МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар У...

ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ

Үнэн
Админ


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.04.29/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 60.5 хувийн ирцтэй хуралдаж, 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд даргалав. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хүний эрхийн дэд хорооны 2025 он, 2026 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. 




Тайланг Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд танилцуулахдаа, тус дэд хороо өнгөрсөн онд нийт 19 арга хэмжээг гүйцэтгэсэн, парламентын хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх, шийдвэр гаргахад түлхүү чиглэж ажилласан. Иргэний нийгмийн байгууллагуудтай тогтмол уулзаж, мэдээлэл солилцдог хэвшил тогтоож, олон нийтийн цахим хуудас хөтлөн, хүний эрхийн зөрчил бүхий асудлаар нээлттэй хэлэлцүүлгүүд, хяналт шалгалтуудыг явуулж, асуудлыг таслан зогсоох чиглэлээр бодлогын түвшинд үр дүнг эрэлхийлсэн талаар илтгэв.



Өнгөрсөн хугацаанд идэвхтэй, санаачлагатай ажиллан, нийгэмд тулгамдсан асуудлыг хөндөж нэлээд том хэлэлцүүлэг зохион байгуулж, эрүү шүүлтийн эсрэг үйл ажиллагаанд галыг өөртөө авч, зоригтой алхам хийсэн хэмээн Хүний эрхийн дэд хорооны даргыг үнэлж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг илэрхийллээ. Тэрбээр, шинээр томилогдох дарга түүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх шаардлага бий гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, дэд хорооны даргаар С.Эрдэнэболд үр бүтээлтэй ажиллалаа. Цаашид Үндсэн хууль дахь хүний эрхийн зүйл, заалтыг хэрхэн амилуулах талаар бас бодох хэрэгтэй байна хэмээлээ.



Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, дэд хорооны үйл ажиллагаа нь тодорхой бус, явдаггүй байсныг манлайлан хөдөлгөж, хоёр ч асуудалд үр дүнтэй дэмжиж ажилласан. Эхнийх нь цэргийн албан дахь дэглэлт, үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэх чиглэлээр мэдээлэл, судалгаагаар хангаж хамтарч байснаа үргэлжлүүлээд өгөөрэй гэж захив.



Хүний эрхийн дэд хорооны тайланг хэлэлцсэний дараа Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалыг нэр дэвшүүлж, танилцуулгыг хуралдаан даргалагч уншиж танилцууллаа. 



Нэр дэвшигч Хүрэлбаатарын Баасанжаргал нь 2004 онд Их Засаг их сургуулийг эрхзүйч мэргэжлээр, 2009 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. 2006 онд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. 2009-2011 онд “Сувд партнерс" хууль зүйн фирмд өмгөөлөгч, 2010-2011 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд сургагч багш, 2011-2013 онд “Легал вэй” хууль зүйн фирмийн ахлах хуульч, өмгөөлөгч, 2013-2019 онд өмгөөллийн "И Эл Си” ХХН-ийн гишүүн, ахлах хуульч, 2020 оноос “Хөгжлийн шийдэл” ТББ-д өмгөөлөл, нөлөөллийн зохицуулагч, 2022 оноос Хүний эрх-дэвшилтэт бодлогын хүрээлэн ТББ-ын захирал, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэв.

Дэд хорооны даргыг томилох асуудлаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, байгаль орчны асуудлаарх хүний эрхийг огт хөндөхгүй явж ирсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, өөрийн хүсэлтээр дэд хорооны даргын албыг өгч байгаа гэдгийг зөв ойлгох, хамтран ажилласан хорооны бүрэлдэхүүнд талархаж буйгаа, хүний эрхийн асуудлыг хэлэлцүүлэхээс гадна тууштай үргэлжлүүлэх, үр дүн гаргаж шийдвэрлүүлэх чухлыг илэрхийллээ.



Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, нэр дэвшигчид амжилт хүсэж, цахим талбарт хүний эрхийг дэмжиж ажиллахыг хүсэв. Ийн хэлэлцээд, тогтоолын төслөөр санал хураалт явуулахад, Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжлээ.




Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн, Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Ажлын хэсгийн танилцуулгыг С.Эрдэнэболд гишүүн илтгэв. Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 10 дугаар тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсгийг С.Эрдэнэболд ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Д.Ганбат, О.Номинчимэг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрх зөрчигдсөн гэх иргэдийн өргөдөл, гомдлыг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хүлээн авч, нийт 38 иргэний 21 хавтаст хэрэг, 2386 хуудас материал хүлээн авчээ. Тэдгээрт мэргэжилтнүүдийн оролцоотой судалгаа, шинжилгээ хийсэн. Хууль зүйн шинжилгээний дүнгээс үзэхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй зөрчил нь нэг удаагийн процессын алдаа бус, давтагддаг, тогтмол шинжтэй, институцийн түвшний системийн доголдолтойг илтгэж байна. Ялангуяа мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шатанд хүний эрхийн суурь баталгаа болох хууль зүйн туслалцаа авах эрх, хүний халдашгүй байдал, шударга шүүхээр шүүлгэх эрх зэрэг үндсэн зарчмууд бодитоор хангагдахгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэнцвэртэй байх зарчим алдагдаж, яллах чиг баримжаа давамгайлсан шинжтэй.

