Хагас зуун жилийн түүхт харилцааг Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн өгөөжөөр үргэлжлүүлж, хувийн хэвшил, үйлдвэрлэлийг дэмжих, нисэх буудлыг өргөтгөх асуудлаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар нар өнөөдөр /2026.04.30/ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн босгон дээр, гал морин жилд манай улсад айлчилж байгаа зочдод талархал илэрхийлэв.
Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата, парламентын Байнгын хороодын удирдлагууд цаг зав гарган хүлээн авч буйд талархахын сацуу олон улсын өнөөгийн нөхцөл байдалд манай хоёр улсын харилцаа чухал байгааг, 2025 онд Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито, хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн анхны айлчлал нь хоёр орны дипломат харилцааг урагшлуулсан, монголчууд халуун дулаанаар хүлээн авсан явдлыг онцоллоо. Мөн аялал жуулчлал идэвхтэй хөгжиж, агаарын тээврийн салбарт зорчигчдын тоо нэмэгдэж байгаа зэрэг шалтгаан нөхцлийг харгалзан "Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх бүтээн байгуулалтыг дэмжих, парламентаар хэлэлцүүлэн, шуурхай шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүсэв.
Байнгын хорооны дарга Р.Сэддорж, одоогоос 11 жилийн өмнө Монгол Улс, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг либералчлах чухал алхам болсон. Гэвч худалдааны бүтцийн тэнцвэргүй байдал хадгалагдсан шинжтэй, Монголын талаас экспортын хэмжээ жил ирэх тусам буурч, Японы талаас өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнтэй, улмаар хэлэлцээрийн бодит үр өгөөж хангалтгүй байна. Иймд “илүү үнэ цэнтэй экспорт хийх” стратегид шилжих, Хэлэлцээрийн хүрээнд асуудал хариуцах Дэд хороодыг идэвхжүүлж, хяналтын механизмаа боловсронгуй болгох чухал юм. Хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн оролцоог бодитоор дэмжих, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад бизнес эрхлэх, боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулах бодлогын дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнд тавих шаардлага тогтоосон хууль, эрх зүйн зохицуулалтыг эргэн харах зэрэг асуудлыг хөндөв.
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, улс орнуудын парламентын найрамдлын бүлгүүдээс хамгийн идэвхтэй үйл ажиллагаатай нь Япон-Монголын бүлэг болохыг тодотгоод, анхны 126 гишүүнтэй Монгол Улсын Их Хуралд Япон улсад суралцаж төгссөн инженер, багш мэргэжилтэй гишүүд цөөнгүй байдаг талаар, ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, тус байнгын хорооны дэргэд Төсвийн тогтвортой байдлын дэд хороо ажилладаг, харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дурдаж байв.
Уулзалтаар хамтын ажиллагааны талаар хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын түвшинд эдийн засгийн болоод нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр, хэлэлцээрийг дэмжих асуудлыг хөндөн хэлэлцэж, санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.