Г.Тэмүүлэн: Орон нутгийн эдийн засгийн суурийг сайжруулахад чиглэсэн бодит ажил Хангайн бүсэд өрнөж байна
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Хангайн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүний хувиар тантай ярилцаж байна. 126 гишүүнтэй анхны парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орлоо. Эрх баригч намын гишүүний хувьд, хангайн бүсийн иргэдийг төрд төлөөлж буй төлөөллийн хувьд өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгээс бидэнтэй хуваалцана уу?
-2024 оны сонгуулийн үр дүнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу анхны 126 гишүүнтэй парламент байгуулагдсан. Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэг болох хууль тогтоох, төсөв батлах, хяналт тавих ажлын зэрэгцээ Хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэдийн санал, тулгамдсан асуудлыг төрийн бодлого, хууль болон төсвийн шийдвэртэй холбохыг зорьж ажиллалаа.
Миний хувьд төлөөллийн үүргийг зөвхөн чуулганы танхимд хууль хэлэлцэхээр хязгаарлаж ойлгодоггүй. Сум, багт очиж иргэд, малчид, бизнес эрхлэгчид, багш, эмч, төрийн албан хаагчидтай уулзан, асуудлыг газар дээр нь сонсож, ямар түвшинд, ямар шийдвэрээр шийдвэрлэх боломжтойг тодорхойлохыг чухалчилдаг. Тийм ч учраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 73 удаагийн иргэдийн уулзалтыг зохион байгуулж, эргэх холбоотой ажиллан санал, хүсэлтийг нь сонсож ажиллажээ.

Иргэдтэй уулзах явцад өрхийн орлого, жижиг бизнесийн санхүүжилт, ажлын байр, малчдын нийгмийн хамгааллын талаарх асуудал хамгийн ихээр хөндөгддөг. Миний хувьд одоогийн байдлаар хоёр жилийн хугацаанд улс орны болон иргэдийн эрх ашиг хөндөгдсөн асуудлаар хууль эрх зүйн хүрээнд зохицуулалт хийх үүднээс 10 хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан. Хэлэлцүүлж эхлээд байна. Тухайлбал, Бичил бизнесийг дэмжих тухай хууль, Ойн тухай, Байгалийн ургамлын тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Боловсролын ерөнхий хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай болон бусад хуулийн төслүүдийг санаачлан боловсруулаад ажиллаж байна.
Орон нутгийн иргэдийн хувьд хамгийн их хөнддөг, асуудал дэвшүүлдэг сэдэв нь малчдын нийгмийн хамгаалал, бичил бизнесийн санхүүжилт, ой болон байгалийн нөөцийг ахуйн хэрэгцээнд зохистой ашиглах тухай байдаг. Цаашлаад боловсролын байгууллагын удирдлагуудад тулгамддаг асуудлыг ч хуулийн зохицуулалтаар шийдвэрлэхээр ажиллаж байна.
Хууль тогтоох ажлын хувьд өнгөрсөн хоёр жилийн УИХ-аас байгуулагдсан 10 Ажлын хэсгийг ахалж ажилласан байна. Улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээс авахуулаад Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэл, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих зэрэг олон хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж ажилласнаар үр дүнг нь үзсэн буюу УИХ-аар эцэслэн батлуулаад байна.
Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд улсын аюулгүй байдал, гадаад бодлого, олон улсын гэрээ, хэлэлцээртэй холбоотой парламентын ажлыг хариуцан ажиллаж байна. Төсөв, хөрөнгө оруулалтын хувьд, Хангайн бүсийн хөрөнгө оруулалт бусад бүсээс өндөр хувьтай буюу илүү талдаа байгаа. Тухайлбал, 2026 онд Хангайн бүсийн хэмжээнд 312.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан. Үүнийг зөвхөн мөнгөн дүнгээр бус иргэдийн амьдрах орчин, боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, дулаан, инженерийн дэд бүтэц, орон нутгийн эдийн засгийн суурийг сайжруулахад чиглэсэн бодит хөгжлийн хөрөнгө оруулалт гэж харж байгаа. Тухайлбал, орон нутагт ажиллах бүрд иргэдийн тавьж байгаа асуудлууд хоорондоо нягт холбоотой нь харагддаг. Өөрөөр хэлбэл, замгүй бол зах зээлд хүрэх боломж хязгаарлагдана, ажлын байргүй бол залуус орон нутагтаа тогтохгүй шүү дээ. Улмаар сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчин хангалтгүй бол төрийн үйлчилгээний хүртээмж буурна гэх мэтээр орон нутгийн тулгамдсан асуудал дандаа өөр хоорондоо харилцан уялдаатай байдаг учраас цогцоор шийдвэрлэх нь хамгийн чухал байдаг.
Тиймээс Хангайн бүсийн хөгжлийг зам, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих бодлогоор авч үзэхийг зорин ажиллаж байна. Мэдээж энэ зорилтыг ажил хэрэг болгохын тулд Хангайн бүсийнхээ аймгийн удирдлагууд болон УИХ-д хамтдаа сонгогдон ажиллаж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайдын хамтаар зорин ажиллаж байна.
Баянхонгор-Архангайг холбосон авто замын ажил эхэлсэн, ид өрнөж байна

-Хангайн бүсэд өнөөдрийн байдлаар өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар та манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Өнөөдрийн байдлаар Архангай аймагт сургууль, цэцэрлэг, авто зам, гүүр, эрүүл мэнд, соёл, суурьшлын бүсийн дэд бүтцийн төслүүд, Өвөрхангайд сургууль, дотуур байр, спорт заал, авто зам, инженерийн шугам сүлжээ, дулаан хангамжийн ажлууд хэрэгжиж байна. Баянхонгор аймгийн хувьд боловсрол, эрүүл мэнд, авто зам, хөдөө аж ахуй, орон нутгийн үйлдвэрлэл, дэд бүтцийн асуудлыг бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан авч үзэж байна. Дээр дурдсанчлан дэд бүтцийн хүртээмж орон нутгийнханд хамгийн тулгамдсан, том асуудал байдаг учраас үүнд бид нэлээд анхаарч ажиллаж байна. Үүний нэг жишээ нь Баянхонгор-Архангайг холбосон авто замын ажил эхэлсэн, ид өрнөж байна.
Энэ бол цаашдаа бүсийн худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн хувьд өндөр ач холбогдолтой ажил. Ерөөсөө зөвхөн хангайн бүс гэлтгүй хаа газар тавигдаж, тусгагдаж буй улсын төсвийн хөрөнгө оруулалт бол нэг УИХ-ын гишүүний дангаар хийсэн, хийдэг ажил огт биш. Засгийн газар, яамд, орон нутгийн удирдлага, УИХ, иргэдийн санал, оролцооны үр дүнд шийдэгддэг асуудал гэдгийг энд тодотгож хэлэх нь зүйтэй болов уу.
Харин сонгогдсон гишүүний хувьд бүс нутгийнхаа хэрэгцээ, хөгжлийн эрэмбийг бодлого, төсөвт хүргэх, батлагдсан төслийн хэрэгжилт, хугацаа, чанарт хяналт тавих нь миний үүрэг гэж ойлгож ажилладаг. Ер нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааны эхний хагасыг дүгнэхдээ “Хэдэн ажил хийв” гэдгээс илүү эхлүүлсэн ажил нь “Иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ” гэдгийг чухалчлах ёстой юм.
Миний хувьд яг л ийм зарчмыг баримтлан ажиллаж ирсэн. Цаашид эхлүүлсэн хууль, хөрөнгө оруулалтын ажлуудаа бодит үр дүнд хүргэх, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, малчдын эрх ашгийг хамгаалах, бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг шийдэхээс авахуулаад өрхийн орлогыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, зам, дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавихад гол анхаарлаа хандуулна.
