МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Л.Энх-Амгалан: Засгийн газар боловсролын...

Л.Энх-Амгалан: Засгийн газар боловсролын салбарт үүссэн асуудлыг 14 хоногийн дотор цэгцэллээ

Үнэн
Админ

Боловсролын салбартай холбоотой хэд хэдэн шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргалаа. Эдгээр шийдвэрийг хэзээнээс, хэрхэн хэрэгжүүлэх тухайд  Боловсролын сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-Багш, ажилчдын цалингийн асуудлыг Засгийн газар нэг мөр шийдвэрлэлээ. Ингэснээр боловсролын салбарынхны дундаж цалин хэдэн төгрөгт хүрэх вэ. Шийдвэр хэзээнээс, хэрхэн хэрэгжих тухайд та мэдээлэл өгнө үү?

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар боловсролын салбартай холбоотой хэд хэдэн томоохон шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, сүүлийн гурван сар үргэлжилсэн цалингийн маргаанд цэг тавьж, сурагчдын хувьсах зардлын тогтолцоог шинэчлэн баталлаа. Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны тавдугаар сарын 1-нээс мөрдөхөөр болж байна.

Мөн “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөр болон боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулахад шаардлагатай зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Үүнээс гадна төрийн өмчийн 700 орчим сургууль, 1000 орчим цэцэрлэгийн багш нар НДШ-ийн 70 тэрбум төгрөгийн өрөнд орсон байна. НДШ-ийн өрөнд орсон учраас 4000 гаруй багш жирэмсний тэтгэмж авч чадахгүй нөхцөл үүссэн. Банкнаас зээл авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байдалд орсон. Тийм ч учраас гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа. Үйлдвэрчний эвлэлтэй маш муу хэлэлцээр хийсэн. Цалингийн бүтцэд өөрчлөлт оруулах талаар нарийн зохицуулалтыг орхигдуулсан.

Мөн боловсролын салбарын хувьсах зардлын тогтолцоог эвдсэн. Тиймээс хувьсах зардлын шинэ тогтолцоог нэвтрүүллээ. Ингэснээр цаашид цалингийн асуудал ярихгүй. Үр дүн, гүйцэтгэлд суурилсан хувьсах зардлын нэмэгдлийг яриад явна. Боловсролын салбар 2021 оноос хувьсах зардлын тогтолцоотой болсон. Энэхүү тогтолцоо нь хот, хөдөөгийн болон төр, хувийн хэвшлийн сургуулийн ялгааг арилгах томоохон шийдэл байсан. Харамсалтай нь нэгдүгээр сарын 1-нээс ойлгомжгүй тогтолцоонд шилжиж, хувьсах зардлын тогтолцооноосоо ухарсан байсан. Засгийн газраас хувьсах зардлын шинэ тогтолцоог баталж, багш нарын нэмэгдсэн цалингаас нэмэгдлүүдийг олгох шийдвэр гаргаснаар энэ асуудалд цэг тавьж байна.

Цаашид энэ салбар тогтолцоонд шилжсэн салбар учраас хувьсах зардлаа л нэмж авна. Ер нь хувьсах зардал нэмэгдсэн тохиолдолд цалин нэмэгдэнэ гэсэн үг.  Өмнө нь багш нарын үндсэн цалин 1.750 мянган төгрөг байсан бол шинэ нэмэгдлээр үндсэн цалин 2.450 мянган төгрөг болно. Энэ нэмэгдсэн цалингаасаа бусад нэмэгдлээ тооцуулаад явна гэсэн үг. Өмнөх цалинг 2.450 мянган төгрөгт хүргэсэн ч нэмэгдлүүдийг өмнөх 1.750 мянган төгрөгөөс тооцож байсныг болиулсан гэдгийг онцолъё. Ингэснээр боловсролын салбарт үүссэн хоёр цалингийн  асуудлыг эцэслэж байна.

-“Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бодлогын ямар шинэчлэлийн ажил өрнөх вэ?

-Засгийн газраас санаачилж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд монгол хүүхэд бүрийн мэдлэгийн хоцрогдлыг нөхөх үндэсний стратеги, замын зураглалыг баталлаа. Хоёр жилийн өмнө PISA буюу дэлхийн боловсролын чанарын үнэлгээгээр дунд сургуулиа төгсөж байгаа хүүхэд ижил хөгжилтэй орнуудын сурагчдаас 2-3 жилийн хоцрогдолтой гарсан. Хот, хөдөөгийн сургууль хооронд 3-5 жилийн ялгаа гарсныг тодорхойлсон. Гэтэл дээрээс нь нэмээд өнөөдрийн байдлаар боловсролын салбарт гурван төрлийн хоцрогдол бодитоор үүсчихээд байна. Нэгдүгээрт, ковидын үеийн хоцрогдол дэлхий даяар, бүх салбарт үүссэн. Хоёрдугаарт, ковидын дараа үүссэн хоцрогдол бий. Гуравдугаарт, багш нарын ажил хаялттай холбоотой бодит хоцрогдол давхар үүссэн. 

