“Digital photo art” үзэсгэлэн Театрын музейд үргэлжилж байна
Дижитал арт буюу гэрэл зургийг уран зурагтай хослуулсан бүтээлүүдийг олон нийтэд хүргэхэд гол зорилго оршиж байгаа юм. Гэрэл зурагчин В.Цэнд-Аюуш 2001 оноос эхлэн гэрэл зургийн салбарт ажилласан. 25 жилийн хугацаан дахь бүтээлүүдээсээ энэхүү үзэсгэлэндээ түүвэрлэн толилуулах аж.
Зураач Л.Бумандорж, гэрэл зурагчин, зураач В.Цэнд-Аюуш нарын “Digital photo art” үзэсгэлэн Театрын музейд үргэлжилж байна.
Дижитал арт буюу гэрэл зургийг уран зурагтай хослуулсан бүтээлүүдийг олон нийтэд хүргэхэд гол зорилго оршиж байгаа юм. Гэрэл зурагчин В.Цэнд-Аюуш 2001 оноос эхлэн гэрэл зургийн салбарт ажилласан. 25 жилийн хугацаан дахь бүтээлүүдээсээ энэхүү үзэсгэлэндээ түүвэрлэн толилуулах аж.

Эдгээр бүтээлүүд нь энгийн фото зурагнаас илүүтэйгээр абстракт болон уран зурагтай хослуулан, дижитал аргаар баяжуулсан онцлогтой. Үзэсгэлэнд Монголын үе үеийн олны танил эрхмүүдийн хөрөг зургаас сонгож, нийт 30 орчим бүтээлийг дэлгэнэ. Үзэсгэлэнд цөөн хүний хөрөг сонгогдсон ч В.Цэнд-Аюуштай хамтран ажилласан эрхмүүдийн хувьд дижитал арт хэв загвараар цаашид хэвлүүлэн авах боломж нээлттэй юм.

Тэрбээр 2001 онд СУИС-ийг Зураасан зургийн зураач мэргэжлээр төгссөн. Төгссөн цагаасаа сэтгүүлийн гэрэл зураг, мөн студийн гэрэл зураг түлхүү авч ирсэн туршлагатай. Олон төрлийн сэтгүүлтэй хамтран ажиллаж, загвар, гоо сайхны чиглэлийн зураг авалтуудыг амжилттай гүйцэтгэж иржээ. Уран зургийн мэдрэмжээ гэрэл зурагтай хослуулан, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, шинэлэг бүтээл туурвихыг зорьсон нь ийнхүү биеллээ олсон байна. Түүний хувьд өдгөө хуримын болон хөрөг зургийн чиглэлээр дагнан ажиллаж байна.
Энэ үзэсгэлэн бол түүний өнгөрсөн хугацааны бүтээлүүдийг цэгцэлж, үзэгчдэд шинэ өнцгөөр хүргэж буйгаараа онцлог юм. Өмнө нь гэрэл зургийг уран зурагтай хоршуулсан үзэсгэлэн дэлгэгдэж байгаагүйд тус арга хэмжээний үнэ цэн оршино.

Тус үзэсгэлэнг толилуулж буй уран бүтээлчдийн тухайд:
Лхагвын Бумандорж \Зураач, Хүндэт профессор багш\
Улаанбаатар хотод Дүрслэх урлагийн коллеж, ХБНГУ-ын Лейпциг хотын График болон Номын урлагийн дээд сургуульд суралцжээ. Улсын маркийн газарт ерөнхий зураач, Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш, уран сайхны удирдагч, ректор, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн захирал, Монголын уран зургийн галерейн зөвлөх, “BUM” арт галерейн куратор зэрэг ажил албыг хашиж ирсэн, Хүндэт профессор цолтой. Улаанбаатар хот мөн Солонгос, Герман, АНУ, Польш, Швейцар, Хятадад бие даасан үзэсгэлэнгээ толилуулжээ. 1999 онд “Зураач ба байгаль” нэртэй яруу найргийн түүвэр хэвлүүлсэн байна.
Вандангийн Цэнд-Аюуш \Гэрэл зурагчин, зураасан зургийн зураач\
Дүрслэх урлагийн дээд сургууль, СУИС-д суралцсан. “Адмон” хэвлэлийн компанийн “Фотомон” гэрэл зургийн агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч, “Зэт фото” агентлагийн “Гялбаа” сэтгүүлд гэрэл зурагчин, UBS телевизийн “Tv zone” сэтгүүлд гэрэл зурагчин, “Happy smile” арьс, гоо заслын эмнэлэгт дизайнер, гэрэл зурагчин, Гоо даль, Wedding, Эмийн санч сэтгүүлүүдийн ажлыг хийж гүйцэтгэсэн. “EPA” олон улсын агентлагийн Монгол дахь гэрэл зургийн сурвалжлагч, ОХУ-ын Монгол туургатны “Торгоны зам” загварын шоуны зурагчнаар ажиллажээ. “Аавууд” бүтээл нь “Монголчууд” гэрэл зургийн уралдааны хоёрдугаар байрын шагнал, “Гэр бүлдээ хайртай аав” уралдааны шагналт байр хүртсэн юм. М.Энхтуяагийн “Хөтлөх урлаг”, Г.Баясахын “Бодлын үндэс”, Б.Нармандахын “Ширээ засах урлаг” номуудын гэрэл зураг, эх бэлтгэл дээр ажиллажээ.


Тус үзэсгэлэн тавдугаар сарын 1-ний өдрийг дуустал Театрын музейд дэлгэгдэж байна.
Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ
.
Сэтгэгдэл
0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.