33 настайдаа дайны технологийн эзэнт гүрэн босгосон ПАЛМЕР ЛАКИ
33 настай Палмер Лакиг өнөөдөр Америкийн батлан хамгаалахын технологийн салбарт хамгийн их анхаарал татаж буй бизнес эрхлэгчдийн нэг гэж нэрлэхэд хэтрүүлэг болохгүй.
33 настай Палмер Лакиг өнөөдөр Америкийн батлан хамгаалахын технологийн салбарт хамгийн их анхаарал татаж буй бизнес эрхлэгчдийн нэг гэж нэрлэхэд хэтрүүлэг болохгүй. Түүний үүсгэн байгуулалцсан Anduril Industries 2026 онд 61 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээнд хүрч, хиймэл оюун ухаан, автономит нисэх төхөөрөмж, дрон, хяналтын систем, нисгэгчгүй байлдааны технологи хөгжүүлдэг томоохон хувийн компани болжээ. Гэхдээ Лаки зэвсэг, батлан хамгаалахын технологиор анх танигдсан хүн биш. Арваадхан жилийн өмнө тэр хүмүүсийг виртуал ертөнцөд оруулах төхөөрөмж бүтээж байлаа.1992 онд АНУ-ын Калифорнийн Лонг-Бич хотод төрсөн Палмер Лаки багаасаа электроник, компьютерийн төхөөрөмж сонирхдог хүүхэд байв. Гэрээр боловсрол эзэмшсэн тэрээр өсвөр насандаа компьютер, тоглоомын төхөөрөмжүүдийг задалж, өөрчлөн угсдаг болжээ. Түүний сонирхлыг хамгийн их татсан зүйл нь тухайн үед арилжааны хувьд төдийлөн амжилт олоогүй байсан виртуал бодит байдлын технологи байв. VR төхөөрөмжүүд үнэтэй, хүнд, дүрсний чанар муутай байсан үе. Харин Лаки виртуал бодит байдлын санаа буруу биш, харин тухайн үеийн төхөөрөмжүүд хангалттай сайн биш байна гэж үзжээ. Ингээд тэр эцэг эхийнхээ гараашид өөрийн VR төхөөрөмжийн загваруудыг угсарч эхэлсэн байна.
Хуучин төхөөрөмжүүд худалдаж авч задлах, эд ангийг нь сольж турших замаар хийсэн прототип нь удалгүй тоглоомын салбарын нэртэй программист Жон Кармакийн анхаарлыг татав. Кармак түүний төхөөрөмжийг туршиж, 2012 оны E3 үзэсгэлэн дээр танилцуулснаар Лаки технологийн салбарынхны анхааралд оржээ. Тэр үед Лаки дөнгөж 19 настай байлаа.Удалгүй Oculus VR компанийг байгуулж, Oculus Rift төхөөрөмжөө үйлдвэрлэх хөрөнгийг Kickstarter-ээр босгохоор шийдэв. Кампанит ажил 2.4 сая гаруй ам.долларын санхүүжилт татсан нь тухайн үед виртуал бодит байдлын технологийг олон нийтийн хэрэглээнд эргүүлэн авчрах боломж байгааг харуулсан том дохио болсон юм.Харин ердөө хоёр жилийн дараа Лакигийн амьдрал эрс өөрчлөгдөв.2014 онд Марк Цукербергийн Facebook Oculus VR-ийг ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын бэлэн мөнгө болон хувьцааны хэлцлээр худалдан авахаар тохиролцлоо. Oculus байгуулагдаад хоёрхон жил болж байсан бөгөөд Палмер Лаки 21 настай байв.Гараашид төхөөрөмж угсарч байсан залуу хорин хэдхэн насандаа Цахиурын хөндийн хамгийн анхаарал татсан бизнес эрхлэгчдийн нэг болов.Гэвч Facebook дэх түүний замнал удаан үргэлжилсэнгүй.
