МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Нөхөртөө сэтгэлгүй явлаа...

Нөхөртөө сэтгэлгүй явлаа...

Оршуулгын газрын дэргэдэх тууш урт сандалд биенээ зүс таних төдий хоёр эмэгтэй сууна. Тус тусын эргэж тойрдог булшны хашаа хайсыг цэвэрлэхээр ирээд, яриа хөөрөө өрнүүлжээ.

Үнэн
Админ

Оршуулгын газрын дэргэдэх тууш урт сандалд биенээ зүс таних төдий хоёр эмэгтэй сууна. Тус тусын эргэж тойрдог булшны хашаа хайсыг цэвэрлэхээр ирээд, яриа хөөрөө өрнүүлжээ.

- Танай нөхөр үү? – гээд дугуй хөх малгайт эмэгтэй булшны зураг өөд дохилоо.

- Тийм ээ. Нэг жил болж... Дасаж өгөхгүй юм аа, санаад болохгүй, хэцүү. Тэгээд л наашаа байнга ирдэг... Их хайртай байлаа, - гэж хар алчуурын үзүүрээр нулимсаа сэм арчих авгай өгүүлэв.

Чимээгүй хэсэг зуур суусны эцэст эхний эмэгтэй санаа алдаад:

- Харин би нөхөртөө сэтгэлтэй яваагүй ээ, - гэжээ.

- Хэдэн жил хамт амьдарсан хэрэг вэ?

- 1971 онд гэрлэсэн гээд тооцвол...

- Тийм олон жил хамт байчхаад сэтгэлтэй байгаагүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?

- Шарандаа суучихсан юм. Нэг залууд сэтгэл алдраад байтал найз охин руу маань явчихсан, тэгээд л би түрүүлж хүнтэй гэрлэе гэж санахгүй юу. Араас салахгүй дагаж гүйгээд байдаг тультраа Юркаг сонгочихсон.

- Тэгээд?

- Золтой хуримнаасаа гараад зугтчихаагүй юм даг. Тосгоныхон ирчихсэн найрлаад байдаг, би наана нь уйлаад суух. Залуу нас дууслаа гэж бодогдсон. Эр нөхөр болох хүнээ харахаар орь дуу тавиад ульж гасалмаар. Туниагүй жижигхэн, үс нь халзарчихсан, дэлдэн гэж туйлгүй. Өмссөн хослолыг нь харвал үнээнд эмээл тохчихсон гэлтэй эв хавгүй. Жаргалтай гэж хачин, дарвайтал инээчихсэн, надаас харц салгахгүй сууна. Түй! Миний л тарьсан хэрэг гэж бодогдож байв.

- Цаашаа юу болов?

- Цаашаа юу болох вэ дээ. Тэдний эцэг эхийнд амьдарч эхэллээ. Хоёр хөгшин намайг тостой гараар барихгүй, тоостой газар суулгахгүй. Би чинь өсгөлүүн биерхүү, болсон чавга шиг хүрэн нүд, урт гэзэгтэй, даашинзны энгэр задлам урагш түрсэн хөхтэй бүсгүй явлаа. Таарч тохирох хос биш гэдэг нь хэн ч харсан илт шүү дээ.

Өглөө босоход гутлыг минь хүртэл угаагаад тавьчихсан байдаг сан. Юрикээр эх нь тэгж цэвэрлүүлдэг. Харин миний сэтгэлд нийцэх юм ховор, тэг ингэ гэж тушаал заавар өгч, хөөрхий эхийг нь хүртэл хашхичин загнана. Өөрийгөө өрөвдөөд тэр шүү дээ. Хайргүй юм чинь... Тийм бэрд хэн дуртай байх вэ.

Юрик хэлж байна: хоёул Байгал нуур – Амар мөрөн чиглэлийн төмөр зам руу явж, ажил хийж мөнгө цуглуулъя. Эцэг эхээс ч хол, санаа амар сууцгаая, - гэлээ.

Надад бол хаашаа ч ялгаагүй, тэндээс явж л байвал барав. Бодож санах юмгүй хийсгэлэн явсан хүн. Тухайн үед комсомолчуудыг ид шахаж байсан. Юрка хөөцөлдөж байгаад илгээлтийн багт орж амжив. Ингээд Пермь рүү эхэлж явсан, дараа нь Амар мөрний хязгаарыг зорьж билээ.