-Энэ парламентын үйл ажиллагаа эхэлсэн цагаас орон нутгийнханд хэрэгтэй, амьдралд нь дэм болохуйц цөөнгүй ажлыг эхлүүлжээ. Тэгвэл УИХ иргэдийн тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхүйц ямар ямар хуулийг эцэслэн батлав. Энэ тухайд та тойм мэдээлэл өгнө үү?
-Хангайн бүсийн ард иргэдэд шууд хамааралтай нь Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль. Энэ хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 23-нд эцэслэн баталсан. Миний хувьд уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг ахлан ажилласан. Энэ хуулиар Хархорум хотыг зөвхөн шинэ хот байгуулах хэмжээнд бус бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх эрх зүйн үндсийг тавьсан гэдгийг онцлох хэлэх нь зүйтэй.
Энэ бол Архангай, Өвөрхангай төдийгүй Хангайн бүсийн зам, үйлчилгээ, аялал жуулчлал, ажлын байр, бизнесийн урсгалд урт хугацаанд нөлөөлөх чухал бодлого юм. Мэдээж орон нутагт хууль бодитоор мэдрэгдэх нэг гол суваг нь улсын төсөв. 2025 оны болон 2026 оны улсын төсвийн тухай хуулиудыг УИХ эцэслэн баталсан. 2025 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг миний бие мөн ахалж ажилласан.
Манай нэгтгэсэн 2026 оны төсвийн мэдээллээр Хангайн бүсэд 312.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан. Энэ нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, авто зам, гүүр, дулаан, инженерийн шугам сүлжээ зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд шууд хүрэх бүтээн байгуулалтуудаар хэрэгжиж байгааг дуулгахад таатай байна. Цаашлаад өрхийн орлого, бизнес эрхлэгчдэд шууд нөлөөтэй томоохон шинэчлэл бол 2026 онд баталсан татварын багц хуулийн өөрчлөлтүүд. Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Татварын ерөнхий хууль, НӨАТ болон бусад татварын хуулиудад өөрчлөлт оруулсан.
УИХ-аар баталсан энэ шинэчлэлийн үр дүнд 1.3 сая татвар төлөгч иргэний татварын ачааллыг бууруулсан. Ингэснээр жилдээ хоёр сая төгрөг хүртэлх орлогыг өөрт нь үлдээх, анхны орон сууцаа худалдан авч буй иргэдийг татварын бодлогоор дэмжих нөхцөлийг бүрдүүлээд байна. Энэ нь сум, орон нутагт цалин, хөдөлмөрийн орлогоор амьдардаг иргэдээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ч хамаатай бөгөөд ач холбогдолтой шинэчлэл болсон. Үүнтэй уялдаад Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг мөн баталсан.
Энэ хуулиар төр, хувийн хэвшлийн харилцааг илүү тодорхой болгох, зөвшөөрлийн дарамт, давхардлыг багасгах, бизнесийн орчныг тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтыг хамгаалах үндсэн зохицуулалтыг бий болгосон. Орон нутагт хоршоо, бичил болон жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн хувьд төрийн хүнд суртал, зөвшөөрөл, зах зээлд нэвтрэх асуудал хамгийн их тулгардаг учраас энэ хуулийн хэрэгжилт газар дээрээ бодит үр дүнгээ өгөх нь чухал.

Хангайн бүс бол мал аж ахуй давамгай бүс учраас Хөдөө аж ахуйн тухай хууль ч мөн онцгой ач холбогдолтой. УИХ 2026 оны хаврын чуулганаар уг хуулийг баталж, Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудад холбогдох өөрчлөлтийг оруулсан. Хөдөө аж ахуйн тухай хуулиар салбарын бүсчлэл, төрөлжилт, түүхий эдийн нийлүүлэлт, өртгийн сүлжээ, хүний нөөц, эрсдэлийн удирдлага зэрэг асуудлыг нэгдсэн бодлогоор зохицуулах суурийг тавьсан гэж ойлгож болно.
