Ц.Солонго: Хамгийн хэрэгцээтэй амин дэм бол байгалийн витамин
Эрүүл мэндийн салбарынхан, эмч нар “эмийн зохистой хэрэглээ”, “витамины зохистой хэрэглээ”-ний талаар зөвлөдөг ч хавар болмогц хүмүүс “Ядаргаанд орлоо” витамин ууж, дархлаагаа сэргээе гэдэг хандлагаасаа холдож амжаагүй явна. Биеийн дархлааг зөвхөн витаминаар биш тэнцвэртэй хооллолт, хангалттай амралт, идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжиж болдгийг мартчихсан явах нь элбэг. Энэ талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Монгол-Япон эмнэлэг”-ийн Чанар аюулгүй байдал эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны магистр, мэдрэлийн ахлах зэргийн эмч Ц.СОЛОНГО-оос тодрууллаа.
Эрүүл мэндийн салбарынхан, эмч нар “эмийн зохистой хэрэглээ”, “витамины зохистой хэрэглээ”-ний талаар зөвлөдөг ч хавар болмогц хүмүүс “Ядаргаанд орлоо” витамин ууж, дархлаагаа сэргээе гэдэг хандлагаасаа холдож амжаагүй явна. Биеийн дархлааг зөвхөн витаминаар биш тэнцвэртэй хооллолт, хангалттай амралт, идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжиж болдгийг мартчихсан явах нь элбэг. Энэ талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Монгол-Япон эмнэлэг”-ийн Чанар аюулгүй байдал эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны магистр, мэдрэлийн ахлах зэргийн эмч Ц.СОЛОНГО-оос тодрууллаа.
-Манайхны дунд хаврын ядаргаанд витамин тустай гэсэн ойлголт тархаж, бичигдээгүй хууль шиг үйлчилдэг болсон. Мэргэжлийн хүний хувьд манай сониноор дамжуулаад хүмүүсийн маш их анхаарч, сонирхдог витамин бүх хүнд тохирдог уу. Ер нь витамины зохистой хэрэглээ гэж юу юм бэ. Хавар яагаад биеийн дархлаа унадаг вэ гэдэг асуултад мэргэжлийн хүний хувьд зөвлөмж өгнө үү?
-Хаврын улиралд хүмүүс ядрах мэдрэмж авдаг нь өвлийн турш жимс, ногооны хэрэглээ багасаж, амин дэмийн нөөц дутагдсантай холбоотой. Мөн өвөл нар багатай байдаг тул биеийн бодисын солилцоо, дааврын тэнцвэрт байдалд нөлөөлж сульдаа үүсгэдэг. Хүйтний улиралд хүмүүс бага хөдөлдөг нь биеийн ерөнхий тамир тэнхээг сулруулахаас гадна хүйтэн цаг агаараас дулаан цаг агаарт шилжихэд бие махбод дасан зохицох явцад ядарч, нойрмоглож, анхаарал сулрах шинж илэрдэг. Товчхондоо, хаврын ядаргаа нь зөвхөн витамин дутсанаас биш, харин өвлийн турш хуримтлагдсан амьдралын хэв маяг, орчны нөлөөний нийлбэр гэж ойлгож болно.
Хүмүүс дархлаагаа дэмжихийн тулд заавал витамин уух шаардлагагүй. Тэнцвэртэй хооллож, хангалттай нойр авч, идэвхтэй хөдөлгөөн хийж, стрессийн зохицуулалт хийх нь хамгийн чухал. Витамин бол зөвхөн нэмэлт дэмжлэг юм. Витамин бүрийн дутагдал өөр өөр шинжтэй илэрдэг. Ерөнхийдөө ядрах, сульдах, дархлаа сулрах, арьс хуурайших, үс унах, хумс хэврэгших, амны хөндийн асуудал үүсэх, анхаарал төвлөрөл буурах зэрэг нийтлэг шинжүүд ажиглагддаг. Гэхдээ энэ нь дан ганц витаминаас шалтгаалахгүй байж болох тул өөрөө оношилж, дур мэдэн витамин худалдаж авалгүй, заавал эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Манайханд эмийн болоод витамины зохистой хэрэглээний тухай ойлголт байдаггүй учраас аль сайн гэсэн витаминыг аваад уучихдаг. Хүн өөрийнхөө бие махбодын онцлогт тохирсон, өдөр тутмын амин дэм болохуйц витаминыг шинжилгээ оношилгооны эцсийн дүнг харж, эмчийн зөвлөмжийн дагуу, зөв цаг хугацаанд, тохирсон хэлбэрээр хэрэглэх ёстой. Үүнийг л витамины зохистой хэрэглээ гээд байгаа юм. Хүн бүрийн нас, хүйс, хөдөлмөрийн ачаалал, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал ондоо байдаг учраас витамины хэрэгцээ ч мөн ялгаатай. Тиймээс “Витамин их уух тусам сайн” гэсэн ойлголт буруу гэсэн үг.
-Витаминыг дур мэдэн хэрэглэх нь ямар эрсдэлтэй вэ?
-Хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд таатай биш. Ялангуяа тосонд уусдаг A, D, E, K витаминууд бие махбодод хуримтлагддаг тул илүүдэл нь хордлого үүсгэж болно. Жишээлбэл, A витамин ихэдвэл элэг гэмтэх, D витамин ихэдвэл кальцийн солилцоо алдагдах зэрэг эрсдэл бий. Мөн зарим витамин хоорондоо болон эмийн бодистой харилцан үйлчилдэг тул мэргэжлийн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Түүнчлэн өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэх нь биеийн дотоод тэнцвэрийг алдагдуулж, ашигтай байх ёстой бодисыг хор нөлөөтэй болгох эрсдэлтэй. Ялангуяа шинжилгээгүй, дур мэдэн “урьдчилан сэргийлэх” зорилгоор уух нь бодит хэрэгцээг давуулж, далд хүндрэл үүсгэх магадлалтай. Иймээс витамин нь энгийн нэмэлт бус, зөв тун, зөв хэрэглээ шаарддаг биологийн идэвхит бодис гэдгийг онцгойлон анхаарах хэрэгтэй.
-Ямар нөхцөлд, ямар шалтгааны улмаас хүний бие махбод зөвхөн хоол хүнснээс хангалттай амин дэм авч чадахгүйд хүрдэг вэ. Түүнчлэн нас, хүйс, биеийн онцлог болон өвчин эмгэгээс хамааран ямар бүлгийн хүмүүс нэмэлт витамин хэрэглэх нь илүү шаардлагатай байдаг юм бол?
-Витамин дархлаанд чухал үүрэгтэй нь үнэн. Гэхдээ зөвхөн витамин ууснаар дархлаа сайжирна гэж ойлгож болохгүй. Дархлаа нь зөв хооллолт, хангалттай нойр, хөдөлгөөн, стрессийн зохицуулалт зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Витамин бол зөвхөн нэг хэсэг нь юм. Мэдээж хэрэг зарим бүлгийн хүмүүст нэмэлт витамин хэрэгцээтэй байдаг. Тухайлбал, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, ахмад настнууд, хүүхдүүд, архаг өвчтэй хүмүүс, мөн их ачаалалтай ажилладаг, стресс ихтэй хүмүүст зайлшгүй хэрэгтэй.
Манай орны нөхцөлд өвөлдөө нарны гэрэл бага тусах учраас D витамин дутагдах нь элбэг тул эмчийн зөвлөгөөгөөр нөхөх шаардлага гардаг. Тиймээс эрүүл мэндээ хамгаалахын тулд хамгийн түрүүнд хооллолтдоо анхаарах хэрэгтэй. Өнгө өнгийн жимс, ногоо, уураглаг хүнсийг хослуулсан хооллолт хамгийн сайн, хамгийн хэрэгцээтэй амин дэм бол байгалийн витамин юм. Харин нэмэлт витамин хэрэглэх бол заавал эмчид хандаж, өөрт тохирсон тун, хугацааг тогтоолгож хэрэглэх нь хамгийн зөв шийдэл юм.
-Нас, хүйсээс хамааран хүний бие махбод дахь шаардлагатай витамины хэрэгцээ ялгаатай байдаг байх. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон өсвөр насныхан, бага насны хүүхдүүдийн хувьд ямар амин дэмийг түлхүү анхаарч хэрэглэх шаардлагатай вэ?
-Эрэгтэйчүүдийн булчингийн масс, бодисын солилцоо харьцангуй өндөр байдаг тул В бүлгийн витамин, D витамин, цайр чухал үүрэгтэй. Мөн ажлын ачаалал, стресс ихтэй үед C, E зэрэг антиоксидант витаминууд хэрэгтэй. Тамхи, архи хэрэглэдэг бол витамины шимэгдэл буурдаг тул илүү анхаарах шаардлагатай. Эмэгтэйчүүдийн тухайд төмөр, фолийн хүчил, кальци, D витамин чухал. Ялангуяа жирэмслэхээр төлөвлөж байгаа болон жирэмсэн үед фолийн хүчил зайлшгүй хэрэгтэй. Мөн сарын тэмдгийн улмаас төмрийн дутагдал үүсэх эрсдэлтэй байдаг. Нас ахих тусам ясны сийрэгжилтээс сэргийлэхийн тулд кальци, D витаминд анхаарах хэрэгтэй.
Өсвөр насныхан буюу насанд хүрч яваа хүүхдүүдийн хувьд бие махбод эрчимтэй өсөж хөгжиж байдаг тул кальци, D витамин, уураг, В бүлгийн витаминууд маш чухал. Суралцах ачаалал их байдаг учраас тархи, мэдрэлийн үйл ажиллагаанд В витамин хэрэгтэй. Мөн түргэн хоол, нэг талын хооллолтоос зайлсхийж, дархлааг дэмжих C витаминыг хангалттай авах хэрэгтэй. Бага насны хүүхдийн дархлаа бүрэн төлөвшөөгүй байдаг тул A, C, D витамин маш чухал. Ясны өсөлтөд кальци, D витамин зайлшгүй хэрэгтэй. Витаминыг заавал зөв тунгаар, эмчийн заавраар хэрэглэх ёстой, учир нь хэтрэх эрсдэл өндөр. Аль болох хоол хүнсээр дамжуулан авахыг илүүд үзэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч ямар ч витаминыг дур мэдэн, хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хүн бүрийн хэрэгцээ өөр тул хувь хүнд тохирсон хэрэглээ хамгийн зөв. Эрүүл хооллолт, зөв амьдралын хэв маяг бол хамгийн сайн байгалийн витамин гэдгийг ойлгох нь чухал.