Тусдаа явсан л даа. Хүүхнүүдийг нэг галт тэргэнд, харчуудыг өөр галт тэргэнд ачна. Юрка хоолгүй үлдчихэв. Цүнхээ би авсан, галт тэрэг хооронд тэр үед дамжих хоолой байгаагүй юм.

Гэлээ ч надад ямар хамаа байх вэ, хүүхнүүдтэй дорхноо танилцаж, цүнх саваа уудлаад хоол хошоо гаргацгаав. Нөхөр тэндээ юм олоод идчих байлгүй. Хадам эхийн бэлдэж өгсөн бүх хоолыг бүсгүйчүүдэд тараагаад л өгчихлөө.

Өртөөн дээр зогстол нөхөр гүйж ирээд хоол асуухад нь хэчнээн ичсэн гэж санана. Идчихсэн гэж хэлээд сэтгэлээр унан суухад Юрка миний ичиж зовохыг хараад тайвшруулж, “Идсэн нь болж дээ. Манайхан ч бас хоол унд ихтэй, хуваалцаж түгээлцээд явж байна. Хараач хө, гэдэс цүндийж орхисныг” – гэж цовоо хэлж билээ.

Тэгээд галт тэрэг өөдөө гүйчихсэн. Худал хэлснийг нь би ойлголгүй яах вэ. Хүнтэй нийцгүй, бүрэг ичимхий болохоор ганц үмх талх аваад идэж чадаагүй явсан хэрэг. Намайг тайтгаруулж байгаа нь тэр. Гэвч ганц хормын дараа би мартаж л орхив.

Зорьсон газраа очвол мөн салгаад тавьчихлаа, аз таарахад. Олон ортой дэн буудал маягийн газар 35 авгай хүүхэн орж, эрчүүд нь тусдаа байрлах болов. Түр зууртаа ингэж суулгана, удахгүй гэр бүлээр нь тусгай өрөөнд оруулна гэж амлалаа. Надад үнэндээ хамаа байхгүй, нөхөртэй хамт байх шаардлага үгүй. Дэргэд хүрээд ирэхэд нь ажил ихтэй, завгүй дүр эсгэн нүүр өгөхгүй. Авгай нар намайг ёсолж авсан эр нөхрөө ингэж болохгүй гэцгээнэ. Цонхоор харахыг минь хүлээн, Юрка гадаа зогсоод л байна. Мөнх цэвдэг намагтай толгод шүү дээ, тэсгим хүйтэн, гэлээ ч би хамраа цухуйлгахгүй.

Гэр бүлээ цуцлуулъя гэж санав. Хоёр жил хамт амьдарсан ч бурхан үр хүүхэд заяасангүй, хайр сэтгэл байгаагүй, бий болсон ч үгүй. Өрөвдөөд ганц хоёр удаа салангид өрөөнд хоёул хоносон явдал бий.

Удалгүй буржгар хар үстэй, булиа хүдэр биетэй Гриша гарч ирлээ. Бидний ажил их, туйвж унатлаа хөдөлмөрлөх боловч хөгжилтэй хөөртэй амьдарч байсан юм. Би бетон зуурагч хийнэ. Хангалт сайтай, гэртээ амсаж яваагүй чех шар айраг, бэрсүүт жүрж, хиамыг тэнд анх үзэв. Урлагийн тоглолт их ирнэ, улаан буланд бүжиг наадам болно.

Тэнд Гришатай намайг охид танилцуулав. Өөрсдөө нүд алдаж явсан ч Гриша нь намайг сонгосон байжээ. Би хөл алдан дурлаж орхилоо.

Юрка ятгаж үзнэ, ичиж зовооч гэнэ. Толгой нь нэгэнт эргэсэн хүнийг яаж татах билээ дээ.

- Чамаас сална, - гэж би хэлэв.

Уг нь бид хоёрт тусгай өрөө олгоод байсан үе. Хана нь нимгэн хэдий ч, хүний нүднээс далд хоёулхнаа суух боломжтой. Гэвч би очсонгүй...

Юрка сүүдэр шиг дагана. Гришатай алхаж явахад Юрик ард байгаа нь мэдрэгдээд байна. Гэлээ ч юун түүнийг бодох мантай. Хайр буцалж байхад.