Тухайлбал, малчны үйлдвэрлэсэн түүхий эд зөвхөн малын хотондоо үлдэх бус боловсруулалт, борлуулалт, зах зээлтэй холбогдох нь орон нутгийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд томоохон нэмэлт, өөрчлөлт хийж, шинэчлэн батлаад байна. Энэ хүрээнд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тодорхой нөхцөл хангасан өндөр насны болон цэргийн тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхлэхдээ өөрөө хүсвэл хуулиар заасан нийгмийн даатгалын төрөлд даатгуулахгүй байх сонголтыг үүсгэж өгч байна. Мөн тэтгэврийн мөнгөн хуримтлалтай холбоотой шинэ зохицуулалтуудыг ч оруулсан. Энэ бол тэтгэвэр аваад үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн гар дээр үлдэх орлоготой шууд холбоотой асуудал. Ер нь хууль баталсан тооноос илүү тухайн хууль малчны орлогыг нэмэгдүүлэв үү, жижиг бизнес эрхлэхэд нь хялбар болж чадав уу, хүүхэд сурч боловсрох, иргэн эмнэлгийн үйлчилгээ авах нөхцөл сайжрав уу, орон нутагт ажлын байр бий болов уу гэдгээр үр дүнг нь хэмжих ёстой гэж би хувьдаа үздэг. Батлагдсан хуулийн хэрэгжилтийг газар дээр нь хүргэх, харин боловсруулж байгаа хуулиудаа иргэдийн бодит хэрэгцээнд нийцүүлэн эцэслэх нь цаашдын ажлын гол чиглэл байх учиртай.
Хархорумыг түүх, соёлын аялал жуулчлалын хот болгож, 10 байршилд зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулна

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хангайн бүсийг аялал жуулчлалын гол зангилаа бүс болгож, төрөлжсөн мал ахуйг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах зэрэг гол зорилтыг дэвшүүлээд буй. Өнөөдрийн байдлаар энэ бодлогын биелэлт хэр хангагдаж байна вэ?
-Энэ бодлогын хэрэгжилтийг өнөөдрийн байдлаар зөвхөн “Хэдэн төсөл эхэлсэн бэ” гэдгээр бус аялал жуулчлал, мал аж ахуй, дэд бүтэц гэсэн гурван чиглэл хоорондоо хэр уялдаж эхэлсэн бэ гэдгээр харах нь зүйтэй гэдгийг юуны өмнө онцолъё.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын албан ёсны томьёоллоор Хангайн бүсийг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг хамарсан “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр тогтоосон. Үүний зэрэгцээ Засгийн газар Хангайн бүсийг байгаль, түүх, соёл, рашаан сувилалд түшиглэсэн аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг ч дэмжсэн. Аялал жуулчлалын хувьд эхний том өөрчлөлт нь бүсийг нэг нэг аймгийн тусдаа бүтээгдэхүүнээр бус нэгдсэн аяллын орон зай гэж төлөвлөж эхэлсэн явдал.
Чулуут гол, Хорго-Тэрхийн цагаан нуур, Заг-Байдраг, Шаргалжуут, Нууруудын хөндий, Орхоны хөндий, Өгий нуур, Найман нуур зэрэг 10 аялал жуулчлалын орон зайг төрөлжүүлэн хөгжүүлэх, Хархорумыг түүх, соёлын аялал жуулчлалын хот болгох, мөн 10 байршилд зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулах чиглэлийг тодорхойлоод байна. Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль 2025 онд батлагдсаны дагуу хотын төлөвлөлт, дэд бүтцийн бэлтгэл ажлууд үе шаттайгаар үргэлжилж байна.