2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Лакигийн улс төрийн хандивтай холбоотой маргаан дэгдэж, түүний нэр технологийн бус улс төрийн шалтгаанаар хэвлэлүүдэд гарах болов. Дараа жил нь тэр Facebook-ээс явсан. Түүний компаниас гарсан нөхцөл байдлын талаар янз бүрийн тайлбар гарсан бөгөөд Facebook улс төрийн үзэл бодлоос нь шалтгаалан халсан гэх цуурхалыг няцааж байсан юм. 24 настай Лакигийн хувьд энэ нь карьерын төгсгөл болсонгүй.Харин бизнесийн амьдралынх нь хоёр дахь үе эхэлжээ. 2017 онд тэр технологийн салбарын хэд хэдэн бизнес эрхлэгчтэй хамтран Anduril Industries-ийг байгуулсан байна. Энэ удаа тэд хэрэглээний электроник биш, батлан хамгаалахын технологийн зах зээлийг сонгожээ. Anduril-ийн гол санаа нь Америкийн уламжлалт батлан хамгаалахын үйлдвэрлэлийн загварыг технологийн стартапын хурдтай хослуулах явдал байлаа.АНУ-ын батлан хамгаалахын томоохон төслүүд уламжлалт байдлаар төрөөс шаардлагуудаа тодорхойлж, тендер зарлан, улмаар компаниуд олон жилийн хугацаанд бүтээгдэхүүн боловсруулдаг тогтолцоотой. Anduril үүний эсрэгээр технологийн компаниудын арга барилыг ашиглахыг зорьсон. Өөрөөр хэлбэл эхлээд өөрсдийн хөрөнгөөр бүтээгдэхүүн, программ хангамжаа хөгжүүлээд, дараа нь бэлэн шийдлийг Пентагон болон бусад захиалагчдад санал болгох загвар юм. Компанийн технологийн гол цөмийн нэг нь Lattice хэмээх хиймэл оюун ухаанд суурилсан программын платформ. Камер, радар, мэдрэгч, дрон болон бусад төхөөрөмжөөс ирэх мэдээллийг нэгтгэн боловсруулж, автономит системүүдийг нэг сүлжээнд ажиллуулахад зориулагдсан. Anduril үүгээр зогссонгүй.
Тус компани нисгэгчгүй нисэх төхөөрөмж, дроны эсрэг систем, автономит усан доорх төхөөрөмж, хяналтын цамхаг, цэргийн зориулалттай программ хангамж зэрэг олон чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэв. АНУ-ын Батлан хамгаалах яам болон бусад холбооны байгууллагатай томоохон гэрээнүүд байгуулж эхэлснээр Anduril жирийн стартапаас батлан хамгаалахын том тоглогч болох замдаа оржээ.Лакигийн бизнесийн гол бооцоо ч энд харагдана. XX зууны дайны технологийн гол дүр нь танк, сөнөөгч онгоц, нисэх онгоц тээгч байсан бол XXI зуунд программ хангамж, хиймэл оюун ухаан, хямд өртөгтэй автономит төхөөрөмжүүдийн ач холбогдол эрс нэмэгдэнэ гэж тэр үздэг. Сүүлийн жилүүдийн дайн, мөргөлдөөн энэ таамгийг улам хүчтэй болгож байна.Украины дайн дроныг орчин үеийн байлдааны ажиллагааны салшгүй хэсэг болгож, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнүүд нисгэгчгүй төхөөрөмж болон тэдгээрээс хамгаалах системийн ач холбогдлыг дахин харуулав. Үүнтэй зэрэгцэн АНУ, БНХАУ-ын стратегийн өрсөлдөөн хиймэл оюун ухаан, автономит системийг зөвхөн бизнесийн бус үндэсний аюулгүй байдлын асуудал болгож байна.Ийм орчинд Anduril-ийн үнэлгээ хурдацтай өсжээ.2025 онд компани 30.5 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр хөрөнгө босгож байсан бол 2026 оны тавдугаар сард таван тэрбум ам.долларын шинэ санхүүжилт татаж, үнэлгээ нь 61 тэрбум ам.долларт хүрсэн байна.Нэг хүрэхгүй жилийн дотор үнэлгээ нь хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг.Гэхдээ Anduril-ийн өсөлтийг зөвхөн Палмер Лакигийн бизнесийн авьяасаар тайлбарлах нь өрөөсгөл. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, АНУ болон Европ батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчид “defense tech” буюу батлан хамгаалахын технологийг шинэ өсөлтийн салбар гэж харах болсон нь компанийн өсөлтөд томоохон түлхэц өгч байна.Мөн энэ бизнес ихээхэн маргаантай байдаг.
