Л.Бумандорж: Энгийн нэгэн навч, цэцэг хүртэл уран бүтээлийн шинэ санаа төрүүлэх эхлэл болдог
Лхагваагийн БУМАНДОРЖ зураачтай уулзаж ярилцлаа. Түүний намтар уран бүтээл, алдар нэр, эрхэлсэн ажил, эмхэлсэн үйлсийг компьютерийн файл шиг жагсаан бичихээс илүү түүний шинээр дэлгэх ээлжит уран бүтээлийн үзэсгэлэнгийнх нь талаар ярилцсан юм.
Лхагваагийн Бумандорж зураачтай уулзаж ярилцлаа. Түүний намтар уран бүтээл, алдар нэр, эрхэлсэн ажил, эмхэлсэн үйлсийг компьютерийн файл шиг жагсаан бичихээс илүү түүний шинээр дэлгэх ээлжит уран бүтээлийн үзэсгэлэнгийнх нь талаар ярилцсан юм.
-Юуны өмнө та уншигчдадаа өөрийгөө танилцуулаад, уран бүтээлчийн намтраа товчхон өгүүлбэл зохистой санагдлаа. Учир нь манай уншигчид дотор өөрийг тань мэдэхгүй хүн байж болно шүү дээ?
-Уран бүтээлч болох зам 1974 онд Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэснээр эхэлсэн гэж боддог. 1987 онд Герман улсын Лайпциг хотын Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд 1987-1990 онд Холбооны яамны харьяа Маркны товчоонд ахлах зураач, "Монгол марк" компанид тэргүүн дэд захирал ажиллаж байлаа. Ингээд 1990 оноос Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш, 2003 оноос Дүрслэх урлагийн дээд сургуулийн захирлаар ажиллаж байлаа. Товчхон өгүүлбэл миний уран бүтээлчийн намтар ийм. Би тосон будгийн зураг тэр дундаа гэр хороолол, байгаль, хөрөг, болон хийсвэр төрлөөр, мөн зураасан зургийн бүтээлээ туурвидаг. Мөн модон бар, чулуун бар, төмөр бар зэргээр графикийн мэргэжлээр ажиллаж байна. Үүний хажуугаар марк, номын чимэглэл, фото арт, шаазангийн урлал зэрэг олон төрлөөр өөрийгөө хөгжүүлж иржээ. 1974 оноос МУЭ-ийн хорооноос зохион байгуулдаг үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, эх орондоо болон олон улсад зарлагддаг нэр хүндтэй үзэсгэлэнгүүдэд оролцож, хамтарсан болон бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байна.
-Үзэсгэлэн гэснээс таны одоо дэлгэн үзүүлэх гэж байгаа уран бүтээлийн үзэсгэлэн байгальтай нягт холбоотой гэж ойлгогдож байгаа. Хэзээнээс байгальтай холбогдож тэндээс онгод урам авдаг болов?
-Би 2013 оноос хойш байгальд аялж, дурлаж явахыг хүсэх болсон юм. Гэр бүлийнхэнтэйгээ аялж, аяллынхаа явцад ургамал, цэцэг, навч зэрэг байгалийн олон төрлийн дүрслэл, хэлбэр, өнгө зохицол, улирал солигдох явцын өнгө хэлбэрээс уран бүтээлийнхээ санаа, зохиомжийг олж ирсэн. Уран бүтээлийнхээ зохиомжийг олох тэдгээр ажиглалт, сэтгэгдлүүд маань аажмаар цуврал бүтээл болон хөгжсөн юм.
-Ургамал, байгалийн зохиомжийг уран бүтээлдээ оруулж туурвин, дагнасан үзэсгэлэн гаргах санаа хэзээ төрж эхэлсэн юм бэ. Энэ төрлөөр урд нь үзэсгэлэн гаргаж байсан байх?
