Нөөцийн махны үнэ зах зээлийн ханшаас 40-50 хувиар хямд учир өдөртөө дуусаж байна
Дөрөвдүгээр сар гарсаар нөөцийн махны нийлүүлэлт хомсдож, эрэлт ихэссэн. Зах зээл дэх махны үнийг тогтворжуулах үүднээс энэ жил анх удаа нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр худалдаалж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь дөрөвдүгээр сараас нөөцийн мах худалдаалдаг байсан жишгийг эвдсэн гэсэн үг. Гэвч дөрөвдүгээр сар гарахад нөөцийн махны нийлүүлэлт хомсдож, эрэлт ихссэн байлаа. Энэ нь зөвхөн манай улсын дотоод хүчин зүйлээс шалтгаалаагүй. Шатахуунаа 100 хувь импортолдог манай улсын хувьд дэлхий дахинаа үүсээд байгаа нөхцөл байдал нөлөөлж, тээвэрлэлтийн үнэ өсжээ. Тиймээс мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдийн зүгээс нийлүүлэлтийн үнийг нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүсэлт гарган уулзаж, харилцан тохиролцоонд хүрсэн билээ.
Дөрөвдүгээр сар гарсаар нөөцийн махны нийлүүлэлт хомсдож, эрэлт ихэссэн. Зах зээл дэх махны үнийг тогтворжуулах үүднээс энэ жил анх удаа нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр худалдаалж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь дөрөвдүгээр сараас нөөцийн мах худалдаалдаг байсан жишгийг эвдсэн гэсэн үг. Гэвч дөрөвдүгээр сар гарахад нөөцийн махны нийлүүлэлт хомсдож, эрэлт ихссэн байлаа. Энэ нь зөвхөн манай улсын дотоод хүчин зүйлээс шалтгаалаагүй. Шатахуунаа 100 хувь импортолдог манай улсын хувьд дэлхий дахинаа үүсээд байгаа нөхцөл байдал нөлөөлж, тээвэрлэлтийн үнэ өсжээ. Тиймээс мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдийн зүгээс нийлүүлэлтийн үнийг нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүсэлт гарган уулзаж, харилцан тохиролцоонд хүрсэн билээ.
Ингээд компаниудаас гарсан санал болон цаг үеийн нөхцөлд байдалд үндэслэн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 15 мянган төгрөгөөр худалдаалж байсан үхрийн махны үнийг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж 18 мянган төгрөгөөр, 13 мянган төгрөгөөр худалдаалж байсан хонины махыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 15 мянган төгрөгөөр худалдаалж байна. Үүн дээр нөөцийн махыг зөвхөн жижиглэнгээр худалдаалахаар цэгүүдийг хоёр дахин нэмж, 600 орчим болгон, гулуузаар нь худалдаалдаг өргөтгөсөн худалдааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ч нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалттай газар дээр нь очиж танилцан, нөөцийн махны хангамжийг сайжруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгөхөө мэдэгдэж байсан юм.
Харин өнөөдөр зах зээлд махны үнэ өндөр байгаа ч нөөцийн махны нийлүүлэлт нэмэгдсэн эсэх зорилтот хэсэгт хүрэлцээтэй байна уу гэдгийг сурвалжиллаа.
“Нөөцийн махыг нэг хүнд хоёр уутнаас дээш худалдахгүй”

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах “Танан” худалдааны төвөөр ороход “Нөөцийн мах дуусаад долоо хонож байна. Нийлүүлэгч компанийн нөөцөлсөн мах дууссан” гэж худалдагч хариуллаа. Хотын төвийн дүүрэгт нөөцийн мах худалдан авах хэрэглэгчид цөөн үү гэсэн асуултад “Төвийн дүүрэгтээ гол биш. Иргэд нөөцийн мах ирж байна уу гэж асуудаг. Бид нөөцийн мах татан авах талаар холбогдох байгууллагатай ярилцаж байгаа” гэлээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хайлааст 84” худалдааны төвд энэ долоо хоногт нийлүүлэх нөөцийн мах ирээгүй байна. Чингэлтэй дүүргийн өндөр настан Эрдэнэ “Манай дэлгүүрт нөөцийн мах ирээгүй байна. Энэ долоо хоногт ирнэ гэсэн. Нөөцийн хонины мах өөх ихтэй байна. Үхрийн мах нь яс голцуу юм. Ингээд тооцоохоор өндөр үнэтэй ч захаас цул махаа авсан нь дээр байна. Нөөцийн махыг гулуузаар нь авбал илүү арвитай. Гэхдээ гулуузаар худалдаалахаа больсон гэсэн” хэмээж байлаа.
