МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг М.Тогмид: Хөөмий бол нэн эрт үүсэж хөгжс...

М.Тогмид: Хөөмий бол нэн эрт үүсэж хөгжсөн гайхамшигт  язгуур урлаг

Түүхч, зохиолч Маналжавын Тогмидтой ярилцлаа. “Монголын нууц товчоо”-г судлан шинжилж судалгааны өгүүллүүд бичсэн тэрбээр Японы NHK телевизийн “Монголын их гүрэн” баримтат киноны зохиогч, зөвлөхөөр ажилласан юм. Ховд аймгийн Чандмань суманд төрсөн нь түүний хөөмий судлах хөшүүрэг болсон бөгөөд Монголын энэхүү язгуур урлагийн үүсэл гарлын тухай сонирхолтой ярилцлага өрнүүлснээ хүргэе.

Үнэн
Админ

Түүхч, зохиолч Маналжавын Тогмидтой ярилцлаа. “Монголын нууц товчоо”-г судлан шинжилж судалгааны өгүүллүүд бичсэн тэрбээр Японы NHK телевизийн “Монголын их гүрэн” баримтат киноны зохиогч, зөвлөхөөр ажилласан юм. Ховд аймгийн Чандмань суманд төрсөн нь түүний хөөмий судлах хөшүүрэг болсон бөгөөд Монголын энэхүү язгуур урлагийн үүсэл гарлын тухай сонирхолтой ярилцлага өрнүүлснээ хүргэе. 

-Хөөмий анх хаана, яаж үүссэн юм бэ?

-Хүннүгийн үед хөөмийг “ху”, хөөмийчийг “хунну” , “хүннү” гэж нэрлэдэг байжээ. Улмаар хуумэй, хүүмэй, хөөмэй гэж ондоошсоор өнөөдрийн хөөмий болсон байх магадлалтай.

-Хөөмийчийг “хунну” гэж дууддаг байсныг та хэрхэн тайлбарлах вэ?

-Хөөмийг тэнгэр шүтэх бөө мөргөлтэй салшгүй холбоотой үүсэж хөгжсөн гэж үздэг. Монголчууд тэнгэрт луу, шувуу гэдэг хоёр амьтан байдаг гэж биширдэг. Шувуу нь мөнх тэнгэртэй харилцдаг. Тэр шувууны дууг дуурайж дуугарч байсан бөгөөд зарим эх сурвалжид түүнийг Чин-ги гэж бичсэн байдаг. Үүнийг Тэв тэнгэр “с” авиа залгаж Чингис болгосон бололтой байгаа юм. Тэнгэрт байгаа гавшгай шувууг шонхор, харцагаар төлөөлсөн. Мөн Монголын хойд талд унасан маш том солирыг Чин-ге гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр хүннү гэхээр хөөмийч гэсэн үг байж болно. Хөөмийг тэнгэр тахихад бөө мөргөлд хэрэглэдэг. Шувууны жиргээгээр тэнгэрт байдаг жигүүртэнтэй харилцаж байна хэмээн ойлгодог байжээ. Ху хөөмийгөөс хуур, цуур хөгжим үүссэн байх магадлалтай. Хөөмийчид хуур, цуураар хоршиж ая дан гаргадаг байжээ.  

-Сонирхолтой гаргалгаа байна. Харин та ямар баримтад үндэслэснээ хэлж болох уу?

-Эртний ном судар, тэр дундаа “Судрын чуулган”-д энэ талаар дурдсан байна. Уншиж судлахад огт анзаардаггүй байсан үг цаанаа гүн гүнзгий утга агуулж байдаг. “Монголын нууц товчоо”-д монголчуудыг ямар дуу дуулдаг байсан талаар тодорхой бичсэн зүйл байдаггүй. Бүжиглэдэг хэмээн тэмдэглэсэн байдаг. Гэхдээ ямар бүжиг гэдэг нь одоо ч тодорхойгүй хэвээр. Үүний нэгэн адил тэр үед олон дуу байсан байж таарна. Тэр цагт хөөмийч төрийн хэмжээнд өргөмжлөгддөг. Яагаад гэвэл тэнгэр шүтлэгтэй, бөө мөргөлтэй учраас тэр шүү дээ. Тэв тэнгэр Чингис хаанаас дээгүүр өргөмжлөгдөж байсан шиг хөөмийчид ч тийм өндөр өргөмжлөгддөг байсан. Хүннүгийн дараа Сяньби улс байсан бөгөөд тэр үед хөөмий маш хүчтэй дэлгэрэн хөгжиж байсныг илтгэх баримт олон байдаг. 