Хар алчууртай эмэгтэй үг гээхгүй сонсож сууна.

- Яаж тэвчдэг байсан юм бол доо?

- Тэвчсээн. Надад хайртай болохоор. Гришка удаж төдсөнгүй ня-бо Катькатай учир ургуулаад намайг хаячихлаа. Жирэмсэн гэдгийг минь дуулмагц... Олон хүний дунд элдэв муугаар хэлж гарав. Нөхөр нь сул дорой болохоор өөрөө ирж хүзүүнээс зүүгдсэн, салгах арга олдоогүй гэлээ.

“Сайхан сэтгэлт” хүмүүс Юркагийн чихэнд тэр даруйд дуулгалгүй яах билээ. Нөгөөх маань хайрандаа шатаад ухаан санаагаа алдсан юм байлгүй, Гришатай зодолдох гэж үзсэн байв. Станцийн ард болсон хэрэг тул бид олж хараагүй юм. Юраг эмнэлэг рүү аваад явсан гэцгээв. Би ч араас нь очлоо. Замдаа жолооч Сашкад нөхрийнхөө тэнэгийг гайхан ярьж явав. Тэнэг биш байтлаа Гришатай зодоон цохион үүтгэх үү? Өөрөө ямар хүн билээ, цаадах нь ямар билээ? Яавч барахгүй нь илт биш үү? Гэвч Сашка дуугарсангүй. Намайг буруутгаж буй бололтой. Харваас илт.

Эмнэлэгт очоод би уйлж гарав. Нүүр царай нь хөхөрч хавдаад, хөл гар нь туухайн чинээ цэлдийсэн хүрэн юм хэвтэнэ.

- Яах гэж? Яах гэж зодоон хийв? – гэхэд минь:

- Чамайг өмөөрөөд!!! - гэж билээ.

Би өөрийгөө ч бас өрөвдөж суусан. Хэчнээн өрөвдөлтэй вэ... Жирэмсэн хүүхнүүдийг төмөр замын барилгын ажлаас буцааж байв. Хүүхэдтэй хүн ажиллуулах дургүй. Тэгэхээр тосгондоо буцаж, Юркагийн хүүхэд биш гэж тайлбарлана гэсэн үг. Юу гэцгээх бол? Тэр тодорхой. Үнэн хэрэгтээ хэнээс нь хүүхэд олсноо би ч сайн хэлж мэдэхгүй л байсан юм. Юркатай бас хоносон шүү дээ...

Эмнэлэг явж, хоол унд дөхүүлж өгдөг боллоо. Хайртайдаа биш, хариуцлагаа ухармсарлаад гэх үү. Дөнгөж таягтай өндийдөг болох үед нь очиж, хоёулаа цонхны хажууд зогсоход Юрка эмнэлгийн хөгийн хувцас өмссөн нь өвгөн хүн шиг, тэгснээ цонхоор харж:

- Битгий надаас сал. Эндээс явцгаая. Миний хүүхэд болог, - гэв.

- Яах гэж?

- Хайртай.

- Өөрөө л мэд.

Ингэж хэлчхээд би эмнэлгийн хонгилоор алхан одохдоо араас ширтэж байгааг нь, эргэж харахыг минь хүлээж буйг мэдэрсэн ч тэр чигтээ яваад өгсөн юм. Тосгон руу буцахгүй болсондоо баяр төрж байсан санагддаг. Хоёул хүүхэд өсгөвөл арай амар шүү дээ.

Өвөр Байгалд шилжиж очицгоолоо. Юрка дуу шуугүй хүн боловч ажилдаа сайн. Машин зохион бүтээх техникум төгссөн боловсрол нь хэргээ шууд гаргав. Ус сорогч төхөөрөмж хариуцсан тасгийн дарга болоод, байнга нааш цааш томилолтоор явж, гэртээ ирэхдээ үргэлж бэлэг сэлттэй, амттай шимтэй юм тааралдвал өөрөө идэхгүй надад авчирна.

- Манай эхнэр жирэмсэн, - гэж омойтоход нь би буруу харан гилбэлзэнэ.

Манайд нэг өрөө өгч, намайг тоо бүртгэгчээр тавиад байв.

