МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм О.Мандахзориг: Аж ахуйн нэгж, байгууллаг...

О.Мандахзориг: Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын үр дүнг ашиглах нь хамгийн чухал

Үндэсний Статистикийн хорооны Статистикийн бүртгэл, тооллогын хэлтсийн дарга О.Мандахзоригтой таван жил тутам зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж байгууллагын тооллого”-ын хүрээнд ярилцлаа.

Үнэн
Админ

Үндэсний Статистикийн хорооны Статистикийн бүртгэл, тооллогын хэлтсийн дарга О.Мандахзоригтой таван жил тутам зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж байгууллагын тооллого”-ын хүрээнд ярилцлаа.

-Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого эхлээд удаагүй байна. Энэ удаагийн тооллогыг ямар аргаар, хэрхэн явуулж байна вэ. Манай улс энэ төрлийн тооллогыг хэзээнээс явуулж эхэлсэн байдаг  талаар та эхлээд  мэдээлэл өгнө  үү?

-Үндэсний Статистикийн хороо анх 1991 онд “Аж ахуйн нэгж, байгууллага”-ын тооллогыг зохион байгуулж эхэлсэн байдаг. Тухайн үед Улсын бүртгэлийн долоон оронтой дугаар олгож эхэлсэн хугацаатай давхардаж байгаа юм л даа. Үүнээс хойш найм дахь удаагийн тооллого энэ жил зохион байгуулагдаж байна.

Мэдээж тооллого бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Жишээлбэл, 2011 оны тооллогод аж ахуйн нэгжүүдийг анх удаа Газар зүйн мэдээллийн санд тэмдэглэж байсан бол 2016 онд бүртгэлд суурилсан тооллогын суурийг тавьж уламжлалт тооллого болон бүртгэлд суурилсан тооллого зохион байгуулж байсан. 2021 оны тооллогын хувьд маш их онцлогтой нөхцөлд болж өнгөрсөн байдаг. Тодруулбал, дэлхий нийтэд цар тахал гараад эдийн засгийн нөхцөл байдлыг өргөн зургаар харах шаардлага үүссэн үе шүү дээ. Тухайн үед бид 1000 гаруй асуулгатай асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулж байсан юм. 

Харин энэ удаагийн тооллого илүү онцлогтой болж байна. Өөрөөр хэлбэл, төрд байгаа мэдээллийг аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал болон нягтланд өөрсдөд нь харуулж байгаад баталгаажуулах, мөн бүртгэлд байхгүй мэдээллийг бөглөх буюу бүртгэлд суурилсан болон уламжлалт аргуудыг хослуулан зохион байгуулж байна.  2025 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 263.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага байгаагаас 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 70 хувь нь нийслэл Улаанбаатар хотод байгаа юм. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоог 2025 оны байдлаар авч үзэхэд 10 жилийн өмнөхтэй харьцуулахад даруй хоёр дахин нэмэгджээ. 

-Аж ахуйн нэгж байгууллагын тооллогын ач холбогдлыг хэрхэн ойлгох ёстой вэ. Таван жил тутамд гэж хугацаа тогтоосон нь ямар учиртай байдаг юм бэ. Ер нь тухай бүрд тодорхой хэмжээний өөрчлөлт гардаг байх л даа?

-Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг зөвхөн статистик бүртгэл, судалгаа гэж харах цаг өнгөрсөн байна. Энэ тооллогын мэдээллээс бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хэвийн явуулах, цаашлаад бизнесээ тэлэх, өргөжүүлэхэд шийдвэр гаргах шаардлагатай маш олон мэдээлэл ашиглах боломжтой байдаг. Жишээлбэл таны үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнесийн салбарт хэчнээн аж ахуйн нэгж байна, тэдгээрийн байршил, ажиллагсдын тоо зэрэг мэдээллийг иж бүрнээр нь харах боломж бүрдэнэ гэсэн үг.

Мөн эдгээр мэдээлэл нь салбар, бүс нутгийн хөгжлийн ялгааг тодорхойлох, зах зээлийн боломжийг үнэлэхэд ашиглаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад чухал эх сурвалж болдог. Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг Статистикийн тухай хуульд зааснаар таван жил тутам зохион байгуулдаг юм. Мэдээж тооллого гэдэг бол суурь мэдээлэл цуглуулдаг учраас зардал мөнгө шаардсан ажил байдаг. Цаг хугацааны хувьд жил бүр тооллого зохион байгуулахад хүндрэлтэй байсан болов уу.

