МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Хиймэл оюун ухаан, инновацад суурилсан у...

Хиймэл оюун ухаан, инновацад суурилсан ухаалаг засаглалтай улс болгох суурийг тавина

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 105 жилийн ойн хүрээнд салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран Төрийн ордны Их танхимд долдугаар сарын 31-нд  арга хэмжээ зохион байгууллаа.

Үнэн
Админ

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 105 жилийн ой тохиож байна. 

Манай орон  XX зуунд мэдээллээ цахилгаан шугамаар дамжуулж, радио долгион цацаж, автомат утасны станц ажиллуулж, олон улсын цахилгаан холбооны байгууллагад гишүүнээр элсэн, Радио долгион болон Харилцаа холбооны тухай анхны хууль батлагдан үүрэн холбооны үйлчилгээгээ нэвтрүүлсэн. Харин XXI зуунд улс орон даяар интернэт үйлчилгээ, 3G, 4G сүлжээ нэвтрүүлж, Шуудангийн тухай хууль баталж, өргөн нэвтрүүлгийг хуульчлан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллаж байна.

3.5 сая хүн амтай  Монгол Улсад  гар утас хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрч, хүн амын 80 хувь нь интернэт ашиглаж, E-Mongolia.mn төрийн цахим үйлчилгээний платформ хөгжүүлэн, төрийн үйлчилгээг цахимаар авч, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулан, 5G сүлжээ нэвтрүүлж, Үндэсний сансрын технологид баримтлах бодлогыг тодорхойлоод байгаа юм.

Өнөөдөр 21 аймгийн 330 суманд 52605 км урттай шилэн кабелийн сүлжээг суурилуулж, 14 ангиллын 778 тусгай зөвшөөрөл олгож, үүрэн телефон холбооны таван сая, хөдөлгөөнт өргөн зурвасын дөрвөн сая, суурин интернэтийн 597 мянга, телевизийн олон сувгийн 758 мянган хэрэглэгчтэй болжээ. Энэ салбарт өдгөө 11527 хүн харьяалагдан ажиллаж байна.

Тус салбарын жилийн нийт орлого 2.5 их наяд төгрөгт  хүрч,  Монгол Улсын ДНБ-ий 3.2 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм. Дижитал эдийн засгийн өртөг жилээс жилд нэмэгдэн, салбарыг өргөжүүлэх, стартап, эко системийг хөгжүүлэх төслүүдийг  бодлогоор дэмжин, дотоодын хөрөнгө оруулалт 273.5 тэрбум төгрөгт хүрчээ. Басхүү АНУ, БНСУ, Япон улс, Төв Азийн орнууд руу үйлчилгээгээ нэвтрүүлж, салбарын экспортын жилийн дундаж хэмжээ 30-45 сая ам.долларт хүрсэн байна.

Ийнхүү харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дэвшилтэт ирээдүйд тэмүүлсэн хөгжлийн бодлогоор 105 жилийн ойгоо  угтаж байна.

Ч.Номин: Цахим шилжилтийг эрчимжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 105 жилийн ойн хүрээнд салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран Төрийн ордны Их танхимд долдугаар сарын 31-нд  арга хэмжээ зохион байгууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин илтгэл тавьж, салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүдээ танилцуулсан юм. Тэрбээр “Харилцаа холбооны салбар XXI зуунд сансрын технологи, үүлэн технологи гээд олон төрлийн шинэ хөгжлийг авчирсан. Энэ  бол үе үеийн ахмадууд, инженер, техникийн ажилтнууд та бүхний нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн үр дүн юм. Өнөөдөр бид төр, хувийн хэвшлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж,  2.5 их наяд төгрөгийн эргэлтийг Монгол Улсын эдийн засагт оруулж байна. Өмнө нь харилцаа холбооны салбар дан ганц сүлжээ, холбоод тулгуурладаг байсан бол өнөөдөр технологид түшиглэн өргөжин хөгжиж байна. Иймээс эрчим хүч, зам тээврийн салбартай эн тэнцэх стратегийн томоохон салбар болж байгаа юм. Манай салбар зөвхөн харилцаа холбоогоор хязгаарлагдахгүй цахим хөгжил, цахим эдийн засаг, төрийн цахимжилт гээд олон салбарын уялдаа холбоог ханган ажиллах шаардлагатай тулж байна. Үүнд нэгдсэн хөгжлийн бодлого хэрэгтэй. Ингэснээр  Монгол Улсыг хиймэл оюун ухаан, инновацад суурилсан ухаалаг засаглалтай улс болгох суурийг тавина.  Тиймээс ухаалаг засаглалд шилжих бодлого төлөвлөлттэйгээр ажиллаж байна” хэмээн онцлов.

