжлийн сургууль, техникум, хөрш зэргэлдээ эв хамтын нөхөрлөлтэй орнуудад бэлтгэгдэж иржээ. Хүмүүс картын бараанд дугаарлаж, шинэ нийгэмд дасан зохицох гэж барьц алдах үед нэгэн хэвийн үйл ажиллагаатай ахуйн үйлчилгээний цэгүүд аяндаа хаалгаа барьж, цөөн засварын газар үлдсэн юм.

Харин зах зээлийн ид хөгжлийн үе буюу 2006 онд хатагтай Чимэдзаяа өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Shoes love” салоныг байгуулж дөнгөлөө. Зөв эхлэл бол цаашдын амжилтын 90 хувь гэдэг. 2008 оны дэлхий нийтийн эдийн засгийн хямрал угтан буй ч түүний хүсэл мөрөөдөлд одоогийн 20 салбар, үйлчлүүлэгчийн цаг завыг хэмнэх үүднээс нэг дор төвлөрүүлсэн гутал, цүнх, хувцас, буйдан, дагалдах болон үндсэн угаалгын зориулалт бүхий бүтээгдэхүүнүүдийн худалдаа, угаалгын нэгдсэн сүлжээ зэрэг үйл ажиллагаанууд төсөөлөгдсөн болов уу. Гутлын цэвэрлэгээ гэдэг цоо шинэ ойлголтын шонг зах зээлд хатгахдаа тэр “Гутлын гоо сайхан” гэж маш оновчтой тодорхойлжээ. Анхны салбараа “Од” кино театрын дэргэд хоёр ажилтантайгаар байгуулав. Шанхайн тоног төхөөрөмж, ажилтан бэлтгэх франчайзинг ийнхүү Монголд нэвтрэхэд өөрөө бүгдийг анхлан суралцлаа. Энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаагүй учир мэдэхгүй зүйл их. Эрсдэлийн тооцоолол ч үгүй байв.

Шанхайн чийглэг уур амьсгал, Монголын эрс тэс дөрвөн улиралтай хэрхэн харьцуулагдах билээ. Иймд гутлын сонголт ч газар тэнгэр шиг зөрүүтэй. Цэвэрлэгээ, арчилгааны бүтээгдэхүүнийг эх орны уур амьсгалд зохицуулан өөрчлөх сорилттой тулгарав. Түүний алсын хараагаар хүмүүс нүүрний гоо сайхан арьс арчилгаандаа анхаарах нь гутлын гоо сайхантай бараг зэрэгцэж хөгжсөн гэхэд огтхон ч хилсдэхгүй. Нэг л гараанаас урагшилж буй бизнесүүд билээ. Гутал сайт гурвын өмнө гэдэг. Дэлгэцэнд гарах бүрдээ үзэгчээ уясаар байгаа “Амьдрал нулимсанд дургүй” кинонд үйлдвэрийн дарга бүсгүй автобусанд анх таарч буй залуугийн шавхайтай холилдсон гутал руу өөрийн эрхгүй хяламхийдэг шүү дээ. Өнөөх нь тэр байдлаа дор нь мэдрээд эмзэглэж байх жишээний. Гутлын сонголт, цэвэрлэгээнд ач холбогдол өгдөг хүмүүсийн хувьд гутал бол эзнийхээ амьдрал, аливаа бүхэнд хандах хандлагыг тодорхойлогч гэхэд болно. Олон бизнесмэн, хувь хүнтэй харьцаж, ярилцах явцад энэ тухай ойлголт бат нот суусан юм.

Ур цэнэглэгч өрөө 

Г.Чимэдзаяатай төв оффист нь уулзахаар ”Монголын үнэн” сонины гэрэл зурагчин Соёлын гавьяат зүтгэлтэн, зурагчин Чимгээтэй хүлээн суухад өндөр зэгзгэр бүсгүй гаднаас инээмсэглэн орж ирвэй. Бизнес эрхэлж эхэлсэн он цагаас нь хөөгөөд бодоход насны баримжаа тодорхой ч буй байдал нь тийм биш. Намуухан яриа хөөрөөтэй, учиргүй будаг шунх болоогүй ч цэвэр толигор арьс нь гэрэлтсэн, ер бусын харизмтай эмэгтэй юм. Чимгээ эгчээр хэд гурван зураг хувцсаа сольж даруулчихаад “Хажуу өрөөнд орж ярилцацгаая” гэв.