Эмнэлэгт очиж амаржаад, Гришкагийн хүү болохыг ойлголоо. Хар үстэй юм. Харин Юрка анзаараагүй юм шиг инээмсэглэж, төрөх эмнэлгээс бид хоёрыг тосож авахдаа нулимс унагах нь холгүй зогссон сон.

Максюшка маань төрсөн цагаасаа эхлээд өвчин ороож, үргэлж шахуу уйлна. Аргагүй дээ, нүгэл хийж олсон хүүхэд. Юрка хүүг тэвэрч яваад, зогсоогоороо унтчих шахна. Гэвч ганц үг ганхийхгүй.

Жилийн дараа Машагаа төрүүллээ. Юркагийн хүүхэд. Эхийнх нь нэрийг өгсөн юм. Хадам хөгшдөө зовоож явснаа би тухайн цагт ойлгоод байсан ч эцэг нь нас барсан байв. Ядаж эхэд нь таатай санагдаг гэж бодсон хэрэг.

Юркаг хайрлахгүй, үзэн яддаг ч үгүй байв. Жил дараалж төрсөн хүүхдүүдийн хажуугаар юун сэтгэл мантай явжээ. Ирж гар амраахыг нь хүлээнэ. Юрка харьж ирээд хувцас живх угааж, гэр цэвэрлэж, намайг ч амраана. Нэг удаа дотуур хувцсыг минь угаах гэхэд нь арайхийж түмпэнгээ салгаж авав. Эрчүүд юу гэх бол доо? Дарга дарга л гэнэ, авгайнхаа дотоожийг угааж сууна лээ гэнэ шүү дээ. Гэтэл Юрка:

- Ус хүйтэн байна. Эхнэр нь өвдвөл дээр байх уу? Юу хүссэнээ ярьцгааж л байг, - гэлээ.

Тэгэхэд нь би угаалгын түмпэнг булааж аваад, хүүхэн шиг загналаа гэж уурласан юм даг. Хэмжээгүй их хайр нь төдөлгүй уур эгдүүцэл төрүүлж эхлэв.

Хүү маань 13 насандаа цагдаагийн хүүхдийн хэлтэст аль хэдийнээ бүртгэлтэй болчихсон байв. Насанд хүрээгүй хүүхдүүдийн хэрэг хариуцсан байцаагчтай би хамт гүйнэ. Эхнэргүй, сэтгэл сайтай эр, таалагдаад байх боллоо. Максимтай ч хэл үгээ сайн ололцоно. Эцгийнхээ үгийг тоож сонсдоггүй хүүхэд. Юрка зөөлдөөд байдаг. Шийтгэх нь бүү хэл, ширүүхэн ч загнаж чадахгүй. Би суран бүс хааяа гаргаж ирнэ. Мухлаг хоршооноос хулгай зэлгий хийгээд байгаа хүүхдийг өөр яалтай билээ? Гэвч эцэг нь зодуулахгүй, суран бүс булаагаад авчихна.

Юраг дээд сургуульд илгээсэн үе. Бид Новосибирск хотод сайхан байранд нүүж суурьшаад, нөхөр Москваг зорив.

Хэлж байна: “Битгий яв гэвэл чинь үлдье”. Бидний харьцаа нэг л биш болсныг мэдрээд байсан биз.

“Яв яв” – гэлээ, би.

Их л харуусангуй явсан. Нөгөө цагдаа Сергей шууд над дээр ирж, нөхөртөө хайргүй юм чинь салчих гэх ухааны юм хэллээ. Харин би...

Эмэгтэй дуугүй болж, тавцан дээрх шарласан навчийг гүвж унагаав.

- Харин чи? – гэж яриаг нь чагнаж суусан авгай асуулаа. Яриандаа дотносоод “чи” гэх болжээ.

Эмэгтэй өөдөөс нь харав. Хөмсгөн дунд нь гүн үрчлээ тодорсныг үзвэл нэхэн санахад бэрх дурсамж бололтой дог.