Цаашид тус салбарынхан  цахим шилжилтийг эрчимжүүлж, салбарын бодлого, үйл ажиллагааг иргэн, бизнесийн хэрэгцээнд нийцүүлэх, төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай, чирэгдэлгүй хүргэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Ойн баярын арга хэмжээний үеэр салбарын сайдаар ажиллаж байсан долоо, орлогч сайдаар ажиллаж байсан хоёр эрхэмд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

1965 оны арваннэгдүгээр сарын 30-нд Холбооны яам бие даан байгуулагдсанаар Монгол Улсад харилцаа холбооны салбарын бодлого шинэ шатанд гарах түүхэн эхлэлийг тавьжээ. Ийнхүү мөн оны арванхоёрдугаар сарын 1-нд Д.Готов Холбооны зургаа дахь сайдаар томилогдож байсан түүхтэй.  Д.Готов гуай Холбооны сайдаар 15 жил ажиллах хугацаандаа   БНМАУ-ын харилцаа холбооны салбарт реформын шинж чанартай өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийсэн байна.  Тухайн үеийн БНМАУ-ын харилцаа холбооны салбарын 1960-1990 оны хөгжлийн бодлогыг боловсруулж, тус баримт бичгээ 1967 онд болсон  Холбоочдын улсын зөвлөгөөний үеэр хэлэлцүүлэн батлуулж байсан гавьяатай эрхэм юм.

Ч.Норовжав гуай 1976 оноос Холбооны яамны орлогч сайдаар, 1979-1989 онд Холбооны долоо дахь сайдаар томилогдон ажиллажээ. Ч.Норовжав гуай сайдаар ажиллаж байх хугацаандаа бүх сум, сангийн аж ахуй, хилийн заставыг аймгийн төвтэй агаарын шугамаар холбож, 1982-1984 онд Улаанбаатар хотод Улс хот хоорондын холболтын хагас автомат станцыг байгуулснаар Монголын  цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ, Радио, телевизийн нэвтрүүлгийн сүлжээтэй болсон байна.

Б.Баатар гуайн БНМАУ-ын Холбооны сайдаар томилогдсон үе нь  Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих хүндхэн цаг хугацаатай давхацжээ. 1989-1994 онд салбарын бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, бодлого боловсруулах, үйлчилгээний чиг үүргийг ангилж,  орчин үеийн тогтолцооны үндсийг тавьсан гавьяа түүнд авторлогдож байгаа юм.

Д.Төгсөө гуай 1987-1991 онд Холбооны орлогч сайдаар ажиллахдаа олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, шилэн кабелийн сүлжээ зэрэг тоон технологийг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, үндэсний инженер, техникийн ажилтнуудыг бэлдэх ажлыг санаачлан хэрэгжүүлж, Монголын харилцаа холбооны салбарыг орчин үеийн дэвшилтэт технологид шилжүүлэх шинэчлэлд үнэтэй хувь нэмрээ оруулжээ.