-Ямар ч төрлийн витаминыг бүр мөсөн хорих ёстой, ийм төрлийн өвчин эмгэг, ийм өвчний үед хориглоно гэсэн ойлголт байдаг уу?
-Витамины хэрэглээнд онцгой анхаарах ёстой хэдэн жишээ бий. Тухайлбал, элэгний өвчтэй хүмүүс ялангуяа A витаминыг хэтрүүлэн хэрэглэвэл элгэнд хуримтлагдаж, өвчнийг даамжруулж болзошгүй. Мөн бөөрний өвчтэй хүмүүс кальци, D витамин, зарим эрдэс бодис ихэдвэл бөөрөнд ачаалал өгч, чулуу үүсэх эрсдэл нэмэгддэг. Зүрх судасны өвчтэй хүмүүс зарим витаминыг, жишээ нь E витамин их тунгаар хэрэглэвэл эмийн үйлчилгээнд нөлөөлж болдог. Хорт хавдартай хүмүүс байна. C, E гэх мэт антиоксидант витаминууд (C, E гэх мэт)-ыг өндөр тунгаар дур мэдэн хэрэглэх нь зарим тохиолдолд хавдрын эсийн өсөлтөд нөлөөлж болзошгүй тул зөвхөн эмчийн хяналт дор хэрэглэдэг. Мөн чихрийн шижинтэй хүмүүст зарим витамин таагүй нөлөө үзүүлдэг.
-Ямар хүмүүс заавал эмчээс зөвлөгөө авч байж витамин хэрэглэх ёстой вэ?
-Архаг өвчтэй эсвэл байнгын эм уудаг хүмүүс, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, ахмад настнууд, мөн удаан хугацаагаар витамин хэрэглэх гэж байгаа хүмүүс заавал эмчээс зөвлөгөө авч уух нь зөв. Витамин өөрөө эм биш ч буруу хэрэглэвэл эм шиг сөрөг нөлөө үзүүлж болдог. Тиймээс зүгээр л дархлаа дэмжих гэж дур мэдэн удаан хугацаагаар уухын оронд өөрийн биеийн онцлог, өвчний байдлыг харгалзан мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагах нь хамгийн зөв юм.
-Хүмүүс өдөр тутмын амьдралаасаа, хэрэглэж байгаа хоол ундны төрлийн зүйлээс витамин авах нь зөв гэж та түрүүн хэлсэн. Ер нь ямар төрлийн хоол хүнс илүү витаминлаг, хүнд тустай вэ?
-Ерөнхийдөө эрүүл, тэнцвэртэй хооллож чадвал витамины хэрэгцээг хангах боломжтой. Жишээлбэл, шинэ жимс, ногоо нь С болон бусад усанд уусдаг витаминаар баялаг. Мах, өндөг, сүү нь В бүлгийн витамин болон А, D витаминаар хангана. Харин нэг төрлийн хоол давамгайлсан, эсвэл боловсруулсан хүнс их хэрэглэдэг хүмүүсийн хувьд витамин дутагдах эрсдэл нэмэгддэг.
Витамины төрлүүд болон ач тус
- А витамин агуулагдсан хүнс: Лууван, амтат төмс, элэг, өндөгний шар, сүү, цөцгийн тос болон бууцай зэрэг ногоон навчит хүнсэнд агуулагддаг бөгөөд нүдний хараа болон арьсны эрүүл мэндэд чухал үүрэгтэй.
- С витамин агуулагдсан хүнс: Нимбэг, жүрж, мандарин, киви, гүзээлзгэнэ зэрэг жимс, мөн улаан чинжүү, брокколи, байцаа зэрэг шинэ ногоонд элбэг байдаг бөгөөд дархлааг дэмжих, эсийг хамгаалах үйлчлэлтэй.
- В бүлгийн витамин агуулагдсан хүнс: Бүхэл үрийн бүтээгдэхүүн, мах, загас, өндөг, сүү, буурцаг, самар зэрэг хүнсэнд агуулагдаж, мэдрэлийн систем болон энерги үүсэх үйл явцад чухал нөлөө үзүүлдэг.
- D витамин агуулагдсан хүнс: Загасны тос, хулд болон сардин загас, өндөгний шар, элэг зэрэг хүнсэнд агуулагдах бөгөөд мөн D витаминаар баяжуулсан бүтээгдэхүүнүүдээс авах боломжтой бөгөөд ясны бэхжилтэд гол үүрэгтэй.
- Кальци агуулагдсан хүнс: Сүү, тараг, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн, брокколи, бууцай, бүйлс болон шар буурцагт агуулагдаж, яс, шүдийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Д.Жаргалан
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.