МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей хоёр...

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей хоёр жилд юу хийв?

2023 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хавьер Милей Аргентины Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө иргэддээ сайхан амлалт бус, гашуун атлаа үнэнийг хэлсэн юм.

Үнэн
Админ

2023 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хавьер Милей Аргентины Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө иргэддээ сайхан амлалт бус, гашуун атлаа үнэнийг хэлсэн юм. “Мөнгө байхгүй” хэмээн мэдэгдсэн тэрбээр эдийн засгийг аажмаар бус, огцом арга хэмжээгээр эмчилнэ гэдгээ зарласан. Түүний сонгуулийн кампанит ажлын бэлгэ тэмдэг болсон хөрөө удалгүй төрийн зардлыг танах бодлогын илэрхийлэл болж эхэлсэн билээ.


Милей засгийн эрхийг авах үед Аргентин олон жилийн төсвийн алдагдал, мөнгөний хэт нийлүүлэлт, валютын хяналт, асар өндөр инфляцад нэрвэгдсэн байв. 2023 оны арванхоёрдугаар сард сарын инфляц 25.5 хувьд хүрч, тухайн оны жилийн инфляц 211 хувийг давсан байлаа. Төв банк төсвийн алдагдлыг нөхөхийн тулд мөнгө хэвлэдэг, песогийн албан болон хар захын ханш асар их зөрүүтэй, иргэд хадгаламжаа ам.долларт хөрвүүлэхийг эрмэлздэг тогтолцоо бүрдсэн байв. Шинэ Ерөнхийлөгч хамгийн түрүүнд төрийн зардлыг огцом буурууллаа. Яамдын тоог цөөлж, төрийн байгууллагуудыг нэгтгэн, олон мянган төрийн албан хаагчийг чөлөөлөв. 

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөлд олгодог улсын санхүүжилтийг зогсоож, эрчим хүч, нийтийн тээврийн татаасыг танав. Мужуудад шилжүүлдэг зарим санхүүжилтийг хязгаарлаж, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг инфляцаас доогуур хэмжээнд барьжээ. Үүний үр дүнд олон жил алдагдалтай явсан улсын төсөв ашигтай гарав. Аргентин 2024 онд сүүлийн арав гаруй жилийн түүхэнд анх удаа төсвийн бодит тэнцэлд хүрсэн нь Милейн Засгийн газрын хамгийн том амжилтад тооцогддог. Төсвийн алдагдлыг мөнгө хэвлэж нөхөх явдлыг зогсоосноор инфляцын үндсэн эх үүсвэрийн нэгийг хааж чадсан юм.Инфляц ч мэдэгдэхүйц саарав. Милейг ажлаа авах үед 25.5 хувь байсан сарын инфляц 2025 оны дунд үе гэхэд 2 орчим хувьд хүрч буурсан. Үнэ үргэлжлэн нэмэгдэж байсан ч нэмэгдэх хурд нь эрс саарсан гэсэн үг. Олон жилийн турш үнийн өсөлтийг тогтоож чадаагүй Аргентины хувьд энэ бол бодит өөрчлөлт байлаа. Дэлхийн банк төсвийн тэнцэл болон инфляцын огцом бууралтыг Милейн тогтворжуулах хөтөлбөрийн гол үр дүн гэж үнэлсэн байдаг.