-Хүннүгийн үеэс хөөмийг уламжлагч нь бөө нар байсан гэж та таамаглаж байна уу?

-Бөө нар л тэнгэртэй харилцдаг. Тэд хөөмийлөхийн зэрэгцээ хуурддаг. Бас хүч нэмж цуурддаг байсан нь таамаг төдий биш юм. 

 -Монголын биет бус өв соёлын нэг хөөмийг анх хэний хөөмийлснөөр та сонсож байсан бэ?

-Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөөмийч Д.Сундуйг анх хөөмийлөхөд сонссон хүн нь би. Д.Сундуй жаажааг сумын төвд ирэхэд анх харсан юм. Туранхай шар залуу, том шаалиар хүзүүгээ ороочихсон. Их хөөрүү, аархуу, тэнхээ хүчтэй бөх хүн учраас сайн хөөмийлдөг байсан. Тухайн үед манай нутгийн хүүхэд, залуучууд болгон Д.Сундуйг дуурайж хөөмийлж эхэлсэн.

-Таны төрсөн нутгаас тодорсон хөөмийч олон. Тэд хөөмийн уг гарлын тухай хэрхэн хүүрнэцгээдэг байв?

-Манай аймаг, сумыг хөөмийн өлгий нутаг гэж ярьдаг. Харин хөөмийг анх тайзанд гаргаж ирсэн нь С.Цэдээ. Дэлхийд гаргасан нь Д.Сундуй жаажаа. С.Цэдээд анх шавь орж радиод дэлгэрүүлсэн нь Чимэддорж гэж хүн байсан. С.Цэдээ нь Д.Лувсаншарав гуайг Ховд театрын найрал дууны багш, уран сайхны удирдагчаар томилогдон очиж ажиллахад С.Цэдээ нь  Алтайн магтаалд хөөмийг оруулсан. Манай нутагт Махан чулуу, Намжил, Сундуй, Гогоо Цэрэн болон СГЗ Д.Цэрэндаваа, Р.Даваажав, Н.Сэнгэдорж болон олон улсын хөөмийч Д.Хосбаяр, М.Саруултөгс, Ц.Цогтгэрэл зэрэг олон хөөмийчид байна. Мөн Гавьяат хөөмийч Одсүрэн болон Загд-Очир, Ашид зэрэг нэртэй олон хөөмийчид хөөмийн урлагийг нэр төртэй авч яваа юм.

Хүмүүс усны хүрхрээ, хадны шуугиан зэрэг байгалийн гаралтай элдэв зүйлээс хөөмий үүссэн гэж үздэг нь хөөмийн судалгаа байхгүйтэй холбоотой. Яг юунаас үүссэнийг мэдэхгүй болохоор төстэй зүйлээс уг гарвалыг нь хайдаг. Нэг ёсондоо судалгаа байхгүй учраас тэгж бичээд байгаа хэрэг. Миний судалж мэдсэнээр хөөмий монгол хүн үүсэх үед үүссэн бололтой юм. 1966 онд Я.Цэвлээ гуайн “Монгол хэлний тайлбар” тольд хөөмий, хөөмийлнө, хөөмөөтөх гэсэн үг байгаа нь монгол хүний эртний үг хэллэгтэй зэрэг үүсэнтэй холбоотой. Монгол хэлний тайлбар толинд “х” үсгээр эхэлсэн үг маш олон байдаг. Зөвхөн нүүр аманд гэхэд л хөмсөг, хамар, хэл, хоолой, ходоод, хос, хошного, хүүхэн хэл, хушуу, хуруу, хөл зэрэг, дотор нь хашгирах, хэлэх, хараах, хөөмийлөх, хөөмөөдөх, ха ха, хи хи, ханиах, хэлэх, хазах, хэрүүл, хялайх, хэвэх зэрэг дандаа “х” үсгээр эхэлсэн. Үүнээс үзвэл хөөмийлөх, хөөмийтөх зэрэг энэ үгс нь нэн эртэд үүсэж хэрэглэгдэж байсан байна.