Тэнд “Shoes love”-чуудын бүх төрлийн цэвэрлэгээндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг нарийхан тавиуруудад эгнүүлэн өрсөн нь нүдэнд тусна. Каталогиуд, самбар, ширээний байрлал зэргээс сургалтын танхим гэдэг нь илт. Энэ ажил хэрэгч байдал ноёлсон өрөөнөөс “Shoes love”-ийн 20 салбарын үе үеийн ажилтан тархиа цэнэглэж, гарын, оюун санааны ураа цэнэглэдэг аж. Гутлын засвар гэх нарийн чимхлүүр ажиллагаанд чанар, материалыг нь имэрч мэдрэхээс авахуулаад будгийн өнгийг найруулж гаргах, жижиг сажиг оёдлын засвар, үс, чимэглэлийг сэргээх гээд бүдүүн баараг хүн яавч тохирохооргүй.

Доод тал нь хоёр жил зэгсэн хичээж гэмээнэ нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэнэ. Хувцас загварын чиг хандлага жилээс жилд хувьсаж, материалын сонголт ч үргэлж өөрчлөгддөг тул сургалтын программ ч тогтмол шинэчлэгдэж, цаг үеэс үргэлж түрүүлж сэтгэхийг шаардана. Сургалтын төвөө ковидын өмнө нээжээ. Франчайзингийн 20 салбар буюу гутал, цүнх, хувцас, хивс цэвэрлэгээний хүлээн авах цэг хэд салбарласан ч 19 дүгээр хороололд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн байрнаас өнгө, загвар сэргэн эзэндээ шинэ эрч хүч бэлэглэхээр бэлэн болж тараагддаг. Зөвхөн гутлын тоог дурдвал эндээс жилдээ 80 мянган хос шинээр “мэндэлдэг” гээд бод. 2009 оноос Герман технологид суурилан эхэлсэн хувцас цэвэрлэгээ, хожим 2016 оноос Турк технологид түшиглэсэн хивс цэвэрлэгээ, түүний дараах шинэлэг үйлчилгээ цүнх цэвэрлэгээ, хэрэглэгчийн зан төлөв хэрэглээнд суурилсан цүнхний VIP үйлчилгээний хэрэглэгч одоо тоогоо алдсан.

Энэхүү төв байрны үүдээр оруутаа цааш үйл ажиллагаа эрхлэгч тоног төхөөрөмжүүдийн нүргэлсэн дуу чимээтэй өрөөнүүдээр мэргэжилтнүүд шамдан ажиллахтай танилцсаар эцэст нь Чимгээ эгч бид хоёр төв оффист ирсэн юм. Аливаа хүмүүний хобби эрхэлж буй бизнестэйгээ уялдах нь бий. Монголд хамгийн олон гутлын цуглуулгатай хүн гэвэл Г.Чимэдзаяа байх. Уулзалтын өрөөний хамгийн дээд тавиурт байх гоёмсог, нандин хийцтэй хэдэн ширхэг гутлын сувенирийг хараад бид уулга алдав. Харин захирал бүсгүй “Миний гутлуудыг яагаад ийшээ оруулаад ирэв ээ” гэх нь хилийн чанадад зорчих бүрдээ авч хадгалдаг, бас танилууд нь мэр сэр бэлэглэдэг байх магадлалтай сувенирүүдээ толгой дараалан тоолж, нандигнан хайрладаг болов уу гэх сэтгэгдэл төрүүлнэ. Түүний ажлын ширээний хажуу шилэн хоргонд бүр олон төрлийн сувенирийг байршуулжээ. 

