Цоожтой хаалганы цаана хүний эрх байдаг уу буюу тогтолцооны гажуудал
“Бидний ард хүний эрхэм чанарыг дээдлэх гурван сая иргэний итгэл, олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал бий. Бид нэг ч хүнийг харанхуйд үлдээхгүй” Хүн төрөлхтөн сүүлийн хэдэн мянган жилийг "Хүний эрх" хэмээх хамтын итгэл үнэмшлээ хамгаалж, төгс нийгэм байгуулахын төлөө зарцуулж иржээ. Бид төгс нийгмийг бүтээхийн тулд эрх мэдэлтэн, эзэн хаад, авторитар дэглэм болон төрийн төмөр нударгаар үйлдэгдэх эрүү шүүлтийн эсрэг "нийгмийн гэрээ" байгуулан тэмцсээр ирсэн. Төгс нийгэм гэж юу вэ гэдэг асуултын хариултыг хүний эрх хэрхэн хангагдаж буй байдлаас хайж болох юм.
Тогтолцоог нураах тэмцэл
“Бидний ард хүний эрхэм чанарыг дээдлэх гурван сая иргэний итгэл, олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал бий. Бид нэг ч хүнийг харанхуйд үлдээхгүй”
Хүн төрөлхтөн сүүлийн хэдэн мянган жилийг "Хүний эрх" хэмээх хамтын итгэл үнэмшлээ хамгаалж, төгс нийгэм байгуулахын төлөө зарцуулж иржээ. Бид төгс нийгмийг бүтээхийн тулд эрх мэдэлтэн, эзэн хаад, авторитар дэглэм болон төрийн төмөр нударгаар үйлдэгдэх эрүү шүүлтийн эсрэг "нийгмийн гэрээ" байгуулан тэмцсээр ирсэн. Төгс нийгэм гэж юу вэ гэдэг асуултын хариултыг хүний эрх хэрхэн хангагдаж буй байдлаас хайж болох юм.
Хэдийгээр дэлхий даяар ардчилсан тогтолцоог хүлээн зөвшөөрч, ихэнх улс орнууд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдсэн ч геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ ойлголт хамгийн хүнд сорилтуудтай нүүр тулж байна. Олон улсын түвшинд эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцах асуудлыг "үл хүлцэн тэвчих" зарчим руу шилжихийг хичээж байгаа ч эдгээр сорилтуудын өмнө хүчин мөхөсдөх тохиолдол гарсаар байна. Ийм эгзэгтэй цаг үед Монгол Улс хүний эрхийг хангах тэмцлийн хамгийн хүнд хэсэг болох эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлын нэг жилийнхээ түүхийг бичин тайлагнаж байна. Энэ бол нүсэр тогтолцоо, хаалттай хаалга, төрийн төмөр нүүрний эсрэг ердөө долоохон хүний бүрэлдэхүүнтэй баг хэрхэн хүн ёсны манаанд зогсож буй тухай тайлан юм.
Тайлангийн хуудаснаас мэдрэгдэх “өвдөлт” буюу цоожтой хаалганы цаадах үнэн
Тайлангийн хуудсыг эргүүлэх бүрд зүрх халирам “өвдөлт", итгэл алдсан цөхрөл мэдрэгдэнэ. Хамгийн түрүүнд нийгмийн сүлжээгээр тарсан аймшигт яргаллыг бичсэн камерын бичлэгт дүн шинжилгээ хийхдээ мэргэжилтнүүд юу бодож байсан бол гэж бодогдлоо. Эмнэлгийн тусламж авахаар очсон, өөрийгөө хамгаалах чадваргүй нэгнийг сувилагч нь өшиглөж, доромжилж буй дүр зураг. Удаан хугацаагаар нэг байрлалд суухыг тушаан зөрчсөнийг нь шийтгэж байгаа үйлдлүүд. Хэдэн мянган цагийн бичлэгийг нэгбүрчлэн шүүж, хэн ч харахгүй гэж бодсон харанхуй буланд үйлдэгдсэн хүчирхийллийг тэд ийнхүү нийгэмд ил гаргаж иржээ. Камер "цагаан нөмрөг"-тэй ажилтны хүнлэг ёсноос гажууд үйлдлийг нэгбүрчлэн баримтжуулсныг бид олон нийтийн сүлжээгээр уулга алдан харсан. Би, бидний ярьж буй "Хүний эрх" гэдэг ойлголт зарим газар үнэхээр хүч алдан туйлдсаныг яаж тайлбарлахаа мэдэхгүй сууж байна. Хүний хооллох эрхийг нь боомилж, харгис сэдлээр хорьж, хүйтэн саатуулах байранд найман хүний дунд ердөө гуравхан халбага өгч хоол идүүлдэг, биологийн наад захын хэрэглээгээ хангах гэж бие засахдаа хүртэл гавтайгаа байхыг шаарддаг газрыг мэргэжилтнүүд нүдээр үзсэнээ зүрх шимшрэн бичсэн нь тайланд үлджээ. Ганцхан тохиолдлыг дурдах гэхэд л бичгийн хэл дутаад байгааг би хэлэх гэсэн юм.