-Байгалийн ургамлуудын зохиомжийг уран бүтээлдээ түлхүү оруулж, энэ чиглэлээр үзэсгэлэн гаргах санаа маань БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт үзэсгэлэн гаргах боломж олдсоноор эхэлсэн. Тус дүүрэгт олон галерей үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрээс цөөн хэдэн нэр хүндтэй галерейн нэг болох Чаннам галерейн захирал миний уран бүтээлтэй танилцаж, үзэсгэлэн гаргах санал анх тавьсан юм. Маш үнэ цэнтэй санал байсан хэрэг шүү дээ. Түүний тавьсан санал надад энэхүү цуврал бүтээлүүдээ туурвиж, үзэсгэлэн болгон хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон учраас.
-“БУМАРТ” үзэсгэлэнгийн онцлог нь юу байна гэж та харж байна?
-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь миний өнгөрсөн үеийн бүтээлүүд болон сүүлийн үед шинээр туурвисан бүтээлүүдийг зэрэгцүүлэн дэлгэж, харьцуулан үзэх боломжийг үзэгчдэд олгож байгаад оршино. Ингэснээр уран бүтээлийн хэл, арга барил, сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж ирснийг бүтээлүүдээр дамжуулан харах боломжтой.
-Үзэсгэлэнд нийт хэдэн уран бүтээл дэлгэгдэх вэ. Та эдгээр уран бүтээлээрээ юу харуулахыг зорьж байгаа вэ?
-Үзэсгэлэнд шинээр бүтээсэн абстракт уран зургууд, байгалийн ургамал, цэцэг навч, мод чулуугаар ланд арт бүтээлээ хийж тэнд нь үлдээж фотоарт чиглэлээр бүтээлдээ үлдээсэн 30 орчим уран зураг, мөн Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй 20 орчим бүтээл дэлгэгдэнэ. Ойролцоогоор 50 гаруй уран бүтээлээр дамжуулан өнгөрсөн ба өнөө үеийн эрэл хайгуул, байгальтай холбогдох сэтгэлгээний өөрчлөлтийг харуулахыг зорьж байна. Бүтээлүүддээ байгалийн цэцэг, навч, ургамлын дүрслэлийг абстракт хэлбэр, өнгө, зохиомжтой хослуулан өөрийн мэдрэмж, төсөөллөөр илэрхийлсэн. Байгальд аялах явцдаа олж харсан энгийн нэгэн навч, цэцэг хүртэл уран бүтээлийн шинэ санаа төрүүлэх эхлэл болдог.
-Үзэгчид таны уран бүтээлээс юу авч болох вэ?
-Үзэгчид эдгээр бүтээлийг зөвхөн байгалийн дүрслэл гэхээс илүүтэйгээр байгальтай харилцаж, түүнийг өөрийн дотоод мэдрэмжээр дамжуулан илэрхийлсэн уран бүтээлийн эрэл хайгуул гэж ойлгож болно. Монголчууд бидний нүүдэлчин ахуй байгаль, эх дэлхийтэйгээ холбогдох өвөрмөц соёлыг бий болгосон байдаг. Монголчууд байгаль эх дэлхийгээ харах, хүртэх, үнэрлэх, сонсох мэдрэхүйгээс гадна дотоод зөн совингоор холбогдон, сэтгэл зүрхээрээ тэмтэрч, уусан нэгдэх чадвартай. Үзэгчид энэ удаагийн үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна орчин үеийн өвөрмөц дүрслэлтэй холбосон бүтээлээр байгаль дэлхийтэйгээ холбогдож мэдрэх, мэдрэмжээ хөглөх газар байж болох юм шүү дээ.
-Үзэгчдийн мэдрэмжээ хөглөх газар болох үзэсгэлэн маань хэзээ хаана нээгдэх вэ?
-“БУМАРТ” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд есдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн нээлт есдүгээр сарын 22-ны өдөр 13:00 цагт болно. Үзэгч та бүхнийг болон уран бүтээлч найз нөхөд, урлаг сонирхогчдоо хүрэлцэн ирж, миний өнгөрсөн болон сүүлийн үеийн уран бүтээлүүдтэй танилцан, уран бүтээлийн өөрчлөлт, хөгжлийн явцыг бүтээлүүдээр минь дамжуулан мэдрэхийг урьж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Баттөмөр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №035/24710/