Гэхдээ энэхүү өөрчлөлт тийм ч хялбар аргаар бий болсонгүй. Песогийн ханшийг огцом сулруулж, татаасыг танаснаар хүнс, цахилгаан, хий, тээврийн үнэ өсөв. Барилга, үйлдвэрлэл, худалдаа хумигдаж, олон иргэн ажил, орлогоо алджээ. Милей засгийн эрх авсны дараах эхний хагас жилд ядуурлын түвшин 52.9 хувьд хүрсэн нь түүний “шок эмчилгээ”-ний нийгмийн хамгийн хүнд үр дагавар байв.Харин инфляц саарч, цалин орлого тодорхой хэмжээнд сэргэхийн хэрээр ядуурал буцаж буурлаа. Аргентины албан ёсны статистикаар 2025 оны эхний хагаст хүн амын ядуурлын түвшин 31.6 хувь болсон байна. Өөрөөр хэлбэл, Милейн бодлого эхний үед олон сая хүний амьдралыг дордуулсан ч макро эдийн засаг тогтворжихын хэрээр зарим үзүүлэлт эргэн сайжирч эхэлжээ. Гэхдээ амьжиргаа бүрэн сэргэж, шинэ ажлын байр хангалттай бий болсон гэж хэлэхэд эрт хэвээр байв.Милей эдийн засгийн зохицуулалтыг сулруулах томоохон алхмууд ч хийсэн. Түрээсийн үнийг төрөөс хянадаг журмыг цуцалж, компани байгуулах, бараа бүтээгдэхүүн импортлох, үнэ тогтоохтой холбоотой олон зохицуулалтыг хүчингүй болгов. Төрийн өмчит компаниудыг хувьчлах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг оролдож, хөдөлмөрийн зах зээл болон татварын тогтолцоог шинэчлэх хөтөлбөр дэвшүүлсэн юм.2025 оны дөрөвдүгээр сард олон жил үйлчилсэн валютын хатуу хяналтын ихэнхийг сулруулсан нь дараагийн том өөрчлөлт байлаа. Иргэд ам.доллар худалдан авах боломжтой болж, песог тодорхой хязгаарын дотор чөлөөтэй хэлбэлзүүлэх тогтолцоонд шилжив. Үүнтэй зэрэгцэн Аргентин Олон улсын валютын сантай 20 тэрбум ам.долларын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр  тохиролцжээ. Валютын хяналтыг сулруулснаар албан болон хар захын ханшийн зөрүү багассан ч улс орны гадаад валютын нөөц, өрийн дарамт эмзэг хэвээр үлдсэн юм.Эдийн засаг 2024 онд агшсаны дараа 2025 онд 4.4 хувиар өссөн байна. Хөдөө аж ахуй гангийн дараа сэргэж, газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл нэмэгдэн, Аргентин эрчим хүчний цэвэр экспортлогч болох чиглэлд ахиц гарав. Гэвч эдийн засгийн сэргэлт бүх салбар, бүх өрхөд ижил хүрсэнгүй. Төрийн алба, барилга, жижиглэн худалдаа болон дотоодын зарим үйлдвэр таналтын дарамтад хэвээр үлджээ. Милейн сонгуулийн үеийн хамгийн дуулиантай хоёр амлалт болох эдийн засгийг бүрэн долларжуулах, Төв банкийг татан буулгах зорилт хоёр жилийн хугацаанд хэрэгжсэнгүй. Түүний Засгийн газар песог хадгалж, Төв банкаар дамжуулан валютын ханш, мөнгөний бодлогоо үргэлжлүүлэн удирдсан юм. Өөрөөр хэлбэл, Милей үзэл суртлынхаа хамгийн радикал хэсгийг түр хойш тавьж, төсвийн сахилга бат, инфляцыг бууруулах, валютын хяналтыг үе шаттай сулруулахад төвлөрчээ.

Хавьер Милей хоёр жилийн дотор Аргентины бүх асуудлыг шийдээгүй. Гэхдээ улсын төсвийн алдагдлыг арилгаж, мөнгө хэвлэх явдлыг хязгаарлан, инфляцын хурдыг огцом сааруулж, эдийн засгийг уналтаас өсөлт рүү эргүүлсэн нь бодит үр дүн юм. Үүний нөгөө талд ажлын байрны цомхотгол, орлогын доройтол, тэтгэвэр болон төрийн үйлчилгээний таналт, нийгмийн эсэргүүцэл үлдсэн нь нууц биш.Тиймээс Милейн эхний хоёр жилийг нэг бол “эдийн засгийн гайхамшиг”, эсвэл “нийгмийн сүйрэл” хэмээн туйлшруулан дүгнэхэд учир дутагдалтай. Гэхдээ тэр Аргентины эдийн засгийн чиглэлийг үнэхээр өөрчилсөн. Харин энэ өөрчлөлт тогтвортой өсөлт, шинэ ажлын байр, иргэдийн бодит амьжиргаанд хүрч чадах эсэх нь түүний засаглалын дараагийн үеийн гол шалгуур юм.

  М.ГАЛ

"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.