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааны багийнхан энэ мэтээр улсын онцгой бүс гэж нэрлэгдэх байгууллагуудад нэвтэрч, тэдгээр байгууллагын хаалттай хаалга болгоны цаана буй эрхээ хязгаарлуулсан иргэдтэй ганцаарчлан уулздаг аж. Тэднээс сонссон зовлон, эрх нь зөрчигдсөн түүхүүд тайлангийн хуудас бүрээс цөхөрсөн хоолойгоор асуулт тавьж байна. Хариултыг нь төр мэдэх үү. Тайланд хорих ангиудын дотор албан бус анги давхарга үүсэж, хүний ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь хууль бусаар хязгаарлах замаар ялгаварлан гадуурхаж буй нөхцөл байдал тогтоогдсон тухай дурджээ. Дотоод орчинд үүссэн энэ албан бус "Эрх мэдлийн хуваарилалт"-аар зарим ялтан бусдыгаа дарамталдаг, эсвэл захиргааны ажилтнууд үзэмжээрээ ажил хөдөлмөрт хуваарилдаг асуудлыг гаргаж тавьсан байна. Цоожтой хаалганы цаана, албан хаагч эрх мэдлээ ашиглан эрхшээлдээ байгаа нэгнийг ялгаварлан гадуурхаж, тарчилган зовоох нь хүлцэн тэвчиж боломгүй эрүүдэн шүүлт гэдгийг надаар хэлүүлэх юун. Хүн алдаж болно, ял эдэлж болно. Гэхдээ тэр "хүн" байх эрхээ, өөрчлөгдөх боломжоо алдах ёсгүй.
Зөвлөмжөөс бодит хүч рүү...
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх баг хорих анги СЭМҮТ, цэргийн анги нэгжүүд болон их дээд сургуулийн дотуур байр, асрамжийн газар зэрэг хаалттай байгууллагуудад өгсөн зөвлөмжийн хэрэгжилт дунджаар 81.0-84.3 хувьд хүрсэн нь гайхалтай амжилт юм. Гэвч үүний цаана хүний нөөц, төсөв мөнгөний хүрэлцээгүй байдал нь тус байгууллагуудад ажиллаж байгаа алба хаагчдын ажлын нөхцлийг дордуулж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Мөн камерын систем хангалтгүй байгаа нь зөвхөн ялтан бус, алба хаагчдыг өөрсдийг нь ч эрсдэлд оруулж буй хэрэг.
Урьдчилан сэргийлэх баг зөвхөн зөрчлийг илрүүлээд зогсохгүй төрийн албан хаагчдад “Та ч гэсэн хүн, тиймээс эрүүл аюулгүй орчинд ажиллах ёстой” гэдгийг сануулж, системийг бүхэлд нь эрүүлжүүлэх ажлыг хийсээр иржээ. Хуучин нийгмийн суурьтай тогтолцооны гажиг механизм одоо хэр ажилласаар байгаа нь сууриар нь өөрчилж, системийг эрүүлжүүлэх цогц төлөвлөгөө шаардаж байгаа аж. Үүнд удирдлагын арга барил, ажилтан албан хаагчдын хандлагыг өөрчлөх, сэтгэлгээнд апдэйт хийхийг чухалчилсаар иржээ. Энэ утгаараа тэд зөвлөмж өгөөд орхичихгүй бололтой. Гарсан алдаа дутагдлыг газар дээр нь засах арга хэмжээ авч ажилладаг байна. Өгсөн зөвлөмжийнхөө хэрэгжилтийг заавал эргэн хянадаг нь үр дүнгийн хувьд өндөр үзүүлэлттэй юм байна. Тэдний өгсөн зөвлөмж төсвийн бодит хуваарилалт, хариуцлагын тогтолцоо болон хэрэгжсэн нь тайлангийн хамгийн найдвар төрүүлсэн хэсэг болж байна. Тухайлбал, батлан хамгаалах салбарт зөвлөмжийн дагуу 111 сая төгрөгийг сайжруулалтад зарцуулж, боловсролын салбарт дотуур байрны орчныг шинэчлэхэд 4.5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
Хорих ангиудад амьдрах байрны чийг, мөөгөнцрийг арилгаж, агааржуулалтын системийг зассан нь ердөө л нэг жишээ юм. Соёл урлагийн их сургуулийн дотуур байранд гарсан зүй бус харилцааны эрсдэлийг зөвлөмжийн мөрөөр шалгаж, хариуцлага тооцсон нь тэдний "зөвлөмж"-ийг хүчирхэг "хамгаалалт" гэдгийг баталж байна. Орхиж болохгүй нэг зүйл байгаа нь хэдийгээр энэ баг хамт олон алдаа дутагдлыг засаж сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч ажилласаар байхад бусад байгууллага хамтран ажиллахдаа хойрго хандаж нэг зөрчлөө удаа дараа гаргасаар байдгийг юу ч гэж ойлгох ёстой юм. Тэд өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд алдаа дутагдлаа засаж сайжруулах тухай салбарын сайдад нь хүртэл удаа зөвлөмж хүргүүлсэн. Удаа дараа гэдэг үг тогтолцоог сууриар нь өөрчлөх ёстой гэдэг харангыг дэлдээд байна гэсэн утгатай.