Энэ онд Хархорумын бүтээн байгуулалтын хүрээнд 17 км сувгийг сэргээж, ус урсгах ажил хийсэн нь төлөвлөлтөөс газар дээрх ажил руу шилжиж байгааг шууд харуулж байгаа юм. Хоёр дахь гол чиглэл бол мал аж ахуй. Хангайн бүсийн эдийн засагт хөдөө аж ахуйн салбар 52.6 хувийг эзэлж байгаа учраас мал аж ахуйг төрөлжүүлэх асуудал зөвхөн салбарын биш бүсийн эдийн засгийн үндсэн асуудал гэсэн үг л дээ. Засгийн газрын 2025 оны шийдвэрээр бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх төсөл, арга хэмжээг Бүсийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, малын тоог нэмэгдүүлэхээс илүү нэг малаас авах ашиг шим, түүхий эдийн чанар, боловсруулалт, нэмүү өртөг, зах зээлийг чухалчилсан бодлого руу шилжих суурь тавигдаж байна.
Харин боловсруулах үйлдвэр, кластер, зах зээлийн тогтолцоог гурван аймагт бүрэн хэмжээнд бий болгох ажил цаашид үргэлжлэх шаардлагатай. Гурав дахь нь дэд бүтэц. Бүсчилсэн хөгжил зам, эрчим хүч, дулаан, ус, инженерийн шугам сүлжээгүйгээр аливаа ажил бодитойгоор хэрэгжих боломжгүй шүү дээ. Тийм ч учраас Засгийн газраас Архангайн дулааны станцын төслийг эхлүүлэх, Баянхонгор, Өвөрхангайн дулааны станцын төслүүдийн зогсонги байдлыг арилгах, аймаг бүрд нарны болон батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлэх, Баянхонгор-Архангай, Арвайхээр-Тарагт-Уянга зэрэг авто замын төслүүдийн ТЭЗҮ, инженерийн дэд бүтцийг шийдвэрлэх чиглэлийг холбогдох албаныханд өгсөн.
Мөн энэ онд Хангайн бүсэд 312.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан бөгөөд сургууль, цэцэрлэг, зам, гүүр, дулаан, инженерийн шугам сүлжээ зэрэг олон төсөл үүнд багтаж байгаа юм. Тиймээс өнөөдрийн байдлаар бодлогын чиглэл тодорхой болж, эрх зүйн суурь тавигдаж, зарим томоохон төсөл болон хөрөнгө оруулалт, ТЭЗҮ, бүтээн байгуулалтын шатанд орсон гэж ойлгож болно. Харин Бүсчилсэн хөгжлийн бодлогын эцсийн үр дүнг аялал жуулчлалын урсгал, малчны бодит орлого, түүхий эдийн боловсруулах түвшин, шинээр бий болсон ажлын байр, сум хоорондын замын хүртээмж, инженерийн дэд бүтцийн бодит ашиглалтаар хэмжих ёстой. Миний хувьд цаашид нэг нэг төслийг салангид хэрэгжүүлэхээс илүү аялал жуулчлал, зам тээвэр, мал аж ахуйн үйлдвэрлэл, суурьшил, хот байгуулалтыг нэг эдийн засгийн хэлхээнд холбох нь Хангайн бүсийн бодлогын гол ажил гэж харж байна.

-Аймаг орон нутагт тулгамдсан асуудлуудыг шийдэх, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх тухайд та бодлого боловсруулагчийн хувьд ямар санал, санаачилга гарган ажиллаж байна вэ?
-Аймаг, суманд ажиллах бүрд иргэдийн хөнддөг, тавьдаг асуудлыг зөвхөн нэг удаагийн төсөв, захиргааны шийдвэрээр бус эрх зүйн орчноор нь шийдэх шаардлагатай асуудлууд олон байдаг. Тиймээс орон нутгаас гарсан саналыг хууль тогтоох ажилтай холбохыг зорьж хэд хэдэн чиглэлээр санал, санаачилга гарган ажиллаж байна. Тухайлбал, нэгдүгээрт, малчдын нийгмийн хамгааллын асуудал маш чухал. Тиймээс малчны орлого улирлын шинжтэй байхад нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр ижил зарчмаар төлүүлэх нь бодит амьдралтай нийцэхгүй байгаа талаар орон нутгийнхан ихээхэн их ярьдаг.
Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт оруулах төслийг санаачилж, шимтгэлийг улирлын орлоготой нь уялдуулах буюу жилд хоёр удаа төлөх, шаардлагатай бол төлөх хуваарь, хугацааг гэрээгээр тохиролцох боломжтой байхаар хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байна. Хоёрдугаарт, орон нутагт ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд бичил үйлдвэр, үйлчилгээ маш чухал. Тиймээс Бичил үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Гуравдугаарт, ойн болон байгалийн нөөцийг орон нутгийн иргэд ахуйн хэрэгцээндээ зохистой ашиглах асуудлыг хөндөж байгаа юм. Ойн тухай хуульд оруулах миний санаачилсан төсөлд үхэж унасан хуурай мод, гишүү, мөчир болон ойн дагалдах баялгийг иргэн ам бүлийн хүнс, ахуйн дулааны хэрэгцээнд ашиглах буюу “Ахуйн зориулалт” гэдэг ойлголтыг тодорхой болгохоор тусгасан. Байгалийн ургамлын тухай хуулийн төсөлд мөн иргэн зарим төрлийн ховор ургамлыг ам бүлийн хүнс, ахуйн хэрэгцээнд зохистой ашиглах, харин бусад зориулалтаар ашиглах бол зөвшөөрөл авах зохицуулалтыг тодорхой болгохоор санал боловсруулаад байна. Дөрөвдүгээрт, боловсролын салбарын хүний нөөцийн асуудал орон нутагт байнга тавигддаг. Туршлагатай багш, ажилтан байсаар атал сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд тавигдсан зарим шаардлагаас шалтгаалан сонгон шалгаруулалтад оролцох боломж хязгаарлагддаг асуудал бий. Үүнийг засах зорилгоор Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилсан.
Ингэснээр сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс багшаар зургаагаас доошгүй жил ажилласан туршлагыг шалгуур болгох зохицуулалтыг санал болгож байгаа юм. Мөн орон нутгийн асуудлыг иргэд өөрсдөө шийдвэр гаргагчдад албан ёсоор хүргэх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр нутгийн өөрийн удирдлага дахь иргэний оролцоо, нийтийн өргөдлийн тогтолцоог боловсронгуй болгох санал яригдаж байна. Одоогийн төсөлд аймаг, сум, багийн насанд хүрсэн иргэдийн тав буюу түүнээс дээш хувь нь дэмжсэн нийтийн өргөдлийг нутгийн өөрөө удирдах байгууллага заавал хэлэлцэх, өргөдлийг цахимаар гаргах боломжтой байхаар тусгасан.
Энэ бол сумын зам, ус, газар, сургууль, эмнэлэг зэрэг асуудлыг иргэд зөвхөн хүсэлт гаргаад орхих бус, тодорхой дэмжлэг цуглуулсан тохиолдолд ИТХ, Иргэдийн нийтийн хурлын хэлэлцэх асуудал болгох механизм юм. Ер нь орон нутгийн асуудлыг шийдэхдээ “Төсөв тавьж нэг удаа шийдэх” болон “Хуулиар тогтолцоог нь өөрчлөх” гэсэн хоёр аргыг зэрэг хэрэгжүүлж явах ёстой гэж би үздэг. Цаашид орон нутагт иргэдээс гарч байгаа бодит асуудлыг хууль тогтоох ажлынхаа зарчим болгож ажиллана.
-Орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ажлаа явуулах нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулахаас сэргийлсэн чухал алхам. Тийм ч учраас таны хувьд эргэх холбоог чухалчилж ажилладаг гэж ойлголоо?