Хиймэл оюун ухаанд суурилсан зэвсэг, автономит системүүд хүний оролцоогүйгээр ямар түвшинд шийдвэр гаргах ёстой вэ, технологийн компаниуд дайны ажиллагаанд ямар үүрэгтэй байх вэ гэсэн ёс зүйн болон эрх зүйн асуудал дэлхий даяар яригдаж байна. Лаки энэ асуудалд байр сууриа нуудаггүй.Тэрээр Америкийн технологийн компаниуд үндэсний батлан хамгаалах салбарт идэвхтэй оролцох ёстой гэж үздэг. Энэ байр суурь нь нэгэн үе батлан хамгаалахын гэрээнээс зай барих хандлагатай байсан Цахиурын хөндийн соёлоос ялгардаг.Түүний түүхийг сонирхолтой болгож буй зүйл ч энэ.Палмер Лаки бизнесийн карьертаа технологийн хоёр өөр давалгаан дээр бооцоо тавьсан.Эхнийх нь виртуал бодит байдал.Хоёр дахь нь хиймэл оюун ухаанд суурилсан батлан хамгаалахын технологи.Эхний бооцоо нь Oculus-ийг бий болгож, 21 настайдаа байгуулсан компаниа Facebook-д хоёр тэрбум орчим ам.долларын хэлцлээр худалдахад хүргэсэн.Харин хоёр дахь бооцоо нь түүнээс хавьгүй том зах зээл рүү Лакиг аваачиж байна.Өнөөдөр Anduril 61 тэрбум ам.долларын үнэлгээтэй.
Тус компани АНУ-ын уламжлалт батлан хамгаалахын аваргуудыг шууд орлох хэмжээнд хараахан хүрээгүй ч программ хангамж, хиймэл оюун ухаан, автономит системийг цэргийн үйлдвэрлэлийн төвд авчрах шинэ үеийн компаниудын нэг болж чаджээ.Палмер Лаки өдгөө 33 настай.Ихэнх бизнес эрхлэгч энэ насандаа анхны том компаниа босгох гэж оролдож байдаг бол Лаки нэг компаниа хэдийнэ тэрбум ам.долларын хэлцлээр зарж, дараагийн компаниа хэдэн арван тэрбум ам.долларын үнэлгээнд хүргээд байна.Гэхдээ түүний түүхийг хөрөнгийн хэмжээгээр дүгнэхээс илүү нэг өөрчлөлтөөр харах нь сонирхолтой.Өсвөр насандаа тэр хүнийг бодит ертөнцөөс виртуал ертөнц рүү оруулах төхөөрөмж бүтээхийг хүсэж байлаа.Харин өнөөдөр виртуал ертөнцөд хөгжсөн программ хангамж, хиймэл оюун ухаан, автономит технологийг бодит ертөнцийн хамгийн хатуу салбар болох батлан хамгаалахад нэвтрүүлэхийг зорьж байна.Энэ утгаараа Палмер Лаки бол зүгээр нэг залуу тэрбумтан биш.Тэр бол Цахиурын хөндийн технологийн хувьсгал батлан хамгаалахын салбарт шилжин орж буй шинэ үеийн төлөөлөл юм.33 настай Палмер Лакигийн босгож буй “дайны технологийн эзэнт гүрэн” хэр том болохыг өнөөдөр эцэслэн хэлэхэд эрт. Харин нэгэнт 61 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн Anduril-ийн өсөлтөөс харахад түүний хоёр дахь бооцоо дэлхийн технологийн салбарын анхаарлыг хэдийнэ татжээ.
М.СОНОР
"Монголын үнэн" сонин