Холбооны орлогч сайд Д.Занаа сансрын холбоо, радио релейн, телевизийн нэвтрүүлгийн сүлжээ болоод тоон холбооны хөгжлийг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, холбооны технологийг эх орондоо амжилттай нутагшуулан, мэдээлэл харилцаа холбооны хүртээмжийг шинэ түвшинд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулсан байна.

2000-2004 онд ажиллаж байсан Дэд бүтцийн сайд Б.Жигжид  Холбоо мэдээллийн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлж, 21 аймгийг холбосон холбоо мэдээллийн хурдны сүлжээг бий болгож, орон нутгийн телевиз, ФМ радиогийн олон суваг, үүрэн холбооны сүлжээ барьж байгуулах ажлыг зохион байгуулжээ. “Мянганы зам”, Эрчим хүчний нэгдсэн систем, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, удирдаж хэрэгжүүлсэн байна.

Ийнхүү Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан салбарын үе үеийн сайд, орлогч сайд нарт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хүндэтгэл үзүүллээ. Тэдний ажиллаж байсан үе, хийж хэрэгжүүлсэн ажлыг нь тус бүрд нь ном болгон хэвлүүлсэн байна. Дээрх номыг ахмад зүтгэлтнүүдэд дурсгал болгон өглөө.

Цаашлаад Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал цахим шилжилтийн эрх зүйн суурийг боловсруулж, тоон гарын үсгийг үндэсний хэрэглээнд нэвтрүүлж,  төрийн үйлчилгээ, бизнесийн орчныг цахимжуулж, “Цахим үндэстэн” бодлогыг хэрэгжүүлэн, харилцаа холбооны дэд бүтцийг шинэ шатанд хүргэж ажилласан байна.

Холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байсан Д.Занаа гуай "Манай холбоо тухайн үеийн “Үнэн” сониныг өглөө бүр аймагт, аймгаас суманд, сумаас багт хүргэж өгнө. Сонин хэрэглэгчдэдээ 2-3 хонож очдог байсан. Ингээд манай яам багийн шууданг ажиллууллаа. Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд автомашинтай явахад нь “Үнэн”, “Хөдөлмөр” сониныг дайж, богино хугацаанд хүргэж өгөх арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Тэр үед Улаанбаатар хотод л зөвхөн зурагт гардаг. Хөдөө орон нутаг, сум суурин газар үндэсний телевиз байхгүй, шилжилтийн үед ажиллаж байлаа. Ингээд бид бодлого, зорилтоо хэрэгжүүлж, сансрын холбооны орбит станцыг ажиллуулан, үндэсний телевизийг айл өрх, баг сумдад гаргадаг боллоо. Сансрын хиймэл дагуултай холбоо барьж, дэлхийн бүх улстай автоматаар ярьдаг болгосон. Олон улсын экспресс шууданг бий болголоо. Ард иргэдээ соён гэгээрүүлэх зорилтоо бид хэрэгжүүлсэн" хэмээн дурсан ярьсан юм.

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийг   Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн зарлигаар Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, “Монголын цахилгаан холбоо” үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан  нийгэм, эдийн засгийн хөгжил, төрийн үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хангах, харилцаа холбооны техник, технологийн үйлчилгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж “Монголын цахилгаан холбоо” компанийг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Баярсайхан “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Сайнжаргал болон хамт олны төлөөлөлд   гардуулж өгсөн юм.

“Монголын цахилгаан холбоо” нь 1921 онд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо нэрээр байгуулагдаж байсан 100 жилийн түүхтэй Монгол Улсын харилцаа холбооны ууган салбар компани билээ. 1992 онд “Монголын харилцаа холбоо компани”, 1995 онд “Монголын цахилгаан холбоо” ХК болон байгуулагдсан түүхтэй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт улс хороондын болоод цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, Улаанбаатар хотоос есөн дүүрэг, 21 аймаг, 290 гаруй сум, сууринд үйлчилгээгээ хүргэж ажилладаг юм. Энэ үеэр “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн захирал Т.Сайнжаргалын сэтгэгдлийг сонслоо.