Цааш Баянзүрх дүүргийн “Баялаг” худалдааны төвөөр ороход мөн л “Нөөцийн мах өчигдөр ирээд дууссан” гэсэн хариулт өгсөн юм. Нөөцийн мах дэлгүүрт ирсэн даруйдаа борлуулагдаж дуусдаг байна. Тиймээс хэрэглэгчдэд хүртээмжтэй худалдаалах үүднээс нэг хүнд хоёр уутаас илүүг олгохгүй байгаа аж.
Хүнсний дэлгүүрүүдэд долоо хоногт нэг удаа нөөцийн мах ирдэг. Захиалагчид нийлүүлэгч компаниас ихэвчлэн 3-4 шуудай хонь, үхрийн мах татан авдаг гэнэ.
“Нөөцийн мах байна уу. Хэзээ ирэх вэ. Гулуузаар нь худалдаалж байна уу” гэж асууж сурагласан хэрэглэгчид олон байлаа. Иргэдийн энэхүү асуулт ажлын цаг тарахтай зэрэгцээд ихэсдэг гэж дэлгүүрийнхэн хэлж байна. Харин гэрээт компаниас долоо хоногт нэг удаа нөөцийн мах нийлүүлэх хуваарьтай ч тодорхой өдөр, гараг заагаагүй байна. Тиймээс хэзээ ирэхийг тодорхой мэдэхгүй гэж худалдагчид ярьж байлаа. Зарим хэрэглэгч “Нөөцийн мах худалдаалж байна гэж худлаа хаяг тавьж байна. Яагаад нөөцийн махаа зарахгүй байна” гэсэн гомдол, санал гаргаж, утасны дугаар авч, эргэж асуудаг байна.
Энэ жил нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах зорилгоор нийт 5016 тонн мах бэлтгэжээ. Хэдийгээр нэгдүгээр сараас түгээлтэд гаргасан ч өнөөдрийн байдлаар 2000 гаруй тонн мах нөөцөд байгаа гэнэ. Энэ нь нийслэлчүүдийн дөрөв, тавдугаар сарын хэрэгцээг бүрэн хангана гэж албаныхан хэлж байсан юм.
Ж.Дуламсүрэн: Нийслэлийн төсөвт тодотгол хийж, мах бэлтгэн нийлүүлэгчдэд татаас олгоно

Нөөцийн махны нийлүүлэлт бага, эрэлт их хэвээр байна. Тиймээс энэ талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар нөөцийн мах хэр хэмжээтэй байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 2900 тонн мах худалдаанд гараад борлуулагдсан байна. Үлдэгдэл 2100 тонн мах байгаагаас үхэр 1238 тонн, хонины мах 876 тонн байна.
-Яагаад өргөтгөсөн худалдаагаар мах худалдаалахыг зогсоосон бэ?
“Анх нөөцийн махны худалдааг эхлүүлэхэд нийслэлийн хэмжээний нийт 386 дэлгүүрээр нөөцийн махыг худалдан борлуулж байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нөөцийн мах нийлүүлдэг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Ингээд өртгөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг гулуузаар борлуулахад ченжийн гараар ороод байна гэж үзсэн. Ченжийн бодлогын эсрэг арга хэмжээ авч, нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор худалдаалах сүлжээ дэлгүүрүүдийн тоог нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 620 дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна. Үүний 81 нь супер маркетууд байна.
-Нөөцийн махны үнийг нэмэхдээ юунд үндэслэсэн тооцсон бэ?
-Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард мах бэлтгэдэг компаниудтай гэрээ хийгээд, мах бэлтгэх явцад улс орон даяар шатахууны хомсдол үүссэн. Энэ нь мах бэлтгэх үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Мөн экспортод их хэмжээгээр гарсан нь махны олдоц багасахад нөлөөлсөн гэж бэлтгэн нийлүүлэгч компаниуд үзэж байгаа. Мах бэлтгэн нийлүүлэх компаниуд нэгдүгээр сараас эхлээд нийслэлийн Захирагчийн ажлын албанд удаа дараа хандан “Худалдан борлуулах үнээ нэмүүлье эсвэл Засгийн газраас үйл ажиллагааны зардлын зөрүүг нэмж олгуулах” талаар хүсэлт тавьсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ЗГХЭГ-т нөөцийн махны килограмм тутамд үйл ажиллагааны зардлын зөрүү олгуулахаар шат шатны удирдлагуудад албан хүсэлт өгөөд байна. Үүнтэй холбоотой нийслэлийн Засаг даргыг нийслэлийн төсвийн хөрөнгөөс мах нийлүүлэгчдийн тавьсан хүсэлтийн дагуу үйл ажиллагааны зардлын зөрүүг олгох боломжтой гэж ЗГХЭГ-аас хариу ирүүлсэн. Ингээд мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй ярилцсан. Мах бэлтгэн нийлүүлэгчид нэг килограмм тутамд 2000-3500 төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа гэсэн тооцоо судалгаа ирүүлсэн. Энэ дагуу тооцож үзээд килограммм тутамд хонины махыг 2000 төгрөгөөр, үхрийн махыг 3000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэснээр нөөцийн нэг килограмм хонины мах 15, үхрийн мах 18 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Хэдийгээр бид худалдан борлуулах үнийг нэмсэн ч мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд өмнө нь борлуулагдсан махны алдагдлаа яах вэ гэдэг асуудлыг Улаанбаатар хотын захирагчид тавьсан. Үүнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “нэг кг тутамд хонины мах 1500 төгрөг, үхрийн мах 2000 төгрөгийн татаасыг нийслэлийн төсвийн тодотголоор тусгаж шийдвэрлэхээр ярилцсан.
-Худалдаалах дэлгүүрүүдийн тоог нэмсэн ч нөөцийн мах эрэлттэй хэвээр байгааг та хэрхэн тайлбарлах вэ?
-Бидэнд иргэдээс ч нөөцийн мах олдоцгүй байна гэсэн гомдол ирж байсан. Тиймээс бид нөөцийн мах худалдаалах цэгээ нэмэгдүүлсэн. Өртгөтгөсөн худалдааг зогсоож, жижиглэнгээ нэмэгдүүлээд байна. Нэг дэлгүүр ойролцоогоор 200-300 килограмм мах татан авдаг. Үүнтэй холбоотой тухайн дэлгүүрт мах бууж байх үед таарсан иргэд бөөнд нь аваад байсан. Тиймээс нөөцийн махыг нэг хүнд хоёр уутаар нь худалдаалах зохицуулалтыг нийслэлээс хийсэн.
-Махны үнэ нэмэгдсэн байхад нийлүүлэгч яагаад нэмэгдэхгүй байна вэ?
-Бэлтгэн нийлүүлэгч компаниудын бэлтгэсэн махны хэмжээнд бид дэлгүүрүүдийн хуваарилалт хийсэн. Нэг компани 15-100 гаруй дэлгүүрт түгээлт хийж байгаа юм. 100 гаруй дэлгүүрт түгээлт хийж байгаа аж ахуйн нэгж өдөрт 3-4 машин гаргалаа гэж тооцъё. Тэгвэл өдөртөө 20-25 дэлгүүрт л түгээлт хийнэ. Ингэснээр дэлгүүрүүдэд 3-4 хоногийн давтамжтай очиж байна.
Нөөцийн махны үнэ зах зээлд борлуулж байгаа үнээс 40-50 хувиар хямд байгаа. Тиймээс дэлгүүрт ирсэн мах өдөртөө борлуулагдаад дуусаж байгаа юм. Иргэдийн гомдол энэ хоёрын зөрүүн дээр үүсээд байна.
Мөн түгээлтийн машин өдөртөө 20 орчим дэлгүүрээр түгээх хүчин чадалтай. Үүнд түгжрэл зэрэг бусад нөхцөл байдал нөлөөлдөг.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.