МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Спорт Х.Билгүүнсайхан: Тоглолтоо үргэлжлүүлсэн...

Х.Билгүүнсайхан: Тоглолтоо үргэлжлүүлсэн бол Японы тамирчныг ялах боломж байсан

Боксын олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхантай ярилцлаа. Тэрбээр “Улаанбаатар 2026” боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 55 кг-ын жинд тулалдаж, мөнгөн медалийн эзэн болсон юм.

Үнэн
Админ

Боксын олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхантай ярилцлаа. Тэрбээр “Улаанбаатар 2026” боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 55 кг-ын жинд тулалдаж, мөнгөн медалийн эзэн болсон юм.

-Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд та хэдий хугацаанд бэлдсэн бэ?

-Азийн аварга шалгаруулах тэмцээний хувьд он гаргаад бэлтгэлдээ орсон. Үүнээс өмнө Болгар улсад зохион байгуулдаг “Странжа 2026” тэмцээнд анх удаа оролцсон. Энэ тэмцээнээс би суурь бэлтгэлээ авч Монголдоо дөрөвдүгээр сарын эхээр ирсэн. Тэмцээнийхээ мэдрэмжийг хадгалах зорилготой бэлтгэл хийж чамлахааргүй амжилт гаргалаа.

-Олон улсын тэмцээн эх орондоо хүлээн авахад тамирчдад “Заавал амжилт гаргах ёстой” гэсэн дарамт ирдэг. Харин таныг ажиглахад харьцангуй тайван тулалдаж байгаа харагдсан?

-Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно гэдгийг сонсоод дарамт гэхээсээ илүү боломж гэж хүлээн авсан. Алтан медаль авна гэсэн зорилго тавьсан. Өмнө нь тэмцээнүүдэд оролцоод туршлагатай тамирчидтай гар зөрүүлээд үзсэн болохоор надад тэднээс дутах зүйл байгаагүй.  Тиймээс энэ тэмцээнд өөрийгөө харуулах ёстой юм байна гэж бодсон. Бас өөрийгөө хурцалж илүү итгэлтэй тоглоё гэж шийдсэн ч санаснаар болсонгүй. Би эхлээд Филиппиний тамирчинтай тоглосон. Намайг бодвол хамаагүй өндөр учраас тулааны эхэнд рингээ мэдрэх зорилгоор ажиллаад ялсан. Хоёр дахь тоглолтоо Туркменистан улсын тамирчинтай хийсэн. Дараа нь дэлхийн хошой аварга Казахстаны тамирчинтай тулалдсан. Би 2023 онд шигшээ багт ороод удаагүй Казахстанд болсон тэмцээнд оролцсон. Тэр үед би Махмудтай таарч шинэхэн дэлхийн аваргатай гар зөрүүлээд ялагдсан. Тэр тулаанаас би өөрийгөө ямар дутуу байгаагаа ойлгосон. “Би болоогүй юм байна. Бэлтгэлээ илүү сайн хийх ёстой юм байна” гэж бодоод хэзээ нэгэн цагт дахин таарна гэдгээ мэдэж байлаа. Өнгөрсөн оны есдүгээр сард Англид дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр тоглолтын финалд Махмудтай таарах юм байна гэж бодсон ч чадаагүй. Азийн аваргын үеэр санаснаа хийж тулаандаа яллаа.

-Алтан медалийн төлөөх тоглолтыг харахад танд урам орчихсон байсан ч харамсалтай явдал боллоо. Японы тамирчинтай цаг дуустал тоглосон бол таны ялалтаар өндөрлөх магадлал өндөр байсан?