Багш нар бүтэн 14 хоногт ажил хаясан нь дэлхийн хэмжээнд боловсролын салбарынхан хамгийн олон хоногоор ажил хаясан тохиолдол болсон шүү дээ. Ямартаа ч эдгээр хоцрогдлыг арилгах үндэсний стратегийн газрын зураг тодорхой боллоо. Товчхондоо, гэрт ойрхон бол хамгийн сайн сургууль гэсэн бодлогыг  боловсролын салбарт хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, бид хөтөлбөрийн шинэчлэл хийж байна. Энэ жил сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл болон 1-2 дугаар ангийн хүүхдийн хөтөлбөрт шинэчлэл хийж байгаа. Шинэчлэлээр оюуны чадамж, сэтгэлийн тамир, биеийн тамир зэрэг ур чадварыг олгоно. Багш нарын гурван тулгуурт бодлогыг зарлана. Сайн сургууль сайн багш, сайн хөтөлбөртэй байх ёстой. Дөрөвдүгээрт, хуурамч дүнгийн тогтолцоог хална. Хүүхдэд дүн тавьж хооронд нь уралдуулдаг биш хүүхэд ахиц дэвшлээрээ дүн авдаг болно.

Багш нар ур чадвараараа, сургууль гүйцэтгэлээрээ үнэлгээ хийдэг тогтолцоонд шилжинэ. Тавдугаарт, хүүхэд хаана амьдарч, сурч байгаагаас үл хамааран хамгийн сайн багш нараар хичээл заалгаж, хоцрогдлоо арилгах ёстой. Товчхондоо, "Мэдлээ" сургуулийн загварыг  алслагдсан бүх сургуульд хэрэгжүүлнэ. Энэ нь хамгийн сайн хөшүүрэг болно. Манай 330 сумын дийлэнх нь 12 жилийн тогтолцоотой. Ахлах сургуульд нь дөрөв, таван хүүхэд сурдаг сургууль ч маш олон бий. Иймээс алхам алхмаар сум дундын ахлах сургууль, аймаг дээр мэргэжлийн ахлах сургууль гаргана. Эхний ээлжид таван бүс дээр Кембрижийн тогтолцоотой таван сургуулийг барьж байгуулна. Зургадугаарт, цахим шилжилтийн хүрээнд энэ жилээс хүүхэд бүрийг компьютержуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ жил 100 мянга, ирэх жилүүдэд мөн адил тоогоор олгоно. Одоо 20 хүүхдийн дунд нэг компьютер ноогдож байгаа бол хоёр хүүхдийн дун нэг компьютер ноогддог болох зохицуулалтыг хийнэ.

Долдугаарт, боловсролын салбарт олон жил үргэлжилж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг гаргалаа. Нийслэлд 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургууль бий. Энэ намар хичээл эхлэхээс өмнө хотхоны бага сургуулийг төрөлжсөн ахлах сургууль болгож задална. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд сургууль цэцэрлэгийн зориулалттай газар хадгалах ажлыг бүх сургууль цэцэрлэгт үүрэг болгох шийдвэрийг гаргалаа. Ямар нэгэн хороолол баригдахад сургууль цэцэрлэггүй байгаа нь тогтолцооны гажуудал юм. Цаашид сургууль, цэцэрлэггүй хорооллыг УОК хүлээж авахгүй. Заавал аймаг, дүүргийн боловсролын газрынхан эхэлж гарын үсэг зурж байж сургууль, цэцэрлэгийг хүлээж авдаг болно. Сумаас эхлүүлэн бүх түвшинд зориулалтын газрын төлөвлөлтөд оруулж өгөх зохицуулалттай боллоо.

-Багш нарын цалинг нэмэг­дүүлэхэд хэчнээн төгрөг шаард­лагатай вэ. Санхүүжилтийг ямар байдлаар шийдвэрлэхээр байна вэ?