 

“Гялтгануур”, “Цэмцгэнүүр” брэнд

Монголд ерөөсөө л уур амьсгал, орчин нөхцөлдөө тохирсон гутал арчилгааны бүтээгдэхүүн нэвтрүүлэхээс энэ бизнесийн анхны ололт эхэлснийг дээр дурдсан. Эдгээр нь “Гялтгануур” юм. Гялтгануур брэндийн хонины өөхөн, бүх өнгийн гутлын тос, цэвэрлэгч, хуурай цэвэрлэгч, илэг сэргээгч, цэвэрлэгч хөөс, цагаан будагтай пүүз өнгөлөгч, сунгагч, ус чийгнээс хамгаалагч тос, саван, үнэр дарагч гээд 20-оод нэр төрөл бий. Өрх бүрийн гутлын шүүгээнд зайлшгүй “залах” хэрэгтэй эд мөөн. Мөн “Гялтгануур” брэндийн буйдан цэвэрлэгч, өнгөлөгчүүд эзэгтэйн хөдөлмөрийг хэчнээн урамтайгаар хөнгөлнө гээ. Санхүү хэмнэх үр өгөөжийн тухай тайлбартлалтгүй биз ээ. “Цэмцгэнүүр” брэндийн улавч нь нэхий, нумтай, өсгийтэй, хагас running, бүтэн running гэх мэтээр тусгай захиалгаар хятад улсад үйлдвэрлэдэг. Эдгээрийг 20 жилийн судалгаа, туршлагаар бүтээсэн. Jiefush брэндийн төрөл бүрийн гутлын сойз, Bama гутлын тосыг тус салбаруудаар мөн худалдаалж байна. Бизнес бүр уялдаа холбоотой. Цэвэрлэгээнд өгөхөөс өмнө эдгээр бүтээгдэхүүнийг шат дарааллаар нь зөв хэрэглээд сурчихвал аль алинд нь учрах хүндрэл бэрхшээл бага билээ.

Гутлын хэрэглээ, эрүүл ахуй нь хүний бие, эрүүл мэнд, ажлын бүтээмжид чухал нөлөөтэй. Монгол орны эрс тэс уур амьсгал, ажил мэргэжлийн онцлогоос хамааран гутлын сонголт, арчилгааг зөв хийх шаардлагатай. Гутлын эрүүл ахуй нь хөлийг өвчлөлөөс хамгаалах, эвгүй үнэр үүсэхээс сэргийлэхэд чиглэнэ. Гутлын хэрэглээ, сонголтыг өдөр тутмын, хүүхдийн, ажлын тусгай зориулалтын гэж ангилна. Арчилгааны үндсэн зөвлөмжийн тухайд ус чийг, борооноос хамгаалах зориулалтын тос, шүршигч тогтмол түрхэх. Гутлыг хэлбэрээ алдахаас сэргийлж, хэрэглээгүй үедээ хэв баригч ашиглах, эсвэл дотор нь цаас чихэх нь зөв хадгалалт гэдэг. Та бүхэн shoes love пэйж хуудсаар зочилбол гэрийн нөхцөлд гутлыг хэрхэн арчлах тухай зөвлөмжүүдтэй танилцаж болно. Аливаа бизнесийн үнэ цэнийг өсгөхийн тулд заавал соён гэгээрүүлэх ажил хийгддэг.

“Гялтгануур” брэндийг хэрэглэснээр гутлын тос гэхэд чийгшил өгдөг, арьсны үрчлээ тэнийлгэдэг, гоё үнэртэй, хагас шингэн тул гутлын гоо сайхан гэгч ойлголтод яв цав нийцдэг нь урамтай. “Ийм гутлын тос ховор” гэж Чимэдзаяа захирал хэлсэн юм. Гутлыг цэвэрлэсний дараа эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхэд гутлын эдэлгээний хугацаа уртасч, чанарт нөлөөлнө.

