МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн...

ӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн өргөдөл, гомдлыг байршуулах журмыг батлахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв

Үнэн
Админ


Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.04.28) 61.9 хувийн ирцтэй хуралдаж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.




Санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Золжаргал танилцууллаа. Тус ажлын хэсгээс журмын төслийг боловсруулахдаа Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн бүх өргөдөл, гомдлыг 14 хоногийн дотор https://petition.parliament.mn/-д буюу нийтийн өргөдлийн системд байршуулж, нийтэлнэ. Хэрвээ агуулга давхацаж байгаа бол иргэн, хуулийн этгээдээс тодруулж, зөвшилцсөний үндсэн дээр нээлттэй байршуулах зэрэг зохицуулалт шаардлагатай гэж үзжээ. Шийдвэрлэлтийн явцыг тухай бүрд тайлагнаж, тусгай цэсийг цахимд үүсгэн, гомдол гаргагч өөрөө хүсвэл Байнгын хорооны хуралдаанд асуудлаа танилцуулах, өргөдөл, гомдлыг нийтлэхдээ мэдээллийн хүртээмжтэй байдлыг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү журмыг батлахын тулд зарим хуульд өөрчлөлт оруулах учиртай талаар Ажлын хэсгийн ахлагч онцлов.





Байнгын хорооны хуралдаанаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг сонслоо. Өнгөрсөн онд 341 506 өргөдөл, гомдлын 94.1 хувийг буюу 321186-г шийдвэрлэсэн. Өргөдөл, гомдлын нэгдсэн цахим системд 5300 байгууллагыг бүртгэсэн ажээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулгадаа, өргөдөл, гомдлыг шийдвэрлэлтийн явц өндөр үзүүлэлттэй хэдий ч нэг асуудлаар олон байгууллага, албан тушаалтанд хандах, мөн шийдвэрлэх боломжгүй асуудлаар дахин давтан хандаж байгаа нь өргөдөл, гомдлын тоог нэмж, холбогдох байгууллагад шилжүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, үр дүнд нөлөөлж байна гэлээ. Тиймээс Засгийн газар “Нэг хүсэлт-Нэг шийдвэрлэлт”-тэй байх зарчим баримталж, Өргөдөл, гомдлын нэгдсэн цахим систем нэвтрүүлсэн. Одоогоор яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод удирдлагын системийг холбоод байгаа гэлээ. Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороодоос Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдад 230, Засгийн газрын агентлагт 54, нийт 284 өргөдөл, гомдлыг албан бичгээр уламжилсан бөгөөд 224-ийг нь шийдвэрлэсэн гэв.



Эдгээр өргөдөл, гомдлын дийлэнх нь Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны эрхлэх асуудал байсан. Тухайлбал, Боловсролын зээлийн санд хамрагдах хүсэлт, зээлийн сангийн зарцуулалт, орон нутаг дахь сургуулийн барилгын хөрөнгө оруулалт, бусад асуудлаар 49, тэтгэвэр тогтоолгох, нэмэгдүүлэх, өвлүүлэх болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмж, асаргаа, халамж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой 22, хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлүүлэх, шашны байгууллагын хууль бус ажиллагаанд хяналт тавих зэрэг асуудлаар 13, эрүүл мэндээ хамгаалуулахтай холбоотой 55 өргөдөл, гомдлыг иргэдээс ирүүлжээ. Барилга, орон сууцны чанар, барилгын явц удааширсан, ашиглалтад оруулах асуудлаар 11 иргэн гомдол гаргасан гэв. Асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэхэд цахим сан чухал үүрэгтэйг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар танилцуулсан.





Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, П.Мөнхтулга, О.Номинчимэг нар асууж, тодруулан байр суурь илэрхийллээ. Тэд иргэдийн гомдол шийдвэрлэлтийг чанаржуулахын тулд тухайн иргэнд өөрт нь хүргүүлж байгаа хариу чухал. Өргөдлийн байнгын хороо цаашид аливаа өргөдөл, гомдлыг шийдвэрлэлтэд чиг үүргийн дагуу хяналт тавьж, шуурхай шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулж, сар тутам хэлэлцэх санал гаргалаа. Танилцуулж буй тайлан, мэдээллээ чамбайруулахыг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц сануулав.



Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав. Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, УИХ-ын Байнгын хорооны тогтоолын 2025 оны  жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнгээр нийт заалтын 58.6 хувь нь буюу 1158 заалт бүрэн хэрэгжсэн байгаа нь эерэг үзүүлэлт боловч 41.4 хувь нь хэрэгжилт дутмаг байгаа нь тогтолцооны гүн дэх асуудал буюу зохион байгуулалт, санхүү, чиг үүрэг тодорхойгүйг илтгэж байна. Хуулийн зохицуулалтын хүрээнд давхардал, илүүдэл тодорхой хэмжээнд оршиж байна хэмээн танилцуулгад дурджээ. Иймд хуулийн нэгдсэн мэдээллийн сан байгуулж, шинэ шийдвэр гарахаас өмнөх давхардлын урьдчилсан шалгалтыг системд нэвтрүүлэх нь зохистой гэв. 2025 оны жилийн эцсийн байдлаар хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны шийдвэр дунджаар 77.3 хувьтай хэрэгжсэн байна. Шийдвэрүүдийн биелэлтэд хиймэл оюун ашиглан дүн шинжилгээ хийсэн. Тайлант хугацаанд хэрэгжээгүй заалтын 148 нь удирдлага, зохион байгуулалтаас, 12 нь санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалсан. Хэмжигдэхүйц биш байдлаас үүдэн 127 шийдвэрийг хэрэгжих боломжгүй гэж үзсэн. Мөн 1019 заалтыг хяналтаас хасуулах саналтай байна гэж Б.Энхбаяр сайд танилцууллаа. Тэрбээр, төрийн байгууллагуудын хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдээгүй, салбар хоорондын уялдаа сул, бүтцийн өөрчлөлт олон удаа хийж, хөрөнгө оруулалтыг хангалттай эрэмбэлээгүй, бодлогын болон хүний нөөцийн тогтворгүй байдлаас шалтгаалан хууль тогтоомжийн хэрэгжилт тааруу байна. Иймд Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгавар, чиглэл өгсөн. Хууль тогтоомжийн биелэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын түвшинд ч анхаарах асуудал байна. Тодруулбал, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, сонгогддог байгууллагуудад үүрэг, даалгавар болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийн тайлагналтыг  гүйцэтгэх засаглалын байгууллагуудтай уялдуулах, нэгдсэн байдлаар тайлагнах боломж бүрдүүлэх, Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрийн талаар нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж, Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сантай холбох, шийдвэрүүдийг шуурхай дамжуулах, хяналтад авах зэрэгт анхаарах нь чухал хэмээв.






Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Б.Пунсалмаа, О.Саранчулуун нар тодруулж, байр суурь илэрхийллээ. Байнгын хорооны дарга О.Номинчимэг, иргэдийн өргөдөл хаа нэгтээ хэн нэгний ширээний нүдэнд үлдэж хоцордог учраас тэд нэг өргөдлөө аль болох олон байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг болж, улмаар өргөдөл, гомдлын агуулга давхардах шалтгаан үүссэн. Иргэний хүсэлтийг цаг алдалгүй шийдвэрлэхэд анхаарах нь чухал байна гэж тэмдэглэв.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлыг шийдвэрлэсэн тул хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.