-Миний хувьд “Эргэх холбоо” гэдэг нь иргэдтэй нэг удаа уулзаад санал хүсэлтийг нь сонсоод өнгөрөх бус асуудлыг нь УИХ, Засгийн газар, холбогдох яаманд хүргэж, хууль, төсөв, бодлогын түвшинд шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх явдал. Дараа нь эргэж очиж явцыг нь мэдээлэх үйл явц гэж ойлгодог.
Энэ зарчмаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт тогтмол ажиллалаа. Аймгийн төв болон сумдад 74 хоног ажилласан бөгөөд багш, эмч, төрийн албан хаагч, малчин, хоршооны гишүүн, бичил бизнес эрхлэгч зэрэг салбар, бүлэг тус бүртэй уулзаж санал бодлыг нь сонсож ажиллаж байна.
-Монгол Улс сонгуулиа бүсчилсэн хэлбэрээр явуулсны ач холбогдол төсөвт хэрхэн мэдрэгдэж байна вэ. Тойрог дагасан, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хязгаарлах үндсэн зорилгодоо хүрч чадаж байна уу. Эдийн засагч хүний хувьд та хэрхэн харж байна вэ?
-Бүсчилсэн сонгуулийн тогтолцоонд шилжсэн нэг гол зорилго нь гишүүдийг зөвхөн нэг аймаг, нэг сумын жижиг төсөл хөөцөлддөг байдлаас гаргаж, бүсийн хэмжээний эдийн засаг, дэд бүтэц, хөгжлийн асуудлыг хамтад нь харах нөхцөл бүрдүүлэхэд оршиж байсан. 2024 оны сонгуулиар Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг нэг тойрог болгон сонгууль явуулсан нь ч энэ бодлогын хүрээнд хийгдсэн ажил. УИХ тойргийг бүсчилж тогтоохдоо хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах зорилтыг үндэслэл болгосон байдаг.
Төсвийн бүтэц дээр тодорхой өөрчлөлт ажиглагдаж байна. Тухайлбал, өмнө нь сум бүрд ижил төрлийн жижиг барилга, заал, контор, зам тавих байдлаар хөрөнгө оруулалтыг олон жижиг төсөлд хуваах хандлага их байсан шүү дээ. Харин Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд улсын болон орон нутгийн төсөв, гадаад зээл, тусламж төдийгүй төр-хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүсийн хөгжлийн зорилттой уялдуулан оновчтой хуваарилах зарчмыг тусгасан. Миний хувьд 2025 оны төсвийн төслийг ахалж боловсруулахдаа ч бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шат, томоохон дэд бүтцийн төслүүдийг эхлүүлэх зорилтыг тавьж ажилласан.
2026 оны хөрөнгө оруулалтын бүтэц үүнийг илүү тодорхой харуулж байгаа болов уу. Улсын төсвийн хөрөнгөөр 3.27 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт санхүүжүүлэхээр баталсан бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 67 хувь нь өмнө эхэлсэн төслүүдийг дуусгах, 33 хувь нь шинэ төсөлд чиглэж байгаа.
Шинээр хэрэгжих төслийн тоо 2022-2023 оны түвшинтэй харьцуулахад хоёр дахин буурсныг Засгийн газар төслийн хэрэгцээ, үнэлгээ, эрэмбэлэлтийн шалгуур сайжирч байгаатай холбон тайлбарласан. Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоонд шийдэх зүйл үлдсэн гэдгийг бас хэлэх ёстой. Үндэсний аудит 2025 оны төсөвт ТЭЗҮ боловсруулах, төсөвт өртгийг тооцох, хянах жишиг үнэ, аргачлал хангалтгүй байгаа нь хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулах эрсдэлтэйг онцолсныг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тойргийг томсгосноор өөрөө аяндаа үр ашиггүй төсөл арилчихгүй.