- Би эргэцүүлж бодоод л байлаа... Юрий захидал ирүүлж таарав. Одоо ч надад тэр захидал бий. Хүн мэдэхгүй л дээ, гэхдээ би хадгалж үлдсэн юм. “Чиний амьдралыг үрснээ ойлголоо, хэзээ ч надад хайртай байгаагүй, гагцхүү тэвчсээр ирсэн биз ээ. Хэрэв эргэж ирэх хэрэггүй гэсэн хариу ирүүлбэл би ахиж очихгүй гэж шийдлээ. Хүүхдүүдээ орхихгүй, цалингийнхаа талыг явуулж байя, үлдээсэн бүхнийг аваарай. Жаргалтай амьдарч, бүх зүйлээ цэгцлээрэй”... Сайхан захидал. Гомдсон, буруутгасан юу ч алга. Өөртөө хамаг цохилтыг авч үлдээд, харин надад аз жаргал хүссэн байв...

Хус модны навч бөөндөө унаж, ахиад л тавцанг хучлаа. Намрын дулаахан өдөр, цэлмэг тэнгэр. Хар алчуурт эмэгтэй нулимсаа арчина.

- Та юунд уйлна?

- Харин тийм ээ... Нулимс тогтдоггүй. Амьдрал гэдэг сонин, ярихаар нулимс бөмбөрнө. Ярь ярь... Чи явсан уу? Цагдаа эрийг дагаад яваа юу?

- Тэр шөнө би унтаагүй. Максим ч гараас мултрах нь, өөрөө би ч амьдралдаа орооцолдож орхижээ. Нөхрийн захидлыг үнгэж хонов. Манай үйлдвэрт мастер хийдэг, надаас хэдэн насаар эгч хүүхэнтэй би үерхдэг байсан юм. Тэр хэлэх нь: “Лидка минь, ямар тэнэг юм бэ дээ, чи! Ийм эрчүүдийг газар буулгахгүй гар дээрээ өргөж явах хэрэгтэй” – гэв.

Нэгэн өглөө сэрээд, гэнэт сэнхэрсэн мэт бодлоо. Би ер нь юу хийгээд явна вэ? Хамаг амьдралаа миний төлөө үрээд байхад нь... Яаж араас гүйж, тусалж дэмждэг байсныг нь санав. Нэгэнтээ эмнэлэгт хэвтэж, эмэгтэйчүүдийн хагалгаанд орсон ч амжилтгүй болоод, өнгөрлөө л гэж бодсон. Эмч нар ч ижил бодолтой байсан биз. Сэхээн амьдруулах тасагт шивнэлдээд байсан юм даг.

Цонхийж сулбайсан намайг тасагт шилжүүллээ. Гэтэл Юрка хүлээж байна. Чимээ имээгүй томоотой хүн атал эмнэлгийнхнийг тэр чигт нь босгож, өөрөө холдохгүй гарыг минь илэн суугаад, асрагч хөлсөлж, хэрэгтэй гэсэн эм тариаг олоод ирсэн. Юрка байгаагүй бол ч...

Бас нэг удаа манайх хүний илгээмж авчихсан юм. Нисдэг тэргээр төвөөс хүнс, шуудан ирж, цасан шуурган дунд андуураад өөр айлын хайрцагтай юм авч ирснээ гэртээ хариад л мэдэв. Тэгэхэд Юрий хажуугийн тосгон руу хайрцаг тэврээд явж билээ. Би боль азна гэж ятгаад дийлээгүй. Хүмүүс шуудангаа хүлээгээд байж байхад бид ингэж болохгүй гээд алхчихсан... Хацраа хөлдөөж, дараа нь хатгаа туссан...

Тэгээд би ухаарлаа. Энэ хүнээс өөр хэн ч надад хэрэггүй юм гэдгийг. Захиа бичих үү? Ойлгох болов уу даа? Огт хайхардаггүй гэдгээ би олон жил харуулсан шүү. Сэтгэлийг илэрхийлж бичиж барна гэж үү?

Намайг өөр хүнд хайртай гэж шийдээд, салах гэж байгаа нөхөр шүү дээ.

Намар цаг байсан юм. Яг өдий шиг дулаахан. Санаанд тодхон байна. Хүүхдүүдээ хүнд үлдээж, ажлаа зохицуулаад галт тэрэгний буудал явлаа. Өөрөө ингэж Москваг зорив.

Галт тэрэгний удаан гэж яах вэ, урд нь орж гүйсээр эр нөхөртөө очмоор санагдана. Харц нь нүдний өмнө ил. Сэтгэлд дотно, авралт дулаан харц. Халзан толгой, дэлдэн чих, цондгор гэдсэнд нь хайртай байжээ, би.

