Европчуудад инфляц, амьжиргааны өртөг дарамт болж байна
Европын орнуудад инфляц дахин өсөж, өрхийн амьжиргаанд дарамт учруулж эхэллээ. “Eurostat”-ын албан ёсны мэдээллээр евро бүсийн жилийн инфляц 2026 оны гуравдугаар сард 2.6 хувь болж өссөн байна. Европын холбооны нийт дундаж инфляц мөн 2.8 хувьд хүрчээ.
Европын орнуудад инфляц дахин өсөж, өрхийн амьжиргаанд дарамт учруулж эхэллээ. “Eurostat”-ын албан ёсны мэдээллээр евро бүсийн жилийн инфляц 2026 оны гуравдугаар сард 2.6 хувь болж өссөн байна. Европын холбооны нийт дундаж инфляц мөн 2.8 хувьд хүрчээ.
Инфляц өсөхөд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь эрчим хүчний үнэ байв. “Eurostat”-ийн мэдээлснээр эрчим хүчний салбарын үнэ жилийн дүнгээр 4.9 хувиар өссөн нь өмнөх сард буурч байсантай харьцуулахад огцом өөрчлөлт болсон байна. Мөн үйлчилгээ, хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь өрхийн төсөвт нэмэлт дарамт болжээ. Их Британид инфляц гуравдугаар сард 3.3 хувь болж өссөн талаар “Reuters” мэдээлсэн байна. Шатахууны үнэ огцом нэмэгдэж, хүнс болон агаарын тээврийн зардал өссөн нь үүнд гол нөлөө үзүүлжээ. Энэ нь Английн Төв банкны бодлогын хүү бууруулах төлөвлөгөөг хойшлуулах магадлалтай гэж эдийн засагчид үзэж байна.
Германд инфляц 2.7 хувь хүрч өссөн байна. Германы Холбооны статистикийн газрын мэдээлснээр эрчим хүчний үнийн өсөлт, шатахуун болон халаалтын зардал нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулсан байна. Францад инфляц гуравдугаар сард 2.0, Испанид 3.4, Итали-д 1.6 хувь байсан талаар Европын статистикийн тоймд мөн дурджээ. Улс орон бүрийн үзүүлэлт ялгаатай байгаа ч нийтлэг асуудал нь өрхийн хэрэглээний зардал өссөн явдал болж байна.
Европын Төв банк инфляцыг зорилтот хоёр хувийн түвшинд барихын тулд бодлогын хүүгийн асуудалд болгоомжтой хандаж байна. Банкны 2026 оны төсөөллөөр евро бүсийн инфляц энэ онд дунджаар 2.6 хувь байх магадлалтай гэжээ. Гэвч өндөр хүү удаан үргэлжилбэл хөрөнгө оруулалт саарч, ажилгүйдэл өсөх эрсдэлтэй хэвээр байна. Шинжээчдийн үзэж буйгаар Европын орнууд инфляцтай тэмцэхийн зэрэгцээ өрхийн орлогыг хамгаалах, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, жижиг бизнесийг дэмжих бодлого зэрэгцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
М.Алтаннар
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.