Төгсгөлийн оронд: Мендезийн зарчим ба итгэл
Эрүү шүүлтгүй, хүн бус харьцааг үл тэвчдэг төртэй, заяагдмал эрхээ тэгш эдэлдэг, бусадтай доромжлон харьцдаггүй соёлтой төлөвшсөн иргэдтэй Монгол Улсыг бий болгох гэж байгаа юм бол тус тайланд дурдагдаж буй "Мендезийн зарчим"-ыг нутагшуулах, нийгмийг соён гэгээрүүлэх нь нэн чухал хийгээд яаралтай шийдэх, хийх ёстой ажил. "Мендезийн зарчим"-ын талаар бичиж байснаа санаж байна. Энэ бол байцаалтыг эрүүдэн шүүх аргаар биш, шинжлэх ухаанч, хүнлэг аргаар явуулах дэлхийн соёл.
"Мендезийн зарчим"-ыг нутагшуулахад ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааны баг идэвхийлэн ажиллаж байгааг хүний эрхийн чиглэлээр ажилладаг болон хууль хүчний байгууллагынхан мэднэ. Тэд өөрсдийн нөөц бололцооноос давсан ачааллыг үүрч байгаа нь зөвхөн 2025 онд гэхэд л 1100 гаруй алба хаагчийг энэхүү арга зүйд сургаж, хандлагыг өөрчлөх "соён гэгээрлийн" ажиллагааг эрчимжүүлснээс нь харагдана. Тэд зөвхөн сургалт хийгээд зогсохгүй цахим орчинд 1.5 сая хандалт бүхий контент түгээж, нийгмийн сэтгэлзүйд хүний эрхийн талаарх ойлголт, өөрийн болон бусдын эрхийг хамгаалах, дархлаа тогтоохын тулд тасралтгүй ажиллажээ.
Ер нь энэ баг байгуулагдсан цагаасаа хойш нийт 193 байршилд хяналт шинжилгээ хийж, 922 заалт бүхий зөвлөмж хүргүүлсэн нь хаалттай хаалга бүрийн цаана хүрч ажиллах гэсэн нөр их зүтгэл, сэтгэл харагдана. Түүгээр ч үл барам Криминологичдын холбоонд захиалан хийж гүйцэтгэсэн судалгаа эрүүдэн шүүх явдалтай тэмцэхэд зөвхөн "илрүүлэх" бус, бодлогын түвшинд "урьдчилан сэргийлэх" нь нийгэм болон эдийн засгийн хувьд хэд дахин үр дүнтэйг баталж байгаа аж. Энэ баг хамт олны зөвлөмжийн дагуу боловсрол, батлан хамгаалахын салбарт хийгдсэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалтууд нь хүний эрхийг хамгаалах ажлыг яриа, хоосон тунхаг, уриа лоозон биш төсвийн хөрөнгө зарцуулагдах, тэргүүлэх чиглэл байх ёстойг харуулж байгаа юм.
Дэлхий ертөнц Монголыг харж байна. НҮБ-аас гаргасан "Парисын зарчим"-ын дагуу бол Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны төсөв, хүний нөөцийн хувьд бүрэн хараат бус байх ёстой юм билээ. Энэ нь бидний олон улсын өмнө хүлээсэн үүрэг бөгөөд хараат бус ажиллаж байгаа эсэхийг тогтоох гол шалгуур юм. Гэтэл Монгол Улс хүний эрхийг хангах чиглэлээр ажилладаг энэ багийн анх төлөвлөсөн орон тоог төсөв хэмнэх нэрээр танаж, ердөө долоохон хүнтэй болгочихоод хэдэн арван жилээр ужгирсан зөрчилтэй нүсэр тогтолцооны эсрэг гар хоосон шахам зогсоож байгааг харах үнэхээр харамсалтай.
Бид эрүү шүүлтийг тэвчдэггүй улс уу, эсвэл хаалттай хаалганы цаана юу ч болсон дуугүй өнгөрдөг улс юм уу. Энэ асуултад ердөө долоохон хүн хариулахаар зүтгэж байна гээд бод доо. Төсөв, орон тоо дутуу ч тэд зүтгэсээр л байгаа. Тэдний зүтгэл энэ улсын хүмүүнлэг ёсыг дэлхийн тавцанд тахалж байна гээд хэлчихэд буруудахгүй биз. Монгол Улс энэ багийг бэхжүүлж, дэмжих ёстой. Учир нь тэд цөхөрвөл Монгол Улс хүмүүн ёсны шалгалтад унах болно.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны 2025 оны тайлангаас бэлтгэв.
Трамп Төмөрөө