 

Сэтгэл ханамж ба бэрхшээл

Эл бизнесээс үүсгэн байгуулагчид ирдэг гол баяр баясал нь хэрэглэгчийн сэтгэл ханамж юм. Харилцагч, үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байх нь нэн таатай. Анх хоёр ажилтантайгаар бизнесээ эхэлсэн бол эхний сургасан хүн нь 10 жилийн дараа тусдаа бизнес эрхлээд гарсан байна. Эднийх нийт 70 орчим ажилтантай. Бизнесийн онцлогоос хамаараад миний ажиглалтаар бол “Нарийн мэргэжилтнүүдийг ажлын байраар хангаад, бэлтгэж байгаа явдал үйлчилгээний салбарт оруулж буй онцгой хувь нэмэр юм даа” гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Эдгээр нарийн мэргэжиүлтнүүдийг бэлтгэдэг сургууль байхгүй шүү дээ. Гэтэл шинэ суурьшлын бүс Яармагаас авахуулаад хөдөө орон нутагт эдгээр ажлын байр, бизнес хүрэлцээгүй хэвээр байна. Нэгэнт бэлэн болсон, өдийг хүртэл хөгжүүлсэн арвин баялаг туршлагатай “Shoes love”-чуудын эгнээнд нэгдэн суралцаад, гэрээт борлуулагч болох эрх хэн бүхэнд нээлттэй аж. Г.Чимэдзаяа захирал, түүний хамт олны туршлагад найдсан хүн бүрийг бизнесийн шинэ боломж хүлээж байна.  

“Манай үйлчилгээ НӨАТ-ын татвараа 100 хувь, дээр нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байна. Нийгмийн даатгалыг хүн бүхэн ярьж байна. Энэ бүгдийг төлөөд цаана нь ашигтай ажиллана гэхэд хэцүү болчихлоо. Нэг сар жирэлзээд л өнгөрнө. Үйлчлүүлэгчээс ирсэн мөнгөө буцаагаад, ур чадвар шаардсан ажилтнууддаа өгөхөд хамгийн их өртөг шингэдэг. Цалин өндөр тул нийгмийн даатгалын зардал их. Бүтээгдэхүүн, түүхий эд, материалаа холоос татдаг. Түрээсийн зардал их. Тэр нь төлж дийлэхгүйгээр овоордог. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгодог “гоё” зээлүүдийг авч, хөөцөлдөж үзээгүй. “Хас  банк”-наас анх бизнес эрхлэхдээ зээл авсан. Анх дөрвөн хувийн хүүтэй зээл авдаг байлаа. Одоогийн хүү ч өндөр санагддаг.

Гэхдээ зээл авахгүй бол бизнесээ яаж өргөжүүлж, үргэлжлүүлэх билээ дээ. Улсаас хамгийн анхаарч, дэмжих чухал зүйл гэвэл татвар байна. НӨАТ-ын татвар бизнес эрхлэгч бүрд эрх тэгш  таван хувь байвал асуудалгүй. Ийм тохиолдолд ажилтнуудын цалингаа эрх тэгш нэмнэ. Аж ахуйн нэгжийн 10 хувь бол үнэхээр чанга байна аа. Сүүлийн үед улам хүндэрч, орлого зарлагаа нөхөхөд хэцүү байна. Нийт 40-өөд хувийн татвар буюу сардаа цалин, татварын төлөө бизнес эрхэлж байгаа юм шиг болчихоод байна. 400 саяын босго тавьчихлаа. Ихэнх бизнес эрхлэгчид НӨАТ төлдөггүй. Тэрийг бид төлдөг. Энэ нь магадгүй гарааны бизнес эрхлэгчдэд өгөөжтэй байх. Дундаас дээш аж ахуйн нэгжийн амыг барьж байна гэсэн үг. 10 жил болчихсон компаниуд л улсад татвар төлж, өгөөжтэй байдаг “ гэж тэр эцэст нь хэлсэн юм.

Бэрхшээлийн тухай цухас дурдсан ч түүний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүйг өөртөө итгэлтэй байдал, ирмүүн тэмүүлэл, чигч шударга зан төлөв, цөөн боловч оновчтой үгс нь илтгэж байв.

Н.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.