МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ТБХ:Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Т...

ТБХ:Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонслоо

Үнэн
Админ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.28/ хуралдаан 10 цаг 45 минутад ирвэл зохих Улсын Их Хурлын 29 гишүүний 17 нь буюу 56.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Т.Аубакир, Ж.Батжаргал, Х.Булгантуяа, П.Ганзориг, Х.Ганхуяг, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, Д.Цогтбаатар, Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирсэн бөгөөд хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.


Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Цогтбаатар "Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" асуудлыг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Хуралдаан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, мэдээллээр үргэлжлэв. Энэ талаар тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан (дэлгэрэнгүйг эндээс) танилцуулсан.


Тэрбээр танилцуулгадаа, 2025 оны долдугаар сараас өмнөх хугацаанд зөвлөл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд ашиглагдах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн таамаглалыг боловсруулах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, төсвийн тодотгол болон хөгжлийн төлөвлөгөөний төсөлд дүгнэлт гаргах, нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх, мөн Төсвийн байнгын хорооны чиглэлийн дагуу бодлогын баримт бичгүүдийн төсөвт үзүүлэх нөлөөллийг үнэлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан. Харин 2025 оны долдугаар сарын 09-ний өдөр эрх зүйн орчинд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд чиг үүрэг, оролцооны хүрээ өргөжиж, төсвийн төслийн боловсруулалтын шатанд төсвийн ерөнхийлөн захирагчдын ирүүлсэн зардлын санал хуульд заасан хязгаарт нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх, төсвийн боловсруулалтад олон нийтийн оролцоог хэрхэн хангаж ажилласан болон түүний үр дүнг төсөвт тусгасан эсэхэд хяналт тавих, уг асуудлаар гаргасан дүгнэлт, саналыг төсвийн төслийг өргөн мэдүүлэхээс өмнө Төсвийн байнгын хороо болон Сангийн яаманд хүргүүлэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж эхэлснийг онцолсон.


Мөн тус зөвлөл төсвийн бодлогын боловсруулалт, хэлэлцүүлэг, хэрэгжилтийн бүх үе шатанд оролцдог, Улсын Их Хурлын хараат бус, мэргэжлийн институцийн хувьд бэхжиж буйг Ж.Дэлгэрсайхан дарга танилцуулгадаа тодотголоо.  

2025 онд зөвлөл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал, дүгнэлт боловсруулахаас гадна Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, төсвийн эрх зүйн орчны өөрчлөлттөд өөрсдийн саналыг өгөх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой байр сууриа илэрхийлэх, холбогдох талуудад хүргүүлэх зэргээр бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Зөвлөлөөс 2025 онд макро эдийн засгийн таамаглал боловсруулах, төсөв болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, 2026–2028 оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд уг таамаглалд гадаад, дотоод орчны шинжилгээ, эрсдэлийн үнэлгээг тусган боловсруулсан. Шинжилгээгээр түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад зах зээлийн тодорхойгүй байдал нь экспорт, төлбөрийн тэнцэлд эрсдэл дагуулж байгааг онцолсон бөгөөд дотоодын хувьд эдийн засгийн өсөлт өндөр байсан ч уул уурхайн орлогоос хэт хамаарал, төсвийн тэлэлт нэмэгдсэн нь дунд хугацаанд тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцолсон гэв.


Хөгжлийн төлөвлөгөө болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтээр бодлогын зорилтуудын уялдаа, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт, санхүүжилтийн эх үүсвэрийн тодорхой байдал, төсөл, арга хэмжээний эрэмбэлэлтийг сайжруулах шаардлагатай. Түүнчлэн макро эдийн засгийн таамаглал болон орлогын төлөвлөлтөд хэт өөдрөг хандлага ажиглагдаж байгааг анхааруулж, тэнцвэржүүлсэн үнэ тооцох аргачлалыг боловсронгуй болгох шаардлагатайг дурдсан гэсэн байлаа.


Нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр төсвийн орлого, зарлага өндөр түвшинд хүрсэн боловч төсвийн бодлого мөчлөг сөрсөн зарчмыг баримтлаагүй, төсвийн тэлэлт нэмэгдсэн, төрийн оролцоог бууруулах шаардлага хэвээр байна. Мөн төсвийн бодлогын үр нөлөөг үнэлэх тогтолцоо сул, хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байна. Төсвийн тодотгол болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах төслүүдэд өгсөн дүгнэлтээр орлогын төлөвлөлт бодит нөхцөлөөс зөрөх, түүхий эдийн үнийн таамаглал хэт өөдрөг байх нь төсвийн алдагдал, өрийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулж ажилласан гэдгийг зөвлөлийн дарга танилцуулгадаа дурдав.