Т.Сайнжаргал: “Үндэс” хөтөлбөр боловсруулж, алслагдсан сумдыг гуравласан үйлчилгээгээр холбоод байна

-“Монголын цахилгаан холбоо” компани 105 жилийн түүхтэй, Ардын хувьсгалтай нас сацуу байгууллага. 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор  “Монголын цахилгаан холбоо” компани “Алтан гадас” одон хүртэж байсан. 45 жилийн дараа  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан нь өнгөрсөн хугацаанд үе үеийн холбоочдын сэтгэл зүтгэл, Монгол Улсын нийгэм, эдийн засагт гүйцэтгэсэн үүргийг үнэлж байна.

Манай компани 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт 200 гаруй ажилтантайгаар үүргээ гүйцэтгэж байна. Цаг, минут тутам технологийн аюулгүй байдал, хэвийн найдвартай ажиллагаагаар хангаж ажиллаж байгаа инженер техникийн ажилчдадаа энэ ташрамд баярласнаа илэрхийлье. Харилцаа холбооны салбар шударга өрсөлддөг, эрүүл бизнес. Бид бусад оператор компанитай өрсөлдөн ажиллаж байна. Миний бие ажлаа хүлээж аваад “Үндэс” хөтөлбөр боловсруулж, богино болон дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөө, судалгаа, шинжилгээний ажил хийж байна. WIFI технологид тулгуурласан гурван үйлчилгээнд  алслагдсан аймгийн 93 сумын таван мянган хэрэглэгчийг холбоод байна хэмээв. 

Ш.Дивраа: Шуудан харилцаа бол гараас гарт хүргэж өгдөг хамгийн дотно үйлчилгээ байлаа

Салбарын түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол шуудан” ХК-ийн ахмад настан Ш.Дивраа, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн тоног төхөөрөмжийн инженер Ц.Түмэнжаргал нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, нэр бүхий эрхмүүд төрийн дээд одон, медаль, салбарын шагналаар шагнуулав. Шуудангийн салбарт нэгэн насны амьдралаа зориулсан, “Монгол шуудан” ХК-ийн ахмад ажилтан Ш.Дивраа гуайн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр  “Өнөөдөр төрийн дээд одон медаль хүртсэндээ баяртай байна. Анх 1960-аад оны эхээр Ховд аймгийн Холбооны газраас ажлын гараагаа эхэлж, 36 жил ажиллажээ. Ийнхүү миний хувьд улсад нийтдээ хагас зуун жил ажиллалаа. Надад ажиллах нөхцөл бололцоог олгосон аав ээж, хань ижил, үр хүүхдүүддээ талархаж байна. Үе үеийн холбооны байгууллагын удирдлагууд, хамт олондоо талархал илэрхийлье.

Тухайн үед шуудангийн байгууллага их түгээмэл байлаа. Өдөрт 100-гаад албан байгууллагаас  шуудан илгээмж, бичиг баримт, захидал  ирсэн бол тэр бүгдэд хүргэж өгнө. Гараас гарт хүргэж өгдөг хамгийн дотно үйлчилгээ байлаа” хэмээн сэтгэл өндөр ярьж байв.

Б.Мягмарнаран: Иргэн төвтэй төрийн үйлчилгээг хүргэж ажиллахаар зорьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнарангаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Мэдээллийн технологийн салбар ирэх жилүүдэд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид Монгол Улсын 330 сум, 1650 багт харилцаа, холбооны сүлжээг 97 хувийн хүртээмжтэй орууллаа. Мэдээллийн технологийн хөгжлийн хувьд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилгоор  E-Mongolia.mn системийг нэвтрүүлээд байна. Өнөөдөр E-Mongolia.mn насанд хүрсэн хүн амын 80 хувь нь ашигладаг 2.2 сая хэрэглэгчтэй платформ болон хөгжсөн байна. Өнгөрсөн хугацаанд иргэд маань 120 гаруй сая төрийн үйлчилгээг цахимаар авсан ололт амжилттайгаар ойгоо угтаж байна. Бид цаашдаа үйлчилгээг илүү хялбар, түргэн шуурхай болгох зорилгоор их өгөгдөлд суурилсан хиймэл оюунаар хүрч үйлчлэхийг зорьж байна. “Иргэн төв”-тэй төрийн үйлчилгээг хүргэхээр 5G үйлчилгээг Монгол Улсын бүх суманд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

-Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж байгаа “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэн  төрийн үйлчилгээг заавал төрийн байгууллагад очиж авах бус хувийн хэвшлийн платформ, системийн тусламжтайгаар авах боломжийг бүрдүүлж байна. Жишээлбэл, Та “CU”-гийн аппликйшейн ашиглаж байгаа бол тэндээс шаардлагатай E-Mongolia-гийн лавлагаа авах боломжийг бүрдүүллээ. Үүнийг цаашдаа илүү өргөжүүлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, нэг шатлалт үйлчилгээнүүдийг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Цахим эдийн засгийг хөгжүүлэх эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Өмнө нь цахим технологи аль нэг салбарын дэмжих хэсэг байсан. Харин одоо тухайн салбарын ололт амжилт мэдээллийн технологитой салшгүй холбоотой болжээ. Бид үүнд чиглэсэн төлөвлөлт гаргаж ажиллаж байна. Мөн дижитал эдийн засгийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллана.

-Харилцаа холбооны сүлжээ хүрээгүй хэчнээн баг, сум байгаа бол?

-Монгол Улсын хэмжээнд Хөвсгөл аймгийн Хатгал сум  шилэн кабельд холбогдоогүй. 1650 баг байдгаас 104 харилцаа холбооны сүлжээ хүрээгүй байгаа. Бид 2028 он гэхэд бүх багийг харилцаа холбооны сүлжээгээр хангана. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртох юм.

-E-Mongolia.mn-ээр үйлчлүүлснээр төрийн хэмнэлт хэрхэн биеллээ олж байна вэ?

-E-Mongolia.mn-ээр иргэд идэвхтэй үйлчлүүлж байна. Өдөртөө 100-150 мянган иргэн төрийн үйлчилгээг авдаг. Сардаа 500-800 мянган иргэн төрийн үйлчилгээ авдаг. Нэг иргэн 2-3 төрийн үйлчилгээ авдаг гэсэн статистик тоо бий. Сардаа хоёр сая орчим иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авч байна.

Иргэн уламжлалт хэлбэрээр буюу биеэр очиж  төрийн үйлчилгээ авснаар хамгийн багадаа хоёр цаас зарцуулдаг байна. Зарим зөвшөөрөл, материал маш олон хуудас цаастай байдаг. Хэрвээ тэр цаасыг давхарлаад тавибал 2.5 метр өндөр цамхгийн хэмжээний бичгийн цаастай тэнцэнэ. Энэ хэмжээний бичгийн цаас хэмнэж байна гэсэн судалгааг  E-Mongolia-гийнхан гаргасан байна. Үүний цаана иргэнээс гарч болох цаг хугацаа, үйлчилгээ авахтай холбоотой шууд бус зардал их гарна. Цахимаар үйлчлүүлснээр энэ бүх цаг хугацаа, шууд бус зардлыг хэмнэж байгаа юм.

 Иргэд цахим ур чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай болсон

Энэхүү арга хэмжээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үе үеийн ахмадууд, нийт ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцлоо. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын удирдлагууд ийн ярьж байна.