Нөгөө талаас мэдээллийн хэрэгцээ шаардлага тийм ч их байгаагүй. Харин одоо үед өөр болж байна. Нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжлийг дагаад мэдээллийн эрэлт хэрэгцээ нэмэгдлээ. Мэдээлэл маш хурдацтай шинэчлэгдэж бас хуучирч байна. Энэ үед ҮСХ-ноос төрд байгаа мэдээллийг ашиглан жил бүр тооллого зохион байгуулах зорилготой байгаа. Энэ ч хүрээнд бид бүхэн суурь дэд бүтэц, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд анхаарч байна.

-Хэдийгээр бүртгэлийг цахимаар явуулж байгаа ч хүний оролцоо тодорхой түвшинд хэрэг болдог уу. Жишээлбэл, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэхээс авахуулаад кампанит ажил өрнөдөг болов уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Энэ тооллогын ард маш олон албан хаагч ажиллаж байна. Тооллогын мэдээллийг бүрдүүлэхээс эхлээд боловсруулах шат хүртэл олон хүн ажиллаж байдаг. Тооллогын мэдээлэл цуглуулах ажлыг цахимаар зохион байгуулж байгаа хэдий ч хамрагдалтыг сайжруулах мөн аж ахуйн нэгжүүдэд тооллогын мэдээллийг цахимаар хэрхэн бөглөх талаар зааварчилгааг 7015-1212 лавлах утсаар хүргэж байна.

-Нэг талаас төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байгааг шалгах нэг  хэмжүүр болж болох юм шиг санагдлаа. Аж ахуйн нэгж байгууллагууд төрийн байгууллагын мэдээллийн санд бүртгүүлээгүй, гэсэн атлаа үйл ажиллагаа явуулдаг тохиолдол гардаг уу?

-Аж ахуйн нэгжүүд гэхээсээ илүү хувиараа хөдөлмөр эрхлэгчид төрийн мэдээллийн санд бүртгүүлэлгүй үйл ажиллагаа эрхэлж байдаг. Аж ахуйн нэгж талаасаа бол үйл ажиллагаа явуулж байгаа болон үйл ажиллагаагаа түр зогсоосон бол татвар болон нийгмийн даатгалд тайлан илгээсэн байдаг. Компани байгуулчихаад үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд ч бий. Тэдгээр аж ахуйн нэгжүүд татвар, санхүүгийн байгууллагад тайлангаа өгөхгүй тохиолдол ч мөн бий.

-Аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогодоо хамрагдахгүй байх зэрэг тохиолдол гардаг уу. Энэ тохиолдолд бүртгэл, тооллогын ямар хөшүүрэг байдаг вэ?

-Хуулийн дагуу өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдах ёстой байдаг ч хамрагдахаас татгалзах, зарим аж ахуйн нэгжийн удирдлага олдохгүй байх асуудал гардаг. 2021 оны тооллогын дүнгээр нийт 230.1 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 78.1 хувь нь хамрагдсан байна. Тооллогод хамрагдахгүй аж ахуйн нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулах гэхээсээ илүү тооллогын ач холбогдол талыг илүү таниулж, тооллогын хамрагдалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Нэг жишээ хэлэхэд, Япон улсад аж ахуйн нэгжүүд тооллогодоо хамрагдана гэдэг нь тухайн компанийн нэр хүндийн асуудал байдаг юм билээ.

-Бүртгэл, тооллогыг бүрэн хийж дууссаны дараа ямар процесс өрнөдөг вэ. Тооллого явуулснаар бий болох давуу талуудыг та хувьдаа хэрхэн дүгнэх вэ?

-Аж ахуйн нэгжийн тооллого зохион байгуулж явуулах нь ҮСХ-ны хуулиар хүлээсэн үүрэг. Тогтсон хугацаанд зохион байгуулж мэдээллийг олон нийтэд тархаана. Энэхүү тооллогын үр дүнг ашиглах нь хамгийн чухал. Хэчнээн сайн судалгаа, мэдээлэл гаргалаа гэхэд хэрэглээ байхгүй бол тэр мэдээллийн үнэ цэн үгүй болно шүү дээ. Тэгэхээр тооллогын үр дүнг аж ахуйн, нэгж байгууллагууд хэрэглэж, сорилт боломжоо тодорхойлж, цаашдын төлөвлөгөөндөө ашиглах нь хамгийн чухал гэдгийг онцолъё.

-Ярилцлагын төгсгөлд та аж ахуйн нэгж, байгууллагууддаа уриалга мэдээлэл хүргэх үү?

-Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Энэ удаагийн тооллогыг илүү хялбар, цаг их орохгүй байдлаар буюу зарим суурь мэдээллийг төрийн байгууллагуудын мэдээллийн сангаас урьдчилан оруулсан тул та бүхэн тооллогодоо богино хугацаанд, аливаа хүндрэлгүй хамрагдах боломжтой юм шүү.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.