МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Ховд...

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Ховд эко цемент” үйлдвэрийн нарны станцтай танилцав

Үнэн
Админ

Ховд аймагт ажиллаж буй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нар Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, эрх зүйн орчин, тулгамдсан асуудлыг судлах ажлынхаа хүрээнд Буянт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Вестерн Холд” ХХК-ийн “Ховд эко цемент” үйлдвэрийн нарны цахилгаан станцтай өнөөдөр /2026.04.27/ танилцлаа.

Шохойт уулын шохойн чулууны ордыг түшиглэн ажилладаг тус үйлдвэр өнгөрсөн онд 4 мВт нарны станц ашиглалтад оруулж, энэ онд дахин 4 мВт-аар өргөтгөж байгаа аж. Өргөтгөлийн ажил ирэх сард дуусаж, станц 8 мВт-ын бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна. Жилд 300 мянган тонн өндөр чанарын портланд цемент үйлдвэрлэдэг тус үйлдвэр нийтдээ 18000 мВт эрчим хүчийг жилд хэрэглэдэг бөгөөд үүний 13000 мВт-ыг нарны станцаасаа авч ашиглах боломжтой болж буй ажээ.

Аж ахуйн нэгжүүдийн хэрэглээнээс илүү гарч буй эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлэхэд тулгарч буй дүрэм, журмын саад тотгорыг арилгахад анхаарч ажиллахаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга, гишүүд цементийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн Ө.Тогтохбаатарынд зочилж, гэрийн эзэгтэй Т.Батгэрэлтэй нарны цахилгаан үүсгүүрийнх нь талаар ярилцав.

Батгэрэл эрчим хүчний салбарт ажиллаж байсан, нягтлан бодогч хүн тул санхүүгийн тооцоог гаргасны үндсэн дээр 20 кВт-ын хүчин чадалтай нарны эх үүсгүүрийг 40 сая төгрөгөөр суурилуулжээ. Улмаар өнгөрсөн оны 10 дугаар сард эрчим хүчний түгээх сүлжээнд холбогдсон байна. Хэдийгээр төвийн шугамд холбогдоод удаагүй байгаа ч энэ айл өөрийн хэрэглээнээс илүү гарсан 13500 кВт/цаг эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлээд байгаа юм. Энэ нь нийт 3.8 сая төгрөгийг үнэ хүрэх бөгөөд үүнийгээ удахгүй авна хэмээн Т.Батгэрэл ярилаа.

Айл өрх бүр ингэж эрчим хүч үйлдвэрлэгч болж, орлого олох энэ сайхан боломжийг ашиглан алтан нарны цацрагаар тог цахилгаанаа хангаад, хашаандаа сайхан амьдрахыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховдчууддаа, нийт баруун бүсийн ард иргэддээ уриалав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.