Ж.Золзаяа: Цахим эдийн засгийг солонгоруулахад бид гүүр болон ажиллаж байна

 /Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал/

-Мэдээллийн технологи орчин цагийн хурдтай хөгжиж байгаа салбарын нэг. Бид шуудан, харилцаа холбоо, кибер аюулгүй байдал, ногоон дата төв, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулиараа дамжуулан салбараа хөгжүүлэх шаардлагатай. Олон улстай хиймэл оюун хөгжүүлэлт, блокчэйн гэх зэргээр хөл нийлүүлэн алхах цаг үе ирсэн байна. Цаашид мэдээллийн технологийн компаниудаа олон улсад гаргаж, цахим эдийн засгийг солонгоруулахад бид хувь нэмрээ оруулаад явж байна. Сүүлийн гурван жил гаднын 30 гаруй улс оронтой хамтран ажиллаж, дотоодын компаниудыг холбож, экспорт хийж чадлаа.

Мэдээллийн технологийн үндэсний парк инкубатор бойжуулаад зах зээлд 180 гаруй бизнесүүдийг гаргасан.  Иргэд цахим ур чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Бид иргэдийн цахим ур чадварын мэдлэгийг дээшлүүлэх, бизнесүүдээ хөгжүүлэхэд нь гүүр болж ажиллан, илүү хурдтай хөгжих ажлыг хариуцан хийж байгаа хамт олноороо, салбарын залуусаараа  бахархаж байна. 

Шинжлэх ухааны анхны төв байгуулагдсаны 55, Мэдээлэл технологийн үндэсний парк байгуулагдсаны 25 жилийн ой ирэх жил болно. Энэ ойгоо угтаад бид томоохон ажлуудыг төлөвлөөд явж байна.

Г.Тэлмэн: Орчин үеийн шуудан, цахим худалдааны логистикийн шийдэл олохоор ажиллаж байна

 

/“Монгол шуудан” ХК-ийн захирал/

-Орчин цагийн шуудан бичиг, цахилгаан мэдээний хороог анх 1921 оны долдугаар сард Ардын засгийн зургадугаар хурлаар байгуулсан байдаг. Харилцаа холбоог шуудангүйгээр төсөөлөх аргагүй. XXI зуунд уламжлалт харилцаа холбоог орчин үеийн интернэт технологи орлож байна. Энэ цаг үед “Монгол шуудан” компани өөрсдийн оролцоогоо дахин шинээр тодорхойлж байгаа торгон мөч юм. Шуудангийн зах зээл агшаагүй. Харин уламжлалт бичиг захидлаас орчин үеийн цахим худалдаа, төр, иргэд хоорондын биет солилцоо, байгууллага, иргэд хоорондын биет солилцоо улам бүр өсөж байна. Энэ нь өөрөө мэдээллийн технологид суурилсан логистикийн шинэ төрлийн салбар болон хөгжиж байна.

Манай “Монгол шуудан” компани ухаалаг шуудан хайрцгийг улс орон даяар 200 байршилд тавилаа. Он дуустал 500 байршилд тавина. Орчин үеийн шуудан, цахим худалдааны логистикийн шийдэл олохоор ажиллаж байна.

П.Цэрэнням: Шуудангийн технологи  цахим худалдаа, интернэт хосолсон, тээвэр логистикт түшиглэж хөгжинө 

/ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга/

-Монголчууд хөгжлийн түүхэндээ анхны шуудан өртөөний албыг бий болгож технологийн дэвшлийг хийсэн бол өнөөдөр харилцаа холбооны салбар 5G технологи, хиймэл оюун ухаан гээд дэлхий нийттэй хөл холбон явж байна. Энэ бол бидний бахархан ярих хөгжлийн нэг хэсэг.

Шуудангийн салбарт уламжлалт бичиг, захидлын үйлчилгээ гэдэг ойлголт хоцрогдсон. Шуудангийн технологи, үйл ажиллагаа өнөөдөр цахим худалдаа, интернэт хосолсон, тээвэр логистикт түшиглэн хөгжих юм. Бид бусад улс орны шуудангийн хөгжлийн чиг хандлагатай хамтдаа оршин хөгжиж байна.

Н.Энхбат

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №029/24704/

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.