Иймд уг асуудлыг тус бүрийн хэрэгт илэрсэн зөрчил төдийд авч үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны гажуудал, институцийн хяналт, хариуцлагын механизмын сулрал, процессын баталгааны хэрэгжилтийн доголдолтой холбоотой системийн шинжтэй асуудал гэж үзэх нь зүйтэй байна. Мөрдөгч, прокурор, шүүгчийн зүгээс эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх, процессын оролцогчдын эрх тэгш байдлыг хангахгүй байх, хэрэг шийдвэрлэхээс илүү яллах чиг баримжаа давамгайлах хандлага ажиглагдаж байна. Тиймээс уг асуудлыг үе шаттайгаар, хосолмол арга замаар шийдвэрлэх шаардлагатай. Зөвхөн хэрэгжилтийн түвшинд засварлах бус, парламентын бодлогын шийдвэрээр үе шаттай, цогц хэлбэрээр шийдвэрлэх нь үр дүнтэй гэж үзэн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан. Үүнд Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх, мөн хохирогчийн эрх сэргээх, нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт бүрдүүлэх, хараат бус хяналтын механизмыг бий болгох, улмаар эрүүгийн процессын тогтолцооны суурь шинэчлэлийг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. 

Ажлын хэсгээс дүгнэхдээ, хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгааг хангах, цагдан хорих арга хэмжээний хэрэглээг хязгаарлах чиглэлээр нэн яаралтай арга хэмжээ авах, дунд хугацаанд хараат бус хяналтын механизмыг бий болгож, нотлох баримтын хууль ёсны стандарт, шалгуурыг чангатгах, улмаар урт хугацаанд эрүүгийн процессын тогтолцооны цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ. Түүнчлэн одоо мөрдөж буй тогтолцооны хэрэгжилтийг чангатгах буюу шинэ бүтэц, шинэ байгууллага байгуулахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, хууль зүйн туслалцаа авах эрх, цагдан хорих, нотлох баримтын журам, прокурорын хяналт, шүүхийн хяналтын хэрэгжилтэд чиглэсэн арга хэмжээ авах, үүрэг, чиглэл өгөх, хохирогчийн эрх сэргээх, нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт бий болгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоог хэсэгчилсэн засвараар бус, бүхэлд нь дахин тэнцвэржүүлэх шинэчлэл хийх зэрэг саналыг тусгажээ. 



Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Х.Тэмүжин, П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара нар асууж, байр суурь илэрхийллээ. Хүний эрхийн ойлголт, мэдлэггүйгээсээ шалтгаалан хүний эрхийг зөрчих хандлага байгаа учраас нэгэнт баталсан хууль тогтоомжоо хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэйг онцолсон. Зөрчил үйлдсэн албан тушаалтан, төрийн алба хаагчдыг дахин томилохгүй, “хар жагсаалт” хөтлөх, хариуцлагын тогтолцоог чангатгах, шинэ хууль батлахаас илүүтэй одоо байгаа хуулиудын хэрэгжилтийг хангуулах мөн чухал гэв.

Санал, дүгнэлтийг хэлэлцүүлсний дараа Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга зарчмын зөрүүтэй санал ирүүлсэн тухай хуралдаан даргалагч Л.Соронзонболд уншиж танилцуулав.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдох Б.Тулга гишүүнээс гаргасан саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад, дэмжсэнгүй. Харин Улсын Их Хурлын тогтоолын төслийг 55 хувийн саналаар дэмжлээ. Уг төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Хурлын гишүүн С.Эрдэнэболд илтгэхээр тогтов.



Үүний дараа Журам шинэчлэн батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг Ажлын хэсгийг ахлагч Б.Баярбаатар хийв. Уг тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт-ийн загвар, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт-ийн загвар, Ажлын хэсгийн гишүүний баталгаа-ны загвар зэргийг баталж, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай төсөлд тусгажээ. Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн 55 хувь нь дэмжиж, баталлаа. 

Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахаар товлосон байсан ч уг асуудал Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, автозамын зохицуулалттай шууд хамааралтай учраас холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг байлцуулан хэлэлцэх нь зохистой хэмээн Ажлын хэсгээс үзэж, завсарлага хүсэв. Энэхүү хүсэлтийг гишүүдийн 55 хувь нь дэмжсэн тул уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.