Төсөл сонгох шалгуур, ТЭЗҮ, нийгэм-эдийн засгийн өгөөж, ашиглалтын зардал, тухайн бүсэд ямар үр нөлөө үзүүлэхийг тооцдог тогтолцоо зэрэг нь хамт сайжрах шаардлагатай юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулж буй хууль

Нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих татварын бодлогын тухай хууль
- Шууд татварын тогтолцоо
- Шууд бус татварын тогтолцоо
- Үйл ажиллагаа орлого-тансаг хэрэглээ өв залгамжлал, үл хөдлөх, онцгой
- Хүн амыг ажлын байраар хангаж, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчиййн нэмүү өртөг шингээн үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа, үйлчилгээг экспортод гаргахад 0 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах
- Ажилтны цалингийн орлогоос хөдөлмөрин хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний орлогыг татвараас чөлөөлөх
- Гэр бүлийн гишүүний тоо, орлогын хэмжээ болон хүүхдийн тооноос хамаарч хуль хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн тогтолцоог нэвтрүүлж, буцаан олгодог болох
- Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжиж, шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж болон гол нэрийн хүнснний бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас хөнгөлөх, чөлөөлөх.
Бичил үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль
- Хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлэх
- Санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл, зээлин хүгийн хэмжээг бууруулах, батлан даалт
- Татварын хөнгөлөлт, чөлөөлт үзүүлэх.
- Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадварта йбүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих
- Борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх
- Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, судалгаа шинжилгээг дэмжих
- Кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчиййг дэмжих
- Гадаад, дотоод зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх
Санхүүжилтийн дэмжлэг
- Иргэдийн бүлгийн бизнесийн үйл ажиллагааны эхлэлтийн хөрөнгө оруулалтын зорилгоор 5 хүртэл сая төгрөгийн барьцаагүй зээл олгох
- Эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэг болох 10.0 сая хүртэл төгрөгийн барьцаагнүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй, эхний зургаан сарын хугацаанд хүүгээс ыөлөөлөх зээлийг олгох
- Үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 10-50 сая хүртэл төгрөгийн зээлийг олгох
- Зээлийн барьцаанд зөвхөн үл хөдлөх хөрөнгө бус хөдлөх хөрөнгө буюу техник тоног төхөөрөмж, эрх зэргийг барьцаалах боломжийг нэмэгдүүлнэ.
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулин төсөл
- Иргэн “ахуйн зориулалтаар” ойн дагалдах баялаг, үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчрийг иргэн ам бүлийн хэрэгцээнд хоол хүнс бэлтгэх, ахуйн хэрэгцээний дулаан гаргах зорилгоор ашиглах
Байгалийн ургамлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл
- Иргэн зарим төрлийн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээний зорилгоор зохистой байдлаар ашиглаж болно.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Малчин, туслах малчин нийгмийн даатгалын шимтгэлийг 6, 12 сард хуваан төлөх эсхүл өөрөө хүсвэл сар бүр төлж болно.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Тэтгэвэр аваад ажиллаж буй иргэний гар дээр үлдэх орлого 274 мянган төгрөг нэмэгдэнэ.
Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
- Цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал сургалтын байгулулагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар 6-аас доошгүй жил
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Иргэд орон нутгийн асуудлаар Нийтийн өргөдөл гаргаж, хангалттай дэмжлэг авсан тохиолдолд ИТХ болон Иргэдийн нийтийн хурлаар заавал хэлэлцүүлдэг болно.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хавсрын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна.
Сайд, дэд сайд, ЗГХЭГ-ын дарга, дэд дарга, ЕТГ-ын дарга нарт хуулиар тавигдах тусгай шаардлага, босго
- Мэргэжлээрээ 6-аас доошгүй жил ажилласан байх
- Төрийн албанд 4-өөс дөөшгүй жилажилласан байх
- Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг, бие даасан шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай байх.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №035/24710/