-Төсвийн тодотгол хийх шаардлагатай. Мэдээж төсвийн тодотголгүйгээр эх үүсвэр бий болгох хүндрэлтэй. Гэхдээ ямар ч байсан төсвийн тодотгол өнөө маргааш хийх үндэслэл үүсээгүй гэж үзэж байгаа учраас төсвийн ерөнхийлөн гүйцэтгэгч нар төсөв дотроо зохицуулах шаардлага гарч ирж байна.. Авдрын ёроолыг шавхаж атга гурил, шанаганы ёроолыг шавхахад шанага гурил гарна гэдэг шиг үзнэ. Эхний ээлжид энэ жил эхлэх гэж байгаа хөрөнгө оруулалтуудаа зогсоож байна. Эндээс 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр гарч ирнэ. Зарим шаардлагагүй, үр дүн муутай хөтөлбөрүүдийг  мөн түр царцаана. Энэ мэтчилэн төсвийн тодотгол хийх хүртэл түр зохицуулалт хийж, бүсээ чангалж  таарна. Гэхдээ ямар ч байсан Ерөнхий сайдын зүгээс  “Боловсрол, эрүүл мэндийн салбарт цомхотгол хийхгүй” гэдгээ мэдэгдчихсэн шүү дээ. Тиймээс энэ тухайд боловсролын салбарынхан маань санаа зовохгүй байж болно. Түүнчлэн  цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны  мөнгийг хуваалцдаг болсон буюу 1000 төгрөгийг эцэг эхчүүдээс авдаг болсноор салбарт маш том  дэвшил гарсан. Эцэг эхчүүд өөрсдөө мөнгө гаргадаг болсноор эргээд хүүхдүүдийн хоолны чанар, хөрөнгө мөнгөний зарцуулалт маш сайн хяналттай болсон. Үр дүнд нь эхний таван сарын гүйцэтгэлээр 30 тэрбум  төгрөгийн хэмнэлт гарсан. Зөвхөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс ийм хэмнэлт гарч байна. Он дуустал энэ тоо 70-80 тэрбумд хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Одоо сургуулийн хоолны мөнгөний хяналтыг улам сайжруулснаар дахиад 100 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой гэж харж байна. Ингээд салбар дотроо эх үүсвэрийн зохицуулалт хийх замаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой.

-Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж буй хэдэн сургууль бий. Энэ  асуудлыг ямар байдлаар шийдэхээр төлөвлөсөн бэ?

-Энэ зунжингаа л ажиллая гэж бодож байна. Энэ асуудлыг нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах замаар шийдвэрлэнэ.

-Хонхны баяр, үсэглэлийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргачихлаа гэдэг маргаан дэгдээд байна л даа.  Энэ тухайд та ямар утга агуулгатай шийдвэр гаргасан юм бэ?

-Төгсөлтийн баярыг сурсан мэдсэнээ тайлагнадаг эрдмийн баяр болгох зөвлөмж гаргасан. Түүнээс  төгсөлтийн болон үсэглэлийн баярыг бүрэн хориглоогүй. Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж мушгиж байгааг өлгөж авах хэрэггүй.  Үүний цаана айл өрхөд  дарамт болдог, маш их мөнгөний асуудал ч яригддаг. Эцэг эхчүүдээс  баяр тэмдэглэх нэрийдлээр мөнгө татахаа болиоч л гэж байгаа юм. Өмнө нь бид аав ээжээсээ нэг төгрөг ч татахгүйгээр найм, аравдугаар анги төгсөлтийн баяраа тэмдэглэж болоод л байсан биз дээ. Гэтэл одоо яагаад эцэг эхчүүдээс хэдэн зуун мянгаар нь мөнгө цуглуулаад том том автобус хөлөглөөд тэрэлжид очиж зугаалаад байх болчихов, битгий ингээч л гэсэн. Зарим хувийн дунд сургууль гадагшаа явж, Бээжинд очиж төгсөлтийн баяраа тэмдэглэж байна шүү дээ.  Ингэж болохгүй биз дээ.

-Хувийн сургуулиуд дээр салбар яам цаашид ямар бодлогоор ажиллах вэ. Төлбөрөөс авахуулаад зохицуулалт шаардлагатай олон асуудал бий шүү дээ?

-Цаашдаа бид хувийн сургуулиуд дээр маш том эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байгаа. Жишээлбэл, хувийн сургуулиуд жилээр нь төлбөрөө авдаг жишиг байна. Тиймээс ирэх хичээлийн жилээс эхлээд улирал бүрээр төлбөрөө авдаг болгоно. Цаашлаад хувийн сургуулиудын төлбөрийн тогтолцоо зохицуулалтгүй байна. Энэ тухайд цаашид хувийн сургуулиуд дур мэдэн төлбөрөө нэмэхгүй, заавал Боловсролын яамаар хянуулж байж төлбөрөө нэмдэг тогтолцоонд шилжинэ. Цаашлаад хувийн сургуулиудад 17 мянган суудал сул байна гэдэг тооцоо гарсан. Тийм учраас ачаалал өндөртэй буюу өөрийн гэсэн байргүй сургуулиудын ачааллыг хувийнхтай хуваалцах зохицуулалтыг хийнэ. Цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдсэн шиг хувьсах зардлаар нь дамжуулж, улсын сургуулийн ачааллыг хувийнхтай хуваалцахаас аргагүй. Миний хувьд Боловсролын сайдаар ажиллахаар бол нэг сарын дотор багш нарын цалин хөлсний маргааны асуудлыг шийдэхээ илэрхийлж байсан. Сар ч хүрэхгүй хугацаанд буюу  14 хоногийн дотор Засгийн газар  шийдвэр гаргалаа шүү дээ. Ерөөсөө сургууль бүрд асуудал бий. Цаашид үе шаттайгаар  бодлогоо гаргаж, шийдвэрлэн ажиллах болно. 

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

#Засгийн газар
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.