Оюутны байранд нь яваад очтол хичээлтэй гэнэ, хаашаа явахыг хэлж өгөв. Метронд суугаад явж байхдаа эргэн тойрноосоо Юркаг л хайж байв.

Намайг дотогш оруулсангүй. Өндөр шатан дээр зогсоод, бүлтийтэл хараад байлаа. Гарч ирэхэд нь анхандаа таньсангүй. Нэг ангийн нөхдийн дунд саравчит малгай духдуулж, богино цув өмсөөд, хавтас сугавчилсан, дэгжин гэж жигтэй. Би хөдөлж чадахгүй зогсов. Хачин юм шүү, нөхөртөө дурлаад гацаж орхидог нь.

Хажуугаар олуулаа шаагилдан өнгөрлөө, би чимээгүй л байв. Намайг анзаарсангүй. Гудамжаар цааш явахад нь дуудлаа. Юрка эргэж хараад, нүдэндээ итгэх янзгүй намайг ширтээд зогсоно. Ингэж хоёр биенээ харан таг зогсоход яг одоо шиг бөөн навчис нэлмийлдэн унаж байж билээ.

Нөхөд нь хараад юу ч ойлгохгүй байцгаана. Бид хоёр өөд өөдөөсөө ухасхийлдэж, хавтас дэвтэр нь тал тал тийшээ цацагдан, биесээ тэврэн зогсовч хоёул юу ч хэлж чадахгүй байсан сан. Юу ч хэлэх билээ дээ?

Дамжааны нөхөд нь хөхрөлдөж: “Энэ чинь хайр! 100 жил амьдраад ч хамаагүй уулздаг гэнэ лээ” – гэлцэнэ.

Сонсон суусан эмэгтэйн алчуур нэвт норжээ. Нусаа нийгээд:

- Тэгээд эцсээ хүртэл хайр дурлалд умбацгаав уу? – гэж асуув.

- Ямар эцсийг хүртэл?

- Үгүй, та чинь тэнд... – гээд булшны чулуу өөд дохилоо.

- Аан... Үгүй ээ, манай Максюша хүү юм. Эрт өөд болсон. Дөч хүрээгүй. Муу замаас хазайж чадаагүй ээ. Шоронд хүртэл ороод гарсан. Юра бид хоёр их ч зовсон доо. Дараа нь архинд ороод, тэгээд л...

- Нөхөр чинь амьд юм уу? – гэж эмэгтэй баярлав.

- Амьд аа, - гээд загалмайлж, - Бурхны ерөөлөөр! Намайг энд буулгаад, ажилтай гээд явсан. Охиныдоо очиж тусалдаг юм. Өө, ирж явна. Та бид хоёрын үг олдлоо. Машинаар хүргүүлэх үү? – гэлээ.

- Үгүй ээ, би энэ хавиар жаал цэгцлээд орхиё. Баярлалаа.

Ахимаг насны бүдүүн эр хүрч ирэв. Хар хүрэм, саравчтай савхин малгай өмсжээ. Царай зүс сайтай, дугуй нүүртэй, нүдэнд дулаахан эр аж. Нөхөрсгөөр мэнд мэдэж байна.

- Ядрав уу, Юрочка? Баахан гүйгээ байлгүй, - гээд эхнэр нь түүний мөрөнд наалдсан үс хялгасыг түүж өгнө.

Хүүгийнхээ булшны хог шороог Юрий цэвэрлэхэд эхнэр нь хогны уутыг өөрөө өргөж явав. Өвчтэй нурууг нь хайрлаж байгаа хэрэг. Чингээд хоёулаа оршуулгын газрын шаргал замаар сугадалцан алхаж одлоо.

Саарал дугуй малгайт эмэгтэй зам дагаж эргэхийн өмнө арагш харж, гараар даллахад нөхөр нь мөн дагаж даллах ажээ. Харин тэндээ үлдсэн хүүхэн булшны хөшөөн дээрх нөхрийнхөө зургийг харж, хүний жаргал гээч аяндаа бий болдоггүй, зүрхэндээ хүлээн зөвшөөрсөн цагт л ирдэг юм уу даа хэмээн бодмоглож суув.

Хайрлаж, хайрлуулж гэмээ нь хүмүүн жаргадаг ажгуу.

Зохиолч: Наталья Павлинова

Д.Оюунгэрэл

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.