-Японы тамирчин мэдрэмж өндөр, чац урттай. Тоглолтын эхэнд багш нар рингээ мэдрэнгээ тоглоод үз гэсэн. Дутаад байх зүйлгүйгээ ойлгосон л доо. Оноо нөгөө талд давуу байгааг сонсоод багш нар ч урагшаа ажиллахыг зөвлөсөн. Японы тамирчин суларч байгаа нь мэдрэгдээд “Хожчих юм байна, нэлээд сул тамирчин байна” гэж бодсон. Оноогоо нөхчих юм бол хожих боломжтой. Тэгсэн бид мөргөлдөж таараад өрсөлдөгч тамирчны хөмсөг нь сэтэрсэн. Эмч тоглолтыг зогсоож тоглолт миний санаснаас өөрөөр өндөрлөсөн. Уг нь тоглолтоо үргэлжлүүлсэн бол Японы тамирчныг дутуу гаргах боломж надад байсан юм.

-Санаагаар юунд унахав. Азийн наадмаар “даагаа нэхэж” болно шүү дээ?

-Нутаг дээр нь очиж хариугаа авна гэсэн зорилготой байна.

-Азийн наадам, дэлхийн аварга, олимп гээд томоохон тэмцээн таныг хүлээж байна. Тамирчдын үе шинэчлэгдэж байгаа ийм үед та жингийнхээ боксчдыг судалж байгаа байх?

-Ази тоглогчдоо харж судлаад үзэхээр боломжийн санагдаж байгаа. Европ тамирчдын тоглолтуудыг ч судалсан. Олимп, дэлхийн аварга болох боломж надад ойрхон байна. Харин түүнээс өмнө улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцох хэрэгтэй. Учир нь, энэ тэмцээнд амжилт гаргаж байж олон улсад тоглох боломж бүрдэнэ.

-Таны жингийн дотоод өрсөлдөөн хэр байдаг вэ?

-Манай 55, 60 кг нэлээд өрсөлдөөнтэй. Миний жинд Х.Отгонсүх, Л.Даваадорж зэрэг залуу тамирчин бий. Бэлтгэл сургуулилалтаа хамт хийдэг, олон партнёртой болохоор давуу талтайгаар бэлтгэлээ хийдэг юм.

-Хамтарсан бэлтгэлд хамрагдах боломж хэр их олддог вэ?

-Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Хятад, Энэтхэгийн баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлээ. Ер нь жилдээ нэг удаа хамтарсан бэлтгэлд хамрагддаг. 

-Рингэн дээр тамирчин өөртэйгөө тулалддаг. Сэтгэлээрээ үхээд эхэлбэл хэцүү. Үүний тулд өөртэйгөө хэрхэн ажилладаг вэ?

-Би 17  наснаасаа “Алдар” спорт хорооны А.Гантулга багш дээр нэлээд эрчимтэй бэлтгэл хийсэн. Хоёр ах маань боксчин учраас бэлтгэл тасрахгүй. Энэ бүхэн надад маш их нөлөөлсөн. Бэлтгэл сургуулилалт сайн хийдэг болохоор сэтгэлээр унах нь бага. Рингэн дээр гараад өөртэйгөө ажилладаг. “Иймхэн зүйлд ядарвал үргэлжлүүлж тоглож чадахгүй” гэж хэлдэг. Ер нь төвлөрөөд тоглосон байхад тоглолтоо хүссэнээрээ дуусгадаг даа.

-Тамирчин бүрийн зорилго олимпын наадамд амжилт гаргах байдаг. Таны зорилго ч тэр зүгт хандсан байх гэж бодож байна?

-Олимп, дэлхийн аварга болмоор байвал бүх зүйл дээрээ анхаарах хэрэгтэй. Хоол унд, нойроо зохицуулж, сул цаггүйгээр бэлтгэл сургуулилалтдаа анхаарах шаардлагатай. Хичээвэл бүтэхгүй зүйл гэж үгүй.

-Одоо таныг улсын аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Бэлтгэлээ эхлүүлчихсэн үү?

-Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх долдугаар сард болно. Жингийнхээ аварга болбол тэр жилдээ улсаа төлөөлж томоохон тэмцээнүүдэд оролцоно гэсэн үг. Тиймээс бэлтгэлээ эхлүүлээд явж байна.

Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.