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээр төсвийн бодлого нь тэлэлтийг хязгаарлах, төрийн оролцоог бууруулах чиглэл баримталж байгаа нь зөв боловч урсгал зардлын өсөлт өндөр хэвээр, төсвийн болон хөгжлийн бодлогын уялдаа хангалтгүй, төсвийн бодлогын орон зай хумигдсаар байгаагаас макро эдийн засгийн эрсдэл өндөр болж байгааг онцолсон гэлээ.


Тайлант хугацаанд нийт 16 асуудлын хүрээнд дүгнэлт, зөвлөмж боловсруулсан бөгөөд үүнд 94 дүгнэлт, 26 зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлснийг дурдаад цаашид Монгол Улс улсын төсвийг төлөвлөх, хэлэлцүүлэх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үе шатуудад тодорхой ахиц гаргах, төсвийн сахилга бат, төлөвлөлтийн бодитой байдал, бодлогын уялдааг сайжруулах шаардлагатай гэсэн байлаа.

Мөн төсвийн тогтвортой байдлыг хангуулах хуулийн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурал, холбогдох талуудыг бодитой дүгнэлт, судалгаа шинжилгээ, мэдээллээр хангах ажлыг улам чанаржуулах зорилгоор өөрийн судалгаа, шинжилгээний чадавхийг хүний нөөц, макро эдийн засгийн судалгаа шинжилгээ, загварын чиглэлд олон улсын болон дотоодын хамтын ажиллагаагаа сайжруулахаар ажиллаж байна гэсэн юм.


Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Мөнхсоёл, Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар, Х.Булгантуяа, М.Бадамсүрэн, Д.Пүрэвдаваа, Н.Наранбаатар, Д.Үүрийнтуяа нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Г.Тэмүүлэн төсвийн сахилга батыг хангах, хяналт хариуцлагыг сайжруулах үндсэн үүргээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл сайтар ханган ажиллаж байгааг тэмдэглээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд олон улсын стандартын дагуу байх ёстой журмуудыг буцааж оруулах төслийг өргөн мэдүүлэхээр зэхэж байгаа бөгөөд энэ асуудалд зөвлөлийн байр суурь ямар байгааг сонирхлоо. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл төсвийн орлого 720 тэрбум төгрөгөөр тасарсан болон гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтүүд төсөвт эргээд ямархуу үр дагавар дагуулах талаар дүгнэлт байр суурийг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг цаашид төсвийн тогтвортой байдлын эрх зүйн орчныг дордуулсан тодруулбал, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд тус зөвлөл ямар байр суурьтай байгааг тодруулж байлаа.


Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа "Төсвийн тогтвортой байдлын эрх зүйн орчныг өөрчлөх, төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг сулруулах нь буруу. Үүнийг холбогдох хуульд буцааж тусгах нь зүйтэй" гэдгийг тэмдэглэв. Ялангуяа, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах гол дүрмүүдийг хасаж, урсгал зардлыг 30 хувь хүртэл байж болохоор тусгасан нь зарлагын тэлэлтийг өндөр байх боломжийг бүрдүүлсэн. Ийм сөрөг нөлөөтэй өөрчлөлт байсан учраас бид тухайн үедээ эсэргүүцэж, буцаах саналтай байгаагаа илэрхийлж байсан гэлээ. Мөн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд тус зөвлөлөөс дүгнэлт, зөвлөмж өгөхдөө нэг байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. Энэ нь уг хуулийг хэрэгжүүлбэл төсвийн тогтвортой байдал, эрх зүйн орчин, дүрэм, цаашдын тогтолцооны байдлыг бүрэн эвдэх магадлалтай, сөрөг нөлөөтэй юм гэдгийг Ж.Дэлгэрсайхан дарга хариултдаа онцолсон.

Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлантай танилцлаа

Дараа нь Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонсов.


Монгол Улсын Ерөнхий адуитор С.Магнайсүран Үндэсний аудитын газрын 2025 үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр мэдээлэлдээ, тус Байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолын дагуу төрийн аудитын байгууллага 2025 онд хуулийн дагуу 18, бодлогоор 19, нийт 37 аудитыг гүйцэтгэж Монгол Улсын Их Хурал болон холбогдох Байнгын хороодод тус тус хүргүүлсэн гэсэн байв.