-Энэ цагийн өвлөн уламжлаг­чидтай та уулзаж ярилцаж байсан уу?

-Одоо миний ярьж байгаа зүйлийн талаар хөөмийчид маань төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс олон жилийн судалгаагаа олон нийтэд ярьж таниулах хэрэгтэй гэж бодсон. 1995 онд миний бие Хөөмийн холбоог анх байгуулж, наадам, хэвлэлийн хурал, тоглолт зохион байгуулж байсан. Д.Сундуй жаажаа хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжлөгдөж, аливаа ажилд идэвхтэй оролцдог байсан.

2005 онд Ховд аймгийн Чандмань сумаас 100 хөөмийч авчирч Бөхийн өргөөнд тоглолт хийж байсан. Тухайн үед хөөмийн гарал үүсэл бус өвлөн уламжлагчдыг таниулах зорилготой байсан. Харин одоо тэдэнд хөөмийн гарал үүслийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулах санаатай байна. Ер нь судалж уншаад явахад сонирхолтой олон зүйл гарна. Би “Монголын нууц товчоо”-гоор шинжлэх ухааны магисрын зэргээ хамгаалсан. Сонин болгож ярихад, “Монголын нууц товчоо”-ны 53 дугаар зүйл дээр “Хамгийн хаан,......” гэж байдаг. Үүнийг манайхны хэн нь ч хэнийг хэлээд байгааг ухаж ойлгоогүй. Монголын хамгийн том цол бол Хамгийн хаан. Чингис хааны “Судрын чуулган”-д энэ үг нэг таарсан нь “Хамгийн хаан Чингис хаан” гэж байдаг. Тэгэхээр Эзэн богд гэж Чингис хааныг хэлж байгаа нь дэндүү доогуур хэлж байгаа хэрэг. Богд нэртэй зүйл олон.

Гэтэл Чингис хаан бол мянган жилийн тэргүүн учраас цолыг нь Эзэн богд гэж хэлж болохгүй. Манай Ерөнхийлөгч нэг үгэндээ “Хаадын хаан” гэж хэлсэн. Гэтэл Хаадын хаан цол Атилла хааных. Хаадын гэж дөрвөн удаа хэлдэг цолтой удирдагч Персийн хаан байсан. Харин манай Чингис бол Хамгийн хаан. Хамгийн гэдэг нь энэ дэлхий дээрх бүхний хаан гэж хэлж буй хэрэг юм. Тиймээс энэ цагаас эхлэн Чингис хаанаа бид Хамгийн хаан гэж хүндлэн дуудаж нэршүүлэх ёстой.

Өөр нэг зүйл нь Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-ны хөөмийлөх, хөөмийдөх гэж хоёр үг нь ялгаатай. Хөөмийдөх гэдэг нь хөгжимдөх гэдэгтэй утга нэг. Хөөмийлнө гэдэг нь дан дуу оруулж эгшиглүүлэхийг хэлнэ.

Энд нэг сонин үгтэй таарсан нь дагаа. Дагаа гэдэг нь хөөмийч гэсэн үг. Энэ бол нэн эртний үг. Тэгэхээр энэ олон ястан дундаас нэг нь хөөмийчийг дагаа гэж нэрлэдэг байж. Бид энэ үгийг хэрэглээнд нэвтрүүлж хүүхдийг дагаа гэж нэрлэе гэж санал гаргаж байгаа юм. Энэ үг нь мөн тайлбар толинд байгаа. Энэчлэн судалгаа шинжилгээний асуудал сул байгаа учраас бид нэг байрандаа тогтчихоод байна. Гэтэл гадаад дотоодын хүмүүс хөөмийг маань сонирхон судлаад байдаг. Зарим нэг нь манай улсад ирж судалж, сурч байна.