Түүнчлэн дээрх сэдвийн хүрээнд 6974 шалгагдагч байгууллагыг хамруулан санхүүгийн тайлангийн 3677, гүйцэтгэлийн 94, нийцлийн 183, нийт 3954 аудитыг хийж гүйцэтгэснийг дурдаад аудитын дүнд 57.4 тэрбум төгрөгийн 3014 төлбөрийн акт тогтоож, 14.4 их наяд төгрөгийн 7424 албан шаардлага, 5.4 их наяд төгрөгийн 11998 зөвлөмж, 437.9 тэрбум төгрөгийн 296 сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага өгч, 55.8 тэрбум төгрөгийн 51 асуудлыг хууль хяналтын байгууллагад тус тус шилжүүлсэн гэсэн байлаа.


Аудитын үр дүнд 2025 онд улс, орон нутгийн төсөвт 62.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн бол нийт 1,521.1 тэрбум төгрөгийн үр өгөөжийг аудитад хамрагдсан байгууллагууд хүлээн зөвшөөрсөн нь улсын төсвөөс зарцуулсан нэг төгрөг тутамд 32.1 төгрөгийн санхүүгийн үр өгөөжийг бий болгож, аудитын дүнд төрийн санхүү, төсвийн сахилга бат, засаглалын чанарт бодит нөлөө үзүүлэхүйц асуудлуудыг хөндөж, шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах, аудитын үр нөлөөг дээшлүүлэхэд анхааран ажилласныг Монгол Улсын Ерөнхий адуитор тайландаа онцолсон.


Мөн өнгөрсөн онд дээрх үйл ажиллагааг хүний нөөцийн болон төсөв, санхүүгийн хязгаарлагдмал нөхцөлд хийж гүйцэтгэснийг тодотгоод тухайлбал, Монгол Улсын 2025 оны  төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр төсвийг 5.9 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан нь 47 албан хаагчийн цалин хөлс болон аудитад оролцох шинжээч, дотоод албан томилолт, тээвэр шатахуун зэрэг аудитын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах зардлууд хасагдаж үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэлтэй байсныг онцлон тэмдэглэв.    

Тэрбээр аудитын үр дүн, шийдвэрийн хэрэгжилт, нийгэмд бий болгох аудитын нөлөөллийг үнэлэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор 2026 оныг “Аудитын нөлөөллийг тооцох, үнэлэх тогтолцоог төлөвшүүлэх” жил болгож, үйл ажиллагаа чиглүүлэн ажиллаж байна гэлээ.


Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Н.Алтанхуяг, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат, Н.Наранбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Үндэсний аудитын газраас хийж гүйцэтгэсэн аудитын шийдвэрийг зайлшгүй хэрэгжүүлдэг болоход хариуцлагын механизмыг хэрхэн сайжруулах, төрийн аудитын байгууллагад мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байсанд өөрчлөлт хийж, хүний нөөцийг бүрдүүлж чадсан эсэхийг илүүтэй лавлаж байв.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хариултдаа, “Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн аудитын тухай хуулиар аудитын шийдвэр заавал биелэгдэх эрх зүйн орчин бол байгаа. Бид аудитын шийдвэрийг зайлшгүй хэрэгжүүлдэг болох чиглэл рүү бүх зохион байгуулалтаа хандуулж, хариуцлагын механизмыг өнөөдрийн хууль эрх зүйн орчинд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Энэ хүрээнд аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газрыг тусгайлан зохион байгуулж, өмнөх онуудад хэрэгжээгүй байсан бүх шийдвэрүүдийг гаргасан дата өгөгдөлтэй болж чадсан. Уг датад үндэслээд аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр бүх түвшинд төсвийн ерөнхийлөн болоод төвлөрүүлэн шууд захирагч нартай хамтарч ажиллаж байна” гэж байлаа. Мөн эрх зүйн орчинд хийх багахан хэмжээн өөрчлөлт болон адуитын шийдвэрийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлаа Байнгын хороогоор 2027 оны бодлогоор хийх аудитын сэдвийг хэлэлцүүлэх үеэрээ танилцуулна гэв.  


Үндэсний адитын газарт 595 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах хүний нөөцийн дээд хязгаарыг баталж өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 541 албан хаагч ажиллаж буйг С.Магнайсүрэн дарга хариултдаа тодотгов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдон ажилласнаас хойш төрийн аудитын байгууллагад хүний нөөцийг 66х33 гэсэн хатуу харьцааг баримталж, үүний үр дүнд нийт албан хаагчдын 82.2 хувь нь мэргэжлийн аудитор, 12.8 хувь нь бусад дэмжих албанд ажиллаж байна гэсэн тайлбарыг өгч байлаа.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцав

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын даргын 2025 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцлаа.


Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд уг ажлын хэсгийг ахалсан бөгөөд дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, гишүүдээр  Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Наранбаатар, Д.Цогтбаатар, А.Ариунзаяа, Д.Батбаяр, Р.Батболд, Ж.Баясгалан, Э.Болормаа, П.Ганзориг, Б.Заяабал, Ц.Мөнхбат, З.Мэндсайхан, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, С.Цэнгүүн, Ө.Шижир, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна.


Ажлын хэсэг татварын бодлого, тогтолцоо буюу "Шударга байх", "Тодорхой байх", "Үр ашигтай байх", "Зайлшгүй байх зарчмын хүрээнд татварын эрх зүйн орчныг судалж, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, олон нийтээс татварын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан санал, хүсэлтийг авч холбогдох хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулсныг санал, дүгнэлтдээ онцолж байлаа.

Мөн ажлын хэсэг татварын хууль тогтоомж, хэрэгжилтэд гарч буй асуудлыг онол, практикийн түвшинд нарийвчлан судалж, холбогдох харьцуулсан судалгаа, лавлагаа, тооцоолол, мэдээлэл, олон улсын байгууллагын зөвлөмжтэй танилцаж татварын бодлого, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар,хувь хүний орлогын албан татварын тухайд анхаарах асуудлын талаар товч танилцуулсан.


Түүнчлэн дээрх хуулиудын талаар бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн саналуудыг багцлан дүгнэвэл, татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход олон улсын гэрээ конвенц, татварын болон салбарын хуулиудын уялдааг хангаж, хуулийн зарим нэр томьёог ойлгомжтой хоёрдмол утгагүй болгох, аливаа татварыг тэгш, шударга, нийтээрээ төлөх зарчмыг тодорхойлох, мөн татварын маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд төр, хувийн хэвшлийн оролцоог тэнцвэржүүлэх, үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, татварын зөвлөн туслах үйлчилгээг хүртээмжтэй болгож татварын тайлагнал, баталгаажуулалт, төлөлтийн хугацааг бодит байдалд нийцүүлэх зэрэг асуудлыг хөндсөн байсныг дурдлаа.

Ажлын хэсэг одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйгээр төдийлөн зохицуулаагүй зарим харилцааг олон улсад татварын бодлогоор хэрхэн дэмжиж буй талаар судалгаа хийлгэж үзэхэд дараах асуудлуудыг татварын шинэчлэлийн хүрээнд нарийвчлан судалж, цаашид анхаарах шаардлагатай гэж үзлээ.Үүнд: 


-Олон хүүхэдтэй өрхийн санхүүгийн ачааллыг бууруулж, нийгмийн тэгш байдал болон гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, улс орнуудад олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодлогыг хувь хүний орлогын албан татварын тогтолцоонд суурилан хэрэгжүүлж байна.

-Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын харилцааг Татварын ерөнхий хуульд нэрлэн тодорхойлсон хэдий ч нарийвчлан зохицуулаагүй байна. Энэ төрлийн татварын асуудлыг хуульчилснаар баялгийн төвлөрөл, тэгш бус байдлыг бууруулахад тодорхой нөлөөтэй талаар олон улсын байгууллагаас зөвлөсөн байна.

-Өрхийн орлого, хүүхдийн тоо, орон сууц, асаргаа, амьжиргааны зардлыг харгалзан татварын ачааллыг бууруулах зорилгоор Монгол Улсын өрхөд чиглэсэн татварын бодлогыг тодорхойлох.

-Хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой татварын бодлогыг тодорхойлох. Энэ төрлийн татварын үндсэн зорилго нь хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулж байгаа иргэн, хуулийн этгээд илүү их татвар төлөх зарчмын хүрээнд зохицуулагдах бөгөөд байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах асуудалд анхаарах шаардлагатайг санал, дүгнэлтэд дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, үг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.