Ийм дэлгэр баян өв соёлоо бид цааш хөгжүүлэхдээ хөөмий судалгааг тодорхой нэг мөр болгох хэрэгтэй. Хүннүг хөөмийч гэсэн үг гэвэл манай түүхчид хачин гайхна. Яагаад гэтэл тэр үед улс бүхэн “хоч”-той байсан. Нүүдэлчин аймаг кипчакийг “үмхэрсэн мод” гэж хочилдог. Нирун улс гэж байсан. Хятадууд үүнийг “өрвөлзсөн өт” гэж бичиж хочилдог. Энэ агуулгаар хүннү гэдгийг хөөмийч гэсэн байж болох магадлалтай. Яагаад гэвэл тухайн цагт төр улсын чухал үйл явдалд хөөмийч заавал ордог учраас агуулгыг нь бодож хүннүчүүд гэж нэрлэсэн байж болох юм.

-Тува хөөмийн талаар та судалсан байх. Манай хөөмийтэй ижил төстэй болон ялгаатай ямар зүйл байна вэ?

-Монгол хөөмийн нэг төрөл. Харьцуулахад дуугаралт нь сул талдаа. Хархираа хөөмий гэж байгаа юм. Харин хамрын хөөмий гэж байхгүй шүү. Хамар дотор хөөмий биш самалдаг байдаг. Хүний долоон сүвээр гарч буй хий чимээ нь тус бүрдээ нэртэй байдаг. Тиймээс хамраар гарч байгаа хийг гунших, гинших гэнэ. Магадгүй эрт дээр үед “хунших”, “хинших” гэж нөгөө алдартай “ху” гэдэгтэй холбож хэлж байсан байж магадгүй юм.

Одоо хоолны сайхан үнэрийг “хинших” гэж нэрлэдэг. Тиймээс би “Хамар дотор хөөмий байхгүй” гэж хэлдэг юм. Хамрын гэж хэлэх гээд байгаа нь хөөмийнд нь чимэг нэр өгч байгаа хэрэг. Уртын дуунд түрлэг ордогтой  адил гэж ойлгох хэрэгтэй. Алдарт хөөмийч Д.Сундуй жаажаа эмэгтэй хүн хөөмийлөхийг зөвшөөрдөггүй байсан. Ингэн тэмээ буур шиг хүрхэрдэггүй юм гэдэгсэн. Гэвч тэр үед АДБЧ-д Алимаа гэж хүүхэн сайхан хөөмийлж байсан. Одоо ч хөөмийлдөг эмэгтэй хүмүүс олон байна. Би бол хүүхэд, эмэгтэйчүүд, гадаадын хүмүүс хөөмийлөхөд буруу гэж үздэг. Одоо дэлхийд олон хөөмийчид байна. Тэдний ихэнх нь мухар тагнайн исгэрээ хийх төдий байдаг. 

-Та түүхч, зохиолч хүн. Судалгааны энэ ажлаа хэрхэн олон нийтэд хүргэе, бататгая гэж бодож байна вэ?

-Монголд сайн хөөмийч олон байна. Харамсалтай нь тэд хөөмийн талаар ярих нь дутмаг байдаг. Язгуур урлагийнхаа үүслийн тухайд Ховдын Чандманьд үүссэн гэвэл өрөөсгөл болно. Энэ чинь Монголын үндэсний язгуур урлаг. Түүхэнд уламжилж ирсэн их өв соёлоо бүтэн нэрээр авч явах, өвлүүлэх учиртай. Энэ шалтгаанаар би судалгаагаа эхлүүлсэн. Одоо илүү олон хүнд хүргэнэ. Хөөмийчид үүнээс хойш гайхамшигт язгуур урлаг хөөмийн үүсэл хөгжлийн талаар нэг мөр түүхэн ойлгоцтой болох ёстой. 

Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь” бидний хувьд бодит баримт болно. Бид өв соёлоо түүхтэй нь хамт өвлүүлэн үлдээх үүрэгтэй.

Б.Сэлэнгэ

Гэрэл зургийг МУСГЗ Т.Чимгээ 

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.